Өнгөрсөн долоо хоногийн тойм

2019 оны 11-р сарын 16 өдөр, 11 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74985510_674504593075407_1619243769134055424_n_20191115042947

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Баянзүрх дүүрэгт спорт цогцолбор баригдаж байна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1,8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 1,8 га газарт хөлбөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, экстрим спортын талбай, гүйлтийн зам, амралтын талбай, үзэгчдийн суудал, зүлэг ногоо, мод бут бүхий цэцэрлэгжилттэй спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулсан боловч өдийг хүртэл хийгдэхгүй байсныг Хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 09-ний өдөр тухайн газар дээр очиж ажиллан, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт зураг төслийг яаралтай батлуулж, Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшлийн асуудлыг спорт цогцолбор барихад зориулан яаралтай шийдвэрлэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулах ажлыг шуурхай зохион байгуулах үүргийг тус тус өгсөний дагуу ажил есдүгээр сарын 20-ны өдөр эхэлж, эрчимтэй хийгдэж байна. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр спорт цогцолбор байгуулах ажлын явцыг очиж шалгалаа. Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэж байна. Энэ хүрээнд 3450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсанбөмбөг, гарбөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1155 ам метр явган зам хийгдэж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс арваннэгдүгээр сарын сүүлээр эхний хөлбөмбөгийн талбай, сагсанбөмбөгийн талбай ашиглалтад орно. Ирэх хавраас гүйлтийн зам болон бусад ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна гэв. Хотын захирагч С.Амарсайхан “Спорт цогцолборыг чанар стандартын шаардлага хангасан, орчин үеийн техник технологиор хийж гүйцэтгэх”-ийг хүсээд, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг үүрэг чиглэл болгосон юм.

Г.Нэргүй: Угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багассан

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн, хүнд хэлбэрээр хордсон гэх 12 өрхийн 35 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөөг авсан. Өмнөх амралтын өдрүүдийг бодвол угаарын хийтэй холбоотой дуудлага харьцангуй багасаж байна. Гэр хорооллын цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны ачаалал обьектын гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Тийм учраас иргэд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэж, өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна” гэв. Мөн хүйтний эрч чангарч галлагаа нэмэгдэж байгаатай холбоотойгоор пийшин, зуухныхаа битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан шахмал түлшний галлагааг зөв хийхийг иргэд, олон нийтэд онцгойлон анхааруулж байна гэдгийг албаныхан онцолж хэллээ.

24 байршилд газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Орон сууцны корпораци компаниас газрыг орон сууцаар солих төсөл хэрэгжүүлэх болсон талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэм, НОСК-ийн Захиргаа санхүү, хуулийн хэлтсийн дарга П.Анхбаяр нар хийв. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулан баталгаажуулах төслийн 19 байршил, нийслэлийн таван дэд төв нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбарт амьдарч буй иргэд газраа орон сууцаар солих төсөлд хамрагдах боломжтой аж. Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ дээрх байршлуудад 4 га-аас багагүй газарт, иргэд 100 хувь санал нэгдэж, төсөлд хамрагдах хүсэлт гаргасан тохиолдолд газрыг орон сууцаар солих юм байна. Нийслэлийн Орон сууц корпорацийн захирал Б.Сүхбаатар “Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор орон сууцжуулах ажлыг шат дараатай хийж байна. Газрыг орон сууцаар солих төслийн хүрээнд хамгийн багадаа 4 га талбарт газар чөлөөлөлт хийнэ. Учир нь тухайн талбарт орон сууцны хорооллоос гадна сургууль, цэцэрлэг, зам, авто зогсоолтой хотхон байх ёстой. 4 га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр зээлд хамрагдан төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой” гэв. Тухайн газар нь орон сууцны үнээс давсан тохиолдолд иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөх аж. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд Буянт-Ухаа -II хорооллын ашиглалтад орсон орон сууцанд орох аж

Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих ажил эрчимтэй хэрэгжиж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэрийн хүрээнд Налайх дүүргийн “Голомт” болон “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд хөлбөмбөгийн талбайтай болж байна.  Хотын Захирагч С.Амарсайхан тус дүүрэгт ажиллаж, сургуулиудын хөлбөмбөгийн талбайн ажлын явцыг шалгав. Хөлбөмбөгийн талбайн ажил наймдугаар сарын 30-ны өдөр эхэлж, өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 98 хувьтай хийгдэж байна. Энэ сарын 14-нд улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэ үеэр Хотын Захирагч С.Амарсайханы зүгээс хөлбөмбөгийн талбайг чанар стандартын шаардлага хангасан материалаар хийж гүйцэтгэх шаардлагатай гэдгийг онцолж хэлээд, “Чанарын шаардлага хангахгүй зүлэг болон техник хэрэгслээр талбайг тохижуулж болохгүй. Хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эдэлгээ удаантай материалыг сонго. Одоо хийсэн байгаа зүлэг шаардлага хангахгүй байна. Сольж өөр стандартын шаардлага хангасан зүлэгээр хий” гэсэн үүрэг чиглэлийг гүйцэтгэгч компанийнхан өгсөн юм.

Нийслэл иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхийн тулд 2020 оныг стандартыг мөрдүүлэх гэж болгон зарлана

Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” нийслэлийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд,  дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нийт 2000 гаруй хүн оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотыг зөв бодлогоор тогтвортой хөгжүүлэхэд дан ганц хотын удирдлага, албан тушаалтнууд бус хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн оролцоо чухал” гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр “Өнөөдөр бүтээн байгуулалтууд өрнөж, мэдээлэл технологийн дэвшил бидний амьдралд нэвтэрсэн боловч иргэдийн амьдрах орчин,  агаар, ус, хөрсний бохирдол, хот тохижилт ногоон байгууламж, хог хаягдал, гудамж талбайн эвдрэл гэмтэл, ногоон байгууламжийн хомсдол, үер усны эрсдэл зэрэг маш олон асуудал бидний дунд хэвийн  үзэгдэл мэт бугшсаар байна. Сүүлийн жилүүдэд нийслэлд хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа ч хүн амьдрахад таатай орчныг төдийлөн бий болгож чадахгүй байна. Хотын гудамжинд, орон сууцны хороолол дотор мөрдүүлвэл зохих стандарт, норм, дүрмийг зөрчсөн олон тохиолдол нийтлэг үзэгдэл болжээ. Тиймээс Улаанбаатар хотыг стандартгүй, хяналтгүй, хайхрамжгүй буруу жишгээр хөгжүүлж хэвшсэн байдлыг нэн даруй таслан зогсоож, шинэ бодлого өндөр хариуцлага, ухамсарыг төрийн албан хаагчид, хувийн хэвшлийнхэн, иргэд олон нийтийн дунд төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Улаанбаатар хотын өмнө тулгамдсан бүх асуудлыг даван туулах хөгжлийн гүүр нь стандарт юм” гэв.

Гэр хорооллын 200 өрх төвийн дулаанд холбогдлоо

Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдлоо. Гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл тус дүүрэгт амжилттай хэрэгжиж нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох албаныхан оролцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлчүүдийн хувьд нэг том дэвшил, нэг том бүтээн байгуулалтын эхлэл тавигдаж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь том дэвшил юм. Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 орчим айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ чин сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна” хэмээлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн, агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг дэд бүтцийн төвийн нээлт болж байна. Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна.

Хотын Захирагч С.Амарсайхан нийтийн тээврээр зорчин иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсон, шийдвэрлэхээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудын хамт үйл ажиллагааг нь нөхцөл байдалд нь очиж шалгаж ажиллалаа. Хотын Захирагчийг дагалдан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Сөүл хотын оролцоот “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа, “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав. Хотын Захирагч холбогдох албаны хүмүүсийн хамт эхлээд “Ленин клуб”-ын автобусны буудлын “U money” карт худалдан авах, цэнэглэх гэрээт цэгүүдээр орж, борлуулагчидтай уулзан санал сэтгэгдлийг нь сонслоо. Тэндээсээ Ч:30 номерийн автобусанд сууж, нийтийн тээврээр зорчиж байгаа иргэд, олон нийттэй уулзан, хүндрэл бэрхшээлтэй ямар асуудал байгааг тодруулан асууж, цаашид юуг анхаарч ажиллах талаар нээлттэй санал солилцож ярилцсан юм. Зорчигчдийн зүгээс “Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй зүйл бий. Автобус өвлийн улиралд хүйтэн, цонх нь цантдаг, гадаа удаан хүлээж зогсдог байдлыг шийдвэрлэх, смарт карт цэнэглэх цэгүүдийг олшруулах, өглөө эрт цагтаа онгойдог байх, автобусны эргэлтийг нэмэгдүүлэх” гэсэн зарим саналуудыг Хотын Захирагчид уламжилж байв. Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж байгаа нийтийн тээврийн цахим карт цэнэглэх нийт 539 цэгийн 318 буюу 59 хувь нь нийтийн тээврийн үйлчилгээний автобусны зогсоол дээр, 124 буюу 23 хувь нь автобусны зогсоолоос 5-50м-ийн зайд, 38 буюу 7 хувь нь автобусны зогсоолоос 60-100м-ийн зайд, 59 буюу 11 хувь нь автобусны зогсоолоос 110-600м-ийн зайд байрладаг. “U money” цахим карт цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна банк, интернэт, АТМ-ээр цэнэглэх боломжтой картуудыг гаргах чиглэлээр ажиллаж байна гэж “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагууд энэ үеэр Хотын Захирагчид мэдээллээ

Хотын Захирагч “T-money” компанийн ерөнхийлөгчийг байлцуулан “U-money” цахим төлбөрийн системийг боловсронгуй болгох асуудлыг судалж ажиллав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыг байлцуулан нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, “U-money” цахим төлбөрийн системийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход цаашид юуг анхаарч ажиллах шаардлагатайг нөхцөл байдал дээр нь очин судалж ажиллалаа.

“Улаанбаатар смарт карт” ХХК нь “Удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем” төслийг хэрэгжүүлэх мастер гэрээгээр нийт 500 байршилд цэнэглэх цэг байгуулах үүрэг хүлээсэн хэдий ч иргэдийн зорчих эрэлт, хүндрэл багатай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор цэнэглэх цэгийн тоог нэмэгдүүлэн ажилладаг. Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойшхи хугацаанд буюу 2016 онд цэнэглэх цэгийн тоо 399, 2017 онд 492, 2018 онд 538 байсан бол өнөөдрийн байдлаар 539 цэг ажиллаж байгаа аж. Гэсэн хэдий ч карт борлуулах цэг автобусны буудал бүрт байдаггүй, хүртээмжгүй байдлаас болж иргэд бэлэн мөнгөөр зорчдог, өглөө эрт цагтаа онгойдоггүй, зарим тохиолдолд хаалттай байдаг гэх зэрэг олон шалтгаанаас болж иргэдэд хүндрэл бэрхшээл учирдаг. Энэ асуудалтай холбоотойгоор Хотын Захирагч С.Амарсайхан “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн хамт нийтийн тээврээр зорчиж, иргэдээс “U-money” цахим төлбөрийн картыг хэрэглэхэд тулгамдаж буй ямар асуудал байгааг сонсож, цаашид үйлчилгээгээ илүү хүртээмжтэй, хүндрэлгүй хүргэхэд ямар арга хэмжээ авч ажиллах талаар ярилцсан юм. “T-money” компанийн ерөнхийлөгч Ким Тэ Гыгийн зүгээс “U-money” цахим картаар үйлчлүүлэхэд иргэдэд тулгамдаж буй асуудлыг нөхцөл байдал дээр нь харж, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарч ажиллан, картны цэнэглэх, борлуулах цэгийг нэмэгдүүлж, үйлчилгээгээ улам сайжруулж ажиллах шаардлагатай гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн удирдлагуудад онцгойлон анхааруулж, үүрэг болголоо.

Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг  туршилтаар явуулж эхэллээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр сургуулийн автобусуудын хүүхдийн аюулгүй байдлыг болон чанар стандартын шаардлага хангасан эсэхийг шалгалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хамгийн түрүүнд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа юм. Нийт 33 чиглэлд 29 сургуулийн бага ангийн бүх хүүхдийг тээвэрлэнэ. Энэ бол эхлэл нь. Цаашид тоог нь нэмэх талаар анхаарч ажиллана. Эцэг эхчүүдийн ажлыг хөнгөлнө. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулна. Энэ мэт олон давуу талыг бий болгох юм.Автобусны зардлыг Хотын захиргаанаас гаргаж байгаа. Автобус өглөө 7:00 цаг гэхэд зогсоолдоо очсон байна. Автобус дотор нийгмийн ажилтан явна. Гараас гарт гэдэг зарчмаар ажиллана. Хамгийн том дэвшил нь баар кодоо хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянах боломжтой болж байгаа юм. Хүүхэд нь хаана буусан, хаанаас суусан, автобусанд байна уу үгүй юу гэх мэт бүх мэдээллийг хянах боломжтой. Бид эхлэл болгож 3000-аад хүүхдэд үйлчилж байна. Цаашид нарийвчлан судлаад, 2020 оны эхээр бүрэн хэмжээгээр хүүхдэд хүрч ажиллахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа. Сургуулийн автобус нь сурагчдыг өглөө, өдөр, орой хичээл эхлэх болон тарах цагуудад үйлчлэх бөгөөд дээрх автобусуудыг хаягжуулан, хяналтын төхөөрөмж суурилуулж, техникийн аюулгүй байдлыг хангуулах зэрэг ажлыг хийжээ.

Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна. Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл түгжрэлийг сааруулахад гурван чиглэлийн замыг богино хугацаанд нээж  ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр иргэдэд хандан “Та бүхний гаргасан гомдол саналыг нийслэлээс богино хугацаанд шийдвэрлэхээр болж байна. Харин одоо иргэд оршин суугчид та бүхэн амьдарч буй орчныхоо гаднах талбайг тохижуулж, ногоон байгууламж бүхий стандартад нийцсэн орчинтой болгоорой. Иргэд ч мөн эрхээ эдлэхийн дээр үүргээ ухамсарлан өөрсдийн ая тухтай орчныг бүрдүүлэх ёстой шүү” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх