Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 6-р хэсэг

2019 оны 11-р сарын 05 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Цэлмэг хагас бүтэн сайны амралтаа тааруулаад эхнэр хүүхдүүдээ салхинд гаргаж, хоёр хоног гэр бүлээрээ амарч байгаад ирэхээр шийдлээ. Хотоос зүүн тийшээ холгүйхэн найзынх нь “Сэрүүн хад” амралтын газар бий. Тийшээ хоёр хоног амраад ирэх замдаа эхнэртээ нөгөө худалдаж авсан эмчилгээ, сувиллын газар барих зориулалттай газраа ч бас үзүүлэх бодол байв.

Цэлмэгийн ажил төрөл амжихгүй, Сарнай нялх хүүхэдтэй хол явж чадахгүй суусаар тэр хоёр өнгөрсөн өдрүүдэд тийшээ очиж үзээгүй ажээ. Тэд хотоос гарахын өмнө ойр зуурын зүйлс худалдан авахаар дэлгүүр орлоо. Сарнай хүүхдээ тэврээд машиндаа сууж байя, Цэлмэгийг дэлгүүрт ороод хэрэгтэй юмаа бэлдээд аваад ирэх үү гэж асуухад, Цэлмэг,

–Миний хань юм авахдаа надаас илүү сонголт сайтай шүү дээ, хоёулаа хамтдаа оръё гэсээр Цэлмэг Анужинг тэвэрч, ( Анужин тэдний шинэ төрсөн охины нэр) Сарнай Чингүүныг хөтөлсөөр худалдааны төв рүү орцгоолоо.

Тэд хоёр хоног хэрэглэх хангалттай хүнс болон бусад зүйлсээ цуглуулаад төлбөрөө бичүүлэх санаатай үүд рүү дөхөж явтал, урт цагаан цув өмссөн өндөр хүүхэн тэдний хажуугаар зөрөх гэснээ Цэлмэгийг хараад зог тусав. Энэ үед Цэлмэгийн нүүр нэг л хачин “хувхай” цайн, гэм хийсэн мэт сонин царайлсныг Сарнай ажиглаж амжлаа. Нөгөө хүүхэн Цэлмэгтэй мэндчилээд, Сарнайг нэг л донжтой хүйтэн өнгөөр ширвэж харснаа цааш яваад өгөв.Сарнай гайхсан янзтай нөхрөөсөө,

-Энэ ямар учиртай хүүхэн бэ, гэж асуувал, Цэлмэг сандарсан өнгөөр хоолойгоо зассанаа,

-Таньдаг л хүн байна, гэж хэлээд юу ч болоогүй мэт тэрэгтэй бараагаа түрсээр цаашлангаа,
-Миний хань энэ юмнуудаа бичүүлчих, би хоёр хүүхдээ аваад, цаашаагаа гарч байя, гэж хэлээд түрүүлэн гарлаа. Тэрээр Сарнайг авсан юмаа бичүүлж байх хооронд “Өст хүн өлийн даваан дээр” гэгчээр энэ Халиунаагийн найз Болороотой энд таараад байхдаа яах вэ дээ. Сарнайгаас хэчнээн санаа зовов оо, Халиунааг асуугаад унах вий дээ гэхээс ёстой “яс хавталзаж” байлаа. Юм ер нь яахаараа ийм хачин байдаг байнаа. Тааралдахгүй юмсан гэсэнтэйгээ таарч, уулзахгүй шүү гэсэн хүнтэйгээ учирч байдаг, хяслантай хорвоо шүү гэж бодох зуураа, сая л нэг санаа нь амарсан бололтой, нэг гартаа барьж байсан охиныхоо алчуураар хөлсөө арчин эхнэрээ хүлээн зогслоо.

Сарнай авсан юмнуудаа бичүүлж дуусаад Цэлмэгт өгөхөд тэрээр охиноо Сарнайд өгөөд юмнуудаа зөөж машиндаа ачлаа. Тэгээд замдаа гарахаар машинаа асаан хөдөлцгөөлөө.
Зам зуур явж байхдаа охин нь агаарт гараад таатай сайхан байгаа бололтой, ээжийнхээ өвөр дээр тайван унтана. Сарнай харин нүднийх нь өмнө жирэлзэн өнгөрөх замыг ширтэнгээ бодол болж явав. “ Ингэхэд саяны хүүхнийг хараад Цэлмэг ямар айхавтар сандарсан бэ. Ер нь ямар учиртай юм бол, түрүү жилийн явдлаас хойш янз бүрийн юм дуулдаагүй л юмсан уг нь. Зүгээр таньдаг хүнээ хараад ингэтлээ сандармааргүй юм аа. Тэр хүүхэн ч гэсэн надруу хүйтэн ширүүн харцаараа “хайраад” өнгөрөх шиг болсон. Зөрөөд өнгөрөхийн хооронд тэгж эгдүүцэл дүүрэн харах ямар шалтгаан байна. Цэлмэг ер нь надаас нэг л юм нуугаад байна даа гэж бодох зуураа, түрүүний хүүхэн ямар учиртай юм бэ гэж дахиж асуумаар байсан ч, дэмий юм олон дахин асуулаа гэж нөхөр нь дургүйцэнэ гэдгийг нь мэдэж байгаа болохоор дуугүй л байлаа.

Мөн Цэлмэг сүүлийн үед гэртээ орж ирэнгүүтээ л гар утасныхаа дууг хаачихдаг болсон, эсвэл утсаа унтраачихна. Хэн нэгэн хүн залгах вий гэж санаа зовоод ч байгаа юм шиг. Уг нь түрүү жилийн явдлаас хойш янз бүрийн юм дуулдаагүй л юмсан. За гайгүй байлгүй дээ, орой үдэш ямар хонон өнжин гэртээ ирэхгүй алга болоод байгаа биш. Нөгөө хүүхэн нь ч жилийн өмнө тэгсгээд ажлаасаа гараад холдоод явчихсан гэсэн. Өөр янз бүрийн асуудал гаргаагүй байлгүй дээ хань минь, ийм дэмий юм бодоод ч яах вэ дээ, нээрээ одоо очиж үзэх гэж байгаа газар маань ямаршуухан юм бол доо гэж бодох зуур аав ээжийнхээ бодлыг сарниулах гэсэн мэт арын суудал дээр сууж явсан Чингүүн

– Ааваа, бид нарын очих газар тоглох хүүхдүүд байгаа юу гэж асуухад, Цэлмэг

-Байгаа байхаа миний хүү, найзуудтайгаа тоглоорой за юу, гэхдээ бас жаахан дүүгээ ээждээ харалцаж өгөхөө мартав аа гээд инээхэд Чингүүн,

-Ааваа би дүүгээ харж чадахгүй шүү дээ, харин дүүдээ сүүг нь л өгч чадна гэж хэлэхэд , тэд инээлдэж Сарнай, -Тэгвэл миний хүү дүүдээ сүүг нь л өгөөд л хараад сууж байгаарай, аав ээж хоёр нь жаахан тоглож байгаад ирнэ гэхэд Чингүүн энэ хоёр юу яриад байгаа бол гэсэн янзтай тэднийг гайхсан өнгөөр ээлжлэн харангаа,
-Айн, айн гэж дахин, дахин асуухад Цэлмэг, Сарнай хоёр бие биенээ харан жуумалзан инээж хүүгээ өхөөрдөн үнслээ.

Тэднийг ингэж хөгжилдөн явах зуур Америкт мөн Тэмүүлэн, Учрал, Халиунаа гурав гадуур зугаалан явж байв. Далайн эргээр хамтдаа алхаж, амттан идэнгээ хөгжилдөн зугаацаж явав. Хүүхдийн тоглоомын газраар ч амжиж орцгоолоо. Тэмүүлэн, Халиунаа Учирал хоёрыг баярлуулах гэж хэрэндээ л хичээж явна.

Тэрээр Учиралыг гар дээрээ өргөн, тэврэх үедээ тэвэрч, тэргэн дээр нь суулгах үедээ суулган, унтуулж амраан яг л эцэг нь юм шиг халамжилж байв.

Ойрын хэдэн жил гэр бүлийнхэнтэйгээ гадуур зугаалж, ингэж хөгжилдөөгүй болохоор үнэхээр сайхан санагдаж сэтгэл нь хөөрч явлаа. Халиунаа харин эсрэгээрээ наанаа аз жаргалтай байгаа дүр эсгэсэн ч цаанаа бол Цэлмэгийг бодсоор л явна. “Цэлмэг өдийд юу хийж байгаа бол, өчигдөр гар утас руу нь залгахад яагаад утсаа авахгүй байсан юм бол.Уг нь гэртээ биш ажил дээрээ л байсан баймаар юм. Ойрын хэдэн өдөр ерөөсөө утсаа авахгүй юм. Намайг ер нь энэ найздаа эхнэр болгохоор шийдээд ярилцаж тохироод явуулсан байх. Гэтэл би гэдэг хүн шал өөр юм бодоод л ирж байдаг. Гэхдээ арай л үгүй баймаар юм аа, Тэмүүлэн тэгвэл хүний газар надтай шал өөрөөр харьцах ёстой.

Гэтэл тийм биш сэтгэлээрээ л байгаа шүү дээ. Надад сайн хандаж буй хүмүүсийг би хэтэрхий муу санаа гарган гомдоож болохгүй. Цэлмэгийг утсаа авахгүй хэд хоночихлоор л элдвийн юм бодогдоод болохгүй юм. Миний нөгөө бардам, өөртөө итгэлтэй, хийе гэснээ хийдэг, нүүрэмгий цог золбоотой зан, ингэхэд ер нь хаачсан юм бол, нэг л хүний аясыг харсан, өрөвдөлт нэгэн болж. Энэ таньж мэдэхгүй газар оронд ирснээс хойш ийм болчихов уу, эсвэл хүүгээ төрүүлсэнээс хойш ийм хүлээцтэй, тэвчээртэй болчихсон юм уу.

Үгүй тэгээд тэвчихгүй байна гээд ч яах билээ дээ. Нэгэнт л өөрөө л ийм замыг сонсгосноос хойш гэж элдвийг эргэцүүлэн бодож явав.

Тэр гурав нэлээн явсны эцэст гэр лүүгээ дөхөн цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо байдаг нэгэн хоолны газар орж амттан авч идэхээр суув.
Тэмүүлэн Халиунаагаас юу захиалахыг нь асуугаад захиалгаа өгөхөөр явлаа. Учирал хүү өдөржин гадуур явсан гэхэд ямар ч ядарсан шинжгүй ээжийнхээ өвөр дээр эрхлэн “цогино”.

Халиунаа “Тэмүүлэн миний хүүд их сайн юмаа, хүүхдүүдээ санадаг байх. Тэгээд л ингэж сүйд болдог байх даа. Хүүхэд авах, халамжлахдаа ч надаас хамаагүй дээр, гурван хүүхдийн эцэг гэсэндээ шал өөр юмаа” гэж бодон суутал Тэмүүлэн ирлээ. Тэмүүлэн,

-Амттанаа захиалчихлаа, удахгүй ирэх байхаа, чи өлсөж байна уу гэж Халиунаагаас асуувал, Халиунаа,

-Үгүй ээ, түрүүхэн хоолонд орсон юм чинь юундаа өлсөх вэ, гайгүй байна. Харин Учирал л мөөмөө идэх гээд байх шиг байна, энгэр лүү дайраад байх юм гэхэд Тэмүүлэн,

-Хоёулаа юм аа идчихээд хажуугийн хүүхдийн дэлгүүрт оръё тэнд хүүхэд хөхүүлдэг амралтын өрөө байгаа. Чи тэнд сууж байгаад Учиралыг сайн хөхүүлчих. Тэгээд орой ч болж байх шиг байна, гурвуулаа эртхэн гэртээ харья гэхэд Халиунаа,

-За тэгье, чи бид хоёрыг гадуур гаргах гээд хоёр өдрийнхөө ажлыг алдчихлаа шүү дээ, зүгээр үү, маргааш ажилдаа явах уу гэж нэлээн санаа зовсон байдалтай асуухад Тэмүүлэн,

-Зүгээрээ санаа зоволтгүй, угаасаа миний амралт таарч байгаа гэж өчигдөр чамд хэлсэн шүү дээ. Тэгээд ч та хоёрт хорогдоод ажилдаа ч явж чадахгүй байна гэж хэлэн инээхэд, Халиунаа түүнийг өөрт ийм дотно байдагт хааяа сэтгэл зовдог бөгөөд ярианы сэдвийг өөрчлөн,
-Ойрд чамтай Цэлмэг ярьсан уу, бүүр таг болчих юм аа, гэж нялх хүүхэд аавдаа эрхлэн тунирхах мэт хошуугаа “унжуулан” гомдлож байгаа юм шиг асуухад,

Тэмүүлэн дотроо “ер нь Цэлмэг ярихгүй байсандаа ч яах вэ дээ” гэж бодсон ч, бодлоо Халиунааг анзаарчих вий гэсэн шиг хэсэг чимээгүй болсноо,

-Надтай бас сүүлийн үед яриагүй ээ, гэхдээ хэд хоногоос ярих байлгүй дээ, санаа зовоод яах вэ хө, ирэх сард наашаа ирнэ гэсэн юм чинь зав нь болохгүй байгаа биз. Чи ер нь цаадахыгаа эхнэр хүүхэдтэй гэдгийг мэднэ биз дээ”гэж нэлээн ширүүхэн өнгөөр хэлчихээд, араас нь баахан санаа зовж суув. Халиунаа,

-Мэднэ ээ, тэглээ гээд яах билээ дээ. За энэ ч яах вэ, цаадах чинь ярих байлгүй дээ гэж хэлсэнээ, хүүдээ хандан, “тийм ээ миний хүү, миний хүүгийн аав чинь мундаг залуу байгаа юм гэж хэлээд хүүгээ өхөөрдөн үнслээ. Тэр хоёр ийнхүү ярьж суухдаа ширээн дээр авчирч тавьсан тавагтай жимсний бялуунаас авч иднэ.

Тэмүүлэн түрүүний хэлсэн үгээ бодон “мэдсээр байж дэмий ч юм хэлчихэв үү дээ гэж санаа нь зовсноо, манай Цэлмэг нэрээ айхтар залуу шүү. Хажуудаа сайхан эхнэртэй, энд бас нэг залуу бүсгүй хүлээгээстэй, азтай ч юм уу гэж бодсоноо, миний гурван хүүхэд ч гэсэн аавыгаа үгүйлээд хэцүү байдаг байх даа гэж бодох зуур сэтгэлийнхээ буланд нуугдсан хөндүүр шархыг сэдрээчих шиг санагдахад тэндээс яаран босч гарахаар шийдлээ. Тэр гурав замаараа Учиралыг хөхүүлээд гэртээ харихаар шийдэв.

Халиунаа Учирал хоёр өдөржин гадуур явсандаа нэлээд ядарсан байв. Тэгээд эртхэн унтаж амарлаа. Тэмүүлэн усанд орчихоод гараад иртэл тэр хоёрын өрөө гэрэлтэй, хаалга нь онгорхой байхаар нь сайхан амраарай гэж хэлэх санаатай шагайтал Халиунаа хүүгээ хажуудаа тэвэрсэн чигээрээ нам унтаж байв. Тэмүүлэн “энэ хоёр маань өнөөдөр нэлээн ядарч дээ” гэж өөрөө өөртөө хэлэх мэт аяархан амандаа бувтнаад, тэдний өрөөнд орж Учиралыг дэрэн дээр нь эвтэйхэн хэвтүүлэнгээ, хацар дээр нь яг л хүүгээ үнсэж байгаа мэт тийм сэтгэлээр зөөлхөн үнэрлэв.

Тэгээд Халиунааг хөнжлөөр нь хучиж өгөөд, түүнийг хэсэгхэн хугацаанд харж зогссоноо духан дээр нь аяархан үнсэж орхилоо. Халиунаа дургүйцсэнгүй бас хөдөлсөнгүй. Унтаж байсан болохоор түүнийг үнсэхийг мэдээгүй байж болох юм. Эсвэл мэдсэн ч энэ нь тааламжтай байсан болохоор чимээгүй байхаар шийдсэн үү , бүү мэд. Ямартаа ч Тэмүүлэнд тэр хоёрыг үнсээд гарах нь маш тааламжтай байв. Тэрээр тэдний өрөөний гэрлийг унтраагаад, сэрээчихгүй юмсан гэсэн шиг зөөлөн зөөлөн алхалсаар гарч явлаа.

Америкийн Иллиноус мужийн Арлингтон Хайтс хот. Тэндээс машинаар Чикаго ороход ердөө дөчин таван минут зарцуулдаг аж. Цаг агаарын хувьд зуны эхэн сар хэдийн гарчихсан байхад зөөлөн сэвэлзүүр салхитай сэрүүхэн байх бөгөөд Монгол орны цаг агаар, уур амьсгалтай тун төстэй санагдсанд Халиунаад тааламжтай байв. Учирал ч орчин тойрондоо хэдийн дасжээ. Тэмүүлэн урьдын адил “Трак” нэртэй том машинаа унаад долоо хоногийн таван өдөр нь алс замд гарч ажлаа амжуулсаар явна.

Тэмүүлэнг эзгүйд Халиунаа бүх зүйлсийг өөрөө зохицуулж байгаа болохоор, дэлгүүрээр явж хоол хүнсээ цуглуулах, хүүхдээ агаар салхинд гаргах гээд бүгдийг л ганцаараа амжуулж байв. Ингэж явах үедээ гэрийнхээ ойролцоо амьдардаг хэд хэдэн монголчуудтай тааралдаж, хэзээний сэргэлэн зангаараа найз нөхөд болоод амжжээ.

Тэдний зөвөлсөнөөр, мөн Тэмүүллэнтэй ярилцсаны эцэст Халиунаа хүүгээ цэцэрлэг, яслид өгөөд өөрөө ажил хийхээр шийдэв. Учирал ирэх долоо хоногт зургаан сар хүрэх ажээ. Хүү нь гэртээ чөлөөтэй мөлхөж, юм түшээд ганцаараа зогсож чаддаг болсонд хүүгээ хараад Халиунаа өхөөрдөн эрхлүүлж, улам их хайр хүрч, сэтгэл нь өдөр ирэх тусам сайхан байгаа ч, удахгүй ирнэ гэж хэлчихсэн байж, худлаа яриад, хэл чимээгүй алга болсон Цэлмэгийг бодохоос гомдол, цөхрөл зэрэгцэж байв.

Харин тав хоног ажлаар яваад Учирал тэр хоёрт яаран тэмүүлсээр ирэх Тэмүүлэнг хараад хичнээн хайр сэтгэлийн холбоогүй ч сэтгэл нь догдлон гэр дүүрээд ирэх шиг бодол нь цэлмээд ирдэг байв.

Одоогоор Тэмүүлэн замд яваа бөгөөд, хоёр хоногийн дараа гэртээ харина. Халиунаатай хэдийгээр ойртон дотносож, нэг оронд орж чадаагүй ч, яг л эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаа юм шиг түүнд санагдах болжээ . Гэр лүүгээ тэр хоёртоо яарч, ирэх замдаа дуртай юмыг нь худалдан авч орно. Халиунаа ч энэ бүхэнд дургүй биш байв. Нөхрөө халамжилж буй мэт замд гарахад нь тав хоног хэрэглэх бүх л хоол хүнсийг нь бэлдэж өгнө, тэгээд аль болох замдаа ядрахгүй, амарч явахыг захина.

Тэмүүлэн ирэх долоо хоногоос өөрийнхөө нэр дээр Учиралыг яслид өгөхөөр ярьж тохирчээ. Яг өөрийнхөө хүүг ясли, цэцэрлэгт явуулах гэж буй мэт сэтгэл нь догдлон, “хүү яслид яваад уйлах болов уу, багш нартайгаа хэр дасах бол. Хоол, сүүг нь гайгүй сайн өгөх байгаа, за гайгүй байлгүй дээ, эндхийн хүмүүс хүүхдүүдэд анхаарал халамж тавихдаа сайн, тэгээд ч хүүхдийн асуудлыг бол нэг номерт тавьж үздэг хойно санаа зовоод байх хэрэг байна уу ” гэх зэргээр цаг үргэлж Учиралын талаар бодон замын ихэнхийг туулж явлаа.

Учиралыг яслид өгчихвөл тэдний гэрийн ойролцоо амьдардаг, тэнд нэлээн олон жил болж байгаа Америк нөхөртэй Анхаа гэгч бүсгүй Халиунааг гоо сайхны газар ажилд оруулж өгч тус болохоо амлажээ. Халиунаа Тэмүүлэнг ирэхээр, ирэх долоо хоногоос хүүгээ яслид өгнө, өөрөө ч ажилд орно гэж бодохоор сайхан санагдаж дараа долоо хоногийг тэсэн ядан хүлээж байв….

—————–
Энэ үед Монголд Цэлмэг, Солонгосоос ирсэн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг “I & G “ группийн мэргэжилтнүүдтэй уулзалдан ярилцаж сууна. Тэд Монголын хорин нэгэн аймаг, сум, баг, хороодын гүний худаг болон, ус түгээх цэгүүдэд ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг цогцоор нь энэ ондоо багтаан суулгах талаар ярилцаж, тохиролцон ашигтай шийдвэрт хүрцгээлээ.

Цэлмэг уулзалт амжилттай дууссаны дараа хуралд оролцохоор ирсэн группийн гүйцэтгэх захирал болон төлөөлөгчдийг хоолонд оруулж буудалд нь хүргэж өгөөд нэлээн орой болсон хойно гэртээ харихаар явлаа.

Гэртээ ирвэл Чингүүн, Анужин хоёр унтчихсан, Сарнай түүнийг хүлээн сууж байв. Гаднаас орж ирэн гутлаа тайлж зогсоо Цэлмэгт хандан Сарнай,

-Миний хань яасан орой ирдэг юм бэ, за тэгээд, уулзалт нь амжилттай юу гэж асуухад, Цэлмэг Сарнайг тэврэн үнсэнгээ,

-Уулзалт амжилттай боллоо. Энэ ондоо багтаж дахин хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон гэж их л баяртай байгаа бололтой инээмсгэлснээ, хүүхдүүд унтчихсан юм уу гэж асуухад, Сарнай,

-Цаад хоёр чинь тоглож, тоглож саяхан унтсан. За ашгүй дээ ажил чинь бүтсэн бол, хөрөнгө мөнгөнөөс илүү, олон аймаг, сум, баг цэвэршүүлсэн цэвэр усаа худгаас авч ууна гэдэг сайхан хэрэг. Эрүүл мэндэд ч тустай хамгийн наад захын асуудал энэ байсан, бас дэлгүүрээс савласан цэвэр ус худалдаж авахгүй, гэртээ тусгай ус цэвэршүүлэгч хэрэглэхгүй амар болох нь тэр. Миний ханийн ажил зөвхөн мөнгө төгрөг олох биш, буянтай сайн үйл хэрэг болж байгаа. Ажил нь бүтэмжтэй байгаад баяртай байна, мундаг шүү гээд нөхрийнхөө хацар дээр нялх хүүхэд эрхлүүлж буй мэт өхөөрдөн үнслээ.

Цэлмэг их л тааламжтай байгаа бололтой инээснээ,
-Харин тийм ээ, тоног төхөөрөмжийг яаж суурилуулах, төхөөрөмж хэрхэн тараагдах гээд танилцуулгыг сайн хийж чадсаны хүчинд, урьдахаасаа арай хямдаар, илүү чанартайг олноор оруулж ирэх албан ёсны гэрээ хийгдсэн.

Сайхан байна аа,… За, хань нь гараа угаачихаад, хүүхдүүдээ дээрээ очъё, хоёр “зулзагыгаа” санаж байна гэж жигтэйхэн гэсээр ариун цэврийн өрөө лүү явахад, Сарнай,

-Гарч ирээд миний хань хоолоо идээрэй, би одоохон бэлдээдэхье гээд цааш эргэхэд Цэлмэг,

-Ханиа би хоол идэхгүй ээ, түрүүнд нөгөө хэдтэй хоолонд орчихсон. Хүүхдүүдээ үнсчихээд эртхэн унтаж амарлаа. Өглөө эрт ажилтай, өнөөдөр нэлээн ядарлаа гэхэд нь, Сарнай,

-Аан за тэг дээ, би ороо засъя гэсээр унтлагын өрөөндөө орлоо.

Цэлмэг гар, нүүрээ угаагаад хүүхдүүдийнхээ өрөө рүү орвол Чингүүн, Анужин хоёр аавыгаа орж ирэхийг мэдэх шинжгүй тааваараа унтаж байв. Цэлмэг хүүхдүүдээ үнсээд, унтлагын өрөөндөө орж унтахаар хэвтлээ. Тэрээр нэлээн ядарсан тул Сарнайг орж ирэхийг ч мэдэлгүй нам унтсан байв.

Сарнай нөхрийнхөө хувцсыг эмхлэн суух зуураа, гар утасных нь цэнэг дуусаж байгаа дохио өгөхөд утсыг нь цэнэглэхээр өмднийх нь халааснаас гар утсыг нь авав. Санамсаргүй утсыг нээж үзтэл нэг дугаараас маш олон удаа залгасан байв. Дугаарыг нь сайн ажиглан харвал холын дуудлага бололтой. Холоос дуудлага ирж байхад яагаад аваагүй юм болоо гэж гайхан мессэж рүү нь орж үзвэл нөгөө залгасан дугаараас зөндөө олон мессэж ирсэн байв.

Сарнай мессэжүүдийг үзээд нүдэндээ ч итгэсэнгүй, амьсгал нь давхцан, хурдан хурдан гүйлгэн уншиж байлаа.

“Хайрт минь яагаад утсаа авахгүй байгаа юм бэ. Учиралын зургийг үзсэн үү, хүү минь улам л хөөрхөн болоод байгаа. Бид хоёр чамайг ирэхийг тэсэн ядан хүлээж байна. Утсаа авахгүй, ярих ч үгүй болохоор чинь элдвийн юм бодогдоод хэцүү байна…..” гэсэн үгтэй өчнөөн мессэжүүд,

Сарнайн хоолой зангирч хоёр нүдийг нь бүрхсэн нулимс өөрийн эрхгүй хэмжээ хязгааргүй мэт хацрыг нь даган урсаж эхлэв. Юу унших нь энэ вэ,…. Гомдож хорсон, уурлаж бачимдсандаа Сарнай Цэлмэгийн “улаан” нүүрийг самардан зулгааж, хоолойг нь багалзуурдмаар, үс гэзэгнээс нь зулгаан сэгсчмээр, орилж хашхиран гүймээр санагдсан ч тэгж чадсангүй.

Зөвхөн учраа олохгүй өч төчнөөн бодол толгойд эргэлдэхэд, нулимсаа арчингаа гар утсанд нь ирсэн мессэж бүрийг дахин, дахин уншиж суув. Хэсэг суусны дараа Цэлмэгийн утсыг орлуу нь чулуудчихаад өрөөнөөс гарлаа.

Хувцсаа өмсөөд гадагшаа агаарт гарч алхмаар, гүнзгий амьсгаа авмаар, хэн нэгэн дээр очмоор байсан ч унтаж байгаа хүүхдүүдээ орхиод гарч чадсангүй. Тэднийгээ сэрээчихвий дээ гэж санаа зовсондоо ариун цэврийн өрөөнд орж хаалгаа дотроос нь түгжээд, бие засах суултуур дээр лаг хийн сууж мэгшин уйллаа.

Сарнай хэзээ дахин тайвшрах, хэдий болтол энэ бүхэн үргэлжлэхийг хэн ч үл мэднэ. Тэр тусмаа юу ч болоогүй мэт халуун хөнжил дотроо тайван амгалан унтах Цэлмэг бүүр ч мэдэхгүй, мэдэх сөхөө ч үгүй унтаж байлаа.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх