Найдвартай зээлдэгчдийг шалгарууллаа

2019 оны 11-р сарын 14 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0093

ЖДҮХСангаас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт 2009-2019 оны хооронд Улсын төсөв болон Засгийн газрын бонд, Хөгжлийн банкны бондын эх үүсвэрээс 688.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр, зээлийн эргэн төлөлтийн орлогоос 288.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, Арилжааны банкаар болон Сангаас шууд зээл олгох замаар 8,214 төсөлд нийтдээ 977.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. Арилжааны банк- 7,354 төсөлд 724.5 тэрбум төгрөг буюу нийт олгосон зээлийн 74.2%-ийг, Сангаас шууд 876 төсөлд 252.5 тэрбум төгрөг буюу нийт олгосон зээлийн 25.8% ийг тус тус санхүүжүүлсэн байна.

Эдгээрээс зээлийн графикийн хугацаа зөрчөөгүй, зээлийн төлбөр нь хугацаандаа төлөгдөж, төслөө амжилттай хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжийг найдвартай зээлдэгчээр шалгарууллаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Та бүхэн маань зээлийн дэмжлэг авч, түүнийгээ тодорхой ажил болгож гэрээгээр хүлээсэн үүргээ үлгэр жишээ сайн биелүүлжээ. Үйлдвэрлэлээ эрчимжүүлж, ажлын байр нэмэгдүүлж, бизнесээ өргөжүүлэхдээ ЖДҮХСангаас авсан урт хугацаатай хөнгөлөлттэй зээлээ зориулалтынх нь дагуу, санхүүгийн сахилга баттайгаар зарцуулж үр дүнд хүрч байгаа та бүхэнд салбарын сайдын хувьд талархал илэрхийлэхийг хүссэн юм. ЖДҮХСангаас олгогдох зээл бүхэн та бүгдийн жишгээр аж ахуй нэгж, үйлдвэрлэгчдэд бодит дэмжлэг, бизнес нь шат ахих боломж байх болтугай гэв.

ЖДҮХСангийн захирал Б.Батцэцэг, Сүүлийн гурван жилийн байдлаар зээл төлөх хугацаагаа нэг ч хожимдуулаагүй, төслийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж ахуй нэгжүүдээ урамшуулах зорилгоор ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар Найдвартай зээлдэгчдиддээ талархал илэрхийлж өргөмжлөл гардууллаа. ХХААХҮЯ,ЖДҮХСангаас Жижиг дунд үйлдвэрлэгчиддээ зөвхөн санхүүгийн бус бусад дэмжлэгийг үзүүлэх бодлогыг барьж ажиллаж байна. Энэ хүрээнд бид бизнесийн үйл ажиллагааг нь сурталчлах, зөвлөгөө мэдээллээр хангах, сургалт явуулах, олон улсад бараа бүтээгдэхүүнээ экспортлоход нь зөвлөн туслах олон олон үйл ажиллагааг явуулж байна гэлээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сав, баглаа боодлын үйлдвэр Монпактрейд ХХК

Тус аж ахуйн нэгж нь Сав, баглаа боодол үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд улмаар сав баглаа боодлын үйлдвэрлэлд халуун бүтээгдэхүүн савлах шинэ технологийг нэвтрүүлж үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Халуун жүүсний савлагааны зориулалттай зузаан цаасан амсартай сав үйлдвэрлэх” зориулалтаар зээл авчээ. Төслийг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлт, борлуулалтын хэмжээ өмнөх жилүүдийнхээс 8-12% өссөн байна.

УБ хотод үйл ажиллагаа явуулдаг бэлэг дурсгал, гоёл чимэглэл, арьсан эдлэлийн үйлдвэр Талст урлан ХХК

Тус аж ахуйн нэгж нь Бэлэг дурсгал, мөнгөн эдлэл, арьсан эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмж авах, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан.Төслийн санхүүжилтийг 10 гаруй нэр төрлийн тоног, төхөөрөмж дагалдах хэрэгсэл болон эргэлтийн хөрөнгөнд зарцуулсан байна. Үүний үр дүнд 2019 оны 3 улирлын байдлаар борлуулалтын орлого нь 2 дахин өсчээ.

Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг Талх, нарийн боовны үйлдвэр болох Тэргүүний малчин ХХК

Тус аж ахуйн нэгж нь 2012 оноос Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх, үйлдвэрийн байраа томруулах зорилгоор 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эрүүл хүнс, эрүүл монгол хүн” төслөөр зээлийн дэмжлэгт хамрагдсан. Өнөөдөр өдөрт 1200-1300 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Цэвэр усны үйлдвэр болох Блүголд ХХК

Тус компани 2011 онд технологийн дэвшилтэт хэв маяг бүхий хагас автомат үйлдвэрийг ашиглалтанд оруулан үйл ажиллагаа явуулж байгаад улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн үйлдвэрээ бүрэн автоматжуулах, тоног төхөөрөмжийг шинэчлэн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Тэрэлж усны үйлдвэрийг өргөтгөх” зориулалтаар зээл авсан. Үйлдвэрлэлийнхээ гарцыг 2 дахин нэмэгдүүлснээр тус компани нь сард 15000-18000 ширхэг ус үйлдвэрлэн борлуулдаг байсан бол 30000-35000 ширхэг ус үйлдвэрлэх болжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын үйлдвэр болох Эсу ХХК

Тус компани нь 2013 оноос хөөсөн полистрол хавтанг үйлдвэрлэж эхэлсэн байна.Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Чулуун өнгөлгөөтэй дулаалгын гадна фасадны үйлдвэр байгуулах” зориулалтаар зээл авсан.Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж бараа материалын төрлийг нэмснээр зах зээлд өрсөлдөхүйц анартай өнгө үзэмжтэй бараа материал шинээр бий болгож сард 300м2 хавтан үйлдвэрлэх болсон байна.

Төв аймгийн Эрдэнэ суманд үйл ажиллагаа явуулдаг Ти Эс Ти Косметикс ХХК

Тус аж ахуйн нэгж нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эмийн ургамлын мод тарих” төслөөр зээлийн дэмжлэгт хамрагдсан. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан санхүүжилтийг100 хувь ургамлын тариалангийн газар, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулсан байна.

Дундговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг Тэббэ ХХК

Тус аж ахуйн нэгж нь 2002 онд байгуулагдан Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэр ахуйн бүх тавилга болон албан тасалгааны модон тавилгыг захиалгаар хийж байсан.Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 2013 оноос эхлэн айраг, хоормог, ус хийдэг том хувин, мал саадаг саалийн хувин, айраг хоормогны сөнгийн хувин, бүрхээр, дээж өргөдөг жижиг хувин гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр туршилт хийж бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх зорилгоор 2018 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эко модон сав үйлдвэрлэл” төслөөр зээлийн дэмжлэгт хамрагдсан байна.Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо 2017 оноос 2-3 дахин өссөн бөгөөд бүтээгдэхүүний төрлөө олшруулсан байна.Борлуулалтаа сайжруулах зорилгоор Дундговь, Баянхонгор, Өмнөговь, Улаанбаатар хотод борлуулалтын цэг нээжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх