Тэмүүлэн нутагтаа ирээд нэлээн хэд хонов. Ээжийнх нь бие өдөр ирэх тусам сайжирч байгаа болохоор сэтгэл санаа тайван амгалан байлаа. Үр хүүхдүүдтэйгээ хамт байж, удаан уулзаагүй ахан дүүс, найз нөхөдтэйгөө уулзан учрах нь түүнд жаргал байв.
Тэмүүлэн охидтойгоо хамт байх нь сайхан байгаа ч эхнэртэйгээ нэг л дасаж өгөхгүй, гэрэвшээд байгаа юм уу, эсвэл тэгтлээ догдлон хөөрөхөө болчихсон уу, учрыг нь сайн олж чадахгүй сууна. Гурван сайхан хүүхдийн эцэг эх болсон тэдэнд хэнээс ч дутахгүй хайрлан, дурлалцаж явсан цагууд зөндөө байсан.
Гэтэл өнөөдөр нэг л дотно биш, хүнийрхүү байгаадаа Тэмүүлэн өөрөө л буруутай юм шиг санагдаж үе үе сэтгэл нь эмзэглэж байлаа. “Бие холдвол сэтгэл холддог “ гэдэг юутай үнэн үг вэ, олон жил тусдаа амьдарч, эхнэр нь өөр хүнтэй хэсэг хугацаанд ч гэсэн хамтдаа байсан болохоор түүнд гомдсондоо, эсвэл сэтгэл нь тэгтлээ хөрчихсөн үү, юутай ч урьд өмнөх шигээ хайрлан энхрийлж чадахгүй байгаагаа анзаарч байв.
Харин Жаргалын хувьд бол тийм биш. Тэмүүлэнд хамаг бүхнээ зориулж, үр хүүхдүүдтэйгээ, хань нөхөртэйгөө элэг бүтэн амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байв. Тиймдээ ч түүнд аль болох дуртай хоолыг нь хийж өгч, байгаа чадлаараа халамжлан энхрийлж, хамтдаа байсан жаргалтай үеүдээ дурсан санаж, гээгдсэн цаг хугацааг эргүүлэн авахын төлөө байдгаараа хичээж байсан юм.
Өнөөдөр амралтын өдөр учраас хүүхдүүд нь, Жаргал гээд бүгд гэртээ байлаа. Нимгэн гэрэлтэх цэнхэр даашинз дээр, цагаан цайвар хормогч зүүн, үсээ сулхан боож хажуу тийшээ тавьсан эхнэрээ хоол бэлдэх зуур Тэмүүлэн ажиглан харж суув.
Үе үе гэрэлтэх нүдний харц, тунгалаг цайвар царайндаа инээмсэглэл тодруулан байж охидоо тойруулан ширээ засаж зогсоо эхнэр нь их л аз жаргалтай байгаа харагдана.
“Би хэдий болтол хүний нутагт “үргэсэн зээр” шиг амьдрах вэ дээ, одоо эд нартаа хань болж, үр хүүхдүүдийнхээ амьдралын зүг чигийг зааж өгсөн шигээ, аавын нөмөр нөөлгөтэй амьдрах минь. Хийнэ гэж бодож байсан бүхнээ хангалттай хийсэн. Ээжтэйгээ ч гэсэн ойрхон байж, хажууд нь харж хандаж байя даа.
Хэд наслана гэж тэр холоос сэтгэлийг нь чилээж суух билээ. Ер нь одоо Америк руу буцаад явах хэрэг байна уу, харин гурван охинтой надад тэнгэрээс илгээсэн бэлэг гэлтэй хөөрхөн хүүтэй болсон. Халиунаад хэлж байгаад санаснаар болдог бол, тэндээс түүнийг иртэл нь Учиралыг өөр дээрээ өсгөж байх юмсан.
Одоо би дахиж хүүхэдтэй болох ч юм уу, боллоо гэхэд хүү гарах ч юм уу, үгүй ч юм уу. Учиралдаа тэгээд ч дэндүү дассан байна, Хөөрхөн хүү шүү…. Харин эд нартаа энэ тухай ямаршуухан байдлаар тайлбарладаг юм билээ. Намайг ойлгох болов уу, яадаг бол,… Жаргал ч ер нь миний л хүүхэд байх, тэндээ нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаад , ирэхдээ хүүхдээ аваад ирж дээ гэж бодоод байх шиг байна лээ. Уг нь Учирал маань хамтдаа байвал хэдэн охидод минь алсдаа эрэгтэй хүүхэд юм чинь ханьтай, хэрэгтэй л байх даа” гэж элдвийг бодон сууна. Энэ үед том охин Анар нь
-Ааваа, хамтдаа ширээнд суугаарай, хоол бэлэн болчихлоо гэх дуунаар Тэмүүлэн сая бодлоосоо салж ширээнд ирж суулаа.
Ширээ дүүрэн амттан,… Тэмүүлэн Жаргал хоёр зэрэгцэж суугаад охидтойгоо хамт хооллож, элдвийг ярилцан, инээлдэн хөгжилдөж байлаа. Тэдний хэн хэн нь ингэж суугаагүй их удсан болохоор бүгд л аз жаргалтай байв.
Угийн нүүрэмгий зантай бага охин нь ,
-Ааваа …., бид нар дандаа ингээд хамтдаа байна, тийм ээ.,.. та одоо буцаж явахгүй биз дээ гэхэд, бүгд л энэ асуултын хариуг түүнээс хүлээх мэт Тэмүүлэн рүү зэрэг харцгаав. Тэдний харц битгий дахиж яваарай гэх мэт гуйсан, тушаасан өнгөтэй байгааг Тэмүүлэн анзаарч амжив. Тэрээр хүүхдүүддээ хандан,
-Аав нь одоо буцаж явахгүй ээ, та нартайгаа дандаа хамт байна, …гэхэд энэ хариулт тэдэнд таалагдсан бололтой, охидынх нь дуу улам чангарч баяр жаргалтайгаар аав ээжтэйгээ хамт ингээд суух нь хэчнээн сайхан байгаа талаар, мөн түүнийг эзгүйд хэрхэн амьдарч байсан тухайгаа ам өрсөн хуучилж байв.
Жаргал Тэмүүлэнгээс “дүү нар дээрээ түр орхиод ирсэн тэр хүү, чухам ямар учиртай болох талаар асуух гэснээ, хүүхдүүдээсээ санаа нь зовоод асууж чадахгүй суув”. Түүнийг ингэж асуух гээд асууж чадахгүй байгааг анзаарсан мэт дунд охин Болор нь ааваасаа,…
-Ааваа, таны дагуулж ирсэн тэр хүүхэд одоо хүртэл эмээгийнд байгаа. Хэний хүүхэд юм бэ, та яагаад гэрт нь хүргэж өгөхгүй байгаа юм гэж асуухад,
Тэмүүлэн, Жаргал хоёрын “загатнасан газар нь маажив” гэгчээр яг ярих гээд ярьж чадахгүй байсан сэдвийг хөндсөнд хэн хэн нь баярлан, асуултыг “шүүрэн” авч Тэмүүлэн,
-Аав нь тэр хүүхдийг өргөж авах санаатай байгаа юм аа, нэрийг нь Учирал гэдэг. Та нар танилцсан шүү дээ. Ээж нь их хол амьдардаг, аав нь бас өөр газар байгаа. Тийм болохоор бүүр багаас нь аав нь өрөвдөн хайрлаж, өөр дээрээ байлгаж байсан юм. Одоо харин та нартайгаа хамт өсгөн, том болтол нь хамтдаа байя гэж бодож байгаа. Та нар зөвшөөрөх үү хэмээн охидоосоо асуугаад, энэ асуулт чамд минь ч гэсэн хамаатай шүү гэсэн өнгөөр Жаргал руу харахад, тэрээр дотроо жаахан дургүй байсан ч ,” хэрвээ өөрийнхөн хүүхэд мөн байвал, би хичээн дургүй байлаа гээд яах билээ дээ. Нялх үрийг тэр холоос тэврээд ирсэн байхад, тэгээд ч буцаад ээжид нь аваачиж өг гэвэл дахиж Америк руугаа яваад алга болчих биз, нэгтээ ирсэн дээр нь аятайхан байж байгаад, одоо цаашдаа хамтдаа байсан дээр биз дээ.
Магадгүй над шиг өөр хүнтэй амьдарч байгаад, хүүхэдтэй болсон бол эдэндээ ингэж л тайлбарлахаас өөр яах билээ дээ. Ямар аав нь өөр эмэгтэйтэй сууж амьдарч байгаад хүүхэдтэй болчихлоо, тэгээд та нартаа аваад ирлээ, гэлтэй нь биш ” гэж бодох зуураа охиддоо хандан,
-Хөөрхөн хүү байна лээ, аав ээж нь үнэхээр байхгүй байгаа бол бидэнтэй хамт байхад яагаад болохгүй гэж , та нар дүүтэй болъё гээд байдаг шүү дээ, харин сайхан юм биш гэж үү гэж инээмсэглэн хэлснээ, Тэмүүлэн лүү нэг л ёжтой дурамжхан өнгөөр харснаа чимээгүй боллоо.
Жаргал хэдийгээр хүүхдүүдээ “хөөрхөн дүүтэй болох нь сайхан шүү дээ” гэж хэлж байгаа ч цаана дургүйг байгааг түүн лүү цоргитол харсан харцных нь ширүүхнээр Тэмүүлэн анзаарч амжив. Аргагүй биз дээ, хүний нутагт олон жил болчихоод, хэн нь мэдэгдэхгүй нэг хүүхэд тэвэрч ирээд, учир битүүлэг юм ярьж, өргөж авна энэ тэр гээд өөрийнхөөрөө зүтгээд байхад, ямар хүний эхнэр дуртай байх билээ. Охид нь тэр хүүтэй нь дасаж чадаа ч билүү, үгүй ч билүү. Учиралыг Тэмүүлэн өөрийн хүүхэд шигээ хайрлаж чадсан ч, Жаргал тэгж чадахгүй нь ойлгомжтой байв.
Жаргал бол айлын ганц охин. Бага байхаас нь ээж аав нь сургууль соёл, хот хөдөөгүй томилолт гээд олон сар жилээр явчихдаг байсан болохоор хүүхэд байхаасаа эмээ өвөө дээрээ өсжээ. Оюутан болоод Тэмүүлэнтэй учирч гэр бүл болон хамтдаа амьдарсан ч хэдэн жилийн дараа амьдрал ахуйгаа дээшлүүлэнэ гээд Тэмүүлэн гадагшаа явсан болохоор олон нялх хүүхдүүдтэйгээ ганцаар үлджээ.
Тэмүүлэнгийн ээж ойрхон байсан тулдаа хоёр том охиноо өсгөхөд нь чадах чинээгээрээ тус болж байсан аж. Жаргал бага байхаасаа ээж ааваасаа хол байсан төдийгүй, нас биед хүрээд хүнтэй сууж амьдрал зохиосон ч хань ижилтэйгээ хүссэнээрээ хамт байж чадахгүй яваа болохоор их дотогшоо бодолтой ганцаардмал нэгэн болж төлөвшжээ. Бодол санаагаа бусадтай хуваалцах дургүй, нээлттэй биш зан нь өөрт төдийгүй бусад хүмүүст ч төвөгтэй байдаг байв.
Тиймдээ ч бусдын хүүхдийг Тэмүүлэн шиг хайрлана гэдэг түүний хувьд байж боломгүй зүйл мэт санагдаж байв. Зөвхөн нөхрөө алдахгүй, дахиж Америк явуулахгүй байхын тулд л өнгөн дээрээ зөвшөөрсөн дүр эсгэж байсан нь түүнд дээр байлаа.
Анар, Болор, Номин гурав хоол ундаа идэцгээгээд, аяга тавгаа хурааж, тус тусын өрөөндөө орон хичээл ном, сонирхдог зүйлсээ хийхээр босоцгоов. Харин Тэмүүлэн ээжийгээ эргэж очингоо, Учиралыг авахаар шийдэн хувцасаа өмсөн гаргахад бэлтгэлээ. Жаргалыг хамт явах уу, гэж асуусан боловч тэрээр амралтын өдөр гэртээ хийх зүйл нэлээдгүй байгаа болохоор Тэмүүлэнг ганцааранг нь явчихаад ир гэв. Тэмүүлэн дүү нар дээрээ очингоо бас Халиунаатай ярих бодолтой байсан болохоор Жаргалыг хамт явъя гэж хэлээгүйд олзуурхан гэрээс ганцаар гарч явлаа.
Эмнэлэг дээр ээжтэйгээ ирж уулзвал, бие нь өмнөхөөсөө илүү сайжирч гайгүй болсон харагдаж байлаа. Эмч нар ч хэд хоногоос эмнэлгээс гарахыг нь зөвшөөрч байгаа гэнэ. Ээждээ, …”одоо буцаж явахгүй эндээ үлдэхээр болсноо дуулгахад”, тэрээр үнэхээр баяртай байсан бөгөөд хүүгээ ирснээс хойш л бие нь эрс сайжирсан тухайгаа түүнд хэлж, духан дээр нь үнэрлэн эгээ л жаахан хүүхэд эрхлүүлж байгаа юм шиг түүнийг хайрлан байв .
Ээжийгээ ийм жаргалтай, тэгээд өвчин зовуурьгүй сэтгэл тайван байгааг харах Тэмүүлэнд үнэхээр сайхан байв. Тэрээр дахин нэг ээждээ үнсүүлээд, дүү нар дээрээ оччихоод харья даа гэсээр тэндээс гарлаа.
Тэмүүлэнг ээжийнхээ гэрт ирэхэд Учиралыг Тэмүүлэнгийн хамгийн бага дүү болох Эмүүжин харж байв. Олон тоглоомууд дунд яг л өөрийнхөө гэрт байгаа юм шиг тухтай нь аргагүй тоглож суугаа Учиралыг хараад Тэмүүлэнгийн сэтгэл бага ч гэсэн амарлаа. Дүү нар нь түүнийг сайн л харж байгаа юм байна.
Тэмүүлэн тэдэнтэйгээ ойр зуурыг зүйл ярилцан цай уугаад, Учиралыг өвөр дээрээ авч эрхлүүлэн өхөөрдөнө. Учирал ч түүнийг нэлээдгүй санасан бололтой энгэрт нь наалдан, хүзүүгээр нь тэвэрч эрхлэн тоглож байв. Хэсэг байсны дараа Учирал ядарсан бололтой унтаад өгөв. Тэмүүлэн түүнийг орон дээр хэвтүүлээд ээжтэй нь ярихаар утсаар залгалаа.
Халиунаа түүний залгахыг тэсэн ядан хүлээж байсан болохоор Тэмүүлэнг залгасанд үнэхээр баяртай байв. Тэмүүлэн
-Байна уу, за чи минь сайн уу, бие нь сайн биз дээ гэхэд, Халиунаа,
-Би сайн байгаа, харин миний хүү яаж байна, зүгээр дажгүй байгаа юу, гэж их л санаа зовсон өнгөөр хамгийн түрүүнд асуухад, Тэмүүлэн
-Учирал сайн байгаа, миний хажууд унтаж байна, чи санаа зоволтгүй ээ, би өөр дээрээ байлгаж байна, бид хоёр угаасаа л гайгүй дажгүй сайн байдаг шүү дээ гэхэд, Халиунаа,
-За ашгүй дээ, би бүүр санаа зовоод нойр ч хүрэхгүй байсан юм. Дүүдээ хэлсэн хэд хоногоос очоод Учиралыг авах байхаа, харин хөдөө аав ээж дээр байлгах уу, яасан нь дээр вэ гэж бодож л байна. Булгантай хамт байлгая гэхээр (Булган Халиунаагийн дүү) ажилтай, тэгээд өөрөө айлын хажуу өрөөнд амьдарч байгаа болохоор хэцүү байх болов уу гэж санаа зовоод байна гэхэд, Тэмүүлэн
-Надтай хамт байж л байг л дээ, би өөрийнхөө хүү шиг л байдаг, чи мэднэ, цаашдаа ч өөрийнхөө хүүг гэж бодож, өсгөж явмаар байна хэмээн өөрийн мэдэлгүй бодож санаснаа шулуухан хэлж орхилоо,… Үүнийг нь сонссон Халиунаа ашгүй хүүг нь аваад удахгүй ирэх нь дээ гэж баярлан бодож,
-Үнэнээсээ хэлж байна уу, хүүг минь эцэг шиг нь хайрлаж явааг чинь би мэднэ ээ, чамдаа үнэхээр их баярлаж байна. Бас намайгаа уучлаарай,… Тэгвэл та хоёр хурдан хүрээд ир, гурвуулаа хамтдаа сайхан амьдаръя, би та хоёрыгоо маш их санаж байна хэмээн догдолж, хөөрсөн өнгөөр хэлэхэд нь, Тэмүүлэн сая л түүнд юу ойлгуулснаа анзаарч,
-Үгүй дээ, чи намайг уучлаарай Халиунаа минь, би одоо нэг хэсэгтээ очиж чадахгүй. Энд хүүхдүүдтэйгээ хамт, бас ээжтэйгээ ойр байхаар шийдсэн. Чи минь тэр Жэмтэйгээ таарч тохирохгүй хэцүү байгаа бол манай гэрт байж болно шүү, тэр гэр, одоо чиний гэр болсон. Байрны эзэнд түлхүүр байгаа, уулзаад аваарай,…ер нь айлаар байж байхаар тэндээ байсан нь дээр байх.
Миний юмыг тэгсхийгээд нэг завандаа газрын ачаа, илгээмж дуудаад явуулчихвал сайн байна. За энэ талаар дараа ярьж болно биз дээ. Биеэ бодоод ажлаа тайван хийж бай даа. Болохгүй бол хүрээд ирээрэй. Учиралыг чам руу явуулж болох ч, чи ажлынхаа хажуугаар хүний нутагт хүүгээ өсгөнө гэдэг хэцүү шүү дээ. Хөдөө ээж аав дээрээ өгөхгүй хотод байлгамаар байна гэвэл би хүүг чинь өсгөөд, аятайхан цэцэрлэг, чанартай сургуульд оруулж, сайн хүн болгон өсгөж өгч чадна шүү. Өнөөдөр өөрийнхөө охидод ч дүү шигээ хайрлаарай гээд хэлчихсэн. Тэд хүүд чинь их сайн байгаа. Цэлмэгт харин Учиралыг энд ирсэн гэж хэлээгүй, чи өөрөө хэлэхгүй бол би хэлэхгүй ээ, тэр чинь гэр бүлтэй хүн, бас гэр бүлийнхэн нь энэ талаар мэдэхгүй байгаа. Гэхдээ энэ асуудлыг чи өөрөө л шийднэ биз дээ. Би чамд одоо хүртэл хайртай хэвээрээ байгаа. Хэрвээ чи Жэмийг сонгоогүй бол бид сайхан амьдрах боломж байсан, чи өөрөө мэдэж байгаа шүү дээ. Одоо би яах билээ дээ. Чамд дэндүү хайртай, хайрлаж явдаг шигээ, хүүд чинь бас тийм их хайртай шүү, надад итгээрэй гээд хоолой нь зангирахад, энэ бүгдийг сонссон Халиунаа ч бас утасны цаана чимээгүйхэн мэгшин уйлж суулаа.
Бүх зүйл өнгөрсний дараа ойлгон ухаардаг нь хяслантай, ….Хамгийн чухал хүнээ, үнэ цэнэтэй амьдралаа, хайртай хүнээ холын холд өөрийнхөө буруугаас болж алдсанаа Халиунаа ойлгон ухаарч дахин дахин харамсан гуниглаж байлаа. Бас яах учраа олохгүй, дэмий л Тэмүүлэнг цааш юу ярихыг хүлээн чагнан горьдож суув.
Тэмүүлэнд ч цааш ярих зүйл олдсонгүй бүгдийг нэг амьсгаагаар хэлж орхисон тэрээр зөв буруу үйл хийснээ ч ойлгох сөхөөгүй зөвхөн Халиунаагаа, хайртай эмэгтэйгээ гомдоож байгаадаа л харамсаж байв. Тэглээ гээд нэгэнт оройтсон. Одоо нутагтаа үлдэхээр эргэлт буцалтгүй шийдсэн болохоор Халиунааг зөвшөөрвөл хүүг нь өөр дээрээ авч өсгөхийг л чин сэтгэлээсээ хүсэж, дотроо залбиран гуйж байлаа. Цаг хугацаа өнгөрч, учрах ёстой бол Халиунаа тэр хоёрт эргэн уулзах мөч хэзээ нэг өдөр ирэх биз, хэрвээ ирэхгүй бол хувь тавилангийн зөргөөс хэн ч гажиж чадахгүй шүү дээ.
Тэмүүлэн ийнхүү бодоод “Маргаашаас эргээд холбогдоё, биеэ бодож байгаарай, бас хүүдээ битгий санаа зовоорой, өөртөө цаг зав гаргаж, сэтгэл санаагаа тайван байлган ажлаа сайн хийгээрэй” гэж хэлээд утсаа салгалаа. Халиунаагийн хувьд Тэмүүлэнд хэлж ярих зүйл зөндөө их байсан ч тэрээр энэ удаа хэлж чадсангүй. Зөвхөн хүүгээ сайн байгааг мэдэж авсандаа жаахан тайвширч, Тэмүүлэнг эргэж ирэхгүй болсныг дуулаад олон хоног мөрөөдөн бодож явсан хүсэл тэмүүлэл нь талаар болсонд харамсан халаглаж суув.
Харин Цэлмэгийн гэр бүлд юу болсон талаар дурдвал…..
Цэлмэг Сарнай хоёрын ер бусын романтик оройг хэн ч бусниулж чадаагүй юм. Тэр шөнө тэр хоёр хамгийн аз жаргалтай хосууд болохоо мэдэрсэн, их урт бас их саруулхан шөнө болж өнгөрсөн байв. Тэднийг хэсэгхэн зуур сандаргаад амжсан утасны дуудлага бол Сарнайн ээжийнх байсан юм. Охин нь өглөө эрт хуралтай гэж ярьж байсан мөртлөө, нөхрөө хараад гэр лүүгээ яарсандаа ч тэр үү, чухал бичиг баримтаа аавынхаа гэрт орхичихсон байв.
Ээж нь Сарнайг өглөө эрт хуралд явахдаа бичиг баримт нь байхгүй байгааг мэдээд сандаргахгүй гэсэндээ, тэр орой болсон хойно залгасан байжээ. Харин Сарнай “Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр” нөхрийгөө өөрөөс нь түрүүлээд утсыг нь авахад Болд- Эрдэнийг залгасан байж магадгүй хэмээн сандарсан нь тэр байв. Азаар түүнийг ингэж сандарч тэвдсэнийг Цэлмэг ажиглаагүй байна. Тэрээр нөхөртэйгөө аз жаргалтай үдсэн тэр шөнөөс хойш Болд-Эрдэнэ нэрээр хадгалсан утасны дугаарыг устгаж, түүнийг залгахад нь утсаа авахаа болин түүнтэй холбоогоо бүр мөсөн таслахаар шийджээ.
Ухаантай, сайн ханиа хуурч мэхлэх нь түүний хувьд утгагүй дэмий зүйл санагдсан тул дахиж Болд-Эрдэнэтэй яриагүй байна.. Цэлмэгийн ажил төрөл нь дахин урагштай байгаад нөхрөөрөө бахархан, өөрийнх нь ч сувиллын газар улам өргөжин тэлж амжилт бүтээл арвинтай, сэтгэл санаа өөдрөг өдөр бүрийг сайхнаар угтаж байлаа.
Цэлмэгийн компани улам өргөжин тэлж, дахин хүчээ авч эхлэв. Түүний түгээсэн ус цэвэршүүлэх төхөөрөмж хөдөөгийн олон мянган иргэдийг ундны цэвэр усаар хангаж чадсан тул энэ жил “Оны шилдэг залуу бүтээлч ажилтнаар” шалгаруулжээ. Нэр хүнд өсөхийн хэрээр хөрөнгө мөнгө, хувийн байр суурь даган дээшлэв.
Мөн найз нөхдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж зарим нэг нь түүнийг ямар нэгэн намын харьяалалд багтаж, улс төр лүү орохыг ч зөвлөж байсан юм.
Сарнай ч мөн ялгаагүй ажил төрлөө сайн хийж, сувиллын газар нь чамгүй нэр хүндтэй болж байлаа. Эмчилгээ оношилгоо чанартай хийгддэг, тохь тухтай, үнийн хувьд бусад газрыг бодвол харьцангуй бага боломжийн гэдгээрээ хүмүүст таалагдаж, хөгшин залуу, эмэгтэйчүүд, хүүхэд бүгд л тэдний сувиллын газрыг зорьдог болж байлаа.
Сэтгэл санаа өөдрөг, тэмүүлэл дүүрэн, эрч хүчтэй, гэр бүл амгалан тайван байхад ажил төрөл нь тэр хэрээр цэцэглэн цэгцэрдэг гэдгийг тэд амьдралынхаа туршлагаас харуулан урагшилж байв.
*******
Харин Тэмүүлэнгийн хувьд Монголдоо ирээд нэлээд хугацааг өнгөрлөө. Тиймээс өөртөө таарсан боломжийн ажил хийхээр төлөвлөж, инженер мэргэжил дээрээ тулгуурлан, өөрийн дүү нар болон хэсэг мэргэжил нэгт нөхдийг цуглуулан барилгын компани байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Хүний нутагт хангалттай ажилласан, одоо Монголынхоо ирээдүйд, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна гэдэг түүний хувьд сайхан санаа, хийх ёстой ажлын нэг байсан юм. Танил тал, найз нөхдөөрөө хөөцөлдөн байж, ирэх оны эхний улиралд барилгын тендерт оролцох эрхээ ч авч амжсан байв. Ажил төрөл нь бүтэмжтэй сайхан байгаа ч амьдрал нь тэгтлээ сэтгэлд нь хүрэхгүй байв.
Магадгүй хайрлаж яваа бүсгүй нь алс хол байгаа болохоор тэр ч байж болох юм. Тэглээ гээд одоо яах билээ. Үр хүүхдүүдийнхээ төлөө болохоос нь, болохгүйг нь хүртэл үзэхээр шийдэн “ханцуй шамлан “ зүтгэж байв.
Халиунаа түүнийг нэг хэсэгтээ хүүтэйгээ хамт байхыг зөвшөөрсөн болохоор тэрээр Учиралыг өөр дээрээ байлган гэртээ авчирч, эхнэр охидтойгоо хамтдаа амьдарч байв. Шинэ ажил эхлүүлэх гэж зүтгэж яваа болохоор өдөр ирэх тусам цаг цаг зав багатай, гэртээ байхаасаа байхгүй нь их байдаг болов. Охид нь Учиралтай дотносож, түүнийг яг л дүү шигээ хайрлан, ижилсэж байгаа нь сайхан байлаа.
Харин Жаргалын хувьд Учиралд нэг л хүйтэн хөндий хандаж байгаа нь Тэмүүлэнд ажиглагддаг байв. Тэглээ гээд Тэмүүлэн Жаргалд хатуу үг хэлж, дургүйцэж чадахгүй байв. Тэгэх эрх ч түүнд байсангүй. Тэмүүлэнг Жаргал бага ч гэсэн ойлгон ухаарч, хаа хамаагүй хүний хүүхдийг гэртээ үр хүүхдүүдтэйгээ хамтдаа өсгөхөд нь ил цагаан дургүйцэж зүтгээгүйд нь битүүхэн дотроо баярлаж явдаг болоод тэр ээ…
Хэрвээ Жаргал “энэ юун хүүхэд юм, …надад хамаагүй, гэр орондоо байлгаж чадахгүй, өөрийн үр хүүхэд байсаар байхад, эцэг эхтэй хүүхдийг заавал бид нар авч өсгөх ямар хэрэгтэй юм бэ“ гэж дургүйцэн өөрийнхөөрөө зөрсөн бол Тэмүүлэн яаж ч чадахгүй байх байлаа.
Гэтэл Жаргал тэгээгүй Тэмүүлэнгийн хүссэнээр хүүг гэртээ охидынхоо хамт юугаар ч дутаахгүй өсгөж байгаа. Тийм л учраас Тэмүүлэн Жаргалыг Учиралд зарим үед ширүүхэн хандахад, “яваандаа, хань минь хүүд дасаж, магадгүй надаас ч илүү хайрлан эрхлүүлэх биз дээ” хэмээн уужимхан бодолтойгоор хүлээн харзнаж байв.
********
Тэднийг ийнхүү амьдарч байхад Халиунаа сэтгэл санаагаар гундуу, хүүгээ санан бэтгэрч байлаа. Хэцүү бүхнийг ардаа орхиод Монгол руугаа буцъя гэхээр ахиад л хүний царай харсан амьдрал угтана. Нэгэнт л энэ газар орныг зориод ирсэн юм чинь хэд гурван төгрөгтэй болж, зорьсон зорилгоо биелүүлээд буцсан нь дээр гэж бодон тэвчээртэйхэн өдөр хоногийг өнгөрөөж байлаа.
Маргааш амралтын өдөр тул тэрээр гэртээ ганцаараа гиюүрч хэвтсэнээс гээд хань бараа татан Анхаагийнд очиж хонохоор тэднийх рүү явав.
Анхаа түүнийг нөхөртэйгөө хамт ширээ засан дайлж цайлан угтаж авлаа. Тэд шөнө дөл хүртэл элдвийг ярилцан хөгжилдсөөр цаг нэлээн орой болсон хойно амарцгаав.
Халиунаа Жэмээс холдож, Тэмүүлэн хүү хоёроо Монгол явснаас хойш сэтгэл нь гундуу, цаанаа л уйтгар гунигтай, ганцаардмал байгааг ажиллаж байсан Анхаа түүнийг нэг удаа ч гэсэн баярлуулан, сэтгэлийг нь сэргээхээр шийдэн маргааш хамтдаа дэлгүүр хэсэж, гадуур зугаалан амралтын өдрөө хамтдаа сайхан өнгөрөөхийг хүсэж санал болголоо. Халиунаа ч түүний энэ саналыг дуртай хүлээж авав.
Бүсгүйчүүд маргааш өглөө нь эртлэн босож, Анхаагийн нөхрийн бэлдсэн цай, хоолыг амтархан идээд гэрээс гарцгаалаа.
Тэд Чикаго хотын төв гудмаар алхалж, орох дуртай дэлгүүрүүдээрээ хэсэж өдрийг зугаатай сайхан өнгөрөөж байв.
Үд дунд нэлээн өнгөрсөн хойно Чикаго таунаар орж хоолонд ороод гарч явтал зэргэлдээх үйлчилгээний төвийн үүдэнд олон хүмүүс цугларсан байхыг хараад тэдэн дээр сонирхон очлоо.
“Америк Ньюс” телевизийн сувгаар сар болгон сугалааны тохирлыг шууд дамжуулдаг Америктаа нэр хүндтэй шоу нэвтрүүлгийн сүүлчийн өдөр тул хүмүүс сугалаагаа авахаар ийнхүү цувран зогссон нь энэ байжээ.
Хүмүүс тэр болгон сугалаа энэ тэр гэж хошуураад байдаггүй ч, энэ сугалааны супер тохирол нь хэдэн зуун сая доллароор хэмжигддэг, тэгээд ч чамгүй олон хүнийг хамардаг, сугалааны зохион байгуулалт үнэн бодитой явагддаг гэдэг утгаараа олон оролцогчдыг байлдан дагуулж чаджээ.
Анхаа бусдыг бодвол аз сорих дуртай, далдын ид шид, ер бусын хүчинд итгэдэг, нэлээд шүтлэгтэй бүсгүй юм. Тиймээс Халиунаад хандан,
-Миний дүү нэг сугалаа авахгүй юм уу, өнөө орой тохирол нь телевизээр явагдана шүү дээ. Хоёулаа ирэх оныхоо азыг үзье л дээ. Би нөхөртөө бас өөртөө нэгийг авлаа “ гэж хэлэнгээ урт цуваа үүсгэн зогсоо хүмүүсийн ард очиж зогслоо.
Халиунаад ямар ч сугалаа авах хүсэл байсангүй. Учир нь тэрээр ийм юманд итгэдэггүй нэгэн байв. Сугалаа бол ”хүмүүсийн тархийг угаасан, мөнгө олох нэг зальтай арга” гэж боддог байв. Тиймдээ ч эргээд санахад амьдралдаа нэг ч удаа сугалаа худалдан авч үзээгүй байв. Тэрээр Анхаад хандан,
-Та өөрөө л авна гэснээрээ ав даа, дүү нь ийм юманд итгэдэггүй хэмээн нэлээн дурамжхан өнгөөр хэлэхэд, Анхаа,
-Өөртөө авахгүй юм бол, ядаж хүүдээ ав аа,.. Хүүхдийн заяа түшдэг гэдэг юм. Тэгээд ч орой нөхөр бид хоёр тохирлоо тааруулах гээд суухад, чи хажууд зүгээр суугаад байснаас сонирхолтой шүү дээ. Хамт тохирол тааруулъя . Миний мэдэхийн маш олон хүнд хэдэн сая доллар таарч байсан. Бидэнд ч бас тийм азтай, одтой өдөр ирэх ч юм билүү. Ядаж нэгийг Учиралд зориулаад ав л даа гэж гуйсан, аргадсан өнгөөр хэлэхэд, Халиунаа түүний урмыг бодон,
-Нээрээ хүүдээ зориулаад нэгийг аваад үздэг ч юм билүү, гэж хэлэнгээ түүний хажууд ирж зогслоо.
Анхаа нөхөртөө, өөртөө нэг нэг сугалаа авч, Халиунаа ч мөн хүүдээ нэг сугалаа авснаар тэд тэндээс явцгаав. Үдшийн хорин хоёр цагт сугалааны тохирол “Америк Ньюс” телевизээр шууд дамжуулагдана.
Бүсгүйчүүд Чикаго таунаас гараад гэр лүүгээ дөхөж явах замдаа нэгэн ресторанд орж хэсэг суув.
Тэд вино уунгаа сэтгэл санаагаа уудлан ярилцаж, жаргал зовлонгоо хуваалцан уйлахдаа уйлж, инээхдээ инээж хэдэн цаг суулаа. Халиунаад ингэж дотроо онгойтол ярих хүнгүй хэсэгтээ хэцүү байсан болохоор Анхаад бодол санааг нь эрчлэн ороож, зүрх сэтгэлийг нь өмрөн урж байсан хэцүү бүгдийг уудлан ярьж сэтгэлээ онгойлгов. Ингэж суух нь түүнд үнэхээр сайхан байлаа.
Орой сугалааны тохирол гарахаас өмнө тэд яаран гэртээ ирцгээв. Халиунаа Анхаагийнд хоноод өглөө тэндээсээ ажилдаа явахаар шийджээ. Анхаагийн нөхөр Энри бол үндсэн гарал нь Испани хүн. Гэвч гэр бүлээрээ Америкт ирж суурьшаад их удаж байгаа аж.
Анхаатай гэр бүл болсноос хойш монгол хоолонд дуртай болж , зарим нэг хоолыг маш сайхан хийж сурчээ. Тэр хоёрыг гэртээ ирэхэд нь Энри хуушуур хайрч, бас төмсний болон шинэ ногооны холимог салад бэлдсэн байв.
Тэд хамтдаа хооллоод сугалааны тохирлоо тааруулахаар тухлан суулаа. Телевизийн хөтлөгч залуу нэлээд олон сугалааны тохирол тааруулсан боловч Энри, Анхаа, Халиунаа гуравт ямар ч хамааралгүй байв. Одоо зөвхөн эцсийн супер гурван сугалааны тохирол тааруулах үлдэж, Халиунаад энэ бүхэн ямар ч сонирхолгүй байв. “Энэ хоёр шал дэмий зүйл сонирхож байх юм “гэж тэрээр бодсоноо өөрийнхөө сугалааг ширээн дээр орхиод жүүс хийж уухаар гал зуухны хэсэг рүү явлаа.
Гэнэт Анхаагийн “6..5..8…5..5….эхний таван тоо нь чинийх таарчихлаа, Халиунаа …хүүе ээ.. Халиунаа” хэмээн сандчин хашхирахад тэрээр гайхан түүн лүү харснаа ойртон ирж, сугалаагаа аван дахин тааруулж харвал, нээрээ ..6..5..8..5..5 , таарчээ.
Дараагийн дөрвөн тоо…9..3..4.4 бас таарчихлаа…БУРХАН МИНЬ ГЭЖ юу болох нь энэ вэ,…тэрээр сугалаанд хожчихлоо…Хөтлөгч залуугийн супер азтан .”.658559344”..гээд тоог давтан хэлээд ЖАРАН САЯ ДОЛЛАР гэж хашхирч байлаа…
Хөтлөгч залуу ,”супер азтан ирэх долоо хоногийн яг энэ цагтаа бичиг баримттайгаа нэвтрүүлгийн студид хүрэлцэн ирэхийг урилаа. Гэвч түүний яриаг анхааран сонсох сэхээ тэр гуравт байсангүй.
Анхаа баярласандаа доороо дэвхцэн, үсэрч, чарлаж байсан бол түүний нөхөр Халиунааг тэврэн авч баяр хүргэж үнсэв. Халиунаа харин учрыг сайн ойлгосонгүй, нэг бол энэ андуурал байх,…. эсвэл өөрөө зүүдлээд байгаа ч юм шиг…түүнд санагдана. …
“Магадгүй түүний зовлон шаналлыг бурхан сонсжээ. Тиймээс түүнд ийм их аз таарлаа. Аз таарах, таарахдаа насан туршийнх нь амьдралыг бүхлээр нь өөрчилж чадах тийм гэнэтийн, ер бусын аз таарчээ.
“ИЙМ ЗҮЙЛ ГЭЖ ҮНЭХЭЭР БАЙДАГ ГЭЖ ҮҮ” ,… гэж тэрээр өөрөө өөртөө шивгэнэн хэлэхэд, хоёр хацрыг даган нулимс урсах бороо мэт сад тавин асгарч байлаа. Гэхдээ энэ удаа гуниг зовлонгийн нулимс бус баяр хөөр дүүрэн, аз жаргалын амт мэдрэгдсэн нулимсан дуслууд бие биеэсээ уралдан цутгаж байсан юм…”ЖАРАН САЯ ДОЛЛАР ШҮҮ ДЭЭ“…хувь заяа хэрхэн эргэх бол….
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….