Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 9-р хэсэг

2019 оны 11-р сарын 08 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Зургаан сарын дараа……….

Халиунаа Жэмийн гэрт хүүгээ авчирсангүй. Учир нь өнгөрсөн зургаан сарын дотор Жэм түүний бодож байсан шиг хүн биш гэдгийг ойлгов. Гэсэн ч тэрээр бас тэднийхээс явахыг урьтал болгосонгүй. Нэгэнт энэ хүнтэй холбогдож, хамт амьдрахаар шийдэж ирсэн юм чинь яваандаа санасан бодсоноо биелүүлж, хэд гурван төгрөг салгаж авчихаад явах нь зөв гэж шийдэв. Жэм ч түүний энэ далд санааг гадарласан юм шиг зөрүүд зан үе, үе гаргаж, тэд хамтдаа амьдрахад нэлээдгүй төвөгтэй болж ирээд байв.

Халиунаа хааяа амралтын өдрөөрөө цаг зав гарган Тэмүүлэн, Учирал хоёр дээр очдог байв. Өнөөдөр амралтын өдөр таарч байгаа болохоор хүүтэйгээ уулзахаар Тэмүүлэнгийнд ирлээ.

Учирал удахгүй хоёр ой хүрнэ. Хаа сайгүй “ баацганан” гүйж, өхөөрдмөөр “шулганах” нь улам эгдүү хүргэн хайр татах аж. Багаасаа Америк цэцэрлэгт хүмүүжиж эхэлсэн Учирал англиар хэлд орж байв. Монголоор бага зэрэг ойлгох ч, тоотой хэдхэн үг л мэдэх аж. Ээжийгээ ирсэнд бөөн баяр болсон хүү Халиунааг тосон “тэнтэр, тунтар” алхалсаар хүрч ирлээ. Амьдралын эрхэнд хүүтэйгээ цуг байж чадахгүй байгаадаа бухимдаж, давчидсан тэрээр хүүгээ тэврэн үнсэхэд, олон хоног дотор нь зангирч явсан нулимс хацрыг нь даган бөмбөрлөө.

Хүүгээсээ бас Тэмүүлэнгээс санаа зовсон тэрээр чимээгүйхэн нулимсаа арчаад, Тэмүүлэнтэй мэндлэв. Тэгээд “гараа угаачихаад ирье” гээд ариун цэврийн өрөөг чиглэн хүүтэйгээ хамт явлаа. Учиралыг дахин дахин үнсэн эрхлүүлж, сэтгэл санаа нь жаахан тайвшрахад хамтдаа цай уухаар ширээнд суулаа. Халиунааг ирлээ гэж утасдахад Тэмүүлэн түүнд зориулан дуртай хоолыг нь хийсэн байв. Тэмүүлэн Халиунаад хандан,

-За чиний минь амьдрал дажгүй биз дээ. Ойрд сураггүй байхаар чинь хүү бид хоёр хэзээ ирэх юм болоо гээд л, бүлтгэнэтэл хараад сууж байлаа гээд түүнийг ирсэнд баяртай байгаа бололтой инээмсэглэхэд Халиунаа,

-Ойрд ажил ихтэй, тэгээд амралт тааруулж байгаад ирье гээд жаахан удчихлаа. Түүнээс энэ хөөрхөн хүүдээ ирэх гэж яаралгүй яах вэ, гэж хэлэнгээ өвөр дээр нь эрхлэн суух хүүгээ үнслээ. Тэмүүлэн,

-Бид хоёр дажгүй байгаа, чи санаа зоволтгүй ажил амьдралаа зохицуулахгүй юу даа. Бид хоёр бие биендээ хань болоод сайхан л байна. Учирал цэцэрлэгтээ уйлахгүй дажгүй явж байгаа, англиар хэдэн үг шулганаад л байгаа, чамтай сая юу, юугаа гээд ярьчихсан бэ, чи ойлгосон уу гэж хэлээд Тэмүүлэн инээснээ, энэ янзаараа жаахан орой л хэлд орж магадгүй юм шиг байна. Бусдаар бол гайгүй гэхэд, Халиунаа

-Хэлд яахав тэгж байгаад орох биз дээ, орой ордог хүүхдүүд байдаг гэдэг. Би лав бараг гурван нас хүрч байж хэлд орсон гэж ээж ярьдаг байсан. Эрүүл саруул өсөж байвал болох нь тэр. Чамд үнэхээр их баярлаж байгаа шүү. Хүү бид хоёр яаж ачийг чинь хариулах юм мэдэхгүй л байна .

Хүүгээ өөр дээрээ авъя гэсэн боловч нэг л болж өгөхгүй байна. Чамд ажлын хажуугаар хэцүү байгаа байх гэж бодсон ч яах учраа олохгүй юм. Хүүгээ Монгол явуулчихдаг юм билүү, эмээ дээрээ өснө биз гэж хааяа бодох л юм. Тэгэхдээ сайн шийдэж чадахгүй явна. Удахгүй учир нь олдох байх даа гээд санаа алдан хүүгийнхээ зулайг үнэрлэхэд, Тэмүүлэн Халиунаагийн ядрангуй царай, урамгүйхэн байдлыг хараад “Энэ маань тэр шар залуутайгаа олигтой биш л байгаа юм байна даа, тэгж байхаар буцаад хүрээд ирж болдоггүй л юм байх даа. Намайг хэллээ гээд ойлгох биш дээ, өөртэйгөө хамт байлгах гээд байна гэж бодох биз. Гаргасан шийдвэр нь л тэр, гадаад хүнтэй суучихвал л сайхан амьдарна гэж бүсгүйчүүд боддог. Үнэндээ тийм биш шүү дээ. Сайн хүн байдаг л байх гэхдээ их ховор.

