Орон нутгийн аялал жуулчлалын хөгжилд томоохон түлхэц болохуйц шийдлүүдийг гаргах зорилгоор олон талын оролцоотойгоор зохион байгуулагдаж буй “Говийн аялал-Цогц үйлчилгээ” аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, ЗДТГ-н ХОХБТХ-н дарга Ж.Сүх-Эрдэнэ болон байгаль орчин аялал жуулчлалын салбарын албан хаагчид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж хувь хүмүүс оролцож байна.
ИТХ-н тогтоолоор “Аялал жуулчлал-Өрхийн орлого” дэд хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж сүүлийн 3 жилд орон нутгийн төсвийн 1,2 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Ёлын ам, Баян загийн менежментийн төлөвлөгөөний дагуу дэд бүтэц тохижилтын ажлыг эхлүүлсэн. Мөн аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө, Хонгорын голын менежментийн төлөвлөгөөг тус тус шинээр боловсруулж, орон нутгийн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Орон нутгийн томоохон эвентүүд болох Элсэн манхны баяр, Монголын нүүдэлчдийн нэг өдөр, Хонгорын хурд, Сарлагийн баяр,Тэмээний баяр, Мөсний баяр гэх мэт арга хэмжээнүүд тогтмол хугацаанд зохион байгуулагдаж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлсээр байна.