Халиунаа арай гэж сэрлээ. Хамаг бие нь хөшчихсөн мэт даагдахгүй, нэг л зовуурьтай хөндүүр. Тэрээр гайхан эргэн тойрноо ажиглан харвал өөрийнхөө унтдаг орон дээр, өрөөндөө хэвтэж байв. Юу болоод өнгөрснийг санах гэж байдгаараа хичээлээ. Жэм тэр хоёр шар айраг уунгаа ярилцан суусан. Хүүгийнхээ талаар болон Тэмүүлэнгийн тухай түүнд хэлж байснаа санаж байв.
Цаг зав гарвал Тэмүүлэнгийнд очиж хүүтэйгээ уулзаж байгаа болохоо түүнд нууж хаалгүй бүгдийг ярьсан. Харин түүний энэ яриа нь сүүлдээ тэдний дунд маргаан үүсгэж, Жэм түүнийг Тэмүүлэнтэй “хардан” уурлаж эвгүй зан гаргаж байсныг санав. Жэм хэдийдээ хаанаас аваад ирсэн юм бүү мэд, нэг нунтаг цагаан юм үнэрлэж суусан, Халиунааг нэлээн халамцуухан байгааг далимдуулан түүнээсээ өгч байсныг, тэгээд нэг л мэдэхэд хөвсгөр цагаан үүл, тэгснээ бөөн өтгөн манан дунд хөвж орсноо л санаж байв. Түүнээс хойш юу болсныг санах гэж хэчнээн оролдоод нэмэргүй байлаа. Бодвол тэр нунтаг цагаан юмнаас болоод л хоёр хоног мансуурлын байдалтай ингэж хэвтсэн байж таарах нь..
Бүгдийг эргэн санасан тэрээр яаран босож хувцасаа өмсөн, утсаа асаатал өч төчнөөн мессэж, дуудлага ирсэн байсны дотор Тэмүүлэн маш олон удаа залгаж мессэж үлдээсэн байв. Түүний илгээсэн “яаралтай залгаарай” гэсэн мөрүүдийг уншсан дариудаа Тэмүүлэн лүү залгалаа. Гэвч утас нь холбогдох боломжгүй байв. Гайхан эргэлзсэн Халиунаа хэд дахин залгасан боловч ямар ч нэмэр алга.
“Арай хүү минь өвдчихсөн юм биш байгаа даа” гэж бодсон тэрээр бие нь эвгүйрхээд, толгой нь хагарах гэж буй мэт өвдөж байсан өвчнөө ч мартан, яарч сандарсаар Тэмүүлэнгийнд очихоор хаалга руу дөхлөө. Жэм гэртээ байхгүй байхыг бодоход ажилдаа явсан бололтой. Үүдээр нь дүүрэн тэр хоёрын ууж, идэж байгаад тараасан бололтой хувцас хунар, хоол хүнсний үлдэгдэл гээд ямар ч эмх замбараа алга. Энэ бүгдийг харсан түүнд нэг л таагүй сэтгэл төрж ойр зуурын юмаа бэлдэж аван, энэ айлд дахиж ирэхгүйгээр шийдээд нэг мөсөн тэднийхээс явлаа. Тэгээд ч Жэм түүнд хань болох эр хүн биш гэдгийг одоо дэндүү сайн ойлгов.
Халиунаа бол айлын дунд охин. Нэг ах, эмэгтэй дүү гээд эхээс гурвуулаа. Аав ээж нь хөдөө байдаг ч Халиунаа аймгийн төвийн дунд сургууль төгсжээ. Хүүхэд байхын гэр орноосоо хол сургуулийн дотуур байраар амьдарч ирсэн тэрээр бага байхаасаа л бие дааж өссөн байв. Үеийнхэн дундаа царайлаг охидын тоонд ордог байсан тэрээр ямар нэгэн спорт урлагийн тэмцээн уралдаан зохиогдоход амжилттай оролцдог нийгмийн идэвхтэй хүүхэд байв. Мөн зуныхаа амралтаар хөдөөний хүүхдүүд гэр гэртээ харьдаг байсан бол Халиунаа зуслан, өдөр өнжүүлэх гээд гэртээ бараг очдоггүй хөдөлгөөнтэй охин байжээ. Тиймээс ч өөрт нь ямар нэгэн асуудал тулгарахад аав ээжээсээ зөвшөөрөл аваад асуугаад байдаггүй, бие дааж шийддэг байсан зан чанар нь өдий хорин найман нас хүрсэн ч хэвээрээ байв.
Халиунаа өндөр туранхай бие, өргөн мөр, гуалиг нарийхан бэлхүүсээрээ олон эрчүүдийн болон хөвгүүдийн харцыг булаадаг байсан бөгөөд тиймдээ ч ирээдүйд загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болно гэж мөрөөддөг байв. Харамсалтай нь аравдугаар ангиа төгсдөг жил аймагт энэ чиглэлийн хувиар ирээгүйгээс болоод хүсэж тэмүүлж байснаасаа тэс өөр санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд сургууль төгсжээ.
Сургуулиа төгсөөд хамгийн анх ажил амьдралын гараагаа эхэлсэн газар нь Цэлмэгийн компани байв. Ажилд орсон эхний өдрөөсөө л Цэлмэгийн хараанд өртөж өнөөдөр ийнхүү алдаж, онож яваа нь энэ билээ.
…
Яарч сандарсан Халиунаа Тэмүүлэнгийн гэрт ирвэл тэднийд хэн ч байсангүй. “Ачаа бараагаа тээвэрлэхээр өөр хот руу явсан юм болов уу” гэж бодсон тэрээр хүүгээ эргэхээр цэцэрлэг дээр нь очтол Учирал ч бас байсангүй.
“Өчигдөр үд дундын алдад аав нь ирээд аваад явсан” гэж цэцэрлэгийн багш эмэгтэй хэллээ. (Учиралыг бүгд л Тэмүүлэнгийн хүүхэд гэж бодох болсон тул тэрээр ийнхүү хэлжээ) . “ Хүүхэд аваад хааччихдаг байна аа, арай хүү минь өвдөөд эмнэлэгт хэвтчихсэн юм биш байгаа даа. Би гэдэг хүн хэд хоног ухаантай, ухаангүй шахуу мансуурсан хэвтэж байгаад хүүхдээ яасныг мэдэхгүй явж байдаг, хэнийг нь ч сайн мэдэхгүй хар элгийн хүнд нялх үрээ даатгаж орхичихоод, өөрийн жаргалаа бодоод явж байдаг над шиг ийм муу ээж энэ хорвоод лав үгүй биз” гэж өөрийгөө буруутган бухимдаж зогссоноо багшаас нь хүүгээ өвдсөн юм болов уу, бие нь ямаршуухан байсан талаар асуухад,
Багш нь түүнийг “зүв зүгээр тоглож наадаад, эрүүл хөөрхөн байсан, мөн хоол ундаа ч сайн идэж байсан гэж хэлэхэд нь Халиунаагийн сэтгэл жаахан ч гэсэн амарлаа .
Тэгээд хааччихсан байж таарах уу, цаг зав гараад амралттай байгаад Учиралыг дагуулаад тоглоомын газар, үйлчилгээний төв явсан байлаа гэхэд өчигдөр түүн лүү бичсэн мессэж нь ямар учиртай бол хэмээн бодон “яаралтай залгаарай” гэсэн мөрүүдийг дахин дахин уншин гайхаж явлаа. Өөрийг нь утсаа салгаад таг байсан болохоор тэгж бичсэн ч байж болох юм. Гэтэл өнөөдөр яагаад Тэмүүлэнгийн утас бас болохгүй байгаа юм бол хэмээн бүүр гайхаж учраа олохоо больсон Халиунаа Тэмүүлэнгийн гэр лүү дахин очиж үүдийг нь сахин “Хаа нэг газар луу хүүтэй нь хамт явсан байх, удахгүй ирэх биз” гэж сэтгэлээ тайвшруулан суув.
Гэвч хэн нэгэнд энэ талаар хэлмээр санагдаад, сэтгэл санаагаа хуваалцмаар байв. Тэмүүлэнг хаашаа явсныг асуухыг хүсэвч түүний найз нөхдөөс нэг ч хүний утас Халиунаад байсангүй. Аргаа бараад ганц дотнын найз болох Анхаа эгч рүүгээ утсаар залгалаа. Халиунаа,
-Байна уу, сайн байна уу та,…Анхаа,
-Байна аа, за сайн уу минь дүү, ажил төрөл нь дажгүй юу. Жэм та хоёроор сонин сайхан юу байна даа гэхэд, Халиунаа,
-Сайн, ажил төрөл дажгүй байгаа. Таны ажил төрөл сайн биз дээ, эгч минь та ингэхэд намайг ямар хүнтэй танилцуулсан юм бэ,.. Тэр Жэм гэдэг чинь хар тамхи татдаг, муу муухай нь бүрдсэн хүн байна лээ. Эртхэн мэдсэн нь их юм. Бид хоёр хамт шар айраг ууж суугаад намайг жаахан халамцуу байхыг далимдуулан нөгөө нунтаг цагаан юмнаасаа өгөөд, дүү нь бараг хоёр хоног мансуурлын байдалтай, үхэх шахлаа гэж гомдоллсон, уурласан өнгөөр хэлэхэд, Анхаа санаа нь зовсон байдалтай хэсэг чимээгүй байснаа,
-Яанаа, тийм үү. Ямар аймаар юм бэ, манай нөхөртэй найзлаад гэрээр орж гараад л байдаг юм. Тийм юм хэрэглэдэг муу залуу гэж бодсонгүй ээ. Томоотой, илүү дутуу зангүй гайгүй л хүн шиг санагдсан шүү дээ. Ямар тэр хүний дотор нь орж үзсэн биш, тийм болоод л эхнэр хүүхэдгүй байж л дээ. …. Нөхөртэй минь уулзахдаа янз бүрийн юм хэрэглэдггүй л юм шиг байсан даа. Тэгээд эгч нь өөрийнхөө нөхөртэй адилхан бодоод чамтай танилцуулсан юм. Сайн хүнтэй суугаасай л гэж санасан нь тэр. Өөр бодол санаа байхгүй ээ. Чи ямар манай хүнийг мэдэхгүй биш, халамжтай илүү дутуу зангүй сайн хүн шүү дээ уг нь. Найз нөхдийг нь адилхан л гэж санаж байлаа. Эгчийгээ уучлаарай ,… одоо тийм бол эртхэн холдсон нь дээр шүү. Муу юманд чамайг уруу татаад балай юм болно хэмээн санаа зовсон, сандарсан өнгөөр хэлэхэд нь, Халиунаа,
-Таныг танилцуулсан болохоор л би гайгүй байх гэж бодож байсан. Бүүр сууж амьдрах дээрээ тулж байлаа. Гэтэл их муу хүн байна лээ. Надтай тохирох ч хүн биш байсан. Одоо дахиж тэр хүнтэй уулзахгүй ээ, танаас намайг асуувал мэдэхгүй гэж хэлээрэй гэхэд Анхаа,
-Тэгэлгүй яах вэ, … дүү минь, бушуу холдсон нь дээр. Дахиж тэр юмыг нь битгий амсаарай даа. Бүр санаа зовчихлоо ажил төрөл нь юу болж байна даа гэсэнд, Халиунаа,
-Ажил гайгүй ээ , гэхдээ тэгж мансуурч хэвтсэнээсээ болоод хэд хоног ажилдаа явж чадсангүй. Одоо бараг халагдаж байгаа болов уу, яасан бол мэдэхгүй. Санаа зовоод захирал руугаа залгаж чадахгүй байна. За тэр ажил ч яах вэ, тэгж байгаад учир нь олдох биз. Одоо дүү нь тэр ажил, Жэм энэ тэрийн талаар бодох тэнхэл алга, энэ тухай таньтай уулзаж байгаад дараа тухтай ярилцъя. Өөр хэцүүхэн асуудал болоод байна гэж санаа зовсон байдалтай хэлэхэд, Анхаа
-Юу болоо вэ, минь дүү,.. зүгээр үү, хүүд чинь ямар нэгэн юм тохиолдоогүй биз гэж асуухад, Халиунаа хэсэг чимээгүй байснаа хямарч бухимдсан сэтгэлээ түүнд л тайлах гэсэн мэт утасны цаанаас мэгшин уйлав,тэгснээ,…
-Эгч минь миний хүү алга болчихлоо,одоо би яах вэ гэж хэлэхэд, энэ бүгдийг сонссон Анхаа гайхаж сандарсан хоолойгоор,
-Алга болчихлоо гэсэн чинь юу гэсэн үг вэ, Тэмүүлэн цэцэрлэгт өгөөд, хүүг чинь түр харж байгаа гэсэн биз дээ, хаанаас алга болсон юм , цагдаад мэдэгдсэн юм уу гэхэд нь, Халиунаа,
-Цагдаад мэдэгдээгүй ээ, Тэмүүлэн ч бас алга, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж хэлэхэд, сая л учрыг бага зэрэг ойлгосон Анхаа,
-Тэмүүлэн бас байхгүй байгаа юм бол тэд хамтдаа нэг тийшээ явсан юм байлгүй дээ. Утас руу нь залгасан биз дээ. Битгий сандар даа одоо тайвшир, удахгүй ирэх байлгүй дээ. Миний дүү одоо хаана байгаа юм гэж асуухад, Халиунаа бага зэрэг тайвширсан бололтой чимээгүй байснаа,
-Харин тэр хоёрыг нэг тийшээ хамт явсан байх даа гэж бодон Тэмүүлэнгийн гэрийн үүдэнд хүлээж сууна. Утас нь холбогдохгүй байна. Тийм болохоор сэтгэл нэг л түгшүүртэй байх юм. Хүүтэйгээ мөд уулзаж чадахгүй ч юм шиг санагдаад, хэцүү байна аа эгч минь… Өчигдөр Тэмүүлэн над руу маш олон удаа залгасныг би мэдээгүй. Тэгээд “ яаралтай яриарай” гэсэн мессэж үлдээсэн байсан. Хүүгийнхээ биеийг нь өвдсөн юм болов уу гэж бодоод багшаас нь асуутал зүгээр байсан гэнэ. Харин хэдэн хоног цэцэрлэгтээ ирэхгүй байх гэж Тэмүүлэн багшид нь хэлээд явсан байна лээ. Би хаанаас хайхаа ч мэдэхгүй байна гэхэд, Анхаа,
-Тэгж хэлсэн юм бол Тэмүүлэн ажилдаа хүүг аваад явсан юм болов уу, олон хоног явах болохоор чиний утас руу залгаад холбогдохгүй байсан бол тийм мэссеж үлдээсэн байх. Өөрийнх нь утасны зай нь дуусан юм байлгүй дээ. Одоо миний дүү тайвширчхад жаахан хүлээж л бай. Эгч нь ажлаа дуусгаад чам руу залгая гэж учирлаж аргадсан өнгөөр хэлэхэд нь, Халиунаа,
-Машин дотроо утсаа цэнэглэдэг, зай дууссан гэж юу байх билээ. Тэгээд ч нялх хүүхэд аваад замд гарна гэж баймааргүй юм даа. Бүх юм надаас л боллоо. Би хэрвээ хаа хамаагүй хүн дагаж яваагүй бол, хүү минь ээжтэйгээ л хамт байх байсан юм …Би одоо яасан нь дээр вэ гэж цөхөрсөн байдалтай асуухад Анхаа,
-За миний дүү гайгүй биз дээ, одоо тайван бай. Эгч нь ажлаа тарангуут л яваад очъё. Тэгээд хоёулаа ярилцъя. Арга нь олдох биз. Харин намайг очихоос өмнө Тэмүүлэнтэй холбоо баривал надад хэлээрэй гэсээр утсаа салгалаа.
Халиунаа Тэмүүлэнгийн байрны өмнө сэтгэл нь түгшин, учраа олохгүй доголон нулимстай бүлтгэнэн сууна.
Энэ л үед эх орон эцэг эх, найз нөхөд гээд ойр дотны бүх л хүмүүс хамгийн үнэ цэнэтэй эрхэм зүйл байдгийг урьд өмнөхөөсөө ч илүү ойлгон ухаарч, ганцаардан бэдэрч байлаа. Хүний газар гэдэг хүний л газар байдаг. Зовлонгоо хуваалцах найз нөхөд үгүй, учраа тайлбарлах ахан дүүсээсээ хол, уйлаад залбирах уул ус нь эзгүй тийм л хүйтэн хөндий, хоосон орчин байдгийг ийм үед хүмүүс дэндүү ихээр мэдэрдэг биз ээ..
Учраа олохгүй үймэрч суусан Халиунаа сая л гэнэт ухаан орсон мэт интернет рүү орж Тэмүүлэнгийн нүүр хуудсыг нээж харлаа. Тэндээс Улаанбаатар “Чингис хаан ” нисэх онгоцны буудал гэсэн тэмдэглэгээ хараад нүдэндээ ч итгэсэнгүй. “ЕЭ БУРХАН МИНЬ !!!!….Тэмүүлэн Монгол явчихсан байна, тэгээд бүүр хүүг нь аваад шүү”.
Халиунаа гайхаж нүүр хуудсыг нь дахин, дахин нээж үзлээ. Түүний толгойд ЯАГААД,…. ЯАГААД ингэж байгаа юм болоо???…гэсэн асуултууд л эргэлдэж байв. Өөр юм бодох тэнхэл ч байсангүй.
Гар нь салгалан чичирч Тэмүүлэнгийн нүүр хуудас руу маш олон асуулт бүхий уртаас урт зурвас илгээлээ. Тэнд чухам юу гэж бичсэнээ ч эргэн санах ухаангүй байв.. ..Тэмүүлэнд юу тохиолдоод ийм хурдан Монгол явсан юм бол гэсэн бодол түүнд огт төрөхгүй байв.
Зөвхөн хүүг минь яагаад аваад явсан юм бол доо гэж гайхан, бачимдаж байв. “Арай Цэлмэг Учиралыг аваад ир гэсэн юм биш байгаа даа гэж бодох зуур түүний зүрх юу юугүй дэлбэрэн тэсэрч, ам хамраар нь сад тавих гэж буй мэт давчдан дайвалзаж байв. Би яах гэж Тэмүүлэнд итгэж хүүгээ түүнтэй орхив доо гэж бодох бүр хацрыг нь даган бөмбөрөн урсах нулимсаа арчих ч хүсэл төрсөнгүй.
Түүний хувьд ёстой “ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу ” гэдэг л болоод байлаа. ..
Сарнай хоёр хүүхдээ дагуулаад аав ээжийнхээ гэрт ирээд долоо хонолоо. Энэ хугацаанд Цэлмэг ирсэнгүй, бас утсаар ч ярьсангүй. Хүүхдүүдээ аваад гэрээсээ явсны маргаашаас л түүнийг уучлалт гуйгаад хүрээд ирэх байх гэж бодож байсан Сарнайн бодол нь талаар болов.
Сарнайн аав ээж хоёр,.. охиноо нөхрөөсөө нүүр буруулаад хүүхдүүдээ хөтлөөд гэртээ ирсэнд тийм ч таатай хүлээж авсангүй. Учир нь тэрээр өмнө нь бас ингэж ирээд, хэд хоногийн дараа нөхрийгөө ирэхээр гэр лүүгээ буцаад явсан удаатай. Хүргэн охин хоёр нь ийнхүү бие биенээ ойлгохгүй, тунирхаж гүйгээд байгаа нь цаашид гэр бүлийн харьцаанд нь муугаар нөлөөлж, үр хүүхдүүдээ зовоох вий гэж санаа зовсондоо тэр байлаа.
Сарнай бол айлын дунд охин. Нэг эгч, хоёр дүүтэй. Том эгч нь Германд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн бага эмэгтэй дүү нь ангаахын дээд сургуульд сурдаг бол эрэгтэй дүү нь төрийн нэгэн банкинд эдийн засагч хийдэг байна. Аав ээж хоёр нь бага залуугаасаа сургууль соёлын мөр хөөж чадалтай, улс нийгэмдээ нэр хүндтэй төдийгүй томоохон албан тушаал эрхэлдэг байжээ. Тиймдээ ч хэдэн хүүхдүүдээ хүмүүжилтэй, эрдэм боловсролтой сайн хүмүүс болгохын тулд чадах чинээгээрээ зүтгэж ирсэн байв.
Сарнай бага байхын олон таван үггүй, даруухан, ажил төрөлд сайн, илүү дутуу зангүй охин байв. Гэхдээ хэдий даруухан ч гэсэн өөртөө итгэх тал дээр бол хэнээс ч дутахгүй бардам бат итгэлтэй нэгэн байв. Харин Цэлмэгтэй сууснаас хойш нэлээн эмзэг, сэтгэлээр амархан унамтгай, ямарваа нэг юманд итгэх итгэл нь буурч, өөрийгөө үнэлэх үнэлэмждээ үе үе эргэлздэг болжээ.
Өнөө орой Сарнай сэтгэлээ сэргээхийн тулд болзоонд явахаар төлөвлөжээ. Яг л анхны болзоонд очих гэж буй арван наймт шиг сэтгэл нь гэгэлзэж, догдлон хөөрч байгаадаа гайхаж байв. Толины өмнө үс гэзгээ янзлан эргэлдэж зогссон тэрээр
“Уг нь би Цэлмэгтээ хайртай, хоёр хөөрхөн үрээ ч эцгээс нь холдуулж өнчрүүлэхийг хүсдэггүй. Зөвхөн түүнийгээ ажил төрлөө амжилттай хийхгүй, зөрүүд зан гарган орой үдэш наргиж цэнгэж байгаад нь л гомдож цөхөрсөндөө ийм алхам хийж байгаа.
Гэтэл өнөөдөр яагаад өөр эртэй уулзах болохоор ингэтлээ догдлон хөөрөөд байгаа юм бол. Арай Болд- Эрдэнэд дурлачихсан юм биш байгаа даа гэж гайхан тээнэгэлзэж байв. Уг нь тэр хүний биеэ авч яваа байдал, цаанаа л ухаантай яриа хөөрөө л түүнд таалагддаг. Цэлмэг түүний араас ирээгүй, ирэх нь бүү хэл хаана байгааг нь ч лавлаж асуугаагүй болохоор түүнд шаралхсандаа Болд-Эрдэнэтэй уулзахыг зөвшөөрсөн. Түүнтэй уулзаж сэтгэл санаагаа хуваалцахад хэн хэнээс илүү өөрийг нь ойлгодог юм шиг санагддаг ”хэмээн элдвийг бодон өөрөө өөртэйгөө ярьж зогслоо.
Энэ үед ээжийгээ гадагшаа гарахаар хувцасаа өмсөж байгааг мэдсэн Чингүүн ээжийнхээ хажууд ирж;
-Ээжээ та ийм орой болсон хойно хаачих гэж байгаа юм бэ, аав хэзээ ирэх юм, ..би дүүгээ аваад гэртээ харимаар байна, хэмээн хошуугаа цорвойлгон эрхэлж тунирхсан өнгөөр хэлэхэд, Сарнай санаа нь зовсон байдалтай,
-Ээж нь ажлынхаа хүнтэй уулзчихаад удахгүй хүрээд ирнэ. Миний хүү дүүгийнхээ хажуугаар ороод унтаж байгаарай. Аав нь хөдөө явсан хэд хоногоос ирнэ гэж би хэлсэн шүү дээ. Аавыгаа ирэнгүүт л бүгдээрээ гэртээ харина, за юу миний хүү, одоо өвөө дээрээ оч доо, ээж нь удахгүй ирнэ гэж хэлэнгээ хүүгээ аргадан үнслээ. Чингүүн,
-За, ээжээ, та битгий их удаарай, намайг унтахаас өмнө ирнэ шүү гэсээр өвөө эмээгийнхээ өрөө рүү явлаа.
Хүүгийнхээ энэ байдлыг харсан Сарнайн догдлон хөөрч, болзоонд явах гэж яарч байсан сэтгэл нь хаашаа ч юм хийсэн одож нэг л явмааргүй санагдаад явчихав. Гэсэн ч тэрээр Болд-Эрдэнэд уулзана гэж амласан болохоор гадуур хувцасаа өмсөөд гэрээсээ гарлаа.
Болд-Эрдэнэ машинтайгаа байрных нь үүдэнд хэдийн ирчихсэн түүнийг хүлээгээд зогсож байв. Тэрээр гоёмсог чамин боодолтой сарнай цэцэгсийн баглааг түүнд бэлэглэж,
-Чи минь яг л энэ сарнай цэцэгс шиг ямар үзэсгэлэнтэй харагдаж байна вэ, хэмээн магтангаа машинд суухыг урилаа. Сарнайд бусад эмэгтэйчүүдийн нэгэн адил бүсгүйчүүдэд хүндэтгэлтэй хандаг эрчүүд таалагдаг байв. Болд- Эрдэнэ машинаа асаан тэд цааш хөдлөн явав.
Болд-Эрдэнэ бол насаараа Сарнайгаас нэлээн хэд дүү. Эхнэр хүүхэдгүй нэгэн байв. Өмнө нь сэтгэл санаа нийлсэн нэгэн бүсгүйтэй хамтран амьдарч байсан боловч тэр эмэгтэй нь Солонгос руу ажлаар яваад тэндээ үлдэж сураг тасарчээ.
Үүнээс хойш эмэгтэйчүүдэд итгэх итгэлээ алдаад байсан тэрээр Сарнайтай таарсан тэр мөчөөс эхлэн, амьдралаа өөрчлөхөөр шийджээ.
Байнга сэтгэлийг нь татах болсон Сарнайтай аль болох ойр ойрхон уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэхийг хүсдэг болсон байв. Болд- Эрдэнэ бол нэр хүндэд нэлээдгүй дуртай нэгэн бөгөөд танил талаа ашиглан төрийн албанд боломжийн албан тушаал дээр томилогдож амжсан нэгэн. Сарнай түүний хувьд гэр бүлтэй, нөхөр хүүхэдтэй ч, өөрийн гэсэн хувийн бизнестэй аль ч талдаа боломжийн эмэгтэй санагдаж байв. Мэргэжилдээ ч ахиж дэвших бүрэн боломжтой, ур чадвар сайтай эмч гэдгийг нь мэдсэн цагаасаа л Болд- Эрдэнэ салахгүй даган, хайртай дуртай хэмээн эргүүлдэх болжээ.
Түүний хийе гэснээ хийдэг, авах гэсэн бүгдээ авч чаддаг шийдэмгий зан ч энэ байдалд нөлөөлж байв. Сарнай сүүлийн үед нөхөртэйгөө таарамж муутай, тусдаа амьдарч байгаа нь Болд- Эрдэнийн хувьд сайхан боломж байв. Энэ л үед нь түүнийг өөртөө дасган, сэтгэл санааг нь эргүүлж болох юм гэж тооцоолжээ. Тиймээс цаг зав л гарвал түүнтэй уулзахыг хүсэж байгаагаа хэлэх болов.
Болд-Эрдэнэ Сарнай хоёр явсаар хотын төвөөс зайдуухан, хөл хөдөлгөөн багатай, гэхдээ нэлээн тохилог байрын нэгэн ресторанд хамтдаа хооллохоор орцгоолоо.
Болд-Эрдэнэ Сарнайг гадуур хувцасаа тайлж өлгөхөд нь туслаад ширээнд суухыг урилаа. Тэд өөд өөдөөсөө харан сууж дуртай хоолоо идэхээр захиалцгаав.
Сарнай түүнтэй чухам ямар сэдвээр ярьж эхлэхээ мэдэхгүй хэсэгхэн чимээгүй сууж байтал, Болд-Эрдэнэ түүний өмнө ирж хоёр гараас нь атган, ядам хуруунд нь зүүгээстэй хуримын бөгжийг нь их л донжтой харснаа,
-Миний найз, энэ бөгжөө түр авч байж болохгүй юм уу, би чамд бэлэг бэлдсэн юм гээд халааснаасаа чамин тансаг хайрцагтай зүйл гарган түүнд нээн харууллаа. Тэр дотор болор шиг талст бүхий гялалзсан шигтгээтэй, нарийн чамин хийцтэй цагаан алтаар урласан бөгж байлаа.
Сарнай гайхаж цочирдсон нүдээр түүний энэ байдлыг ажиглан харж сууснаа, гараа түүнээс сандарсан янзтай угз татан авах зуураа,
-Чи чинь юу ярина вэ, энэ чиний миний хань, бид хоёрын гэрлэлтийн баталгаа болсон нандин эд, хэн нэгэн хуруунаасаа салгана уу гэсний зоргоор авчихдаг эд биш. Тэгээд ч би чамайг надад ийм бэлэг бэлдээд ирээрэй гэж хэлээгүй шүү дээ. Бид хоёр зүгээр л найзууд. Би гэр бүлтэй гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ, гэж хэлэхэд, Болд- Эрдэнэ түүний энэ байдалд нэлээн эгдүүцсэн янзтай,
-Зүгээр л би чамд сэтгэлийн бэлэг өгөх гэсэн юм. Үүнийг зүүхэд хажууд нь хуримын бөгж чинь байвал зохимжгүй харагдах юм шиг санагдаад л санамсаргүй хэлчихлээ. Намайг уучлаарай. Үүнийг чамд л зориулж авсан болохоор, чи миний сэтгэлийг бодоод авчих л даа гэж аргадангуй хэлсэнээ, хайрцагтай бөгжийг ширээн дээр тавиад суудалдаа ирж суулаа.
Тэд аль аль нь эвгүй байдалд орсондоо “бантан” хэсэг чимээгүйхэн сууж байтал хоол ирэв. Болд-Эрдэнэ Сарнайг хоол идэж байх зуур ширээн дээр байгаа улаан дарснаас хундаганд түүнд өгч, өөртөө ч бас хийгээд,
-За, чи бидний учралын төлөө,.. өнөө оройг сайхан өнгөрүүлнэ ээ, гээд юу ч болоогүй юм шиг царайгаа төв болгон түүнд хэлэхэд, сая л нэг жаахан тайвширсан Сарнай ч хундагатай дарсаа барьсан чигээрээ
– За уулзсаных, сайхан нөхөрлөлийн төлөө… гэж хэлээд хундага тулган улаан дарснаас бага багаар шимэн ууж суув.
Тэр хоёрыг ийнхүү элдийг ярин зугаацаж суух зуур Цэлмэг ажлаа таран гэрлүүгээ алхаж явлаа.
Оройн сэрүүнд машинаа унаад явж болох байсан ч тэрээр тэгсэнгүй. Юм бодонгоо алхаж явах нь түүнд сайхан байв.
Цэлмэг, эхнэр хүүхдүүд нь түүнийг орхин гэрээсээ явсан тэр өдрөөс эхлэн их зүйлийг бодож тунгаан, ойлгож авчээ. Дахин архи дарс ууж, наргиж цэнгэн, найз нөхөд, хүүхэн шуухан гэж орой үдэш гүйсэнгүй.
Харин Сарнай руу ярихгүй, хүүхдүүд дээрээ очихгүй байгаа нь цаанаа учир шалтгаантай байв. Цэлмэг компанийнхаа үйл ажиллаагааг дахин хөл дээр нь босгож, ажил төрлөө цэгцлээд, гэр орондоо ч засвар хийж шинэ загвар стилээр янзлан, тэгсний дараа эхнэр хүүхдээ авчирч тэдэндээ бэлэг барихаар шийджээ.
Сарнай хүүхдүүдийнхээ хамт аавындаа байгаа гэдгийг тэрээр гэртээ эзгүй эхний өдөр л Сарнайгийн бага дүүгээс асууж мэдсэн байв. Тэрээр “Ах нь гэр орондоо засвар хийгээд, ажил төрлөө цэгцлээд, эгч дүү нарыг нь очиж авна, намайг асуусан гэж битгий хэлээрэй “ гэж захисан болохоор дүү нь энэ тухай Сарнайд хэлээгүй байжээ.
Цэлмэг Эхнэр хүүхэд нь эзгүй, харанхуй гэрт очих болгондоо хүүхдүүдээ маш ихээр санаж, тэр даруйдаа тэдэндээ гүйж очмоор санагдаж байвч, бодож төлөвлөсөн зүйлээ амжуулахын тулд тэвчих хэрэгтэй байсан аж.
Цэлмэг бол айлын ганц хүү, бэл бэнчинтэй айлд эрх дураараа өссөн, дутагдах гачигдахын зовлон үзээгүй нэгэн. Тиймдээ ч бага байхаасаа ямар нэгэн зүйлийг тэгтлээ хүндээр тусгаж аван асуудал өгөөд байдаггүй, өөрийн дураар шийддэг омголон зантай нэгэн байв. Хэзээний гоё сайхан охидоор хүрээлүүлсэн, наргиж цэнгэх дуртай хүүхэд байсан ажээ. Гэхдээ түүнд бас олон авууштай сайн чанарууд бий.
Ааваасаа өвлөж авсан гүйлгээ ухаан сайтай, угийн сэргэлэн овсгоотой зантай тэрээр зөвхөн аав ээжийн хөрөнгөн дээр биш, өөрийн хүч чадлаараа ажил төрлөө амжуулж, амьдралаа өдий зэрэгтээ болгож чадсан. Тэрэндээ ч бадамлан сүүлийн жилүүдэд нэлээн “сагаж “ явснаа хань ижлээ гомдоон, түүнийг орхин явах энэ үед л илүүтэй ойлгон ухаарч авав.
Гэрийн зүг алхаж явсан Цэлмэг замаараа дэлгүүр орж ойр зуурын юм цуглуулаад гэртээ ирлээ. Сүүлийн гурав хоног ажилтай нь ойрхон байдаг ээжийнхээ дүүгийнд хоноод өнөөдөр гэртээ ирж байгаа нь энэ. Яагаад гэвэл гэрт нь түүний захиалга өгсөн барилга засварын баригад бүрэн засал чимэглэл хийж, өрөө болгоныг нь өөрчлөн янзалж байгаа болохоор бусдад дараа болоод яах вэ гээд холхон байсан нь тэр.
Цэлмэг гэртээ ороод бараг гэрээ таньсангүй. Бүх юм өөрчлөгджээ. Эхнэртэйгээ нэг удаа хамтдаа буйдан дээрээ хэвтэнгээ элдвийг мөрөөдөн ярилцаж суухдаа төлөвлөж, хүсэж байсан яг тэр шийдлээр байраа янзлуулжээ. Засвар үйлчилгээ хэдэн гэрэл суулгахыг эс тооцвол бүрэн дуусжээ.
Маргааш захиалсан тавилгууд нь ирнэ. Хэчнээн гоё болох бол хэмээн төсөөлөн бодох зуур Цэлмэгт өөрийн эрхгүй баясал төрж байв. Нөгөөдөр эхнэр хүүхдээ авчрахаар төлөвлөжээ.
Сарнай болон хүүхдүүд нь гэрээ ийм гоё болсныг хараад хэчнээн их баярлах бол гэж бодохоор өөрийн эрхгүй тэдний өмнөөс сэтгэл нь догдолж байв. Хүүхдүүдийнх нь өрөө яг л үлгэрийн хотхон мэт, …унтлагынх нь өрөө ч гэсэн хаан хатан хоёр л ийм романтик орчинд унтдаг байх гэмээр үнэхээр тансаг болсон байлаа.
Тэрээр дэлгүүрээс авчирсан хүнсний зүйлээрээ өөртөө зориулан хөнгөхөн хоол бэлдэв. Хэдийгээр ийнхүү гэртээ ганцаараа суун хооллох нь уйтгартай байсан ч, ажил төрөл нь дахин бүтэмжтэй болж, гэр орон нь хэчнээн тохилог аятайхан болсныг харахад сайхан байв. “Хүний хань гэдэг ийм л байх учиртай даа, дахиж хэзээ ч Сарнайгаа гомдоож байхгүй юм шүү, хүүхдүүддээ ч гэсэн хамгийн сайн эцэг байна аа” гэж өөрөө өөртөө сэтгэл дүүрэн амлан амласаар суулаа. ..
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….