Сарнай сэтгэлээ чангаллаа. Учир нь тэр хүүгээ цэцэрлэгээс нь авах ёстой. Нялх үрдээ нулимсаа үзүүлж болохгүй. Замаараа дэлгүүр орж нүдний шил авч зүүгээд цэцэрлэг дээр ирэв. Хүүхдүүд аль хэдийн тарчихсан түүний хүү Чингүүн, багш, жижүүрээс өөр хүн харагдсангүй. Цэцэрлэгийн багш түүнийг хүлээж ядсан байдалтай хувцсаа өмсчихсөн үүдэн дээр зогсож байлаа. Сарнай багшид хандан “Уучлаарай, надад яаралтай ажил гараад жаахан хоцорчихлоо” гээд санаа зовсон байдалтай түүнтэй мэндлэхэд, Багш, –Зүгээрээ, дахиж ингэж хоцорч болохгүй шүү, хүү чинь нэлээн хүлээсэн байх, за би ч явъя даа гэсээр гарч явав. Чингүүн хүүхдүүд явчихсан, ээж нь оройтож ирсэнд гомдсон бололтой, – Ээжээ, та яагаад ирэхгүй удаад байсан юм бэ, өглөө намайг хүргэж өгөхдөө орой эрт ирж авна гэж байсан биз дээ. Ийм гоё нүдний шил хаанаас авсан юм, аав хамт ирээгүй юм уу? гээд л олон зүйлийг зэрэг зэрэг шулганан асууж байв.
Сарнай хариуд нь юу ч дуугарсангүй, хүүгийнхээ асуусан бүхэнд хариулах сөхөө ч байсангүй, нүднийх нь өмнө түрүүний болж өнгөрсөн бүхэн эргэлдэн хургаж, учраа олохгүй үймэрч явлаа.
Чингүүн дахиад л, –Ээжээ та их ууртай байгаа юм уу? би таныг ирэх байх гээд цонхоор хараад л байсан. Намайг юм асуухаар та дуугарахгүй юм, надад гомдчихсон юм уу?, за би танаас одоо дахиж олон юм асуухгүй ээ,.. гээд ээждээ эрхлэн гарыг нь атгаснаа чимээгүй боллоо. Сарнай хүүгээ юу ч дуугарахгүй доош тонгойн, гунигтай явааг сая л анзаарч, – Миний хүү ээжийгээ уучлаарай, ээжийнх нь бие өвдөөд байгаа юм аа, тэгээд л олон юм ярьмааргүй санагдаад, хоёулаа хурдхан шиг гэртээ харья, гэж хүүгээ аргадаад түүнийг хөтлөн гэрлүүгээ яаран алхлаа. Сарнай гэртээ ирээд цай ууж жаахан тайвшрах гэсэн боловч бас л болж өгсөнгүй, “Даан ч дээ, юу дутагдсан гэж өөр хүүхэнтэй !!!…ерөөсөө л болъё, салъя өнөөдөр намайг хуурч байгаа хүн, дахиад хэчнээн ч удаа хуурах юм билээ. Манай ангийн Гэрэлээ юу гэлээ, Цэлмэгийг тэр хүүхэнтэйгээ нэлээн олон удаа хамт явж байхад нь таарсан гэсэн. Гэтэл би гэдэг хүн ямар их итгэж хайрладаг байлаа. Миний хань гээд, өөрт байгаа бүхнээ л зориулдаг байсан. Тэгэхэд яасан гэж намайг хуурч байгаа юм болоо, нүдээрээ хараагүй бол итгэхийн арга алга. Тэр хүүхэн нь надаас илүү гараад байхааргүй л юм харагдсан, юунд нь болдог байна аа, би өнөөдөр хэрэггүй ч ажил дээр нь очив уу. Мэдээгүй, хараагүй байсан бол илүү дээр байж, үгүй тэгээд хүн намайг хуурч байхад мэдэхгүй тэнэг юм шиг явж байна ч гэж юу байх билээ. Одоо би түүнд яаж итгэх вэ,… даан ч дээ хэлэх ч үг олдохгүй юм” гэж бодох зуур дахиад л гомдол цөхрөлийн нулимс нүдийг нь бүрхээд ирлээ. Тэрээр нулимсаа хүүдээ үзүүлэхгүйн тулд ариун цэврийн өрөөрүү орж нүүрээ угаав.
Нүүрээ угааж зогссонгоо царайгаа толинд хараад дахиад л бодолд автав. “… за ер нь салж сарнилаа гэхэд хэн хохирох вэ, хүү минь л зовно, эцэг эх нь салж сарнихад үр хүүхэд л зовдог. Тэгэхээр хамаагүй яаран шийдэж болохгүй юм байна. Юу ч болоогүй юм шиг чимээгүй уучлаад өнгөрвөл бүр л даврах байх, яасан нь дээр вэ, би… тэр хүүхэнтэйгээ яаж нялуурч байгааг нүдээрээ харчихаад юу ч болоогүй юм шиг уучилж чадна гэж үү,… ерөөсөө ирэхээр нь хувцсыг нь өгөөд хөөгөөд явуулъя байз,..тэр нь дээр… хэд хоног явж байгаад эхнэр хүүхдээс нь илүү хүн үгүй гэдгийг ойлгоод уучлалт гуйгаад ирэх биз…Үгүй ээ, гэтэл харин ч азны юм гээд нөгөө хүүхэнтэйгээ сул чөлөөтэй зугаацаж өгвөл яах вэ, тэгэхээр яасан дээр вэ, ямар ч хэцүү юм дээ, амьдралд минь ийм зүйл тохиолдоно гэж ёстой төсөөлж ч явсангүй. Дэндүү итгэж явсных байх даа. Ганцаараа ингэж учраа олохгүй үймэрч суухаар найзтайгаа ярилцсан нь дээр байх, Уянгаад хэлдэг ч юм уу,.. тэр чинь энэ талаар туршлагатай, бас ухаантай хүүхэн. Ер нь тэгсэн нь дээр юм байна. Цэлмэгийг гэртээ ирэхээс өмнө хурдхан шиг явъя” гэж шийдээд алчуур авч нүүрээ арчсан болоод утсаа авлаа. Уянгаа руу залгатал ашгүй утсаа авч байна: -Сайн уу? миний найз, ямар орой залгаж байх юм. Сарнай, -Сайн хө, найз нь чамтай ярилцах чухал хэрэг гараад ,.. Уянга, -За, юу болоод ийм орой залгаж байгаа юм бэ, бие нь зүгээр үү, Цэлмэг гэртээ байгаа юм уу? Сарнай, -Бие зүгээрээ, Цэлмэг ажлаасаа ирээгүй байна, найз нь чамтай уулзаж байгаад энэ талаар яръя. Чингүүн бид хоёр л байна гэхэд, Уянга, – За тэгвэл найз нь очоод авах уу, машинтайгаа танай хажуухнаар явж байна.
Сарнай, – За тэг хө, бид хоёр тэгвэл хувцсаа өмсөж байя, гэсээр утсаа тасаллаа. Сарнай “Цэлмэгийг ирэхээс өмнө гэрээсээ гарах минь!!!., харахаас ч дургүй хүрч байна, араас дуудсан
болоод буцаад өрөөндөө орчихож байх даа яах вэ дээ, эсвэл нөгөө хүүхэн нь буцаад ирсэн биз, одоо ямар нүүрээрээ тэр гэртээ ирэх юм. Ирэхгүй байсан даа ч бараг дээр биз” гэж бодох зуураа үнэн голоосоо түүнийг үзэн ядаж байв. Төд удалгүй найз Уянгаа нь ирж. Чингүүн тэр гурав гарч явлаа.
……….Цэлмэг өрөөндөө нэлээн удаан суусны дараа гэрийн зүг хөдлөв. Гэртээ яаж орно доо гэж бодохоос “нуруугаа авахуулсан морь” шиг л халгаж байв. Тэрээр гэрийнхээ ойролцоо машинаа тавиад хажуугийн ресторанд орж ганц хоёр шил шар айраг ууж суулаа. “Сарнайгаа би дэндүү гомдоочихлоо доо. Хэдийдээ манай ажил дээр хүрээд ирчихдэг байна аа, хаалганы ард зогсож байна гэж ёстой санасангүй шүү. Гэтэл би Халиунтай яаж балайрч байлаа” гэж эгдүүцэн бодох зуур инээд нь ч хүрэх шиг, уурч хүрэх шиг хачин санагдана. “Сүүлийн үед би даанч их задгай байсан юм аа,… ингэж гардуулах гээд л байж. Халиунаа ч уг нь халуухан хүүхэн л дээ, гэхдээ Сарнайг минь яаж гүйцэх билээ….Цэлмэг хүү,… охид, хүүхнүүдтэй орооцолдоо л биз, гэхдээ амьдралаа бол алдаж болохгүй шүү, муу бүлтгэр үр минь өдийд унтсан байх даа, за ер нь гэртээ оръё. Гэм хийсэн хүн гэмээ хүлээхээс өөр яадаг юм гэж” зүрхээ чангалан бодоод гэрийн зүг явлаа. Гэртээ орж иртэл ямар ч чимээ аниргүй нам гүм байв. Манай хоёр унтаж дээ, гэж бодоод аль болох сэрээхгүйг хичээн өлмий дээрээ явсаар унтлагын өрөөгөөр сэмээрхэн шагайтал хүн алга, гайхаад гал зуухны өрөөндөө ортол тэнд ч бас алга. Тэрээр хувцсаа тайлж орон дээр чулуудчихаад, зурагтаа асаалаа. “Хааччихсан юм бол энэ хоёр, мэдээж би гомдоочихсон юм чинь, юу гэж гэртээ байх вэ дээ, хадмынх уруу явсан байх, маргаашнаас уур нь гараад гэртээ ирэх биз дээ”, гэж бодон жаахан тайвшраад буйдан дээр хэвтэв. Унтах гэсэн боловч нойр нь хүрсэнгүй, хадмынх уруу очсон юм болов уу, залгаж асуудаг юм билүү гэж бодогдоод болдоггүй. Утсаар ярих гэхээр, миний тухай Сарнай ээждээ хэлсэн бол нэлээн ширүүхэн юм болох байх даа гэж халгаад залгаж зүрхлэхгүй байв. Хэсэг зуур хэвтсэний дараа зориг гарган хадмынх уруугаа утастлаа…Хадам ээж нь утсаа аваад Сарнай, Чингүүн хоёрыг ирээгүй болохыг хэллээ. Харин ч ийм орой тэр хоёрыг асууж байгаад гайхаж байв. Сэтгэл нь зовсон Цэлмэг нааш цааш холхиж, хөрвөөсөөр үүр цайлгалаа.
Үргэлжлэл бий…