Олон улсын даатгалын зохицуулагчдын холбоо (International Association of Insurance Supervisors)-ны 26 дахь чуулга уулзалт “Дижитал эрин дэх хяналт” сэдвийн дор Арабын Эмират улсын Абу Даби хотноо 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд болж байна. Сүүлийн жилүүдэд технологийн дэвшил нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой суваг болж байгаа бөгөөд зах зээлийн үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж даатгалын зах зээлийн хөгжлийг тодорхойлж эхэллээ.
Холбооны 2019 оны ээлжит жилийн хурал нь Удирдах зөвлөлийн дугуй ширээний уулзалт болон нэгдсэн хуралдаан гэсэн хүрээнд явагдаж байгаа бөгөөд даатгуулагчдын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, бизнес загвар болон даатгалын бүтээгдэхүүнийг түгээх сувгийг шинэчлэх, мөн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, шинэ зорилтыг тодорхойлох зэрэг бодлогын сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Монгол Улс тус холбоонд 2002 онд элссэн жинхэнэ гишүүн бөгөөд уг гишүүнчлэлийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэн, Холбооны нэгдсэн зохицуулалт, зөвлөмжийг удирдлага болгон авахын зэрэгцээ дэлхийн 140 орчим орны 200 гаруй зохицуулагч байгууллагатай даатгалын зах зээлийн хөгжил, хяналт, зохицуулалтын сорилт, туршлага, шинэ санаачилга, ололт амжилтаа хуваалцаж, хамтран ажиллаж байна.