Жаргал эмийн сандаа өдрийг өнгөрөөлөө. Эртхэн гэртээ харьж хэдэн хүүхдүүдээ хоол унднаас нь хийлцэж өгмөөр байсан ч нэг л гэртээ харих хүсэл төрөхгүй байв. Учир нь Тэмүүлэнг бодохоор сэтгэл нь хямраад болохгүй байлаа. Орой болж эмийн сан хаах дөхсөн болохоор хөл хөдөлгөөн ч багатай байв.
Хань ижил нь өөрийг нь хуурч байгааг мэдсэн тэр мөчөөс эхлээд сэтгэл санаа нь нэг л тогтворгүй байдаг болов. Уг нь Жаргал олон жил тусдаа амьдарсан эр нөхөр нь гэртээ ирж, одоо л нэг элэг бүтэн амьдрах нь хэмээн итгэж найдаж байсан билээ.
Тэмүүлэнгийн ажил төрөл урагштай байж, охид нь аав ээжтэйгээ сэтгэл дүүрэн амьдарч байгаа болохоор “ашгүй амьдрал минь нэг хэвэндээ орлоо доо” гэж баярлаж байсан юм. Гэсэн ч тийм биш байжээ. Эр нөхөр нь Америкт амьдарч байх хугацаандаа тэндээ нууц амрагтай болж, бүүр түүнийхээ хүүхдийг гэртээ авчран өөрөөр нь өсгүүлж, тэгээд түүнээс далдуур тэр хүүхэнтэйгээ байнга ярьж, холбоотой байгааг мэдсэнээс хойш дургүй нь хүрэв. Тэгээд ч одоо Тэмүүлэнд дахин итгэх итгэлгүй болсон мэт санагдана.
Жаргал нөхөртэйгөө энэ талаар ярилцаж, эсвэл уур бухимдлаа тайлан хэрэлдэж хэлэлцмээр байвч тэгсэнгүй. Хэрвээ Тэмүүлэнгийн нэг ая зан нь хөдлөөд тэр хүүхнээ сонгоод Америк руугаа буцаад явчихвал дахиж хэзээ ч эргэж ирэхгүй хэмээн бодож байлаа. Хэдийгээр Тэмүүлэн юу юуны духанд хүрэлгүйгээр гэр бүлээ орхиод явчих хүн чанаргүй нэгэн биш ч өнгөрсөн амьдрал, тусдаа байсан он жилүүд Жаргалыг ийнхүү эргэлзэхэд хүргэж байв. Тиймээс Жаргал дахин охидтойгоо орхигдож үлдэх вий дээ, гэж санаа нь зовсондоо Тэмүүлэнгийн байр байдлыг хэсэгтээ харахаар чимээгүйхэн дотроо шаналж суугаа нь энэ байлаа.
Тэмүүлэнгийн хувьд барилгын ажил нь дуусах шатандаа явж байгаа болохоор ажил төрөл гэж “самгардаад” сүүлийн үед эхнэрээ ямар байгааг мэдрэх ч сөхөөгүй байгаа билээ. Халиунаа тэр хоёрын яриаг сонссон Жаргал ийнхүү уурлаж бухимдан өөртэй нь бараг дуугарах ч хүсэлгүй хэд хоносныг тэрээр анзаарсангүй.
Өнөөдөр гэртээ нэлээн оройтож ирсэн эхнэрийнх нь царай цаанаа л баргар байгааг сая л анзаарсан Тэмүүлэн
-Хань минь бие чинь зүгээр үү, царай чинь нэг л цонхигор харагдах чинь, би ч ажил гэж гүйгээд та нартаа сүүлийн үед халамж анхаарал тавьж чадахаа байгаад л байх шиг байна. Одоо уг нь дуусах тун дөхөж байгаа юмсан. Энэ барилгын ард гарчихвал ч их том ажил бүтээчихлээ л гэсэн үг. Аятайхан юм босгочихвол дараагийн захиалга өөрөө л ороод ирнэ гэхэд, Жаргал хувцасаа солин нөгөө өрөөнд орох зуураа, цаанаа л дуу муутай байгаа бололтой сул дуугаар ,
-Миний бие зүгээр ээ, толгой жаахан өвдөөд, сүүлийн үед дотор муухайраад , бага зэрэг ядраад байгаа юм. Чиний ажил төрөл сайн байгаа бол болоо доо, гэж хэлснээ, дахиж юм ярихыг хүсэхгүй байгаа бололтой хүүхдүүдээ үнсчихээд өрөөндөө ороод хаалгаа хаачихав.
Энэ үед хоолоо идчихээд аяга тавгаа хурааж зогссон том охин Анар нь ээжийнхээ ийнхүү сэтгэл санаа нь тавгүй байгааг анзаарсан бололтой, аавдаа хандан,
-Ааваа, ээжийн бие ойрдоо өвдөөд байгаа юм шиг байна лээ , намайг асуухаар зүгээр гээд байгаа юм. Та бид нарыг бараг унтаж байхад л ирж байгаа болохоор анзаарахгүй байсан байх. Өчигдөр орой бас бөөлжөөд байсан. Би хоолны хордлого авчихсан юм болов уу гэж бодоод гэхэд, охиныхоо яриаг сонсож суусан Тэмүүлэн ….арай “хөл хүнд” болчихсон юм биш байгаа даа. Гэтэл би гэдэг хүн мэдэхгүй явж байдаг гэж бодох зуураа нүдэнд нь инээмсэглэл тодорч бушуухан Жаргалын араас өрөөнд нь оров. Жаргал унтах гэж байгаа бололтой хувцасаа солиод ороо засаж зогсоно. Тэмүүлэн эхнэрийнхээ араас тэвэрч, өөр лүүгээ эргүүлээд духан дээр нь зөөлхөн үнссэнээ,
-Чи минь арай “бие давхар” болчихсон юм биш биз дээ. Тэгээд намайг анзаарахгүй байгаа болохоор уурлаж бухимдаад байгаа юм уу гэж баярлаж догдолсон өнгөөр асуухад нь , Жаргал “нэрээ энэ чинь юу билээ, би чинь өчигдөр хоол идчихээд дотор муухайраад байсан. Сарын тэмдэг ирэх хугацаа хэтэрчихсэн байна , бас сүүлийн үед нэлээн ядраад байх болсон, олон юм бодож яваад энийгээ ч анзаараагүй юм байна…арай нээрээ … “ гэж бодсоноо Тэмүүлэн лүү харж “тийм ч амархан уярчихгүй шүү” гэсэн байдалтай царайгаа төв болгоод,
-Үгүй байхаа, зүгээр л ядраад байгаа юм, тэгээд ч одоо жирэмсэн болж яадаг юм. Цаашдаа цуг байх ч юм уу, үгүй ч юм уу,….Өнөөдөр эртхэн унтаж амармаар байна. Чи хүүхдүүдээ унтуулчихаарай,… хэмээн нэлээн ширүүхэн, цаана л хүйтэн хөндий өнгөөр хэлэхэд, эхнэрээ ийм байдалтайгаар өөртэй нь харьцаж байгаад гайхсан Тэмүүлэнгийн баярлаж хөөрсөн царай хоромхон зуур барайж,
-За тийм бол яах вэ дээ. Уг нь өнөөдөр эрт ирсэн дээрээ та нартаа зориулаад амттайхан хоол хийсэн юмсан. Чиний энэ байдлаас харахад хаа нэг газар хоол идчихээд ирсэн бололтой гэж хэлэнгээ “цаашдаа хамт байгаа ч билүү, үгүй ч билүү ч гэх шиг , энэ одоо юу болоо вэ “ хэмээн дотроо битүүхэн хардах сэтгэл төрсөн ч түүнийгээ мэдэгдэхгүйг хичээн, за ядраад байгаа бол эртхэн унтаж амар даа. Би хүүхдүүдтэйгээ жаахан байж байгаад унтана гэж хэлээд өрөөнөөс гарч явлаа.
Саяхан л эртхэн унтаж амардаг юм билүү, гэж бодож байсан Жаргал хэдийн орондоо орсон ч нойр нь хүрэх шинж алга.
“ Нээрээ жирэмсэн болчихсон юм биш байгаа даа, би яагаад энэ талаар бодсонгүй вэ. Маргааш ажил дээрээ очихоороо жирэмсний тест авч үзье байз. Одоо тэгээд жирэмсэн болчихсон байвал яанаа, нэг талаар дөч дөхөж яваа надад дахиад ганц хүүхэд гаргачихвал сайхан л байна. Тэгээд хүү байвал мөн сайхан аа, Тэмүүлэн ч гэсэн удам залгах өөрийн гэсэн хүүтэй болохыг хүсэж л байгаа байлгүй. Ямар сайндаа л айлын хүү тэврээд ирэх вэ дээ, гэж бодох зуур баярлан догдолж байсан сэтгэл нь дахиад л гунигт автав. Үгүй тэгээд өөр хүүхэнтэй учир ургуулсан нөхрийнхөө хүүхдийг гаргах хэрэг байна уу, цаашдаа цугтаа байх үгүй нь эргэлзээтэй санагдах болсон энэ үед жирэмсэн болдог нь ч бас юу билээ дээ. За ямар ч байсан маргааш үзэж байгаад л болъё. Юу ч болоогүй байхад муу юм бодоод яах билээ. Ер нь эмчид ч гэсэн нэг үзүүлээд авахад гэмгүй байх. Ойрд сэтгэл санаа дагаад ч тэр үү бие нэг л тавгүй байх болчихлоо” хэмээн элдвийг бодож байв.
***********
Харин энэ үед Цэлмэгийн хэвтэж буй эмнэлгийн өрөөнд…….
Цэлмэг тархины болон нуруу нугасны хоёр ч хагалгаанд оров. Аз болоход хагалгаа амжилттай болж бие нь сайжрах талдаа орсон байв. Түүнийг байнга сахиж байсан Сарнай гадуур явж ажил төрлөө зохицуулах, хоёр хүүхдэдээ анхаарал халамж тавих хэрэгтэй болов. Тиймээс нөхрийнхөө биеийг харьцангуй гайгүй байгаа болохоор хөдөөнөөс ирсэн Цэлмэгийн ээжийнх нь дүүгийн хүүхэд болох Намуунаагаар түүнийг хэсэгтээ сахиулахаар болжээ. Хотод сургуульд сурах гэж ирээд төлбөр мөнгөний асуудлаас болоод жилийн чөлөө авсан Намуунаагаар Цэлмэгийг зүгээр ч нэг сахиулж байгаа биш өдөр өдөрт нь хэд гурван төгрөг өгч байхаар тохирчээ. Харин Цэлмэгийн аав, ээж, найз нөхөд, ах дүү хамаатан садан нь түүнийг байнга эргэж тойрч байлаа.
Сарнай нөхөртөө оройн хоол цай дөхүүлж өгөөд саяхан явжээ..
Цэлмэг эхнэрийнхээ авчирч өгсөн банштай шөлийг уучихаад эмнэлгийн тааз ширтэн хэвтэх зуураа бодолд дарагдав. Сүүлийн үед байнга л ингэж бодолд автах болжээ. “Хэдийгээр эмнэлэгт ирээд сар гаран болж байгаа ч эмчилгээ дуусах яагаа ч үгүй байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол бие нь бага багаар сайжирч байгаа нь сайшаалтай байв. Одоогоор компанийнх нь ажлыг эхнэрийнх нь дүү хариуцан ажиллуулж байгаа аж. Хааяа эмнэлгээс тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа ч, эмч бичиг цаастай орооцолдохгүй, компьютер гар утаснаас аль болох хол байж хэрэглэхгүй байсан нь дээр гэж хэлсэн болохоор дэмий л ийнхүү элдвийг бодон хэвтэх ажилтай болжээ. Нэг бол хэвтээ, нэг бол суугаа байдалтай байх болсон тэрээр хэзээ хөл дээрээ босохыг хэн ч хэлж чадахгүй байв. Эмч ч түүнд тодорхой хариулт өгсөнгүй. Ямарч байсан бие нь сайжрахаар тэргэнцэртэй гарч орж байж болно гэж хэлжээ.
Хоромхон хугацаанд амьдрал, хувь заяа нь ийнхүү санаанд оромгүйгээр эргэсэнд тэрээр харамсаад ч барахгүй байв. Харамслаа гээд одоо яах билээ. Амьд үлдсэндээ л баярлаж суухаас өөр гарцгүй байв. Өөрийн хийсэн үйлдэл болон өнгөрч холдсон цаг хугацааг бодол дотроо эргүүлэн хөвөрдөж хэвтэнэ. Өвдөж шаналан хэвтэх үедээ л хүн гэдэг өнгөрснөө тунгаан бодож алдаа дутагдалаа үнэлж цэгнэн бусдыг хайрлах сэтгэлээр өөрийгөө тайвшруулан тайтгаруулдаг мэт.
Үе үе сэтгэлийг нь шавхуурдан, зүрхнээс нь базах мэт чангаах Халиунаа Учирал хоёрын тухай эргэн бодсоор…Ганц удаа ч болов тэр хоёртойгоо ярихыг хүсэж байвч Тэмүүлэнг Монголд ирснээс хойш тэднээс холбоо тасарчээ.
Хагалгаанд орсны дараахан нь Тэмүүлэн түүнийг эргэж ирэхэд тэрээр Халиунаа хүү хоёрынхоо талаар асуусан боловч Тэмүүлэн түүнд тоймтой юм хэлээгүй. Холбоо барих утсыг нь олж өгнө гээд одоо болтол чимээгүй байгаа билээ. “Хүү минь хэр том болж байгаа бол. Тэднийгээ ямаршуухан байдалтай амьдарч байгаа талаар, ойрын үед Монголдоо ирэх болов уу” гэж асуухад, Тэмүүлэн “Халиунаа намайг наашаа явахад бараг хүнтэй суух гэж байсан, одоо тэр хүнтэйгээ суусан биз дээ” гээд өөр юм хэлэлгүй тойруу зүйлс ярьж байгаад хурдхан шиг гараад явсан. Халиунаа ч яах вэ, залуу хүн амьдралаа бодолгүй болохгүй. Учирал хүү минь яаж явдаг юм бол доо. Хэдийгээр хамт байж, цуг өсгөлцөж чадаагүй ч миний л үр хүүхэд шүү дээ, судсаар нь миний л цус урсаж байгаа. Ер нь ингээд бодоод байхад хүүдээ үе удам залгамжилж ирсэн аавынхаа хөөргийг өгсөн нь болсон юм шүү. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв алхмын нэг ч байж болох юм. Харин Халиунаа үнэ цэнийг нь мэдэхгүй, муу хүмүүст алдчихгүй байгаа даа. За гайгүй биз дээ, …би ч бас өөдгүй л хүн дээ тэр хоёрыгоо явуулчихаад араас нь очиж чадаагүй. Сарнай мэдчихсэн болохоор надад боломж байгаагүй л дээ. Тэгээд ч сайн ханиа гомдоочихгүй явсан маань наддаа дээр байсан юм. Сайн эхнэртэй тулдаа би өдий зэрэгтэй яваа. Одоо ингээд хэвтрийн болчихсон би ханийнхаа энэ их ачийг яаж хариулна даа. Хэзээ нэгэн цагт хөл дээрээ босдог л юм бол үр хүүхэд хань ижлийнхээ төлөө чадах бүхнээ хийх болно оо” гэж өөрөө өөртөө амлан өөрийгөө зоригжуулан хэвтэж байв.
……………..
Жаргал өглөө эртлэн босож хүүхдүүдээ хүргэж өгчихөөд ажилдаа яаран ирэв. Тэрээр эмийн сангаасаа бушуухан шиг жирэмсний тест аван өөрийгөө шалгаж үзлээ. Хоёр улаан зураас тодоос тод үзэгдэнэ. ….”Бурхан минь жирэмсэн болчихож. Энэ олон жилийн дараа ямар сайхан юм бэ”…тэрээр утсаа шүүрэн авч Тэмүүлэн лүү залгаж баярт мэдээг дуулгах гэснээ болилоо. Түүнд гомдсон гомдол одоо болтол тайлагдаагүй бололтой.
Тэрээр ширээний ард талын сандал дээр алгуурхан суув. “ Энэ хүүхдийг гаргах ёстой юу,….үгүй ээ би чинь юу бодох нь энэ вэ, гаргалгүй яадаг юм, хэрвээ хэзээ нэг өдөр Тэмүүлэн тэр хүүхэн лүүгээ яваад өгчихвөл , эсвэл тэр бүсгүй нь Монголд ирээд түүнтэйгээ хамт амьдрахаар болвол би яах вэ,…. дахиад л нэг нялх хүүхэдтэй, …үгүй ээ,… тэгээд тэртээ тэргүй хүний өөрийн олон хүүхэд өсгөж байгаа би, дөрвөн байна уу, тав байна уу ялгаа ер нь байхгүй биз дээ. Яаж ч бодсон хүүхдээ гаргасан нь дээр юм байна …..Ямар сайхан юм бэ, би бие давхар болчихсон байна ” хэмээн бодох зуур өөрийн эрхгүй царай нь цаанаа л жаргалтай өнгөөр туяаран гэрэлтэж, инээмсэглэл тодруулсан харцаар мишээснээ, гарынхаа алгаар хэвлийгээ зөөлхөн элэх тэрхэн агшинд эх хүнээс өөр хэн ч үл мэдрэх тийм нэг ер бусын хайр энхрийлэл сэтгэл зүрхийг нь дүүргээд ирэв…..
Халиунаа оюутан болохоор шийджээ. Чикаго хотын их сургуульд элсэж ороод удаагүй байгаа тэрээр нөгөө “мөнгөтэй хүн лаа иднэ үү, луувангаа иднэ үү “ хамаа алга гэдэг л болоод байлаа. Авахыг хүссэн бүгдээ худалдан авч, өгье гэсэндээ өгч мөнгө төгрөгийг байгаа хэмжээгээрээ зарцуулж байв. Магадгүй хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгө,…” гэнэт алган дээр буух” шиг өөрөө хүрээд ирсэн мөнгө төгрөгийн үнэ цэнэ хоорондоо тэр хэмжээгээрээ ялгаатай байдаг ч байж болох юм. Гэхдээ Халиунаагийн хувьд сургуульд орж суралцсан нь хамгийн зөв шийдвэр байлаа. Залуу хүн юм үзэж нүд тайлж, номын дуу сонсох хэрэгтэй байсан биз.
Халиунаа багаасаа хүсэж мөрөөдөөд байсан загварын сургуульдаа орсонгүй. Харин арай өөр чиглэлээр сурахаар шийдэж радио телевизийн хөтлөгч, шоу менежерийн ангид элсэн оржээ. Аз таарч хэн хүнд амархан олдоод баймааргүй их мөнгөний эзэн болсон тэрээр ашигтай бизнесийг сонгон авч одоо байгаагаасаа илүү улам бат бөх хөл дээрээ зогсох боломжтой байсан юм. Гэсэн ч тэрээр тэгсэнгүй, сургуульд сурч мэргэжил боловсролоо дээшлүүлэн, тэр хэмжээгээр өөрийгөө дайчлан мөнгө төгрөгөөс илүү нэр алдартай болохыг хүсэж байв. Нэр алдартай болсон цагт хөрөнгө мөнгө аяндаа дагаад ирнэ гэдгийг ч гадарлаж байлаа. Одоо хамгийн чухал нь олон юманд сэтгэл санаагаа хоёрдуулаад байлгүй сайн суралцах хэрэгтэй байсан юм.
Иймэрхүү төлөвлөгөөтэй нэлээд хэд хоногийг өнгөрөөсөн тэрээр өдөр хичээлээ тараад хэлний түвшингээ сайжруулах шаардлагатай байсан болохоор чөлөөт цагаараа бие дааж үзэхээр шийдэн сургуулийн номын сан руу алхаж явав.
Цэцэрлэгт хүрээлэнгээр дүүрэн оюутнууд нааш цааш холхилдон, нэг хэсэг нь цэцэрлэгийн сандал дээр сууж хоорондоо элдвийг ярин хөхрөлдөн инээлдэж, зарим нь ганц хоёроороо хичээлээ давтаж байгаа бололтой “нөөтбүүк” ширтэн суух, гар утсаараа оролдон тоглож суугаа хүүхдүүд ч зөндөө,… Энэ мэтчилэн байдаг л их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнгийн дүр зураг үргэлжилнэ.
Ойрын үед хүүтэйгээ, бас Тэмүүлэнтэй ярьж амжаагүй тэрээр бодолд автан алхаж явтал гэнэт ард нь хүн дуугарах шиг болов. Дуугарах дуугарахдаа Монгол хэлээр ярих шиг болохоор нь эргэн харвал, өндөр биерхүү цайвар царайтай, давхраагүй мөртлөө нүдэнд дулаахан зөөлхөн харцтай нэгэн залуу зогсож байлаа. Халиунаа түүнийг хараад золтой л дуу алдчихсангүй цаанаа л танил дотно, сэтгэлд ойрхон царай…хэзээ нэгэн цагт таньдаг ч байсан юм шиг…
-Сайн байна уу, уучлаарай, …та Монгол уу, хэд хоногийн өмнөөс л би өөрийг чинь ажиглаж байсан юм. Та радио телевизийн ангид ирсэн шинэ оюутан байхаа, би танай зэргэлдээ найруулагчийн ангид сурдаг.
Манай салбарт монгол оюутнууд их ховор л доо. Тэгээд таныг хараад их баяртай байсан. Утсаар ярьж байгааг тань сонсоод Монгол юм байна гэж мэдсэн юм гэж хэлэнгээ инээмсэглэхэд, Халиунааг ямар нэгэн далдын зөн совин энэ залуутай ойртуулан учруулсан мэт санагдан, нэг тийм хэнд ч хэлмээргүй, эсвэл бүгдийг уудлан яримаар нууцхан мөртлөө сайхан мэдрэмж төрөхөд тэрээр бага зэрэг өөрөөсөө ичсэнээ , түүн лүү харж толгой дохин инээмсэглэж,
-Сайн, сайн байна уу, тийм ээ би энэ сургуульд ороод удаагүй байгаа. Монгол оюутнууд нэлээдгүй байдаг гэсэн гэхдээ яг ямар салбарт нь байдгийг нь анзаарч амжаагүй л байгаа гэж хэлэхдээ өрөө ч мэдэлгүй бага зэрэг түгдчин сандарч байв. Нөгөө залуу
-Ингэхэд та хаа хүрэх гэж байгаа юм бэ, хичээл чинь ийм эрт тарчихсан юм уу, намайг Төгөлдөр гэдэг одоо хоёрдугаар курс гээд, түүнтэй танилцахаар гараа сунгахад нь Халиунаа гар барингаа нэрээ хэллээ.
-Би номын санд жаахан суудаг юм уу гээд, лекц орохоор англи хэлээ гүйцэж сонсож чадахгүй хоцрох гээд байна. Тэгээд бие дааж үзэхээр шийдээд ойр зуурын юм харах санаатай гэж хэлчихээд, “танихгүй залууд хичээлээ гүйцэхгүй байна ч гэх шиг юун “мангар” юм ярьчхав даа” гэж бодон санаа зовсон байдалтай зогслоо. Төгөлдөр Халиунаад хандан,
-Би ч бас номын сан орох санаатай явж байсан юм, тэгвэл хамтдаа явъя гэсээр тэд цааш явцгаав.
Төгөлдөр дунд сургуулийн сурагч байхаасаа Чикагод иржээ. Зургийн чиглэлээр таван жил сурч төгсөөд, мэргэжлээрээ ажиллах гэсэн боловч нэг л боломж нь гарч өгөхгүй болохоор нь түрүү жилээс найруулагчийн ангид элссэн орж суралцаж байгаа нь энэ. Тэрээр Чикагод ээж аавын хамт амьдардаг бөгөөд, Халиунаатай насаар ойролцоо удахгүй хорин ес хүрэх аж. Зураачаар сурч байхдаа ээжийнхээ найз бүсгүйн охинтой хэсэг үерхэж байсан боловч тэд гэр бүлээрээ Монгол руугаа буцсан болохоор тэдний үерхэл тэгсгээд төгсгөл болжээ. Хэр баргийн охидыг тоомжиргүйхэн өнгөрөөдөг Төгөлдөр Халиунааг анх хараад л бараг дурлаж орхижээ. Тэгээд түүнтэй танилцах боломжийг хайсаар өнөөдөр санамсаргүй сургуулийн цэцэрлэгт ийнхүү тааралдаж зориглон мэнд мэдсэн нь энэ байв.
Халиунаад ч гэсэн Төгөлдөр үнэхээр их таалагдаж байв. Урьд өмнө нь хэзээ нэгэн цагт тэд учирч байсан юм шиг, нэг тийм дотно дулаахан мэдрэмж аль алинд нь төрж байсан юм.
Амьдралдаа хоёр ч удаа дурлаж үзсэн Халиунаагийн дурлал бүтэмжтэй байгаагүй нь үнэн. Хоёулаа өөрөөс нь олон насаар ах, тэгээд ч гэр бүлтэй. Цэлмэгтэй танилцахад Халиунаа дөнгөж сургуулиа төгсөж ирээд ажил амьдралын гараагаа эхлэх гэж байсан үе. Дээд албан тушаалын царайлаг сайхан залуу хамаг байдгаа барьж гүйн, араас нь хөөцөлдөхөд тэрээр өөрийн эрхгүй түүнд татагдсан нь нууц биш юм. Харин гэр бүлтэй байсныг нь хожимдож мэдсэн ч нэгэнт дурлачихсан, тэгээд хэвлийдээ үртэй болчихсон тэрээр Цэлмэгийг өөрийн болгохоос бусдыг бодохгүй явсан үе бий.
Харин Тэмүүлэнгийн хувьд бол Халиунаа анхнаасаа түүнд дурлаж сүйд болоогүй. Тиймдээ ч одоо цагийн зарим бүсгүйчүүдийн жишгээр Америк эртэй суучихвал боломжийн амьдарч болно гэсэн “мунхаг” бодолтойгоор Жэмийг сонгож явсан удаа бас бий. Нэгэнт л алдаж , онож явсаар ухаан суудаг залуу нас хойно, одоо өнгөрч холдсоныг эргэн дурсаж, буруутган бодоод яах ч билээ.
Харин Тэмүүлэн хүүг нь аваад Монгол руу явсан тэр өдрөөс ганцаардан гуниглаж, учраа олохгүй шаналан, бусдын хайр энэрлийг үгүйлэн санагалзаж явахдаа өөрийгөө Тэмүүлэнд маш их хайртай юм байна, сайн хүнээ өөрөөсөө холдуулчихлаа хэмээн өнөөдрийг хүртэл харамсан санагалзаж яваа. Гэхдээ энэ бүгд жинхэнэ хайр сэтгэл мөн үү , эсвэл хүнд хэцүү үед тохиолдсон түр зуурын дурлал, санагалзал уу гэдгийг үнэндээ өөрөө ч сайн ойлгохгүй, хариултыг нь олж харахгүй яваа билээ. Санан мөрөөдөж хүсэн тэмүүлээд байхаар хайр юм шиг, гэтэл үнэхээр бие биендээ тохирсон, бие биенийхээ төлөө гэсэн тийм агуу сайхан хайр мөн бол тэд хэдийн хамтдаа байх ёстой бус уу.
Гэтэл Тэмүүлэн түүнийг биш гэр бүлээ сонгоод одоо тэдэнтэйгээ хамт амьдарч байгаа.
Олон, олон алдаа оноотой дурлалд жигүүрээ гээж яваа Халиунаа маань энэ удаа жинхэнэ өөрийг нь сонгох, өөртэй нь хамт байж, үнэн сэтгэлээрээ хайрлаж чадах тийм эр хүнийг олсон байгаасай гэж залбирах минь,…. Халиунаа ч бас яг ингэж бодож байлаа.
Харин энэ үед Цэлмэг эмнэлгээс гарах болжээ. Гэхдээ тэрээр хөл дээрээ ойрын хугацаанд лав босох боломжгүй болсон байв. Магадгүй хэдэн жилийн дараа гаднын хөгжилтэй оронд урт удаан эмчилгээний үр дүнгээр хөл дээрээ босох өдөр ирэхийг үгүйсгэхгүй. Харин энэ удаа бол аав ээжээрээ түшүүлээд, ханиараа түрүүлсээр суумгай хүний тэргэнцэртэй гэртээ ирлээ.
Хүү охин хоёр нь аавыгаа зөндөө их санасан бололтой хүзүүнээс нь зүүгдэж, бага охин байн байн аавынхаа өвөр дээр суух гэж зүтгэнэ. Том хүү Чингүүн нь энэ жил сургуульд орно. Дүүгээсээ хэдэн насаар ах гэсэндээ, аавыгаа яагаад ийм болоод ирснийг ойлгох санаатай хэрэндээ л том хүн шиг олон зүйлийг ааваасаа шалгааж байв.
-Ааваа, та минь яачихав аа, хэзээ энэ сонин дугуйн дээрээсээ босох юм бэ, би зурагтаар ийм дугуйн дээр суусан хүмүүсийг зөндөө харж байсан. Тэд чинь өвдчихсөн хүмүүс байдаг. Та бас тэд нарын адил өвдчихсөн юм уу. Уг нь ээж намайг намар сургуульд орохоор аав чинь хүргэж өгнө гэсэн. Тэгээд олон шинэ найзуудтай болно гэж байсан. Тэр үед та хөл дээрээ босож явна биз дээ. Ийм дугуйтай лав сургууль дээрээ очихгүй шүү. Хүүхдүүд шоолно. Гэхдээ би таныг цэцэрлэгээр түрээд явна аа,… гэхэд Цэлмэг,
-Миний хүү санаа зоволтгүй ээ, аав нь удахгүй хөл дээрээ босно, тэгээд хүүгээ дагуулаад сургуульд нь хүргэж өгнө. Бас бүгдээрээ хөдөө явна, ууланд гарна. Харин одоохондоо аав нь ээжид нь сайн тус дэм болж чадахгүй байгаа болохоор миний хүү л аавынхаа оронд ээждээ тусалж, дүүгээ сайн харж өгнө шүү дээ, гэж хэлэнгээ түүний духыг үнэрлэхэд, Чингүүн аавтайгаа адилхан зөндөө том болчихсон мэт санагдаж урамтайхан толгой дохиж зогссон.
Сарнай Цэлмэг болон хамтдаа гэрт нь ирсэн аав ээж, ойр дотнынхондоо хоол цай бэлдэж өгөв. Тэд хэсэг зуур элдвийг ярилцан хөөрөлдөж сууцгаагаад, ажилтай нь ажил руугаа, гэртээ харих нь гэр лүүгээ явцгаалаа. Сарнай нөхрөө ядарч байгаа байх гэж бодон оронд нь хэвтүүлээд, Намуунааг хоёр хүүхэдтэйгээ үлдээж сувиллын газраа эргэхээр гарч явав. Тэрээр хэд хоногоос бүгдээрээ хөдөө агаарт гарсан нь дээр байх гэж бодож төлөвлөсөн бөгөөд, зав чөлөөгөөр нь ажлаа хийж байхад амар гээд Цэлмэгийг сувиллын газартаа авчран асарч сувилан бас эмчилгээг нь үргэлжлүүлэн өөрөө хийхээр шийджээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….
bayrlalaaa