Жаргал өглөө эртлэн босоод эмэгтэйчүүдийн эмнэлэг явлаа. Тэрээр жирэмсний тестээр хоёр зураас гарсныг Тэмүүлэнд хэлээгүй аж. Эхлээд эмчид үзүүлж байгаад баттай болохоор нь ханьдаа баяр хөөртэйгөөр дуулгах хэрэгтэй гэж шийджээ. Мэдээж Тэмүүлэн хүүхэдтэй болсныг дуулвал ямар их баярлах бол. Тэрээр хүүтэй болохыг насаараа мөрөөдөж ирсэн. Харин энэ удаа бие давхар болсон бол хүү л байгаасай гэж Жаргал сэтгэл дотроо залбиран бодож явав.
Эмэгтэйчүүдийн эмчийн өрөө. Залуухан эмч бүсгүй, цагаан халаад, нимгэн хар хүрээтэй нүдний шил зүүсэн нь зохисон гэж жигтэйхэн, цаана л өөртөө итгэлтэй нүдэнд дулаахан харагдах тэрээр Жаргалд эхо аппаратаар үзлэг хийж сууна. Тэрээр түүнд найман долоо хоногтой, жирэмсэн болсон байна гэдгийг дуулгав.
Олон жилийн дараа одоо ч дахиж төрөхгүй биз дээ гэж бодож явсан Жаргал жирэмсэн болсноо дуулаад, хэвлий дотор нь дөнгөж л бүрэлдэж буй үрээ харснаа нүд дүүрэн нулимсаа барьж дийлэхгүй цэлэлзүүлсээр хэвтэнэ. Сэтгэл уяраасан сайхан мэдээ байв. Удахгүй дахин ээж болж дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэнэ. Эх хүнд үүнээс илүү жаргал гэж юу байх билээ.
Тэрээр жирэмсэн эхчүүдийн өгдөг эхний шинжилгээнүүдээ өгч, дэвтэр нээлгэн эмнэлгийн хяналтад орлоо. Даралт нь хэвийн хэмжээтэй, цус багатай биш бүгд сайн байв.
Санаа амарсан тэрээр эмнэлгээс гарч явах зуураа энэхүү баяртай мэдээг ханьдаа дуулгахаар утсаа авсан боловч Тэмүүлэнд хэлэхээ түр азнав. Учир нь сайхан мэдээг, сайхан орчинд, санаж бодсоноороо дуулгах нь зөв гэж шийдэв. Тэгээд орой эртхэн гэртээ харьж ханьдаа дахин үр хүүхэдтэй болох гэж байгаагаа хэрхэн ер бусын романтик байдлаар хэлэх вэ гэдгээ бодож тунгаан төлөвлөж явлаа.
Тэмүүлэн Жаргалыг өдөр утсаар залгаад орой болж өгвөл эртхэн ирээрэй гэж хэлсэн болохоор ямар нэгэн зүйл болж дээ гэж таамаглан, ажил тарах цагаас арай өмнөхөн гарч гэртээ ирэв.
Жаргал Учралыг цэцэрлэгээс нь авч, охид нь ч бүгд хичээлээсээ ирцгээсэн тул урдын адил гэр дүүрэн инээд хөөртэй аавыгаа угтлаа. Охид нь аавыгаа санасан, Учрал хүү түүнд эрхэлж, эхнэр нь ааш зан сайтай угтах Тэмүүлэнгийн хувьд сэтгэл санаа тайван амгалан байх нөхцөл бүрдэж тодорхой хэмжээгээр аз жаргалтай байгаагаа мэдэрдэг байв. Хэдийгээр Халиунаад сэтгэл алдарсан ч гэсэн үр хүүхдүүдийн минь эх, ханилж яваа хань болохоор Жаргалыг хайрлан хүндлэхгүй байх учиргүй гэж бодно. Тиймдээ ч түүнд сүүлийн үед анхаарал халамж тавьж чадахгүй байгаадаа сэтгэл зовнин явдаг байв.
Жаргал нөхрийнхөө хамгийн дуртай хоолны нэг болох хуушуурыг хийж, олон янзын саладаар ширээ дүүргэсэн байлаа. Тэмүүлэн эхнэрийнхээ гарын хоолыг амтархан идэж суух зуураа түүнд хандан,
– Өдөр утсаар ярихдаа, “орой хэлэх чухал юм байна, эртхэн ирээрэй гээд байсан юу болсон бэ, бие нь зүгээр үү, санаа зовоод ажлаасаа эртхэн гараад ирлээ. Утсаар хэлж болохгүй тийм чухал зүйл байсан юм уу, охидын хичээл ном гайгүй биз дээ, эмэгтэй хүүхдүүд байна даа, ямар нэгэн хэрэг тарьчихаагүй байлгүй л гэж бодож байна хэмээн охид руугаа инээмсэглэн харахад, аавынхаа хажууд зэрэгцэж суугаад хоол идэж байсан дунд охин Болор нь гайхсан өнгөөр,
– Аав аа, бид нар зүгээрээ, харин ээж та ,.. аавд юу хэлэх гэж байсан юм бэ. Бид нарт хамаатай юм уу, эсвэл тийм чухал биш зүйл үү, гэж асуунгаа ээж рүүгээ харахад Жаргал,
– Эхлээд аавд чинь, дараа та нарт хэлнэ ээ, гэж хэлээд инээмсэглэв , энэ үед том охин Анар нь,
– Ээж ээ, та яагаад бид нарт түрүүлж хэлэхгүй байгаа, юм бэ, ингэхэд нээрээ, аав ээж хоёрын анх танилцсан өдөр юм уу, …үгүй ээ,… тийм байх ёсгүй, та хоёр чинь намар тэмдэглээд байдаг шүү дээ, гэж сонирхон асууснаа аа, за дараа тэгээд бид нарт хэлээрэй гэж их л нухацтай, чухал юмнаас хоцорчихгүй байгаа даа гэсэн байртай хэлээд, босож аяга тавгаа хурааж цэгцлэв. Охид ч хоолоо идэж дуусан бололтой өрөө өрөөндөө орцгоолоо.
Жаргал том өрөөндөө зурагт үзэнгээ буйдангаа налан хэвтэх нөхөр дээрээ ирээд, “унтлагын өрөөнд ороод ир” хэмээн хүүхдүүдээсээ нууцхан шивнэхэд, гайхаж, эргэлзсэн Тэмүүлэн “ энэ маань өнөөдөр юу болоо вэ, жаахан охин шиг л догдолж гүйгээд, царай нь цаанаа л гэрэлтээд байх чинь нэг л юм болж дээ” гэж бодонгоо түүнийг даган унтлагын өрөөндөө орж ирлээ. Эхнэр нь түүнд нандигнаж боосон хайрцагтай зүйл өгөв. “Төрсөн өдөр минь өнөөдөр биш, залуу хүүхдүүд шиг бөгж энэ тэр өгмөөргүй юм гэж тээнэгэлзэн бодсоноо “ Тэмүүлэн хайрцагтайг задлав.
Эхнэр түүнд гэнэт бэлэг өгсөнд дотроо жаахан гайхаж байсан ч хүүхдүүдээсээ нууцаар өрөөндөө сэмхэн дагуулж орон, ер бусын нууц зүйл бэлэглэсэнд тэрээр сэтгэл нь хөдөлж бас таатай байв.
Үнэртэй ус юм уу, зангиа байгаа байх гэж таамаглаж байсан тэрээр, эхо бичлэгийн зураг гарч ирсэнд эхэндээ айх, гайхах зэрэгцэв. Сүүлийн үед Жаргалын бие өвдөөд байна гэсэн “арай янз бүрийн ..хавдар .. энэ тэр, …за үгүй байлгүй дээ, тэгвэл ингэж нандигнаж боох ямар хэрэг байх билээ” хэмээн бодож амжсан тэрээр зургийг дахин сайн хараад, мөн эхнэрийнхээ аз жаргал дүүрэн гэрэлтэж байгаа харцнаас жирэмсэн болсныг олж мэдлээ.. Ямар сайхан мэдээ вэ,… ямар сайхан зураг вэ, …хорвоо дээрх хамгийн сайхан зураг эхийнхээ хэвлийд бүрэлдэж буй ургийн, үрийн энэ хар цагаан зураг..” тэрээр эхнэрээ тэврэн авч үнслээ.
“Ямар сайхан юм бэ, бид дахиад хүүхэдтэй болох нь, чи минь жирэмсэн болсон байж шүү дээ, сайхаан сайхан, …одоо яг хүү байгаа,.. за хүү биш байсан ч яах вэ, дахиад л охинтой болно биз “ гэж тэрээр хашхирах шахан хэлээд, өөрийн эрхгүй инээд алдан, Жаргалыг тэвэрч орон дээр хэвтүүлэн хайрлан энхрийлж дахин дахин үнсэн эрхлүүлж байлаа. Сүүлийн жилүүдэд цаана л нэг л хүйтэн хөндий байсан тэдний харьцаа энэ цаг мөчөөс эхлээд дуусгавар болох мэт аль аль нь сэтгэл хангалуун аз жаргалаар дүүрэн байв.
Аав ээжийнхээ инээлдэн хөхрөх чимээнээр хүүхдүүд нь ч юу болсон бол гэсэн байртай өрөөнд бүгд орж ирцгээв.
Тэмүүлэн охиддоо хандан бас Учралыг тэврээд “та нар минь удахгүй жаахан дүүтэй болох нь байна шүү дээ, гоё байгаа биз гэхэд, Номин, Анар, Болор гээд бүгд л баярлан хөөрч дэвхцэн “ямар гоё юм бэ, удахгүй жаахан дүүтэй болох нь “гэж хэлэнгээ аав ээждээ эрхлэн, тэврэлдэн хөөрцгөөв. Учирал ч бас учрийг сайн ойлгоогүй хэрнээ тэднийг даган баясаж, Тэмүүлэнгийн өвөр дээр суун, хүзүүнээс зүүгдэн “ааваа , ааваа” хэмээн эрхлэн зүүгдэж байв . Охид ээжийгээ ээлжлэн үнсэж баярлаж байгаагаа илэрхийлэв.
Энэ орой Тэмүүлэнгийн гэр бүл аз жаргалаар дүүрэн байлаа.
Харин энэ үеүдэд Чикагод….
Халиунаа Төгөлдөртэй найзалж эхлээд удаагүй байлаа. Гэсэн ч тэдний харьцаа, хайр дурлал маш богинохон хугацаанд хүчтэй өрнөж байв. Магадгүй хэн хэн нь бие биедээ маш их татагдаж, хайрлаж дурлалцсан болохоор нэгнээ ойлгоход амар хялбар байсан байх.
Энэ үдэш Төгөлдөр түүнийг болзоонд урьжээ. Халиунаагийн сэтгэл догдлон хөөрч, хамгийн гоё даашинзаараа гангараад болзоонд очив. Тэрээр урьд өмнөхөөсөө ч илүү аз жаргалтай байв. Одоо тэрээр хүссэн хэмжээгээрээ зарцуулах мөнгө төгрөгтэй болсон. Дуртай сургуульдаа сурч байна. Дахин дурлалаа. Үүнээс илүү хувь заяа, азтай цаг мөч гэж юу байх вэ. Гэхдээ сэтгэлийг нь зовоож буй нэг зүйл бий. Тэр нь Халиунаа хүүхэдтэй гэдгээ, хүү нь одоо гурван настай Монголд амьдарч байгаа гэдгийг Төгөлдөрт хэлж амжаагүй, хэлж зүрхлээгүй явдал байв.
Төгөлдөр түүнд аль ч талаараа маш ихээр таалагдаж, мөн өөрийг нь хайрлан, дурлаж байгаад тэрээр баяртай байв. Хэрвээ түүнд хүүтэй гэдгээ хэлчихвэл, өөрөөс нь холдчихож магадгүй гэж битүүхэн санаа зовж яваа болохоор хэлж чадахгүй байсаар байгаа нь энэ.
Төгөлдөрийн хувьд нас залуу, урьд өмнө нь гэр бүл зохиож байгаагүй, тиймээс хүүхэдтэй хүүхэнтэй суухыг хүсэхгүй, аав ээж нь ч хүлээн зөвшөөрөхгүй байж болох юм . Харин Халиунаа хэдий болтол нууж явах билээ өнөөдөр боломж гарвал “би хүүтэй, хүүг минь Учирал гэдэг, Монголд байгаа, амьдралаа жигдэлчихээр, сургуулиа төгсөөд хүүгээ өөр дээрээ авч, өсгөж хүмүүжүүлнэ гэж бодож байгаа хэмээн “хэлэхсэн гэж бодож төлөвлөж байв. Гэсэн ч энэ тухай ярьж чадах эсэхдээ бас эргэлзсээр л…
Төгөлдөр түүнд хэдийгээр сэтгэлтэй сайн байгаа ч гэсэн, Халиунаа амьдралдаа олон дахин алдахаас айж болгоомжилж байв. Одоо л зөв сонголт хийх ёстой, олон дахин алдах эрх түүнд байхгүй.
Төгөлдөр цайвар саарал хослол дээр бор шаргал өнгийн зангиа зүүж, мөн тийм өнгийн хүрээтэй нүдний шил зүүсэн байв. Голдуу биед эвтэйхэн энгийн хувцас өмсдөг тэрээр иймэрхүү дэгжин, хүндэтгэлтэй хувцасласан нь Халиунаад улам дотно сайхан сэтгэл төрүүлэв. Тэд Чикаго хотын залуус орох дуртай дээд зэрэглэлийн ресторанд орж үдшийг өнгөрөөв. Төгөлдөр хэдийгээр оюутан ч гэлээ, зурсан зургуудаараа чамгүй хэдэн төгрөг олчихдог болохоор ээж ааваасаа хамааралтай биш, бие даан амьдардаг байв. Энэ байдал нь ч Халиунаад таалагдаж байлаа. Өөрийг нь нэлээдгүй их мөнгөтэй болсныг мэдсэн даруйдаа Анхаагийн нөхрөөс эхлээд янз бүрийн зан гарган, хоргоож эхэлсэн эрчүүд мэр сэр байсан болохоор үнэндээ мөнгө төгрөггүй нэгнийг сонгох нь эрсдэлтэй мэт санагдаж байсан нь нууц биш юм. Харин Төгөлдөр бол тэднээс огт өөр ажээ.
Тэд бие биедээ хайрын үгс шивгэнэж, харцаараа тааламжтай сайхан байгааг илтгэн хоолоо идэж суулаа. Төгөлдөр, Халиунаад хандан, “Чи минь өнөөдөр ямар сайхан харагдаж байна вэ. Улам л үзэсгэлэнтэй болоод байх юм. Зүрх сэтгэл минь тэр чигтээ чиний төлөө тэмүүлдэг болсон. Би чамдаа хайртай шүү, би ямар их аз жаргалтай байна гээч” гэж хэлэнгээ, Халиунаагийн хоёр гарыг нь атган зөөлхөн үнслээ.
Халиунаа ч бас энэ үдэш аз жаргалаар бялхаж байв. Төгөлдөр түүнийг хоолоо идэж дууссаны дараа өмнө нь ирж сөхөрч суугаад, гоёмсог жижигхэн хайрцагтай, тансаг нарийн хийц бүхий эрдэнийн шигтгээтэй бөгжийг өмнө нь барьсанаа,” сүйт бүсгүй минь болооч” хэмээн гуйв.
…Бурхан минь…Халиунаа энэ мөчийг хүлээж байсан ч ийм хурдан, тэгээд өнөөдөр энэ үйл явдал болно гэж төсөөлөө ч үгүй байв. Тэрээр балмагдан гайхаж, бас баярлан хөөрч , ..дуу алдсанаа,…. сандарч тэвдсэндээ улаа бутран гэрэлтэх хоёр хацраа алгаараа дараад, …нүдийг нь бүрхэж ирсэн баярын нулимсаа дотогшоо залгиснаа,
Төгөлдөрөөс бөгжийг авч, түүнд юу ч хэлэлгүйгээр чив чимээгүйхэн хүзүүгээр нь тэврэн авч удаан гэгч нь үнслээ. Энэ үед догдлон тэмүүлсэндээ түргэн түргэн оволзох зүрхнийх нь цохилтоос түүнийг өөрт нь зөвшөөрч байгааг Төгөлдөр төвөггүйхэн ойлгож байлаа.
Өмнө нь Халиунаа дурлаж, хайрлуулж явсан нь үнэн, гэхдээ Цэлмэг ч тэр, Жэм, Тэмүүлэн аль нь ч түүнийг “сүйт бүсгүй минь болооч “ хэмээн чин сэтгэлээсээ гуйн , сүйн бөгж өгч явсан удаагүй. Харин өнөөдөр хайрлаж байгаа залуугаасаа ийм нандин үг сонсож, ийм эрхэм бэлэг авсандаа, хувь заяандаа, энэ мөчийг бэлэглэсэн цаг хугацаанд баярлаж талархаад ч барахгүй байв. Амьдрал сайхан юм аа,… бөгжийг хуруундаа зүүж суухдаа, Халиунаа яг ингэж бодож байв “Амьдрал баян бас сайхан юмаа” гэж.
Гэхдээ тэрээр энэ сайхан мөчийг яг энэ чигээр нь хадгалан үлдэхийн тулд Төгөлдөрт хүүтэй гэдгээ хэлж амжсангүй. Бас зүрхэлсэнгүй. Зөвхөн дотроо хадгалсаар үлдлээ. Нууц бүхэн хэзээ нэгэн цагт ил болдог. Тэр тусмаа үр хүүхдээ нууж удаан амьдарна гэдэг бол байж боломгүй мэт. Харин түүнийг Төгөлдөр хэрхэн хүлээж авахыг ирээдүйгээс л харах үлдлээ.
Цас ханзарч байгаль дэлхий өнгөө сэргээж эхлэв. Түүнийг дагаад хүмүүсийн сэтгэл санаа ч тайван амгалан байж, налгар дулаан цагийг угтана. Харин Цэлмэгийн хувьд эсрэгээрээ ажил төрлөө амжуулж, хийе гэснээ хийж чадахгүй, өдөржин тэргэнцэртэй бусдын царайг харж амьдрах болсондоо бухимдан шаналж байв.
Хэдийгээр сайн ханийн буянд хангалттай эмчилгээ, сувилгаа хийгдэж байгаа ч хөл дээрээ босох найдвар тун бага байлаа. Тэрээр эхнэрийнхээ дүүд өөрийнхөө компанийн үйл ажиллагааг хариуцуулаад өөрөө алсаас удирдаж байгаа. Гэсэн ч бусад улс орны бизнесийн байгууллагуудтай хийгдэх гэрээ хэлэлцээр удааширч олон дахин хойшлогдсоноос болоод ажил төрөл нь нэг л явцгүй болж байв. Үүнийг мэдэж байсан ч босоод өөрөө бүгдийг амжуулж чадахгүй болсон тэрээр яах билээ. Эрүүл л болж байвал учир нь олдох биз гэж өөрийгөө чадах чинээгээрээ тайвшруулж байлаа. Гэсэн ч хоёр хөл нь сайн мэдээ орж өгөхгүй, хөл дээрээ босно гэдэг итгэл найдвар нь багсаар байв.
Хамгийн сүүлд зөвлөх эмчтэйгээ уулзахад, “эмчилгээ үр дүнгээ өгтөл нэлээдгүй хугацаа орно, тиймээс боломж байдаг бол даруйхан гадагшаа явж эмчлүүлэх хэрэгтэй. Тэгвэл илүү үр дүн байж болох юм” гэжээ.
Цэлмэг өнөөдөр эхнэрийнхээ зав зайг харж байгаад түүнд “гадагшаа явж эмчлүүлбэл зүгээр юм уу” гэсэн санаагаа хэлдэг ч юм билүү дээ гэж бодож байлаа. Аваарт ороод удаагүй дөнгөж ухаан орсныхоо дараахан Сарнай түүнд гадагшаа явж эмчлүүлэх талаар цухуйлгахад Цэлмэг эндээ гайгүй болчих байлгүй дээ гээд тэгтлээ мэрийгээгүй билээ. Харин одоо бол үнэндээ энэ байдлаасаа залхаж, цөхрөнгөө барж байгаа болохоор чадалтай эмч эмнэлэг байвал хаашаа ч явахад бэлэн байв.. Тэгээд ч “I & G “ компани нь бүүр дампуурчихаагүй байгаа болохоор тэрээр эмчилгээндээ хэрэглэх мөнгө төгрөгт санаа зоволтгүй байлаа.
Сарнай хотын утаанаас хол, тэгээд ч өвчтэй зовлонтой хүн агаар салхинд сэтгэлээ сэргээн, эмчилгээгээ хийлгэж байсан дээр гээд нөхрөө өөрийн сувиллын газартаа хэвтүүлжээ. Өнөөдөр эмчилгээнд ирсэн хүмүүс бага байгаа болохоор үзэх ёстой хүмүүстээ үзлэг хийчихээд, зохих эмчилгээ сувилгааг нь бичиж тэмдэглэсний дараа өрөөнөөсөө гарлаа. Цэлмэгийн хэвтэж буй өрөөнд ортол тэрээр байсангүй. Өрөөний цонхоор гадагшаа харвал, тэр доор голын эргэ дээр суумгай хүний тэргэнцэр дээр цааш харан, нарлан сууж байгаа бололтой харагдав. Өдрийн хоол дөхөж байсан болохоор Сарнай нөхрөө авч ирэхээр түүн дээр очлоо..
-Миний хань дарахгүй байна уу, өнөөдөр дулаахан байгаа ч ” хаврын салхи , хавирга нэвт үлээнэ” гэдэг дээ, доороосоо жиндчихвэл гэхэд нь, Цэлмэг
-Гайгүй ээ биз дээ хө, дулаахан байна. Бас байнга хэвтээд байхаар хэцүү юм. Ингээд урсгал ус хараад суух нь сайхан байна. Чиний минь ажил яаж байна даа, өвчтөнүүддээ өнөөдрийнх нь эмчилгээг биччихсэн үү гэхэд, Сарнай
-Ажил гайгүй ээ, хоёулаа өнөөдөр өдрийн хоолонд юу идэх вэ, цайны газрын Бундан эгч чамайг ойрд дан ногоо голцуу хоол идээд байгаа, сэрүүдэж байгаа байх, өдөр сайхан хонины шөл хийж өгнө өө гээд байсан гэж хэлэнгээ түүний хажууд ирж суухад, Цэлмэг эхнэр лүүгээ харснаа, цаана л сэтгэл санаа нь тогтворгүй байгааг түүнээс нууж чадалгүй уртаар санаа алдсанаа,
-Ямар ч хоол яах вэ хө, энэ чигээрээ хөл дээрээ босохгүй болчихвол яаана даа гэж бодохоос, ямар ч амттай хоол унд байсан хоолой давахаа болиод байна. Мөнхөө эмчийн хэлснээр гадагшаа явж эмчлүүлсэн нь дээр юм болов уу гэж бодогдох боллоо. Ер нь энэ янзаараа байгаад байвал босож чадахгүй юм шиг байна. Өглөө жаахан оролдсон нэмэр алга гэхэд Сарнай,
-Миний хань битгий санаа зов доо гайгүй болох байх, сэтгэл санаагаар өөдрөг байж бид хамтдаа хэцүү хүнд үеийг давж туулна аа. Угаасаа эмч нэлээд хугацааны дараа эмчилгээний үр дүн гарна гэсэн шүү дээ. Өөрийгөө битгий их хүчлээд бай,..Өдөрт бага багаар таваас арван минут л дасгал хийгээрэй гэсэн шүү дээ. Чамайг гадагшаа явж эмчлүүлье гэхэд дургүйцээд байхаар чинь дургүй байхад нь хүчлээд яахав гэж бодсон. Тэгээд тэр талаар дахиж яриагүй. Өөрөө үнэхээр хүсэж байгаа бол би ч бас дуртай л байна. Одоо үед чинь бүх хүмүүс л гадагшаа явж эмчлүүлдэг болсон байна. Чи бид хоёр шиг ингэж хугацаа алдаж байгаа хүмүүс бараг байхгүй. Ер нь эртхэн гайгүй байгаа дээр нь сайн эмнэлэг бараадсан дээр байх. Өнгөрсөн бүтэн сайнд аавынд очсон чинь чамайг яагаад гадагшаа эмчилгээнд авч явахгүй байгаа юм. Эмчилгээ сайтай газар оронд очиж үзүүлсэн нь дээр шүү дээ л гээд байсан. Тэгээд ч ямар олон сараар явав гэж хэдэн долоо хоног л явах биз. Аав ээж дээр хоёр хүүхдээ түр орхиод сайн үзүүлж харуулаад ирье,.. хэмээн ашгүй түүнийг ийм шийдвэр гаргасанд баяртай байгаа бололтой инээмсэглэн босож ирээд Цэлмэгийн духан дээр яг л хүүгээ үнсэж байгаа эх мэт хайр энэрэл дүүрэн сэтгэлээр зөөлхөн үнслээ.
Цэлмэг Сарнайн хоёр гараас атгаад, чамдаа баярлаж байгаа шүү, би ийм сайн ханьтай азтай хүн шүү гэж хэлэхэд нь, Сарнай
-Чи минь эрүүл саруул болж байвал хэчнээн сайхан бэ,… би ер нь маргаашаас гадаадын аль оронд, ямар эмнэлэгт очиж үзүүлбэл илүү дээр байх нь уу судалж үзье, тэгээд хоёулаа хурдхан шиг л явъя, чи минь удахгүй хөл дээрээ босно оо, санаа зоволтгүй гэж хэлэнгээ Цэлмэгийн сууж буй тэргэнцэрийн араас түрэн сувиллын цайны газар луу зүглэн явлаа. Саяхан л бухимдан шаналж, дотор нь давчдан бачимдаж байсан Цэлмэг ханийнхаа сэтгэлийн дэмээр бага ч гэсэн уужран тайвшрав.
Эднийг ийнхүү хэрхэн хөл дээрээ босох талаар ярилцан эмчилгээ сувилгаагаа хийлгэж байх үеүдэд….
Америкт Халиунаа хичээл сургуульдаа шамдан, зав чөлөөгөөрөө Төгөлдөртэй болзож сайн сайхан ирээдүй рүү тэмүүлэн байлаа. Тэд ирэх зун хуримаа хийхээр төлөвлөжээ.
Халиунаа Төгөлдөртэй үерхээд багагүй хугацаа өнгөрсөн ч хүүтэй гэдгээ түүнд хэлж чадахгүй явсаар л байв. Хэзээ нэгэн өдөр хүүтэй гэдгийг нь мэднэ. Үнэхээр өөрт нь хайртай бол хүүг нь ч гэсэн өөр шиг нь хайрлана гэдгийг гадарлаж байсан ч, урьд өмнөх залуус шиг нь түүнийг орхин холдвол Халиунаа дахин хэзээ ч эр хүнд итгэн, хайрлан дурлаж чадахгүй гэдгээ бас ухаарч байлаа. Залуу насны алдаа хоёр гурваар хэмжигдэж болох ч түүнээс олон удаа алдах эрх хэнд ч байхгүй юм.
Харин Тэмүүлэн түүнийг Төгөлдөртэй хайр дурлалын асуудал үүсгэсэн гэдгийг мэдсэн юм шиг ойр ойрхон залгаж, сэтгэл санааг нь хоёрдуулахгүй амар байв.
Халиунаа өдөр бүр хүүгээ үгүйлэн санадаг ч нэгэнт одоогоор түүнийг өөр дээрээ байлгаж чадахгүйгээс хойш бусдыг зовоогоод яах вэ гэж бодоод хаа нэг л Тэмүүлэн лүү залгаж хүүгээ асуудаг байв.
Тэмүүлэнгийн эхнэр жирэмсэн болсноос хойш тэрээр Халиунааг гэхээсээ илүү удахгүй төрөх эхнэрээ гэх болжээ. Жаргалыг чадлынхаа хэрээр халамжилж, эмнэлэгт үзүүлэхэд нь цаг зав гарган хамт явна. Оройд эртхэн ирж хоол ундаа хийн, амралтын өдрүүдээрээ эхнэр хүүхдүүдээ дагуулан тоглолт кино үзэх, агаар салхинд гардаг болов. Аав нь сүүлийн үед маш халамжтай сайн эцэг болсонд охидоос нь гадна Жаргалд ч сайхан байлаа. Тэрээр ханийн минь хүсэн хүлээсэн хүү нь гараасай даа. Хүүтэй болчих юмсан гэж чин сэтгэлээсээ хүсэж төрөх өдрөө хүлээсээр байв.
Тэмүүлэн урьдын адил өнөөдөр ажлаасаа эртхэн гарах санаатай хувцасаа өмсөж зогстол утас дуугарав.
-Байна уу, Халиунаа байна аа, гэхэд Тэмүүлэн,
-Сайн уу, чи минь. Ямар сонин хүн бэ, ойрд хэл чимээгүй байхаар чинь санаа зовж л байлаа. Хичээл сургууль нь сайн уу, бие нь сайн биз дээ гэхэд, Халиунаа
-Би сайн, хичээлдээ яваад л байгаа. Наагуур чинь сонин сайхан юу байна, хүү минь сайн биз дээ, ойрд завгүй байлаа. Тэгээд бас ойр ойрхон залгаж чамайгаа зовоогоод яах вэ гэж бодоод, би ч хүүгээ хүнд даалгачихаад, асуух ч үгүй санаа амар явж байдаг хэнэггүй ээж шүү гэж гэмшсэн өнгөөр хэлснээ, за тэгээд чамаар сонин юу байна, хаана байгаа юм гэхэд,Тэмүүлэн
-Ажил дээрээ байна аа, сая гадагшаа гарах гэж байлаа. Хүү нь сайн байгаа, цэцэрлэгтээ яваад л, эгч нартаа эрхлээд, …санаа зоволтгүй ээ, өөрийгөө л сайн бодож бай, хүний газар ядарч, зовж зүдэрч болохгүй шүү гэхэд нь, Халиунаа,
-Би ямар хүнд хүчир ажил хийж байгаа биш юундаа зовох вэ, … нээрээ… гээд Төгөлдөрийн тухай ярих гэснээ “за юу ч болоогүй байж Тэмүүлэнгийн надад сайн байдаг сэтгэлийг нь дэмий юманд зовоогоод яах вэ, тэгж байгаад яваандаа мэдэх биз дээ. Тэгээд ч хүүгээ харуулж байж одоохондоо янз бүрийн юм яриад хэрэггүй байх “ гэж бодонгоо хэлэх гэсэн зүйлээ дотогшоо залгиж,… Учиралд болон танай охидод ойр зуурын хувцас хунар бэлэг сэлт явуулсан байгаа. Монголд очихоор нь илгээмжийн газраас өөр лүү чинь ярих байх очоод авчихаарай миний найз гэхэд, Тэмүүлэн
-Учирал энд болоод л байгаа, өөрийгөө л сайн бод. Илгээмжийг чинь авчихаад ярина аа, ээж нь өгч явуулсан юм чинь хүүд нь таалагдах байхаа. Бас охидод маань юм явуулсанд баярлалаа гэхэд Халиунаа,
-Тэр яах вэ хө, нээрээ… би чамаас урьд өмнө нь асууя гэж бодоод л мартчихаад байсан юм. Учиралын хувцас хунар, ойр зуурын юман дотор Цэлмэгийн хүүдээ өгсөн хөөрөг байх ёстой. Түүнийг нь сайн хадгалж байгаарай, хүүгээ юмны учир ойлгодог болохоор өгнө гэж бодож байсан юм. Чамд итгэж байгаа болохоор тэгтлээ санаа зовоогүй байна. Гэхдээ бас асуухгүй байж чадсангүй ээ гэхэд, Тэмүүлэн
-Би тэр хөөргийг анх хараад л Цэлмэгийн өвөөгийнх байна гэж шууд таньсан. Цэлмэг бид хоёр багадаа тэднийд орж тоглодог байхад өвөө аав нь тэр хөөргөөрөө үеийнхэнтэйгээ тамхилдаг, тэднийхээр орж гарсан хүмүүс тэр хөөргөнд нь их шунадаг байсан юм. Хүний үе удам дамжиж ирсэн эд хөрөнгийг би яалаа гэж алга хийх билээ дээ. Цааш нь далд хийчихсэн байгаа. Чи ирээд авна уу, хүүдээ өгнө үү өөрөө мэднэ биз дээ. Тэр талаар санаа зоволтгүй шүү, найдвартай газар байгаа хө. Манай найз ч тэгж байгаад сүрхий залуу шүү. Чингүүндээ өгөхгүй, Учиралд бэлэглэсэн байсан. Би хараад л Цэлмэгийн талаар бодож байсан ташаа бодол маань шууд өөрчлөгдсөн. Ингэхэд Цэлмэг гэснээс цаадахаа дуулсан уу,…. гээд цааш ярих гэтэл, Халиунаа түүний үгийг таслан,
-Түүний талаар юу дуулах юм. Би тэр хүний тухай сонсохыг ч хүсэхгүй байна. Тэр хөөргийг Учиралд өгсөн болохоор л чамаас асуусан юм. Чи хадгалж байгаа бол болж дээ, маш их баярлалаа. За би ингэсгээд хүнтэй уулзах ёстой. Хоёулаа дараа ярих уу гэхэд нь, Тэмүүлэн уг нь “Цэлмэгийг аваарт орж суумгай болсон талаар, мөн эхнэр Жаргал нь жирэмсэн болж удахгүй төрөх ” гэж байгаа гээд Халиунаад ярих зүйл их байсан ч тэрээр Цэлмэгийн талаар ярингуут л юу юугүй утсаа салгах гээд байгааг гадарласан болохоор Халиунаад хандан,
– За тэгвэл дараа ярья даа , түр баяртай биеэ,… сайн бодож байгаарай.. гээд утсаа салгалаа.
Энэ явдлаас хойш зургаан сарын дараа Халиунаа Төгөлдөртэй Америкт хуримаа хийж, Тэмүүлэнгийн эхнэр төрж, Жаргал тэр хоёр хүүтэй болсон юм. Харин Цэлмэг Солонгос руу эмчилгээнд явсан боловч хөл дээрээ босож чадаагүй билээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….