Хонконгт сүүлийн таван сарын турш жагсаал цуглаан үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт их сургуулийн нэгэн оюутныг нас барснаас хойш Хонконгт эсэргүүцлийн ажиллагааг улам эрчимжүүлэх уриалга газар авч эхэлжээ.
Энэ сарын 4-нд болсон жагсаалд оролцож байсан хэмээн үзэж буй оюутан нас барсны улмаас эсэргүүцлийн ажиллагаа улам даамжирсан байна. Түүнчлэн ахлах сургуулийн сурагчдыг даваа гарагт хичээлдээ суухгүй байхыг уриалжээ.
Хонконгт болсон эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр амь үрэгдсэн оюутны дурсгалыг хүндэтгэхээр хар өнгийн хувцсаар жигдэрсэн хэдэн мянган жагсагч Хонконгийн төвд бямба гарагийн орой цугларчээ. Жагсагчид эрх баригчдын зөвшөөрөлтэйгээр Засгийн газрын цогцолборын ойролцоох Тамар цэцэрлэгт хүрээлэнд тайван жагсаал хийж байгаа тухай “RTHK” радиостанц мэдээлсэн байна.
Хонконгийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 22 настай оюутныг нэгэн дүүргийн автомашины зогсоолоос олжээ. Тус дүүрэгт цагдаа нар жагсагчдыг тараах ажиллагаа явуулж байсан аж.. Оюутан залуу зогсоолын барилгаас унаж, толгойндоо хүнд гэмтэл авсны улмаас эмнэлэгт баасан гарагт нас баржээ.
Өнгөрсөн ням гарагт цагдаагийн ажилтнууд зургаан байршилд хамгаалалтад гарчээ. Нэгэн орон сууцны хороололд хар өнгийн баг зүүсэн жагсагчид цуглаж, метроны буудлын тасалбарын цэгүүдийг сүйтгэжээ.
Мөн дараагийн буудлын худалдааны төвд байрладаг, Хятадын эх газартай холбоо бүхий компаниудын дэлгүүр, зоогийн газруудыг сүйтгэсэн байна.