Энэ Халиунаа анхнаасаа яах гэж эхнэр хүүхэдтэй хүнтэй орооцолдож, энэ хол газар ингэж цөлөгдөж ирсэн юм бол доо. Манай Цэлмэг ч гэж айлын сайхан охины амьдралаар тоглоод эхнээсээ эхнэр хүүхэдтэй, чамд хань болохгүй гээд зүтгээд байсан бол юу гэж энэ хүн араас нь гүйгээд байх вэ дээ.

Ингээд бодохоор эмэгтэй хүмүүс гэж хэцүү юм даа. Хань минь ч гэсэн надаас олон жил хол хэцүү л байсан байх. Ямар сайндаа л намайг хүлээж тэвчихгүй өөр хүнтэй сууж байхав дээ. Тэднийгээ буруутгаад ч яах билээ. Бүр сэтгэл санаа тавгүйтээд хэдэн хүүхдүүдээ саначихлаа байна” гэж бодох зуураа, тавгүйтсэн сэтгэлээ Халиунаагаас нуухыг хичээн царайгаа төв болгон суулаа.

Халиунаа хүүгээ хажуудаа суулгаад, хоол өгөнгөө Тэмүүлэнд хандан,
-Чиний хийсэн хоол ч амттай шүү, ойрд монгол хоолоо идээгүй сайхан байна, Хоол сайн хийнэ, хүүхэд сайн асарна. Миний найз ч ховорхон залуу шүү, би ямар азаар анхнаасаа чам дээр ирсэн юм болоо. Цэлмэг нээрээ хүнээ олоод явуулчихсан гэж хэлээд Халиунаа инээмсэглээд,

-Учирал та хоёр ч яг аав хүү хоёр шиг байдаг болжээ гээд цаанаа л сэтгэл нь амарсан байдалтай хэлэв. Тэмүүлэн,

-Бид хоёрыг аав хүү болсныг чи одоо л мэдэж байгаа юм уу? Төрөөд удаагүй нялх “амьтан” тэврээд ирэхэд чинь л би хэзээний Учиралын аав нь болж амжсан шүү дээ гэснээ за, тэр ч яахав, хоол ундаа сайн идээрэй гээд ширээн дээрх зуушнаас Халиунаа руу дөхүүлэн өглөө.

Тэд хоолоо идэцгээгээд босоцгоолоо. Халиунаа Тэмүүлэнд хандан,

-Сайхан амттай хоолоор дайлсанд баярлалаа. Хүүтэйгээ жаахан тоглож байгаад орой болохоос өмнө явъя даа. Жэмийг өнөөдөр ажил ихтэй, оройтох байх гэхээр нь та хоёртойгоо хэсэг байя гэж бодоод хүрээд ирсэн юм. Учиралыг тэгж байгаад нээх удахгүй авахыг бодноо, хэцүү байвал хэлээрэй, санаа зовоод байх юм гэхэд, Тэмүүлэн…

-Тэрэнд санаа зовоод яах вэ, бид хоёр болж л байгаа юм чинь, өөртөө л анхаарал сайн тавиж байгаарай. Болохгүй бол хүрээд ирэхгүй юу даа. За тэгээд өөрөө мэднэ биз дээ гэхэд Халиунаа,

-Буцаж ирээд яах ч билээ. Хүмүүс ч юу гэх юм. Жэмтэй амьдарвал амьдраад, амьдрахгүй бол биеэ дааж амьдрахыг бодож байгаа гэхэд, Тэмүүлэн

-Хүмүүс юу гэхэв дээ, манай энэ хавийнхан угаасаа Тэмүүлэнгийн хүүхэд нь ирж л гэж бодож байгаа, өөр хүний хүүхэд гэртээ байлган, асарч хамгаалж байгаа гэвэл хүүхдийн эрх зөрчигдөж байна уу, энэ тэр гээд асууж шалгаагаад, сүртэй юм болох биз гэхэд Халиунаа,

-Багаасаа аавын хайрыг мэдрэхгүй өсөж байгаа үрд минь, эцэг шиг хандаж хайрлаж байгаа чамд баярлаад ч барахгүй юм даа гэж хэлэхдээ хоолой нь зангиран, нүднийх нь нулимс цийлгэнээд ирэв. Тэрээр

-За би хүүтэйгээ хамт жаахан тоглоё , бас хүүгээ эрхлүүлмээр байна гэсээр Учиралыг дагуулан өрөөнд нь орлоо.

Тэмүүлэн ширээн дээр хөглөрсөн аяга тавгаа хураан, угааж арчих зуураа..”нөгөө залуутай таарамж муутай байгаа бол удахгүй хүрч ирэх л юм байна даа, гэхдээ ирлээ гээд надад ямар сэтгэлтэй биш дээ. Миний ер нь юу нь энэ хүнд таалагддаггүй юм болоо. Цэлмэгийн найз юм чинь гэж бодогдоод болдоггүй юм болов уу, эсвэл Монголд эхнэр хүүхэдтэй юм чинь гээд бас дахиж амьдралдаа алдаад яахав гэж санадаг ч байж болох юм. Гэхдээ тэр болгоноо надад ямар хэлж ярих биш дээ. Бас тэгэж байгаад айхтар сэтгэлийн хаттай эмэгтэй юм аа. Мэдээж хүүгээсээ хол хэцүү л байгаа байх даа. Ийм залуугаасаа, ийм царайлаг хөөрхөн бүсгүй ингээд янз янзын юм үзээд явах ч гэж дээ” хэмээн бодох зуур Халиунааг өөрийн эрхгүй өрөвдөж байв.

…………

Монголд, Цэлмэгийн компанийн үйл ажиллагаа нь урагштай байж, төслийн шугамаар болон гадаадын хөрөнгө оруулалтаар нэлээд их хэмжээний мөнгө орж ирэн богино хугацаанд ашиг орлого ч өндөр байсанд, гэнэт ийм их мөнгөний бараа харсан тэрээр сүүлийн хэдэн сар ажил төрөл, гэр бүл гэхээсээ илүү охид хүүхнүүд, мөрийтэй тоглоом, архи дарсанд толгойгоо мэдүүлж явах болов.

Мөнгө төгрөг, нэр хүнд өсөхийн хэрээр найз нөхдөөс их юмгүй болж, уулзаж учрах гэсэн хүний тоо ч олширч, охид хүүхнүүд бараг өөрсдөө гүйж ирдэг гэж хэлэхэд болохоор байв. Хүн болгонтой ууж идэж, мөнгө төгрөгөө баруун, солгойгүй цацсан тэрээр маш хурдан хугацаанд дээшилсэн шигээ, маш богино хугацаанд компанийн үйл ажиллагаа нь ганхаж эхлэв.

Магадгүй хүч хөдөлмөр шаардаж, урт удаан хугацааны явцад амжилтад хүрсэн бол ингэж дураараа үрэн таран хийхгүй байсан биз ээ. Нөгөө “ Гэнэт идэх гэдсэнд халтай “ гэдгийн үлгэр л болоод байв.
Саяхнаас оруулж ирсэн ус цэвэршүүлэгч нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн хэл ам гарч, гомдол санал зарим нэг газраас ирсэн тул, гадаадын хүмүүстэй нийлэн иргэдийг хулихдаж бизнес хийсэн хэргээр цагдаагийн газар шалгагдах дээрээ тулав.

Ажил төрөл нь бүтэмжтэй сайн байсан тэрээр ингэж сүүлийн хэдэн сар “хөл, толгойгоо” мэдэхгүй шоудсаны уршгаар ийм байдалд орсонд хамгийн их санаа зовж байгаа хүн нь Сарнай байв.

Нөхөртөө “Архи дарс битгий уу… чамайг амжилттай сайн явж байгаад атаархаж хорссон зарим нэг хүмүүс худлаа уруу татаад янз бүр болоод байгааг анзаарахгүй байна уу,., ямар жоохон хүүхэд биш дээ чи,… одоо ажил төрлөө бод, ингэж их ууж идэж, наргиж цэнгэх чамайг нэг л юм руу түлхээд байна даа” гэж учирлаж, аргадаж, уурлаж хэлээд ямар ч нэмэр байсангүй. Харин ч улам дордож, “Зүгээр байхад үглэлээ, би та хэдийг болгоод л байгаа биз дээ” гэж уцаарлах болсон нөхрийнхөө учрыг олохгүй ганцаардан бухимдаж байлаа.

Сарнай бухимдал ганцаардлаа нөхөхийн тулд үргэлж түүнд санаа тавьж, араас нь гүйх болсон Болд-Эрдэнэтэй ч хааяа уулздаг болов.

Харин Цэлмэгийн хаа сайгүй цацаад явсан мөнгө төгрөг хумигдаж, үе үе цагдаагийн газраар эргэлдэх болсонд нөгөө өдөр бүр дуудан наргиж, цэнгэж явсан нөхөд нь бараа сураггүй цөөрч эхлэв.

Цэлмэгт энэ үдэш нэг л гунигтай санагдаж, үүлсийн дээгүүр нисэж яваад гэнэт газардсан мэт хачин сэтгэгдэл төрөхөд гэр лүүгээ явах санаатай машинаа барьж явсан тэрээр, машинаа зогсоолд тавиад ойролцоох кафед орж суулаа.

Ганцаардан гуниглаж, жаахан юм уумаар санагдахад хань татах санаатай хэд гурван хүн рүү утаствал өнөөдөр бүгд л завгүй байгаа бололтой “амжихгүй” гэлээ.

Ганцаараа нэлээн удаан юм бодож суув. Өнгөрсөн амьдрал, эхнэр хүүхэд, ажил төрөл гээд бодох бүрд сүүлийн гурван жил яг л далайн давалгаа шиг огцом дээшлэн, тэгснээ доошлон унаж, одоо тэгээд бүр эрэг мөргөөд учраа олохгүй хоосон буцаж буй хөөс мэт амьдрал нь утгагүй хачин санагдав.

Иймэрхүү сэтгэлийн хямралтай суух үедээ бараг хоёр жилийн өмнө алсын Америк орон луу Халиунаа болон өөрийн үр хүүхдээ үдэж өгөөд сураг алдарсан хүн чанаргүй явдлаа ч эргэн дурслаа. Дурсан бодоод зогссонгүй утсаа авч Америк руу Тэмүүлэн лүү залгав.

– Байна уу, Тэмүүлэн үү….

– Тийм байна, за юу байна андаа, ямар сонин хүн бэ, амьд уу, яагаад таг болчихов оо гэхэд, Цэлмэг,

-Амьд л байгаа биз дээ гээд инээснээ, за миний найзын ажил төрөл сайн уу, чамтай нэг яръя даа гэж бодож явсаар байгаад зөндөө удчихлаа, анд ойлгоорой гэж хэлэхэд Тэмүүлэн,

– Би ч яах вэ дээ, ойлгож л байна, найзыгаа ямар мэдэхгүй биш гээд, за тэгээд ажил төрөл нь давгүй биз дээ эхнэр хүүхдүүд нь сайн уу гэж асуухад, Цэлмэг,

-Бүгд сайн байгаа хө, ажил төрөл сүүлийн үед жаахан асуудалтай л байна. Түүнээс сайн байгаа гэхэд Тэмүүлэн,

-Би саяхан ангийнхаа Төгөлдөртэй таарсан. Энд ирээд буцсан. Чамайг чинь зүгээр гялалзаад л, бужигнуулаад л байгаа сурагтай байсан шүү дээ гээд утасны цаанаас чанга, чанга инээхэд, Цэлмэг,

-За бужигнуулахаа ч хат, нэг хэсэг найз нь нэлээн” явсаан, явсан”. Одоо харин төлөвших хэв маягтаа ороод л сууж байна гэж хэлэхэд, Тэмүүлэн,

-Өдий хүртэл төлөвшихгүй хаагуур явж байсан юм гэснээ, за тэр яах вэ, чи нээрээ “алдаг хүн шүү”. Нэг бүсгүй, нялх үр хоёроо надад даалгачихаад сэтгэл амар таг болчихдог. Намайг ер нь яана гэж бодсон юм бэ, заримдаа гайхаад л суудаг шүү гэхэд Цэлмэг,

-Яах юу байх вэ дээ, чи ганцаараа байгаа биз дээ. Муу найзыгаа аятайхан залуухан эхнэртэй болог л гэж бодохгүй юу даа гэж хэлэн инээснээ, за, за тоглосон шүү хөгшөөн.

Тэр хоёр дажгүй байгаа биз дээ. Энд эхнэр хүүхэдтэй болохоор асуудал үүсэх гээд хэцүү байна. Наадах руу чинь явуулахаас гэж би чамд анхнаасаа хэлсэн шүү дээ. Уг нь удахгүй араас нь очъё гэж бодож байсан ч болоогүй, чамаас юуг нь нуух вэ, цаад Халиунаа чинь зогсоо чөлөөгүй утастаад, тэрийг нь эхнэр мэдчихсэн. Тэгээд миний наадах руу чинь “нисэх” хөг өнгөрсөн.

Түүнээс та хэд дээр нисээд л очилгүй яах вэ дээ. За энэ ч яахав, яваандаа болох биз. Цаад хоёр чинь тэгээд хэр байна даа. Учирал зөндөө том болоо биз. Чи ирэх болоогүй юм уу, ирэхдээ цаад хоёрыгоо аваад ирэхийг бодоорой. Тэнд чамаас өөр таньж мэдэх хүнгүй тэр хоёр удаад яахав, тийм биз дээ гэж байж ядсан байдалтай дахин, дахин асуухад Тэмүүлэн

-“Учирал өөр дээр нь байгаа, Халиунаа Жем гэдэг Америк эрийг дагаад явсан “гэж хэлэх гэснээ болив. Учир нь тэдний амьдралд цаашид юу ч тохиолдоо билээ. Цэлмэг тэр хоёр багийн найзууд хэн нэгэндээ юм санахгүй байх нь юу юунаас илүү чухал байв” тиймээс Тэмүүлэн Цэлмэгт хандан,

-Халиунаа ажлаа хийгээд, Учирал цэцэрлэгт яваад дажгүй байгаа. Одоо зөндөө том болсон. Манайхаас нэлээн зайтай өөр хотод амьдарч байгаа. Халиунаа сүрхий хүүхэн байна лээ. Бие даагаад, хүүхдээ өсгөөд болоод л байгаа. Хааяа би эргэж очдог. Санаа зоволтгүй сайн байна лээ. Чамтай холбоо тасарсан тэр үеэсээ л тусдаа амьдарна гээд яваад өгсөн гэхэд,

Цэлмэг “Залуу хүмүүс Тэмүүлэн , Халиунаа хоёр бараг өдийд эхнэр нөхөр шиг дотносоод хамтдаа амьдарч байгаа биз дээ” гэж бодож байсан тул, үүнийг сонсоод сэтгэл нь яагаад ч юм хөнгөрөөд явчихав”. Тэрээр өөрийн болгож чадахгүй байгаа хирнээ бас бусдаас Халиунааг харамлаж яваагаа одоо л мэдэрсэн мэт өөртөө гайхан эргэлзэж байв” Цэлмэг утасны цаана түүний ярихыг хүлээн зогсох Тэмүүлэнд хандан,

-Тийм үү, за сайн явцгааж байгаа бол болоо доо. Санаа амарлаа. Миний найз хааяа сураг тавьж л байгаарай. Бас хэдийгээр аваад суусан эхнэр биш ч хүүхдийг минь гаргасан болохоор санаа зовж л байх юм. Харин найз нь чамд үнэхээр баярлаж явдаг шүү. Чамтай ярьсан чинь сэтгэл санаа сайхан байна. Анд минь биеэ бодож байгаарай, тэгж байгаад ярина аа гэхэд Тэмүүлэн,

-Тэгнээ хө, чиний ажил төрөл сайн байгаа бол болж дээ. За түр баяртай гэсээр утсаа тасаллаа.

Цэлмэг ажил төрөл нь бүтэмжтэй сайн явах үедээ Халиунааг бараг мартах шахсан хирнээ ганцаардан, гуниглах цагтаа түүнийг бас хүүхдээ эргэн санагалзана гэж зүүдлээ ч үгүй явжээ. Энэ орой их зүйлийг бодож тунгаан, ойлгож авсан тэрээр цаашид архи дарс, элдэв янзын хүүхнүүдийн асуудлаас хол байж, үйл ажиллагаа нь бараг зогсох шахаад байгаа компаниа дахин хөл дээр нь босгоно гэж хатуу шийдээд тэндээс гарахаар бослоо. Замаараа эхнэртээ баглаа цэцэг аваад орой болгон уур уцаарыг нь хөдөлгөж байсандаа уучлалт гуйж, дахин тийм асуудал гаргахгүй гэж амлахаар шийдэн гэрийн зүг яаран явлаа.

Гэртээ иртэл гэр нь харанхуй, хэн ч байсангүй. Орой бүр халуун хоол бэлдээд хүлээж суудаг хань нь ч алга, өхөөрдөм шулганалдан тоглож суудаг эсвэл аавыгаа оройтож ирэхэд хайр татам “булцгар” хөлнүүдээ ил гарган унтаж байдаг хөөрхөн үрс нь ч алга.

Сарнай нөхрөө орой бүр архи дарс үнэртүүлж ирдэг, ажил төрөл, гэр орондоо анхаарал халамж тавихаа больсонд залхаж, аргаа бараад хүүхдүүдийнхээ ойр зуурын хувцас хунарыг бэлдээд нэг хэсэгтээ аавындаа амьдрахаар шийдээд яваад өгчихсөн нь энэ байв.

Сарнай “эхнэр хүүхдүүдээ ингээд яваад өгчихөөр амьдралын өнгөц сайханд толгой нь эргэн, учраа олохоо больсон нөхөр нь бүгдийг ойлгон ухаарч магадгүй” гэж бодсондоо ийм шийдвэр гаргажээ. ….

Тэмүүлэнд Монголоос цахилгаан иржээ. Тэнд “ээжийнх нь бие тааруу байгаа учраас яаралтай ирнэ үү” гэж бичсэн байв. Урьд орой нь дүү нар нь түүн лүү утсаар залгаж мөн энэ тухай хэлсэн. Тэмүүлэн бол айлын том хүү. Тэрээр хүүхэд байхаасаа л хэдэн дүү нарынхаа төлөө санаа тавьж, тэдэндээ сайн ахын үлгэр дуурайлал болж ирсэн. Тиймдээ ч энэ олон жил зөвхөн өөрийн амьдрал, эхнэр хүүхэд гэхээс гадна, дүү нарынхаа сургалтын төлбөр, хувцас хунар гээд чадах чинээгээрээ тэдэндээ тус дэм болдог байв. Түүнийг тавдугаар ангийн сурагч байхад аав нь нас барж, дөрвөн өнчин дүү ээжийнхээ хамт хэцүү хатуу бүхнийг сөрж амьдарсаар өнөөдрийг хүрсэн нь энэ байлаа.

Мөн түүний том охин энэ жил арван дөрвөн нас хүрнэ, дундах нь арван хоёртой, бага охин нь нь есөн настай. Хоёр бага нь ээжтэйгээ хамт амьдардаг бол, том охин нь Тэмүүлэнгийн ээж дээр өсөн торниж байгаа. Бага залуу наснаасаа амьдралын хэцүү хатуу бүхний төлөө ганцаараа шахуу зүтгэж ирсэн ээж нь сүүлийн жилүүдэд ходоод өвдлөө гэж их ярих болсон бөгөөд ходоодны шархтай гээд олон удаа эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт хэвтэж байжээ.

Харин энэ удаа ходоодны шарх нь хүндэрч хавдар болсон тул яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн байв. Тэмүүлэн ийм л учраас ээж дээрээ хурдан очих нь юу юунаас илүү чухал байсан бөгөөд ийнхүү яаравчлан монгол руугаа буцах шийдвэрт хүрчээ. Тэгээд ч айлын том хүүгийн хувьд ээжийгээ хүнд өвчтэй байхад нь очиж хэдэн дүү нартаа нөмөр түшиг болох нь түүний үүрэг байв.

Маргааш гэхэд Монгол нисэхээр шийдэж, онгоцны билетээ захиалан, ойр зуурын хэрэгцээтэй гэсэн зүйлээ бэлдэж эхлэв. Харин Учиралыг ээж дээр нь үлдээхээс өөр арга байсангүй. Түр орхиод явъя гэсэн ч харж хандах найдвартай, ойр дотны хүн байхгүй байв. Тэмүүлэн тэгээд ч Монголд хэд хонохоо хэлж мэдэхгүй. Тиймээс хүүг нь ээжид нь өгөөд сэтгэл амар явсан нь дээр байв. Тэмүүлэн явах болсон тухайгаа Халиунаад хэлэхээр утас руу нь залгалаа. Түүний утас нь холбогдсонгүй. Хэд хэдэн удаа залгасан боловч утас нь болохгүй байв.

“Яагаад үд дунд болж байхад утсаа асаагаагүй байдаг билээ” гэж гайхсан Тэрээр Халиунаа руу “яаралтай залгаарай” гэж мессэж үлдээгээд түр орхилоо. Хэдийгээр яарч сандарч яваа ч хэдэн хүүхдүүдээ ойр зуур чихэр боов авах, ээждээ хэрэг болж магадгүй гээд таньдаг, мэддэг ганц хоёр хүмүүст захиж байсан эм тариагаа очиж авах гээд маргааш хүртэл амжуулах ажил их байв.

Цаг нэлээн орой болсон ч мөн л Халиунаагаас хариу алга, яаралтай хэрэг болох энэ үед түүний гэрийн хаягийг нь ч сайн мэдэхгүй байгаадаа Тэмүүлэн бухимдаж байв. Тэглээ гээд яах билээ. Урьд өмнө нь айлын хүүхэд өөр дээрээ байлгаж, хүүхэд өвдөх, өөрт нь яаралтай ажил гарах гээд, юу ч тохиолдсон очоод уулзах боломжтойг нь бодож гэрийн хаягийг нь авч байгаагүй, ядаж өөрөө нэхэж авдаггүй юмаа гэхэд Халиунаа ч түүнд өгөөгүйд гайхаж байв. Холбоо барих утас гэж сайхан зүйл байхад гээд, тэр зэргийн юмыг тоохгүй, хэнэггүй байсандаа харамсаж байв. Утас нь нээлттэй байсан бол хаанаас ч гэсэн олж болно, унтраалттай байгаа энэ үед яах ч билээ. Тэмүүлэн гайхаж, санаа зовсоор шөнийг өнгөрөөв. Мөн Халиунаагаас гадна бие нь тааруухан хүүгээ хүлээн хэвтээ ээжийгээ, олон жил уулзаагүй хөөрхөн үрс нь гээд түүнд бодох зүйл дэндүү их байсан болохоор унтаж чадалгүй хөрвөөсөөр үүр цайлгалаа.

Өглөө нь мөн л Халиунаагийн утас руу залгасан боловч холбогдохгүй байв. Тэмүүлэн сандран гайхаж эхэлсэн ч Халиунааг хайж явах цаг байсангүй. Ямар нэгэн ажил төрөл гараад утсаа түр унтраасан байх гэж өөрийгөө тайвшруулаад хэсэгтээ харлаа. Fasebook, Kakao Талк, Мессэнжер гээд байж болох бүх зүйлээр хайж, захидал бичээд хариу ирдэггүй. Орой таван цагаас нислэгтэй байдаг. Тэрээр аргаа бараад ойролцоо байдаг Гантиг гэх Америкт ирээд сүүлийн хэдэн жил нөхөрлөж байгаа найз залуу руугаа ярилаа.

-Байна уу, Тэмүүлэн байнаа….Гантиг,

-Байна, за сайн уу найз минь, сонин сайхан юу байна даа , ажил төрөл нь дажгүй юу гэж асуухад, Тэмүүлэн,

-Сайн, найз нь яаралтай Монгол явах болчихлоо. Ээжийн бие тааруу байгаа гэнэ. Гантиг,

-Тийм үү, тэгвэл явалгүй яах вэ найз аа, хэчнээн амьдралын эрхээр хүний нутагт зүтгэж яваа ч, бидэнд чинь ээж ааваас минь илүү зүйл гэж хаа байх билээ, хурдан явсан нь дээр шүү. Тэгээд миний найз хэзээ явах гэж байна даа. Найздаа захиж хэлэх, хэрэгтэй зүйл байвал хэлээрэй гэхэд, Тэмүүлэн,

-Өнөө орой нисэх санаатай, тэгээд чамаас нэг гуйх зүйл гараад гэхэд, Гантиг,

-Аан тийм үү, онгоцны билетээ авчихсан юм уу, юу гуйх гээ вэ, найз нь чадахаар зүйл бол тус бололгүй яах вэ гэхэд, Тэмүүлэн,

-Нэлээн дээр би чамтай уулзахдаа ярьж байсан даа. Халиунаа гээд бүсгүйн тухай, бас хүү нь над дээр түр байгаа гэж ….Гантиг,

-За тийм, ярьж байсан, тэгээд яасан юм бэ, хүүхэд нь зүгээр үү. Халиунаа тэгээд чамтай хамт байгаа юм уу, тусдаа амьдарч байгаа гэсэн биз дээ? гэж асуухад, Тэмүүлэн,

-Халиунаа тусдаа амьдарч байгаа. Харин хүү нь над дээр түр байгаа юм аа. Гантиг,

-Миний найз тэгээд ажлынхаа хажуугаар яаж хүүхдийг нь харж байгаа юм бэ, хүүхдээ чам дээр орхиод тусдаа амьдардаг нь яаж байгаа юм бэ. Айлын хүүхэд бас хараад л явж байдаг чи нээрээ уужимхан дотортой хүн шүү гэхэд, Тэмүүлэн,

-Хүү нь цэцэрлэгт явж байгаа, харин Халиунаагийн тухай дараа би чамд яръя. Өнөөдөр би чамаас гуйх гэж байгаа зүйл бол чи хүүг хэд хоног ажлынхаа цаг заваар цэцэрлэгт нь өгөөд, тарахаар нь авч байхгүй юу. Халиунаагийн утас өчигдрөөс хойш холбогддоггүй. Хүүг нь уг нь нэг дэх өдөр цэцэрлэгт нь өгөөд тав дахь өдрийн орой авдаг болохоор тийм ч хэцүү биш ээ. Тэгээд маргаашнаас ээж рүү нь залгаж байгаад миний учир байдлыг хэлээд нэг заваараа хүүхдээ ирээд авчих гээд хэлчихгүй юу гэсэнд. ..Гантиг гайхаж, санаа зовсон өнгөөр, бас юу яриад байгаа юм бол гэсэн байртай

-Тэмүүлэн минь, найз нь чам шиг уужимхан дотортой биш ч гэсэн чамд яах ч аргагүй байдал тохиолдсон энэ үед бол тус бололгүй яах вэ. Гэхдээ найзыгаа уучлаарай бас ойлгоорой, яг одоо бол би өөр хотод явж байна ирэх долоо хоногоос нааш наагуур чинь очиж амжихгүй. Монголоос найз бүсгүй минь ирчихсэн хамтдаа ажил төрөл хөөцөлдөөд явж байгаа юм. Ирэх долоо хоног хүртэл цэцэрлэгт нь байлгаж байна гэвэл яах вэ болох л байх. Гэхдээ ээж нь тэр болтол утсаа авах байлгүй дээ, өөрөө л мэд миний найз гэж хэллээ. Тэмүүлэн хэсэг бодож байснаа,

-За найз нь тэгвэл эргээд холбогдъё гэсээр утсаа салгалаа.

Тэмүүлэнгийн нисэх цаг дөхөөд байдаг Халиунаагийн утас холбогдохгүй хэвээрээ л байв. Түүнд гэнэт “Учиралыг Монгол руу аваад явчихвал яадаг бол” гэсэн бодол төрлөө. Өдий болоход Халиунаагийн утас холбогдохгүй байгаа юм чинь ямар нэгэн зүйл тохиолдсон ч байж магадгүй. Тэгээд ч юу бодож нялх үрийг нь хүний нутагт хаа хамаагүй хүнд найдаад орхих билээ. Анх цэцэрлэгт оруулах гэж өөрийнхөө нэр дээр хөөцөлдөж авсан бичиг баримт нь байгаа. Тэгэхээр онгоцоор нисэх, хилээр гарахад асуудалгүй. Ер нь хүүг нь аваад явдаг хэрэг ээ. Монголд очиж байгаад л Халиунаатай холбогдохоос намайг ойлгох байлгүй дээ. Тэгээд ярилцаж байгаад Учиралыгаа буцаад ирэхдээ аваад ирье, эсвэл Халиунаа энд хэцүү байвал ээж рүүгээ явуулдаг ч юм билүү гээд дээр ирэхдээ яриад байсан, тэндээ үлдээх бол өөрөө шийднэ биз. Ямар ч байсан тэгээд учир нь олдох биз дээ гэж бодлоо. Тэгээд Учиралд нэмж билет захиалаад түүнийг цэцэрлэгээс нь авахаар гарлаа.

Хүүг гэртээ авчраад онгоцны буудал руу хөдлөхийн өмнө Учиралын хувцас хунарыг янзалж цэгцлэн цүнхэнд хийж суутал түүний хувцас нь дотроос нандигнаж боосон нэгэн хайрцагтай зүйлийг олж үзлээ. Хайрцаг доторх зүйлийг үзээд Тэмүүлэн бараг нүдэндээ ч итгэсэнгүй.

Түүнийг бүүр хүүхэд байхаас л мэддэг байсан ягаан гартааман хөөрөг “Учиралын эд хөрөнгө болно” гэсэн албан ёсны бичиг баримттайгаа байж байв. Энэ хөөрөг бол бага наснаасаа үерхэж, нэг довон дээр тоглож өссөн найз Цэлмэгийн өвөөгийнх нь хөөрөг гэдгийг тэр харангуутаа л шууд танилаа. Учир нь энэ хөөргийг сонирхож, худалдан авахыг хүссэн нутаг усны олон хүмүүс тэднийхээр ирдэг байсныг Тэмүүлэн сайн мэднэ.

Тэрээр “Үгүй ээ, мөн юм гэж сонин юм даа. Цэлмэгийг би айлын охин жирэмсэн болгочихоод, хүний нутаг руу төөрүүлчихлээ. Хэдийгээр өөрийнх нь гэр бүлийн гишүүн болж чадаагүй ч төрсөн үр хүүхдээ тоохгүй сураг тасарлаа гэж буруутгаж байсан. Гэтэл тэр хүн надаас илүүг бодож, надаас илүүг сэтгэсэн байна. Хажууд байгаа үр хүүхэд бол үргэлж аавын хайр халамжинд өлгийдүүлж өснө, тэгэхэд нэг гэрт төрж, өсөж чадаагүй нялх үр насан туршаа төрсөн эцгийн хайр халамжийг үгүйлж явах болно. Үүнийг ч ойлгосон Цэлмэг гэр бүлийнхээ өв залгамжилж ирсэн, хэдэн саяаар үнэлэгдэх, үнэт зүйлээ өөрийнхөө Сарнайгаас төрсөн хүүхдэд биш Учиралд өгсөн байхыг хараад найзыгаа одоо л нэг бага ч гэсэн ойлгох шиг болов.

Тэмүүлэн өөрөө ч эндээс их зүйлийг бодож амжлаа, хүний үр хүүхэд гэдэг, хэзээ хаана хэрхэн мэндэлсэн нь гол биш, түүний мах цусны тасархай, амьдралынх нь үргэлжлэл болж явдаг болохоор чадах чинээгээр үр хүүхдээ хайрлаж, бололцоогоороо тусалж дэмжиж явах учиртай, бас үүрэгтэйг илүү их ойлгож мэдрэв. Хайрлаж дурласан ч ханилж суугаагүй өч төчнөөн хүмүүс бий, тэдний алдааг үр хүүхэд нь үүрч явах учиргүйг Цэлмэг энэ үйлдлээрээ бага ч гэсэн цайруулах гэж оролдсон нь түүнд сайхан санагдав.

Тэмүүлэн хөөргийг буцаан хайрцганд хийгээд Учиралын хувцас хунартай хамт боож янзлан цүнхэллээ. Тэгээд хүүг дагуулан онгоцны буудал руу хөдөлцгөөлөө.

Тэмүүлэн зам зуур элдвийг бодож явав. Хүнд өвчтэй өнөө маргаашгүй амь дүйсэн хагалгаанд орох гэж байгаа ээж мөн эхнэр хүүхэдтэйгээ олон жилийн дараа уулзах гэж байна. Тэгээд дөнгөж хоёр ой хүрч байгаа нялх хүүхэд тэвэрсээр гэртээ орно. Амьдрал нь хэрхэн үргэлжлэх өөрт нь юу тохиолдохыг тааж хэлэхэд даанч бэрхтэй байв. Очоод шууд Халиунаагийн гэр лүү ярьж хүүхдийг нь өгөх гэхээр тэднийхийг сайн мэдэхгүй. Өөртэй нь холбогдчихвол дүүгийнх нь утсыг авч болох байв. Уг нь Цэлмэгтэй яривал бүх юм асуудалгүй, тэр энэ асуудлыг цэгцлэх ёстой. Гэтэл Тэмүүлэн яагаад ч юм Цэлмэгтэй холбогдож энэ талаар мэдэгдэхийг хүсэхгүй байв. Нэг бол Учиралд яг өөрийнхөө хүүхэд шиг дассандаа тэр байх, эсвэл Халиунаад дэндүү хайртайдаа ингэж шийдэж байж ч болох юм. Ямартай ч тэр Цэлмэгт Учиралтай хамт ирснээ хэлэхгүй байхаар шийджээ.

Ийнхүү элдвийг бодож явсан тэрээр нэг мэдэхэд онгоцны буудал дээр ирсэн байв. Онгоцны буудал руу орохоос өмнө Халиунаагийн утас руу дахин залгалаа бас л холбогдсонгүй. Түүнийг “яасан юм бол доо. Арай нөгөө Америк залуутайгаа янз бүр бололцчихоогүй байгаа, за арай үгүй байлгүй дээ, утсаа салгах хэрэг гарсан юм байлгүй, гэхдээ ийм удаан салгаастай байна гэж баймааргүй юм даа “ хэмээн гайхаж балмагдсаар онгоцондоо суухаар хилээр гарлаа. Аз болоход бичиг баримт, хүүхдийн асуудал дээр санаа зоволтгүй явсаар онгоцондоо суув.

Онгоц дээшлэн хөөрч, жил гарны өмнө учраа мэдэхгүй нялх амьтан ааваараа үдүүлэн, ээжээрээ тэврүүлсээр алс холын Америк орон луу явж байсан хүү өнөөдөр түүнийг хайрлан халамжлах болсон Тэмүүлэн аавынхаа хүзүүнээс булбарай зөөлхөн гараараа итгэлтэйгээр тэвэрсээр эх орны зүг хөлгийн жолоо заллаа.

Цонхны цаана цайран харагдах хязгааргүй хөх тэнгэр шиг үргэлжлэх түүний амьдралын их замд хэчнээн уул толгод, даваа гүвээ байгааг хэрхэн хэн хэлж мэдэх билээ. Ямартаа ч хайртай ээжээсээ улам холдон, холдож байгаагаа мэдсэн юм шиг түүний зүрх их хүчтэй цохилон булгилж байгааг Тэмүүлэнгээс өөр хүн анзаарахгүй байв.

 ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх