Сэтгүүлчид Татварын хуулийн шинэчлэлийн талаар сургалтад хамрагдлаа

2019 оны 11-р сарын 08 өдөр, 11 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
_MG_1700(2)

Монгол Улс ирэх онд татварын эрх зүйн шинэ орчинд шилжинэ. Шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор татвар төлөгчдөд шинэ хуулийг танилцуулах, хуулиар үүсч байгаа хөнгөлөлт, чөлөөлөлт, хариуцлагыг танин мэдүүлэх зорилгоор хуулийн сурталчилгааны ажлыг нэгдсэн байдлаар зохион байгуулах гэж байна. Энэхүү хууль сурталчлах ажлын эхлэл болгож хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдэд татварын хуулийн талаар нэгдсэн ойлголт өгөх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын эхний хэсэгт ТЕГ-ын дарга Б.Заяабал Татварын II шинэчлэлийн хүрээнд хийгдэж байгаа гол ажил, өөрчлөлтүүдийг танилцуулж, татварын албаны чиг үүргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сургалтад оролцож байгаа сэтгүүлчдийг төлөөлөн МҮОНТ-ын редактор А.Бүрэнбаатар ТЕГ-ын удирдлагуудтай ярилцлаа. Дараагийн хэсэгт ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал татварын шинэ хууль бизнес эрхлэгчдэд ямар давуу талыг бий болгож буй талаар, эдийн засгаа хэрхэн дэмжих талаар мэдээлэл өгөв. Энэ хэсэгт ТМЗН-ын татварын зөвлөх Ү.Галмандах бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон оролцов. Харин сэтгүүлчдийг төлөөлж МН25 телевизийн Мэдээний албаны дарга С.Насанжаргал хэлэлцүүлэг удирдав. Гуравдугаарт, олон улсын татварын харилцааны талаар мэдээлэл өгөх хэлэлцүүлгийн танилцуулгыг ТЕГ-ын ТУХАГ-ын дарга Ц.Энхжавхлан хийж, шинэ хуулиар хэрэгжүүлэх олон улсын татварын харилцааны туршлага, дүрэм журмуудын талаар тайлбарлалаа.Олон улсын татварын харилцааны чиглэлээр Засгийн газрын мэдээ сонины сэтгүүлч Б.Баяртогтох асуулт асууж хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн хэлэлцүүлгийг уг арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”-ны тэргүүн Т.Бүдээхүү “Тогтвортой хөгжил ба татвар” сэдвээр хөтлөн явууллаа. Түүний өгсөн гол мэдээлэл нь татварын хуулийн шинэчлэл нь тогтвортой хөгжлийн 4 зорилтыг дэмжсэн эерэг өөрчлөлт болсон талаар байв.

Сургалтад ТЕГ-ын газар хэлтсийн дарга нар болон 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

 Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх