Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 5-р хэсэг

2019 оны 11-р сарын 04 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Сарнай сүүлийн үед нөхөр нь байнга эрт ирж, өөрт нь болон бас хүүхдүүдээ цаг зав гаргаж байгаад сэтгэл дүүрэн сайхан байв. Тэрээр энэ жилдээ багтаж охиноо ой хүрэхийн алдад ажилдаа орох бодолтой байгаа. Уг нь бол эх барих, эмэгтэйчүүдийн эмч хүн. Гэсэн ч сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ ажиллаагүй. Учир нь том хүүгээ гаргаад хоёр жил шахуу гэртээ суусан. Ажилдаа орохыг хүсэж байсан ч Цэлмэг; “хүү маань хэтэрхий бага байна, ядаж хоёр ой хүртэл нь хүүгээ өөрөө харж байсан нь дээр” гэж зөвлөсөн болохоор үр хүүхдээ өсгөх, гэр зуурын ажлаа амжуулах гээд арын албанд зүтгэх болсон.

Мөн тэднийх түрүү жил шинэ байранд орсон болохоор гэрийнхээ доторх тавилгыг өөрчлөх, засал чимэглэл хийх, янзлах, тохижуулах гээд ажил ихтэй байв. Тэгээд одоо л ажилдаа орно доо гэж бодож байтал дахин жирэмсэн болж, охиноо төрүүлсэн нь энэ. Ингээд л ажилдаа яаран орох бодол нь нэг хэсэгтээ замхарсан гэж хэлж болно. Харин сүүлийн үед сэтгэл санаа тогтвортой байгаа болоод ч тэр үү ажилдаа хурдан орохыг хүсэх болжээ.

Хамт олонтойгоо байна гэдэг сайхан. Тэднийхээ дунд инээж хөөрч, зовлон жаргалаа ярьж, амьдралын өрнөл дунд сэтгэлээ хөглөж явах шиг жаргал гэж юу байх билээ. Тэгээд эмэгтэйчүүдийн эмч байна гэдэг үүрэг хариуцлага өндөртэй ч бүсгүйчүүдийн баяр гунигийг хуваалцсан, тэдэнд туслах боломжтой сайхан ажил.

Охиноо хэдэн сар харж байгаад ой хүрэхийн алдад яслид эсвэл цэцэрлэгт өгөөд намраас ажилдаа оръё гэсэн бодолтой байгаа. Энэ бодлоо Цэлмэгийг орой ажлаас нь ирэхээр хэлдэг юм билүү гэж бодож суулаа. Түүний бодлыг сарниах гэсэн мэт охин нь сэрж уйлахад охиноо тэвэрч, аргадан хөхүүлээд, хувцаслан салхинд гарч жаахан суухаар гадагшаа гарлаа. Цас ханзарч хаврын урь хэдийнээ орсон нартай дулаахан, сайхан өдөр байв.

Тэрээр байрны хажуугийн цэцэрлэгт охиноо тэврэн сууж байтал утас нь дуугарлаа. Цэлмэг залгаж байна.
-Байна уу, та хоёр минь юу хийж байна даа, хаана байгаа юм? гэхэд Сарнай,

-Охинтойгоо гадаа цэцэрлэгт сууж байна аа, чамаар минь сонин юу байна даа, ажил нь гайгүй юу? гэж асуухад, Цэлмэг

-Гайгүй ээ, ханьдаа дуулгах сайхан мэдээ байна. Нөгөө чиний захиад байсан газар чинь бүтсэн шүү. Өнөөдөр гэрчилгээг нь авчихлаа. Яг Тэрэлж явах зам дагуу, модтой, устай сайхан газар байгаа. Ашгүй хурдан бүтчихлээ гээд ихэд баяр хөөртэй дуулгахад, Сарнай,

-Тийм үү. Ямар сайхан мэдээ вэ, баярлалаа хань минь, чи минь мундаг шүү гэж хэлэхдээ их л сэтгэл хангалуун байгаа нь царайны өнгөнөөс нь мэдэгдэж байв. Цэлмэг,

-Харин тийм ээ, чи минь одоо нөгөө мөрөөдөд байсан сувиллын газраа байгуулж болох нь байна шүү дээ. Эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан эмчилгээ сувиллын газартай болохсон гээд л яриад байсан. Одоо эхнээсээ бүтэж эхэллээ. Зунаас барилгын ажлаа эхлүүлсэн ч болно. Газраа шийдчихнэ гэдэг чинь том ажил шүү дээ. Тэр хавиар хэр баргийн газар олдохгүй байсан юм. Нөгөө газрын албаны Цэрэн овоо тус боллоо хө, би чинь ханийгаа дэмжинэ шүү гэж ирээд л өөртөө их л итгэлтэй дуугаар хэлж инээхэд нь Сарнай,

-Чи минь намайгаа дандаа л баярлуулж байдаг, баярлалаа хайрт минь, би чамтай угаасаа өнөөдөр ажил төрлийн талаар ярина даа гэж бодож байсан юм. Цэлмэг,

-Аан тийм үү, ямар ажил төрлийн талаар билээ. Миний ханьд тийм чухал ямар ажил гараа вэ? гэж гайхсан өнгөөр асуухад нь Сарнай,

-Охиноо хэдэн сар харж байгаад овоо болоод ирэхээр нь яслид өгөх эсвэл хүнээр харуулаад ажилдаа ордог юм билүү гэж хэллээ. Цэлмэг,

-Аан, тэр яахав дээ. Яваандаа болох биз, юундаа яарах вэ, орой очиж байгаад хоёулаа тухтай ярилцъя, охиноо дааруулав аа, эртхэн гэртээ ороорой миний хань ,..гэхэд нь Сарнай,

-За тэгье дээ, гадаа дулаахан байна, ингэсгээд гэртээ орноо. Чи минь орой эрт ирэх үү? гэхэд Цэлмэг,

-Өнөөдөр ажил нэлээн ихтэй байгаа. Яаж ч магадгүй, за баяртай, үнсье гэсээр утсаа салгалаа.

Цэлмэг уг нь барилгын инженер мэргэжилтэй хүн. Гэсэн ч сүүлийн хэдэн жил найзуудтайгаа нийлээд гадаадын хөрөнгө оруулалтаар “I & G “ нэртэй компани байгуулан ажиллаж байгаа. Тус компани нь “magic water” буюу шидэт ус төслийн хүрээнд ус цэвэршүүлэх төхөөрөмжийг гаднаас олноор оруулж ирэн айл гэр, албан байгууллагуудад суурилуулах ажлыг голчлон гүйцэтгэдэг аж.
Ойрын өдрүүдэд хөдөө орон нутаг, аймгуудын захиалга их байгаа болохоор ажил нэлээд өрнөх шинжтэй байв. Тэрээр хаагуур аль аймгаар захиалга ихтэй байна гэдгээ харж, төлөвлөн сууж байтал гар утас нь дуугарав.

Холын дуудлага… Америкаас залгаж байв.

-Байна уу, би Халиунаа байна аа…Цэлмэг,

-Байна, за та хоёр дажгүй юу, сонин юу байна даа. Халиунаа,

-Бид хоёр дажгүй ээ, хайрт минь чи яагаад над руу залгахгүй байгаа юм бэ, …би залгахыг чинь хүлээгээд л утаснаас ч холдож чадахгүй байхад, ядаж юм ч бичихгүй юм гэж нэлээн гомдсон өнгөөр хэлэхэд Цэлмэг,

-Ойрд ажил ихтэй амжихгүй байгаа, за та хоёр наанаа хэр тохижиж байна даа, Тэмүүлэнтэй ярьсан, (Тэмүүлэн гэж Цэлмэгийн найз залуу) та хоёрыг сайн байгаа гэж байна лээ. Халиунаа,

-Тийм ээ, гайгүй байгаа. Танай найз чинь харин эвдрээгүй, сайн залуу байна лээ. Бид хоёрт ажлынхаа зав чөлөөгөөр их тус болж байгаа. Учиралыг энд ирээд газар орон солигдоод, уйлаад байвал яана даа л гэж бодож байсан. Харин санасныг бодвол орчиндоо амархан дасаж байна. Хүү маань их тайван байгаа. Бор хоолонд ч орж эхэлсэн. Улам л эгдүүтэй болоод байна, чамтай ямар адилхан гээч, инээж байгаа нь хүртэл.
(Халиунаа Цэлмэгтэй холбогдвол хүүгийнхээ талаар сайн ярих юм шүү, тэгвэл сэтгэл нь хөдлөөд бид хоёр луу яарах ч юм билүү гэсэн бодлоо гүйцээх мэт Учиралын талаар зөндөө ихийг ярихыг хүсэж байв) бас олон гоё зураг даруулсан. Цэлмэг ,

-Өө тийм үү хүүгийнхээ зургийг харахсан…Халиунаа,

-Харж болно шүү дээ хайраа, би чамайг “fasebook”-д орж ирэхгүй байхаар чинь ямар ч найзгүй зөвхөн хоёр биендээ зориулсан шинэ нүүр хуудас нээсэн. Тэнд чамдаа зориулж хүүгийнхээ зургийг зөндөө тавьсан байгаа. Чи минь орж үзээрэй би чамд хүсэлт явуулсан шүү. Цэлмэг,

-За тэгвэл нэг завандаа орж үзнэ ээ, байнга интернетэд сууж байх цаг зав хаана байна, хүүг минь миний өмнөөс үнсээрэй гэхэд Халиунаа,

-За ойлголоо, гэхдээ чи зөвхөн хүүгээ л үнсэх юм уу, намайг үнсэхгүй юм уу, би чамайгаа зөндөө их санаж байна шүү дээ гэж эрхэлсэн өнгөөр хэлсэнд Цэлмэг ярианы сэдвийг өөрчлөн, юу ч болоогүй юм шиг төв дуугаар,

-Өөр тэгээд наагуур чинь сонин сайхан юу байна даа. Мөнгө төгрөг чинь болж байгаа юу хэрэг болвол хэлээрэй, гэхэд Халиунаа, өөрийнх нь асуусан асуултанд хариулаагүйд жаахан гоморхсон янзтай дуугаа намсгаад,

-Мөнгө төгрөг яах вэ болж байгаа, би ямар нялх хүүхэдтэй хүн гадуур гарч ийм, тийм юманд үрээд байх биш. Байрны мөнгийг Тэмүүлэн чамайг шилжүүлсэн гэж хэлж байсан. Хоол ундаа зохицуулаад байж л байна. Дараа сараас хүүг минь аятайхан хараад байхаар оюутан охид олдвол, Тэмүүлэн намайг боломжийн ажилд оруулж өгнө гэсэн. Тэгээд болох биз дээ, чамаас гуйхгүй өөрөө өөрийгөө аваад явчих санаа л байна. Цэлмэг,

-Надаас авах авахгүй нь чухал биш ээ, хүүдээ өгөлгүй яах вэ, тэгээд ч миний ажил төрөл амжилттай сайн байгаа. Хэрэгтэй юм байвал хэлж байгаарай, аятайхан ажил таараад Учиралыг харчих хүн олдвол хийхийг бодохгүй юу даа. Чамд л хэрэгтэй. Хэл сураад зүгээр шүү дээ. Би хэд хоногоос Тэмүүлэнтэй ярина аа. Цаадах чинь гайгүй ээ, наана чинь удсан болохоор байр сууриа олсон байх. За, тэгээд нэг завандаа “Fasebook”-ээр холбогдъё. Битгий дахин, дахин утастаад байгаарай. Би өөрөө чамтай холбогдоно. Сарнай мэдчихвэл хэцүү юм болно, за түр баяртай гээд утсаа салгах гэтэл Халиунаа,

-Өө, нээрээ нэг юм хэлэх гэж байснаа, чинийхээ дууг хоолойг сонсоод уярсандаа таг мартах шахлаа. Уржигдар хөдөөнөөс аав хотод орж ирсэн гэсэн. Надтай өчигдөр ярьсан. Тэгээд хотод орж ирснийх ачийнхаа эцэгтэй уулзмаар байна гээд байхаар нь танай ажлыг заагаад өгчихсөн шүү. Хөгшин настай хүн санаа нь зовоод байх шиг байна лээ. Ямар хүнтэй учраад, охин минь ийм хурдан шийдээд явчихав аа, гээд байсан. Чамайг хэр итгэлтэй болохыг бас охин, ач хоёроо хэр найдвартай сайн явааг чиний амнаас сонсохыг хүссэн байх. Ээж ч бас хот очсоных сайн сураглаад асуугаад ирээрэй гэсэн юм шиг байна лээ. Уулзчихаад учир байдлыг эвтэйхэн ойлгуулчихаарай. Бас эхнэр хүүхэдтэй гэдгээ битгий хэлээрэй, хайрт минь гуйж байна, дараа нь ямар учиртайг ойлгох биз, одоохондоо хэрэггүй санаа нь зовчих нь, гэхэд нь Цэлмэг гэнэт юу сонсох нь энэ вэ гэсэн шиг нүдээ томруулан, хөмсөгөө өргөснөө,

-Чи юу яриад байна аа, би танай аавтай уулзаж яах юм, солиорчихсон юм уу? Чи учир байдлыг өөрөө хэлэхгүй яасан юм, би тэр хүнтэй юу ярих юм. Танай охин чинь миний нууц амраг, тэгээд би хүмүүсийн хэл амнаас айгаад гадагшаа явуулчихсан гэх юм уу, …Би ер нь уулзаж чадахгүй ээ, яах гэж ажил зааж өгсөн юм, балай юм гээд их л ууртай дуугаа өндөрсгөхөд Халиунаа,

-Угаасаа миний хуучин ажиллаж байсан газар чамайг байгаа гэдгийг мэднэ. Манай дүү Булган хэлсэн байна лээ. Өнөөдөр өөр дээр чинь очих байхаа, тэгээд л би хэлж байна. Аавтай ямар ч байсан уулзчихаарай. Настай хүн санаа нь зовоод байх шиг байна лээ,… гэсээр чимээгүй болов. Цэлмэг,

-Байна уу, …байна уу…хөөе Халиунаа би аавтай чинь уулзаж чадахгүй ээ, нялх хүүхэд биш, өөрөө тэр асуудлаа зохицуулахгүй яасан юм, хөөе байна уу… гээд ярих гэсэн боловч утас хэдийн тасарчээ.

Балай юм,.. би яах гэж аавтай нь уулзах болж байна. Танай охин чинь миний нууц гэж хэлэх болж байна уу, тэгээд мөнгө төгрөг өгөөд гадагшаа явуулсан гэх үү, одоо тэгээд амьдралтай, эхнэр хүүхэдтэй гэдгээ хэлэхгүй юм бол хүргэн минь, хүү минь гээд сүйд болоод унавал яана даа, настай хүмүүс магадгүй шүү, “завхарсан” юм. Ер нь үнэнийг хэлчихдэг ч юм уу, ”эр хүн яах вэ дээ, охин нь сүйд болоод байхаар хаа нэг уулздаг байсан. Гэтэл нэг өдөр жирэмсэн болчихсон өөрөө хүүхдээ гаргана гээд гаргасан. Одоо би тэгээд яах билээ. Чадах чинээгээрээ тус болоод гадагшаа явуулсан. Ер нь цаашид тэр охиноо өөрийн гэсэн амьдралаа бод гэж хэл, би хүүгээ бол харж үзэж явна аа” гэж хэлдэг ч юм уу. Үгүй тэгээд эцэг хүн үр хүүхдийнхээ л талд орох байлгүй дээ. Өө, тийм үү, хүү минь… чиний зөв гээд толгойг минь илээд л суув гэж., халуухан юм болох нь дээ. Яаж ч бодсон уулзахгүй байсан нь дээр юм байна. Халиунаа өөрөө л ямар учиртайг хэлнэ биз. Надад ямар хамаа байх вэ гэх зэргээр элдвийг бодон үймэрч суутал өрөөнийх нь утас дуугарав,….

Нарийн бичиг хүүхэн залгаж байна.

-Даргаа тантай хүн уулзахаар ирсэн байна, оруулах уу? гэхэд Цэлмэг,

-Ямар хүн байна? гэж асуулаа. Нарийн бичиг хүүхэн,

-Хөдөөний бололтой настай хүн байна аа, гэлээ. Цэлмэг сандран түгдчиж, намайг яг одоо уулзах боломжгүй байна, хуралтай гээд хэлчих гэхэд нь, Нарийн бичиг хүүхэн,

-За ойлголоо, гээд утсаа салган, хажуудаа сууж буй хүнд хандаж;

-Өвөө одоохондоо дарга хуралтай байна гэнээ. Таньтай уулзах боломжгүй байна гэхэд нь, Сандаг гуай (Халиунаагийн аавын нэр)

-За тэгвэл хүүхэд минь хүлээж л байя даа. Нэгэнтээ ирсэн хүн муу хүргэнтэйгээ уулзаад явбал аштай юу даа гээд, Цэлмэгийн өрөөний үүдний сандал дээр нэлээн тухлан суулаа.
Нарийн бичиг хүүхэн “хүргэн” гэнэ үү, гэж зог туссанаа, за би буруу сонссон юм байлгүй дээ гэж бодон ажлаа үргэлжлүүлэн хийхээр суулаа…

Сандаг гуай Цэлмэгийн өрөөний үүдэнд бараг хоёр цаг шахуу хүлээсний эцэст нэлээн тэвчээр алдсан байдалтай нарийн бичиг хүүхэнд хандан
-Охин минь одоо хурал нь дуусах болоогүй юу? Өнөөдөр нутаг явах унаа захичихсан байсан юмсан цаг болохоо болилоо гэж асуухад, нарийн бичиг бүсгүй өвгөнд хандан
-За өвөө би одоохон асуугаад өгье гээд Цэлмэг рүү залгалаа…Цэлмэг,

-Цаад хөгшин чинь одоо болтол яваагүй байгаа юм уу, хурал дуусах болоогүй, мөд тарахгүй гэнээ гээд хэлчих, чи яаж ийгээд аргалаад явуулчих даа наад хүнээ гэж хэллээ. Нарийн бичиг хүүхэн өвгөнд хандан,

-Дарга хурал тарах болоогүй гэнэ, та явж байгаад эргэж ирэх үү, яадаг билээ гэхэд Сандаг гуай,

-Одоо тэгвэл яах билээ дээ, охин минь дараа л уулзахаас, Халиунаагийн аав ирээд, хүлээж байгаад явлаа гэж хэлээрэй миний охин. Уг нь утсаар ярьж байхаар нэг хот орж ирсэн дээрээ уулзаад танилцаад буцъя гэж бодсон юмсан. Одооны хүүхдүүд ч ажил ихтэй байдаг болсон хойно доо. Ах нь ойлгож байна, унаа хүлээгээд байгаа байх гэсээр гарч явлаа.

Цэлмэг, нарийн бичиг хүүхнээс өвгөнийг явсныг дуулаад санаа нь сая л амарсан бололтой ширээний араасаа өндийн хэд суниаж, биенийхээ чилээг гаргаад цонхны хажууд очиж гадаа ямар байгааг ажиглан зогсоно.

Өнөөдөр чинь ямар гээч өдөр вэ, ажлаа эртхэн дуусгаад найзуудтайгаа уулзаж, хэдэн аяга шар айраг ууж сууна байгаа, ойрд тэдэнтэйгээ уулзаагүй юм байна, гэж бодох зуураа цагаа харвал цайны цаг дөхөж байв. Тэрээр ойрхон байдаг ресторанд орж хоол идэхээр хувцаслан гарлаа.

———-
Халиунаа Америкт ирээд бараг сар болох гэж байгаа ч нялх хүүхэдтэй болохоор гадагшаа чөлөөтэй гарч, ийш тийшээ явах боломж хомс байв. Зөвхөн ойр зуураа л гарч орж байлаа. Түүнд тохирох ажил төрөл хүүг нь хараад өгөх ч хүн одоохондоо олдсонгүй. Цэлмэгийн өгсөн хэдэн төгрөг боломжийн хүрэлцээтэй байгаа болохоор тэгтлээ санаа зовох нь гайгүй байв.

Цэлмэгийн найз Тэмүүлэн том тэрэгний жолооч. Ихэвчлэн нэг хотоос нөгөө хотуудын хооронд бараа таваар зөөдөг болохоор заримдаа хоёр гурав хоногоор гэртээ ирэхгүй байх нь элбэг. Тэглээ гээд яах билээ дээ, “ямар хүний өмнөөс амьдарч байгаа биш, Тэмүүлэнг дандаа хажуудаа байлгана гэж юу байх вэ, харин ч хаа хамаагүй надад энэ зэрэгтэй тусалж болж байгаа нь их юм “ гэж бодон Халиунаа хүний газар дасах, хүүхдээ асрах гээд бүх л зүйлийг чадлаараа амжуулахыг хичээж байв.

Тэмүүлэн уг нь эхнэр гурван хүүхэдтэй. Эхнэрээсээ олон жил тусдаа амьдарсан болохоор хоёр тийшээ болсон тухайгаа Халиунаад хэлж, амьдралынхаа талаар тэр нэг орой найзынхаа төрсөн өдөрт яваад нэлээн халамцуухан ирэхдээ дуулгаж амжсан. Эхнэр хүүхдүүд нь одоо Монголдоо байдаг. Тэдэндээ бололцооныхоо хэрээр тусалж, чадах чинээгээрээ харж хандаж явдаг болохоо нуулгүй ярьжээ.

Хэдий ганцаараа амьдарч байгаа ч Халиунааг ирэхэд янз бүрээр хоргоож, элдэв ааш авир гаргаж зовоосонгүй.
Халиунаа ч Тэмүүлэнтэй хэтэрхий дотносож янз бүр болохыг хүсэхгүй байв. Тэр ганцхан Цэлмэгт л хайртай, тэгээд ч эхнэр хүүхэдтэй хүн болгоны нууц амраг нь болж явах тавилантай төрсөн биш.

Харин Тэмүүлэн өөрт нь чадах чинээгээрээ тусалж байгаад үнэхээр их баярлаж байв. Уг нь хүүг нь хараад өгчих хүн олдвол нэгэнт энэ газар орныг зориод ирсэн дээрээ ажил хийж өөрийн гэсэн хэд гурван төгрөгтэй болох, англи хэлэндээ ч гайгүй болчих санаа их байв.
Халиунаад өөрийн гэсэн зорилго бий. Цэлмэгийг араас нь хүрч ирнэ, хүүтэйгээ энд жаргалтай байна гэж бодож байсан ч, түүнээс гадна далдхан хүсэж явсан зүйлүүд бий. Тэрээр Америк явчихвал өөрийн гэсэн мөнгөтэй болж, бас нэлээдгүй зүйлийг сурч мэдэн нөгөө мөрөөдөөд явдаг загварын агентлагаа яваандаа байгуулж болох юм гэж боджээ. Тэрээр загварынхан дунд нэр алдарт гараагүй ч, өөрийнхөө хэмжээнд хэд хэдэн загварын шоунуудад оролцоод амжсан нэгэн…

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бас энэ боломжийг алдахгүй байхаар шийдсэн. Монголд өдөр ирэх тусам долларын ханш өсөж байгаа болохоор ажил хийх нь юу юунаас илүү чухал байв. Эсвэл ямар нэгэн сургуульд бүртгүүлж англи хэлээ түлхүү үзэх бодол байв. Ер нь яваандаа Цэлмэг мөнгө төгрөг байнга өгөөд байж чадаа ч билүү, үгүй ч билүү, магадгүй өөрөөсөө холдуулахын тулд нэг удаа тусалсан ч байж болох шүү дээ гэх зэргээр элдвийг бодож суусан Халиунаа хоолоо хийхээр бослоо.

Тэмүүлэн өчигдөр ажилдаа яваад ирээгүй байгаа бөгөөд, ирэхээр нь Халиунаа түүнтэй ажил төрөл, сургууль соёлын талаар сайн ярилцаж, ямар бололцоо боломж байна хаагуур яаж асууж сураглах вэ гэдгийг ярьж зөвлөлдөхөөр шийдэв.

Орой хоол хийгээд дуусахын алдад Тэмүүлэн гэртээ ирлээ. Эхнэр хүүхдээсээ хол ганцаараа амьдраад удаж байсан тэрээр Халиунаа Учирал хоёрыг ирснээс хойш сэтгэл нь дүүрэн, гэр нь ч нэг л дулаахан сайхан байдаг болжээ. Хэдий тусдаа өрөөнд байгаа ч гэсэн ажлаасаа ядраад ирэхэд нь Халиунаа хоол хийчихсэн сууж байдаг болохоор түүнд амар байв.
Бас хүү нь их эгдүүтэй хөөрхөн, хүүгийнх нь үнэр нь цаанаа л дотно, зөөлхөн. Тэмүүлэн энэ үнэр, нялх хүүхдийн цангинасан дуу, өхөөрдөм инээдийг бараг мартах шахжээ. Үр хүүхдээ бэтгэртлээ санасан түүний сэтгэл Учиралыг хараад дэвтэх шиг болж байв.

Өөрөөс нь насаар нэлээд олон дүү найзынх нь амраг болох Халиунаа түүнд үнэндээ таалагдаж байв. Гэсэн ч андынхаа итгэлийг тийм амархан алдчих хүн муутай нэгэн Тэмүүлэн биш байлаа. Тийм ч учраас балчир бага наснаасаа найзалсан анддаа Цэлмэг итгэж, Халиунаа хүү хоёроо явуулсан нь ойлгомжтой.

Тэмүүлэн гаднаас орж ирсэн даруйдаа хувцасаа сольж усанд ороод, хоол аягалан зогсох Халиунаад хандаж
-За Халиун минь чиний хийсэн сайхан хоолны үнэрт би бараг согтох нь байна шүү, ээж хүү хоёр, өнгөрсөн хоёр өдөр юу хийв дээ. Дажгүй байсан биз дээ. Та хоёр ирээд нэлээн хэд хоночихлоо. Ойр орчинтойгоо танилцаж амжиж байна уу. Би ажил, ажил гээд та хоёрт цаг гаргаж чадахгүй юм. Ирэх долоо хоногт гурвуулаа гадуур гарна аа. Ингэхэд Учирал хаана байна вэ, гэж гэнэт анзаарсан мэт өнгөөр хэлээд нүдээрээ хүүг хайнгаа асуухад Халиунаа,

-Хүү өрөөндөө унтаж байгаа, бид хоёр чамайг эзгүйд гайгүй байсан, заримдаа хүүгээ унтчихаар жаахан уйдах л юм. Гэхдээ интернет “ухаад” өөрийгөө зугаацуулаад байгаа гэж хэлээд инээв.
-Ингэхэд чиний ажил төрөл гайгүй биз дээ, явсан газрын сонин хачин, замдаа ядрав уу гэсээр хоол аягалан ширээнд суух Тэмүүлэнд дөхүүлж өглөө. Энэ үед хэзээний түүний эхнэр болчихсон ч юм шиг сонин мэдрэмж төрөхөд Халиунаад нэг л хачин санагдан хүүгээ хараад ирье гээд бушуухан өрөө рүүгээ явж орлоо.

Уг нь Тэмүүлэн олон таван үггүй, дөлгөөхөн зантай, ажил төрөлд сайн, ер нь бол Халиунаад тохирох залуу байсан ч Цэлмэгийн хаана ч хүрэхгүй санагдаж, Тэмүүлэнг тэгтлээ сонирхон харж байсангүй.

Тэмүүлэн хоолоо идчихээд Учиралын уйлах чимээнээр Халиунаагаас зөвшөөрөл аван өрөөнд нь орж ирлээ. Халиунаа хүүгээ хөхүүлэн сууна. Тэмүүлэн сэтгэл нь зовсон байдалтай буцаж өрөөнөөс гарах гэснээ Халиунаа ичиж, гирэвшсэн шинжгүй байсанд санаа нь амарсан бололтой хажууд нь ирж суулаа. Тэгээд Халиунаад хандан
-Хүү чинь хөхөндөө цадаж байгаа юм уу, энд байдаг хүмүүс ихэвчлэн хүүхдүүддээ нэмэлт сүү өгдөг. Та хоёр тэр сүүнээс авч ууж байгаа биз дээ гэхэд, Халиунаа,

-Ууж байгаа хө, санаа зоволтгүй. Бор хоол ч хөөрхөн идэж байгаа, гэхдээ хөхөө хөхмөөр санагдсан үед нь өгч л байя гэж бодож байна. Хөхнөөсөө яаран гаргах нь дэмий гэх юм билээ гэж хэзээний найз бүсгүйтэйгээ хуучилж байгаа мэт нэг л дотно өнгөөр ярьж суулаа.
Ингэж ярилцаж суух зуураа Тэмүүлэн Халиунааг нүднийхээ булангаар нэлээн сайн ажиглан харж байв.

Халиунаа хүүгээ хөхүүлэхэд амрыг нь бодсон уу, цээжээрээ задгайдуу энгэртэй хөх даашинз өмсжээ. Түүний цаанаас нэг нь бултайн гарах, нөгөө нь товойн үзэгдэх сэрвийсэн хоёр хөх нь хүсэл шуналыг өдөөнө. Мөн хэн ч хүрч байгаагүй мэт булбарай, ялдамхан арьстай толигор цагаан хүзүү, даашинзны хормой доогуур үл ялиг гэрэлтэн цухуйх гуя хас гээд ямар ч эр хүн тэсэж тэвчихэд бэрхтэй мэт санагдах гоо үзэмж. Мөн нялх хүүхдийн анхилуун тансаг үнэр, бүсгүй хүний гоо энгэсгийн ялдам үнэртэй холилдон сэнгэнэж Тэмүүлэнг бараг “галзууруулах” шахаж байв. Хэдий сайн найзын амраг ч гэлээ, ямар аваад суусан эхнэр нь биш дээ ер нь дотносоод авахад яадаг юм гэсэн ад мөрийн бодол төрөөд байж суухад хэцүү болоход Тэмүүлэн тэр хоёрт сайхан амраарай гэж хэлээд хурдхан шиг өрөөндөө орохоор гарлаа.

Тэмүүлэн орон дээр хэвтэнгээ түрүүнээс хойш өөрт нь захирагдахгүй, бууж өгөхгүй байгаа, эр хүний мөн чанараа харж жуумалзсанаа, “энэ Цэлмэг ер нь юу бодож над руу хүүхэн явуулсан хүн бэ, … муу найзыгаа арай “засуулчихсан” гэж бодоогүй л байлтай даа” гэж бодох зуураа ер нь энэ янзаараа байгаад байвал энэ бүсгүйд сэтгэлийн жолоо алдаж мэдэхээр байна шүү. Сэтгэлээс гадна хүсэл тачаалаа ч барьж дийлэхгүй нь бололтой. Цэлмэг саяхан ярихдаа дараа сарын сүүлээс ирж магадгүй гэж байсан. Ирэхэд нь нөгөө “чононд махаа хадгалуулав” гэгчийн үлгэр болох вий дээ. Найз нөхөд байж арай л муухай юм даа, яадаг шүү юм билээ гэж “ элдвийг бодон хэвтсэнээ нэг мэдэхэд унтсан байв.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх