Х.Дуламсүрэн: “Учрах тавилан” 4-р хэсэг

2019 оны 11-р сарын 03 өдөр, 09 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
uchrah tavilan

Цэлмэгийн хувьд цаашид ингэж хоёр эхнэрийн дунд гүйж явах нь төвөгтэй санагдаж байв. Тиймээс олон талаар бодсоны эцэст хэсэг хугацаанд Халиунааг хүүтэй нь хамт гадагшаа явуулах нь хамгийн зөв шийдвэр гэж үзлээ. Ингэж хоёр тийшээ гүйж яваад дахин Сарнайд мэдэгдвэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх байв. Харин Халиунааг хаашаа явуулбал зүгээр үү гэж нэлээд бодлоо. Хаа хамаагүй хэн нэгэн хүнд найдаад явуулчихвал бас болохгүй. Учир нь түүний хүү Халиунаатай хамт явна.
Хэдийгээр нэг гэрт ороогүй тэгтлээ хайртай дуртай биш, зугаа цэнгэл төдий байсан ч өөрийн үр удам гэж бодохоор сэтгэлээс мөнхийн уяатай явах юм байна гэдгийг Цэлмэг Халиунаагийнд очиж хүүгээ харах болгондоо дэндүү сайн мэдэрч байв. Түүний алдаа оноог үргэлж сануулж байхаар ирсэн мэт бага хүү нь өөртэй нь жигтэйхэн адилхан. Хамар, нүд, хөл гар гээд биш гээд хэлчих вий дээ гэсэн шиг дуурайгаагүй юм гэж алга. Хацар дээрх мэнгэ нь хүртэл ижил.

Оройхон Цэлмэг гэртээ ирээд Америкт олон жил амьдарч байгаа багийн найз руугаа утсаар залгалаа. Учир байдлыг товчхондоо яриад Халиунаа хүү хоёроо өөр лүү нь явуулчихвал харж хандаж байж болох эсэх талаар асуувал, найз нь эхэндээ жаахан гайхаж тээнэгэлзэж байснаа адилхан эр хүний зовлон жаргал ижил байдаг болохоор өөрт нь итгэж болно гэдгээ хэллээ. Ингээд Халиунааг найзынхаа урилгаар Америк явуулчихад болохоор болов. Өөрөө ч гэсэн урьдын адил амрах, аялах нэрийдлээр Халиунаа хүү хоёр дээрээ жилд ганц хоёр удаа очоод байж болох юм.

Харин Цэлмэг ганцаараа асуудлыг дур мэдэн шийдэж болохгүй Халиунаа зөвшөөрөх эсэхээс бүх юм шалтгаална. Гадагшаа явах дургүй, тэгээд нялх биетэй бүсгүй, хүүхдээ тэврээд, хүн танихгүй газар Цэлмэгийн үгэнд ороод явна гэдэг юу л бол, гэхдээ үр хүүхдээ эцэгтэй нь ойр дотно өсгөе, хэл амнаас хол эрүүл саруул байлгая гэвэл, тэгээд бас намайг өөрөөсөө холдуулахыг хүсэхгүй байгаа бол энэ шийдвэрийг зөвшөөрөх ёстой. Би маш сайн ойлгуулж хэлэх хэрэгтэй гэж бодож байв.
Сарнай нэг л өдөр Халиунаа бид хоёрыг одоо болтол холбоотой байгааг мэдвэл, бас үр хүүхэдтэй болсныг дуулвал, бидний амьдрал аль аль нь асуудалтай хүнд болж ирнэ. Тиймээс л ийм байдалд хүрч байна гэдгээ Халиунаад ойлгуулах хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрээд Цэлмэг унтахаар хэвтлээ.

Охинтой болсон нь өнөөдрийн хувьд маш сайхан баяртай мөчүүдийн нэг байсан бөгөөд эхнэртээ маш их баярлаж, сэтгэл хөдөлж байсан ч, хүүгийнхээ асуудлыг яаралтай шийдэх бас хэрэгтэй байв. Тиймээс найзууд нь охинтой болсонд нь баяр хүргэж, хамтдаа тэмдэглэхээр залгасан ч маргааш хүртэл түр хойшлуулсан энэ.

Цэлмэг өглөө сэрээд эртлэн босож эхнэртээ цай, шөл бэлдээд, том хүү Чингүүнээ цэцэрлэгт нь хүргэж өгсөний дараа Сарнай, охин хоёр дээрээ очлоо. Өчигдрийг бодвол Сарнайгийн хөхөнд сүү сайн орсон, охин нь цадталаа сүүгээ хөхөөд ээжийнхээ хажууд унтаж байв.

Тэр хоёрыгоо хараад сэтгэл нь нэг л сайхан цэлмээд ирэх шиг санагдахад хайрлан уярч, ийм хөөрхөн эрдэнэ төрүүлж өгсөн чамдаа маш их баярлалаа гэж хэлэнгээ эхнэрийнхээ гарыг нь зөөлхөн үнслээ.

Цэлмэгийг
– Та хоёр минь гайгүй бол удахгүй эмнэлгээс гарна биз дээ гэж асуухад Сарнай,

-Өнөөдөр гайгүй тэнхэрчихвэл маргаашнаас гаргах байхаа, чи минь санаа зоволтгүй ажилдаа яв даа. Тэгж байгаад утсаар ярина биз, том хүү яаж байна, ээж дүү хоёр дээрээ очъё гэхгүй байна уу гэж асуухад Цэлмэг,

-Цаадах чинь өглөө жоохон нойрмоглосон гэхдээ гайгүй ээ, ээж хөөрхөн маамаа хоёр хэзээ гэртээ ирэхийн гээд л асуугаад байна лээ, гэж инээснээ, за би явъя даа, чи минь охиноо унтаж байгаа дээр шөлөө уучхаад сайхан амраарай, өнөөдөр ажил нэлээд их байгаа гэсээр тэндээс гарч явлаа.

Тэрээр ажил дээрээ ирэхэд уулзахаар ирсэн хүмүүс, төлөвлөсөн асуудлууд гээд хийх зүйл нэлээдгүй байв. Толгой өндийх завгүй хэсэг суусны эцэст цайны цаг дөхсөнийг сая л анзаарлаа. Цайны цагаараа амжиж Халиунаатай уулзах хэрэгтэй байдаг. Учир нь орой найзуудтайгаа уулзахаар цаг тохирсон болохоор одоо л очиж уулзсан нь дээр. Азаар Халиунаагийн гэр ажилтай нь тун ойрхон. Түүн лүү залгаж цайны цагаараа тэднийхээр ороод гарах болсноо хэлэхэд тэрээр тун дуртай хоол цай бэлдээд сууж байя гэлээ.

Халиунаа Цэлмэгийн дуртай ногоотой шөлийг дор нь хийв. Цэлмэг ойр ойрхон тэднийхээр ирж байгаад тэрээр баяртай байв. “Би ер нь хүүгээ гаргасан нь зөв болсон шүү, хайртай хүнээ өөрөөсөө холдуулахгүй, ингэж бага багаар дасгаж хүүтэйгээ уулзуулж байгаад дандаа хамтдаа амьдарвал ямар сайхан бэ” , хэмээн нөгөө л бодох дуртай бодол мөрөөдөлдөө хөтлөгдөх зуур өөрийн эрхгүй аз жаргалтай санагдан инээмсэглэлээ.

Нөгөө өрөөнд тарвалзан хэвтэх хүү дээрээ очин,
-Учирaл аа… миний хүү , хаана байна, аав нь ирж байна гэнээ, гоё байгаа биз, хоёулаа аавтай хамт тоглоно гоё доо гэсээр хаалганы хонх дуугарахад хүүгээ тэврэн үүд лүү очлоо.

Цэлмэгийг ирсэнд баярласан Халиун нөгөө л нялуун эрх зангаараа түүнд хүүгээ өгөнгөө хүзүүгээр нь тэврэн авч чамдаа хайртай шүү, гээд хацар дээр шов хийтэл үнсэв, ингэж үнсэх тоолонд Цэлмэгт нэг л хачин ер бусын мэдрэмж төрдөгийг тэрээр хэчнээн нуугаад ч нэмэргүй байдаг билээ. Магадгүй Халиунаас холдож чадаагүй яваагийн нууц нь түүний энэ эрх танхи, нялуун, сэргэлэн, арга зальтай зантай ч холбоотой байж болох юм.

Тэрээр хүүгээ үнсэн эрхлүүлээд ээжид нь өгч, хувцсаа тайлаад гал зуухны өрөө рүү орлоо. Хоол идэж суунгаа Халиунааг ажиглан сууна.
Хүүхэд төрүүлээд өмнөхөөсөө ч илүү царайлаг, эгдүү хүргэм болсон мэт санагдах түүнийг ширтэн суухад дотроо асах хүсэл тачаалаа чимээгүйхэн дарж суув. Түүнд хүслээ гүйцэлдүүлэх нь энэ удаад чухал биш өчигдрийн гаргасан шийдвэрээ хэлж ярилцах нь гол байв..

Цэлмэгийг хоолоо идэнгээ ямар нэгэн зүйл өөрт нь ярих гээд байгааг ажигласан Халиун хөмсөгөө өргөн, нүдээрээ аальгүйтэн инээснээ,

-Миний хайр ямар нэгэн юм надад хэлэх гээ юу, мэдээж сайхан мэдээ биз дээ, эсвэл Сарнай бид хоёрыг мэдчихээ юу, за мэдсэн ч байсан одоо яахав дээ, би ямар чамайг хүлэж цагдаад байгаа биш, хүү дээрээ ирэлгүй яадаг юм тийм биз дээ, за юу хэлэх гэсэн юм намайгаа зовоогоод байлгүй хэл л дээ, гээд түүний өвөр дээр ирж эрхлэн сууснаа, …муухай мэдээ бол залгичих , харин сайхан мэдээ болно би сонсоно шүү хайрт минь, гээд түүнийг хүзүүдэн яг л эрх муур гэлтэй наалдан нялуурч байв. Цэлмэг,

-Халиунаа чи энд суучих гээд хажуудаа байгаа сандалыг заагаад, би чамтай чухал юм ярих гэсэн юм гээд өчигдрийн гаргасан шийдвэрээ түүнд хэллээ. Халиунааг юу юугүй уурлаад босоод ирэх вий гэж бодож байсан ч тэрээр тэгсэнгүй, нэлээд бодлогоширч байснаа,

-Хэрвээ чи надаас салахгүй, үргэлж хамтдаа, өдөр болгон ярьж, ойр ойрхон очиж байна гэвэл болох л юм. Гэхдээ, би сайн мэдэхгүй байна, бодож тунгааж байгаад чамд хариу хэлье болно биз дээ, хайрт минь гээд инээмсгэлснээ түрүүнийхээ санааг гүйцээх гэсэн мэт дахин түүнийг тэвэрч үнслээ. Тэр хоёр хэсэгтээ үнсэлдэж байгаад Цэлмэг ажилдаа явахаар гарав.

Ямар ч байсан Халиунааг хүүтэйгээ хамт Америк явуулах шийдвэрийг тэрээр нааштай өнгөөр хүлээж авсанд Цэлмэгийн санаа жаахан ч гэсэн амарч, нуруунаас нь том ачаа аваад хаясан мэт уужимхан амьсгалж болохоор болов.

Халиун хүүгээ унтуулчихаад элдвийн зүйл бодон сууна. Би эндээс явчихдаг гэтэл Цэлмэг араас очихгүй байвал яах вэ, мэдээж гэр бүлтэй хүн Сарнайтайгаа, саяхан бас охинтой болсон тэдэнтэйгээ аз жаргалтай байх биз. Тэглээ гээд би явахгүй байлаа гэхэд юу хожих вэ. Хэрвээ нөгөө айхтар эхнэр нь биднийг мэдчихвэл, Цэлмэгийг хорьж цагдаад амраахгүй, тэгээд ч хэл ам ихтэй байвал хүүгээ өсгөхөд төвөгтэй байх болно. Одоохондоо хүү маань нялх байгаа болохоор ядаж гурав, дөрвөн нас хүртэл нь боломжийн газар оронд эрүүл саруул өсгөвөл зүгээр байх. Тэгээд ч Цэлмэгийн найз намайг тосож аваад тэндээ хажуудаа байлгана гэсэн юм чинь санаа зоволтгүй юм биш үү,.. Амьдрах орчин, мөнгө төгрөгийг минь зохицуулж өгч чадаж байвал цааргалаад байх юм юу байна.

Гэхдээ Цэлмэгээс хол би гэдэг хүн түүнийгээ санаад хэцүүдэх болов уу,… Үгүй ээ тэгээд энд байлаа гээд ямар өдөр болгон над дээр ирж уулзаад хажууд минь байгаа биш дээ, Америкт оччихвол угаасаа л үе үе тийшээ явдаг юм чинь, над дээр, биш юм аа гэхэд хүү дээрээ очиж л таараа, харин ч тэр үед нь бүүр ч амар, хүнээс нуугдана энэ тэр гэж зовоод байхгүй, эрх чөлөөтэй, хамтдаа зугаалж, хонож, хүссэнээрээ байна. Цаадах чинь ч гэсэн тэрийгээ бодсон байх. Тэгэхээр ер нь явсан нь зөв юм байна гэж шийдлээ

Халиунаагийн энэ шийдвэр зөв, бурууг цаг хугацаа харуулах биз ээ…

Онгоцны буудал дээр Цэлмэг,… Халиунаа хүү хоёроо гаргаж өгөхөөр зогсоно. Тэдэнтэй хамт Халиунаагийн дүү Булган мөн найз бүсгүй нь болох Болороо нар байх ажээ. Халиунаагийн аав ээж хөдөө бүр Ховдод байдаг болохоор охин, ач хүү хоёроо гаргаж өгөхөөр ирж амжсангүй. Халиунаа ч гэрийнхэндээ сүр дуулиан болгож зарласангүй. Хэдхэн сар амраад ирнэ гэж, өөрийг нь мэдэх цөөн тооны хэдэн хүмүүст л хэлжээ. Цэлмэгийн хувьд ч мөн адил, эргэн тойрных нь хүмүүс мэдчих вий дээ гэхээс “үстэй толгой нь арзайж байв” тиймээс яг л “ус балгасан загас шиг” л хэд хоног дуугүй явсаар хэнд ч мэдэгдээгүй билээ.

Халиунаа Америкт очоод байдлыг ажиглаж байгаад амьдрахад хэцүү, байж боломгүй санагдвал хэдэн сарын дараа буцаад ч ирж болох юм гэсэн бодолтой явж байгаа бол, Цэлмэг харин Халиунааг ойрын хэдэн жилдээ Монголдоо ирэхгүй, тэнд нь байлгаж байх санаатай байв. Тэгээд ч хэдэн удаа эргэж тойрч байгаад яваандаа бол харьцаагаа бүрэн таслах бодолтой байгаа.

Цэлмэг тэр хоёрыг гаргаж өгөнгөө хүүгээ тэвэрч үнсээд, цүнхнээсээ нандигнаж боосон нэгэн зүйлийг гаргаж Халиунаад өглөө.

-Халиунаа, энэ бол миний өвөг эцгээс өвлөж ирсэн “Яагаан гартааман хөөрөг” . Их үнэтэй бас их үнэ цэнэтэй эд. Би уг нь үүнийг Чингүүндээ өгөх учиртай ч, Учиралдаа өгч байгаа юм. Яагаад гэвэл Чингүүн миний хүү, цаг үргэлж аавтайгаа хамт байж миний хайр элбэрлийг хүртэж өснө. Харин Учирал маань тэгэх хувьгүй гэдгийг чи мэдэж байгаа.

Халиунаа гайхаж тээнэгэлзсэнээ, түрүүнээс хойш гарах гээд зовоогоод байсан нулимсаа барьж дийлэлгүй урсгангаа
– Цэлмэг ээ, чи юу яриад байна аа, чи бид хоёрын араас удахгүй очно гээ биз дээ, хэрвээ чи дахиж бид хоёртой уулзахгүй гэж байгаа бол би эндээс явахгүй, тэгээд ч энэ үнэ цэнэтэй юмаар чинь бид хоёр яах юм, гэрийнхэн чинь мэдвэл юу гэх юм бэ, тэр тусмаа эхнэр чинь, шуналтай хүүхэн, эд хөрөнгөнөөс нь бас салгалаа гэнэ. Би авч чадахгүй ээ, чи бид хоёртой байнга уулзаж, хүүгээ эргэж тойрч байхад л хангалттай. Би хэдийгээр чамаас мөнгө төгрөг авдаг ч гэсэн арай ийм дээрээ тулаагүй гээд түүний өгсөн боодолтой зүйлийг эргүүлэн өгөх гэхэд Цэлмэг,

-Халиунаа чи байз л даа, би үгээ хэлж дуусгаагүй байна. Учирал хүү минь төрөнгүүтээ л миний хайрыг татсан, надтай ямар адилхан гээч ийм хөөрхөн үртэй болсон нь надад бас сайхан байна, гээд хүүгийнхээ духан дээр дахин үнэрлэснээ, хүний амьдралд юу ч тохиолдож болно, чи энийг авах ёстой, тэгээд ч би чамд биш хүүдээ өгч байна, юмны учир мэддэг, том болохоор нь нандигнан хадгалж , эдлэн, хэрэглэж яваарай гээд аав чинь чамд өгсөн юм гэж хэлээд өгөөрэй.

Энэ хөөрөг тийм ч жирийн эд биш барьсан эзнийхээ язгуур гарал, бэл бэнчинг илэрхийлж байдаг. Миний өвөг дээдс язгууртан хүмүүс байсан юм. Учирал гарал угсаагаа мэдэж байх ёстой. Тэгээд ч энэ чулуун хөөрөг эзнээ хар цагаан хэл ам, хараал зүхлээс хамгаалж байдаг. Эзнийхээ бие эрхтэнг сэргээж, өөртөө итгэх итгэл, эрч хүчийг өгдөг гэдэг юм. Өвчин зовлонгоос ч үрийг минь хамгаалах болно. Ийм л учраас би удаан бодсоны эцэст хүүдээ өгч байна гээд Халиунаагийн цүнх рүү хийлээ.

Халиунаа авахаас өөр аргагүй болсоныг мэдээд ,
– Энэ чинь үнэтэй цайтай эд гээ биз дээ, хил гаалиар гаргах юм уу, явахаас өмнө өгөхгүй яасан юм бэ, яагаад заавал яг одоо өгч байгаа юм хэмээн санаа зовсон байдалтай хэлэхэд, Цэлмэг,

-Хил гаалиар гарахад санаа зоволтгүй ээ, би эзэмшигчийн бичиг баримтыг Учиралын нэр дээр болгосон байгаа. Бүгдийг дотор нь хамт хийсэн , за одоо та хоёр минь орохгүй бол болохгүй нь цаг болохоо байлаа гэв. Халиунаа дүүдээ очингуутаа утсаар ярина гэдгээ хэлээд, аав ээжийг битгий санаа зов гэж хэлээрэй хэмээн захиад, мөн найз бүсгүйтэйгээ тэврэлдэн, сайн сууж байхыг ерөөгөөд хүүгээ тэврэн цааш явж одлоо.

Цэлмэг Халиунаа, хүү хоёроо гаргаж өгсөндөө, их том ажил амжуулсан мэт додигор алхсаар машиндаа суун гэр лүүгээ хөдөллөө. Тэрээр Халиунаа хүү хоёр дээрээ ойр ойрхон очоод байж чадах ч юм уу, үгүй ч үү, чадлаа гэхэд ямар дандаа хамт байх биш, өөрийн гэсэн амьдралтай хүн чинь цаашид хамт амьдарна гэвэл бүүр худлаа. Хоёр хөөрхөн үр нь, сайхан хань нь хажууд нь байна. Тиймээс энэ хамгийн зөв шийдвэр боллоо гэдэгтээ сэтгэл хангалуун байв. Одоо тайван амгалан тэдэндээ цаг заваа чөлөөтэй гаргаж болно. Өөрийн хийсэн үйл лайг ингэж л цайруулахаас өөр яалтай билээ. Тэгээд ч өдөр бүр утас дуугарахад , хаалганы хонх жингэнэхэд айж сандарч, нөгөө айхтар Халиунаа чинь хэзээ хүүхдээ тэврээд ороод ирэх бол гэж “ гэмт хүн гэлбэлзэнэ” гэдгийг үлгэрээр сэтгэл түгшин өндөлзөж суухгүй боллоо. Ингэж бодохоор сайхан байв.

Тэрээр гэртээ харих замдаа цэцгийн дэлгүүр орж эхнэртээ сарнай цэцгийн баглаа аваад, хүүхдүүддээ тоглоом тэвэрсээр их л баяр хөөртэй ирлээ.

Сарнай нөхрөө цэцэг тэврээд ийм жаргалтай орж ирэхэд дуртай, жилийн өмнө шахуу болсон тэр гуниг гомдол, алдаа асуудал бүхэн одоо бараг сэтгэлээс нь арчигдсан. Цэлмэгийн өнөөдөр ийм эрт ирсэнд баяртай байв. Сарнай,

-Хань минь, танай ажил ийм эрт дууссан юм уу, ямар сайхан цэцэг вэ, баярлалаа хайрт минь гэсээр цэцгийн баглааг авч сэтгэл нь сэргэсэн мэт хэд үнэртсэнээ ваартай усанд хийж тавилаа. Тэгээд за хань минь эрт ирсэн юм чинь хэдүүлээ аавынхаа дуртай хоолыг хийнээ гэсээр гал зуухныхаа өрөө лүү орлоо. Цэлмэг нөгөө өрөөнөөс гарч ирэнгээ ,
-Тиймээ хө, өнөөдөр эрт тарлаа. Одоо нөгөө төслийн ажил бараг дуусаж байгаа. Тэр дуусчихвал ч гайгүйхэн хөрөнгө оруулалт орж ирнэ дээ, тэгвэл ч бид хэд нэг хэсэгтээ тансаглана шүү дээ, гэсээр инээд алдан ирж, …чи минь ямар сайхан харагдаж байнаа гэж хэлэнгээ эхнэрийнхээ бүсэлхийгээр нь тэврэн үнслээ.
Сарнай, за байз л даа… гэж аальгүйтсэнээ, тэр хоёр үнсэлдэн эрхлэв,
Сарнай их л сэтгэл хангалуун байгаа бололтой, нөхрийнхөө хүзүүгээр тэврэнгээ, миний хань одоо хүүхдүүд дээрээ очоод тэдэнтэйгээ хамт тоглож бай, хань нь гялс хоол бэлдээдхэе гэхэд, Цэлмэг,

-За тэгье хайрт минь, цаад Чингүүн чинь нөгөө авчирч өгсөн эвлүүлдэг онгоцныхоо учрыг нь олохгүй сууж байгаа байх, хүүдээ тусалъя байз, чинийхээ хийсэн хоолыг идсэний дараа, чамайгаа ч бас “амтлана” шүү гэсээр жоготойхон инээмсэглэн хүүхдүүд дээрээ очихоор явлаа…

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ….

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (202.179.25.***)
    2019/11/24 15:38

    echnees n unschmaar bna ???

    (0) (0)
  2. zochin
     (103.50.207.***)
    2019/11/04 14:20

    daraagiin kheseg ni khurdan oroosoi

    (0) (0)