Б.САЙНБУЯН: Эх орныхоо амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан

2019 оны 11-р сарын 18 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
7dzyg

– Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан –

Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн тулааны спортын II дугаар их наадмын эмэгтэйчүүдийн +64 кг-ын аварга ОУХМ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Сайнбуянтай ярилцлаа. 

Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө талаар танилцуулна уу?

Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Батаагийн Сайнбуян гэдэг. Би 1991 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд, дээрээ 2 ах, доороо 1 дүүтэй одоогоор Улаанбаатар хотод аав, ээжийн хамт амьдарч байна.

Та хэзээнээс самбо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Би бага наснаасаа л хөдөө эмээ, өвөө дээрээ мал маллаж өссөн. Хүүхэд байхдаа нилээн сахилгагүй, их эршүүд талдаа охин байсан. Миний бөхийн гараа 2004 онд Увс аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэний дараа 2006 онд авга ах Монгол Улсын заан Д.Бумбаяр ахыгаа даган Чоно клубын дасгалжуулагч Б.Батсүрэн багшид шавь орсоноор эхэлсэн.

Анх эхлэхдээ самбо бөхөөр хичээллэж, тэр жилдээ Баянзүрх дүүргийн өсвөрийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртэж амжилтынхаа анхны гараагаа эхэлж байлаа. 

Энэ хугацаанд нэлээдгүй томоохон амжилтуудыг үзүүлжээ. Энэ жил Дэлхийн тулааны спортын II наадмаас алтан медаль авсан байна?  

Миний хувьд Жүдо, Самбо бөхөөр хичээллээд 13 жил болж байна. Энэ хугацаанд Улсын аваргаас эхлээд Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  (+64, +68, -72, -78, -80 кг)-ын  жинд тус тус барилдаж байсан.

Тухайлбал 2008-2019 оны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 онд ОХУ-ын Москва хотод самбо бөхийн Дэлхийн супер цомын тэмцээний +68 кг-д хүрэл, 2018 онд Румын улсын нийслэл Бухарест хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ний  “-80 кг”-д зодоглож хүрэл медаль,  энэ жил буюу 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон дэлхийн тулааны спортын II наадамд оролцож, +64 кг-д барилдан алтан медалийг тус тус хүртсэн амжилтуудыг  үзүүлээд байна.

Энэ бүх амжилтын ард миний ажиллаж буй Дотоодын цэргийн байгууллага, гэр бүл, хамт олон, дасгалжуулагч багш нарын маань дэмжлэг байдаг юм шүү. Тиймээс тусалж, дэмждэг бүхэндээ үргэлж талархаж явдагаа хэлмээр байна. 

Arslan.mn

Та өөрийн ажиллаж байгаа байгууллага, ажил мэргэжлийн онцлогийн талаар сонирхуулахгүй юу? 

Манай Дотоодын цэргийн 05 дугаар анги нь анх 1922 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар байгуулагдаж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл олон жилийн баялаг түүхийг туулан, бахдам амжилт, гавьяаг байгуулж, 1932 онд Сүхбаатарын одон, 1957 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 1972 онд Байлдааны гавьяаны одонгоор тус  тус шагнагдаж байсан түүхтэй юм билээ. Тийм ч болохоор Хилийн ба Дотоодын цэргийн ууган байгууллага, Монгол улсын цэргийн анги байгууллагуудын дундаас төрийн гурван одонтой ганц байгууллага гэж явдаг.

Суу алдараа мөнхөлсөн, агуу түүхтэй энэ байгууллагад ажиллаж байгаадаа маш их бахархадаг.

Тус 05 дугаар анги нь үндсэн чиг үүргийнхээ  хувьд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг бусад цэргийн байгууллагуудаас ялгаатай тал нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдал, Улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг сахин хамгаалах гээд нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий обьектуудыг хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангаж байдгаараа онцлогтой.

Бид чиг үүргийнхээ дагуу өөрт оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэх, нэг хором ч сэрэмж алдалгүй улсын онц чухал обьектуудыг гадны болон дотоод халдлагаас сэргийлж, хамгаалан ажилладаг. 

Цэргийн хүн тэр тусмаа эмэгтэй хүн олон залуустай мөр зэрэгцэн ажиллахад бэрхшээлтэй зүйл олон тохиолддог уу?

Мэдээж бэрхшээлтэй зүйл байлгүй л яахав. Гэхдээ Цэргийн хүн байна гэдэг цаанаа л урам зориг, урагшлах эрч хүчийг бий болгодог онцлогтой алба.

Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажилдаа гарна гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан гэж боддог. Албаараа бахархаж, ажилдаа дурладаг болохоор тэр бүр зовлон, шалтгаан тоочоод байхыг хүсдэггүй ээ.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Батаа б на
     (202.55.191.***)
    2019/11/19 18:02

    Дүүдээ баяр хүргэе.

    (0) (0)