Миний хүндэлдэг Ариунаа…

2019 оны 11-р сарын 07 өдөр, 12 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
75059933_2536170549804651_7527924174816280576_o

Дэрвэгэр богинохон хормойтой, цэцгэн хээтэй даашинзаар гоёсон бүсгүйтэй Сүхбаатарын талбай дээр танилцаж билээ. Хоёулаа л ажил руугаа гүйж явсан юм даг. Дэгжин гоё сийрсэн цүнх гартаа савчуулж, тас тас инээсэн цэл залуухан Ариунаа…1996 он. Хамтдаа “Ардын эрх” хүртэл алхаж, хамаг мөрөөдлөө ярилцан зам нийлсэн юм даг. Болгарт дуучнаар төгсөж ирсэн, томоос том мөрөөдөлтэй, гэхдээ өөрийнхөө мөрөөдөлд өрөөлийг эх оронтойгоо хамт багтаачихсан, дуулах дуу болгон нь утга болоод ухааралтай байгаасай гэж хүсдэг өөдрөг бүсгүй. Түүний анхны “Эрос 1” тоглолт жинхэнэ утгаар нь шуугиан тарив.

Шоу тоглолт гэж юу байдгийг харж, олон хүн нүд нээсэн дээ. Ариунаагийн дуунууд өөлөх нэгээхэн ч өө үгүй, уран бүтээлийн хувьд тулсан шийдэл, өнгө будагтай байдаг. Тоглолтууд нь гэнэтийн сюрпризээр дүүрэн. Ярилцлагууд нь сэтгэл хөдлөл, эрчим хүч, илэн далангүй чөлөөт нислэгээр баян. Хувцаслалт нь үнэндээ л үүнээс цаашгүй…Зоримог шийдлүүд, эрсдэлтэй алхмууд…монголчууд анх удаа тайзан дээр дотуур хувцастай гэмээр хагас нүцгэн гоо сайхантай нүүр тулсан. Дуулах, бүжиглэхийг дуртай үедээ чадмаг хослуулж, хөдөлгөөнгүй, хөшүүн Монголын эстрад урлагт эргэлт авчирсан. Түүнээс хойш 33 жил өнгөрчихөөд байхад Ариунаагийн хэмжээнд дуулангаа хачин донжтой халуун цочмог бүжиглэчихдэг, тайз тоглолт хоёроо утгаар нь урлагийн сүм болгон хувиргадаг хүн залуу хамтлаг дуучдын дундаас ч төрсөнгүй. Юу үнэн. Энэ үнэн. Өндөр өсгийт дээр яаж тэгж ганган гоё эргэлддэгийг би бол төсөөлж ч чаддаггүй. Заримдаа үнэнийг хэлэх сайхан байдаг.

Тайз, гэрэл, үзэгчид, дуу, бүжиг…бүгдтэй нь харьцаж, уусч, нэгдэж чаддаг…16 нас…Үггүй мордсон чи минь…Уруулын хээ…Чи минь…Нарны хаан хүүхэд…Санааны чимээ…нэг байтугай үеийнхний аялж өссөн дуунууд…Энд “Хөх Монголын үр сад” дууг нь зориуд онцлоё. Муухан түүхэн киноноос илүү энэ дууныхаа клипийг хэд хэдэн телевизээр нэг өдөр нэг цагт цацаж, монголчуудын омог бахархлыг хэрэгтэй үед нь сэрээж чадсан санагддаг. Ариунаагийн хоёр том чанарыг би хүндэлдэг. Олны нүдэн дээр амьдардаг дуучид хувийн амьдралаа тайзтайгаа хольж хутган шоудаж, урлагийг гал тогооны алчуур, тасалбар зарах хэрэгсэл, рейтингээ барих арга болгох нь олон. Харин Ариунаа энэ зааг хязгаар дээр зогсож, хувийн амьдралаа эрхэмлэн авч үлддэг, мэргэжлийн тайзыг зохих төвшинд нь өргөж чаддаг дуучин. Энэ бол өнгө мөнгөний орчлонд ховор сайхан чанар. Тийм ч болохоор нандин эрхэмсэг эмэгтэй. Бас нэг сайхан чанар нь байнга олны анхаарлыг өөртөө татаж, болсон болоогүй дуу улиг болтол дуулж, тайз болоод урлагт мөнх ноёлох гээд чанартай чанаргүй үйлдвэрлэл эрхлээд байдаг дуучдаас эрс өөр. Дуулах цагтаа дуулсан шиг дуулна, хийсэн шиг хийнэ, шуугиулсан шиг шуугиулна. Бусад үед эгэл амьдралаа хөөж, салбар нэгтнүүддээ, залуу үед орон зай, боломж үлдээдэг. Энэ хоёр чанарыг нь он жил өнгөрөх тусам улам л үнэлдэг болоод байгаа. Зарим хүмүүс өөрийгөө л зарлах гэж тоглолт хийдэг бол Ариунаа урлагийг тунхаглах гэж, урлагт хэрэгтэй үед нь гишгүүр шат болох гэж, ард түмэндээ үзэл санааны үр хүртээх гэж зорьж тоглодог. Энэ удаа ч бас өөрийн тоглолтоороо “Тэнгэр шиг бай, тэнгэрлэг мөрөөдөлдөө эзэн бай” хэмээн энэ цагийн залуусыг уриалж байна. Ариунаа маань тоглолтоо хийх нь. Магадгүй олон жилийн дараа…цэцгэн хээтэй богино даашинзтай бүсгүй мөрөөдөлдөө эзэн болжээ. Түүний гялалзсан, гайхшруулсан, хором болгон нь шок, агшин болгон нь гэнэтийн тоглолтыг дахиад хэдэн жил хүлээхийг хэн мэдлээ?

Эмүжин

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх