БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Өмнөговь аймагт ажиллалаа

2019 оны 11-р сарын 04 өдөр, 13 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73413136_555258271969958_185751155094061056_o

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг 11 дүгээр сарын 02-03-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллав.

Өмнөговь аймгийн хувьд 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарлаж, салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд анхаарч, ахиц дэвшил гаргаж чадсанд БСШУС-ын сайд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багшийн хөгжлийн ордон, орон нутгийн санхүүжилтээр Хөгжимт жүжгийн театр, Аймгийн музейн шинэ барилга зэрэг соёл, боловсролын томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлжээ. Эдгээр барилгууд 2020 онд ашиглалтад орсноор говь нутгийнханд үзүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмж мэдэгдэхүйц нэмэгдэх юм. “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд тус аймгийн 14 сум шинэ унаатай болсон байна.

Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт болсон салбарын ажилтан, албан хаагчдын уулзалтад тус аймгийн 29 цэцэрлэг, 22 сургууль, соёл урлаг, спортын 20 гаруй байгууллагын удирдлага, төлөөлөл болсон 400 орчим хүн оролцов. Сайд Ё.Баатарбилэг салбарын хэмжээнд 2019 онд тавьсан гурван зорилтын хэрэгжилтийг тайлагнаж, яамны бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Нансалмаа нар оролцож, байгууллага, иргэдийн асуултад хариуллаа.

Томилолтын бүрэлдэхүүн Даланзадгад хотод хэрэгжиж буй салбарын зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, Биеийн тамир, спортын газрын авто машин, зарим техник, тоног төхөөрөмжийг ирэх оны төсөвт суулган шийдвэрлэхээр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх