Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-ийг жил бүрийн аравдугаар сарын 28-ны өдөр тэмдэглэдэг уламжлалтай. Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ЗДТГ, гэрлэх ёслолын ордон, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр баталгаат гэр бүлүүдийг нэмэгдүүлэх, гэр бүлийн үнэ цэнэ, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилгоор залуу гэр бүлд үлгэр дуурайлал болж яваа 10-аас дээш жил ханилсан гучин найман хосын хуримын ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.
Гэрлэх ёслолын ажиллагааг нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, гэрлэх ёслолын ордны захирал С.Үүрийнтуяа нар нээж, хуримаа хийж буй хосуудад аз жаргал, сайн сайхан бүхний ерөөлийг өргөсөн юм.
Хамтын сайхан амьдралыг бий болгож олон жил ханилсан хосууд гэрлэх ёслолын ордонд орж гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан бөгөөд Нийслэлийн 380 жилийн ой,“Нийслэлийн гэр бүлийн өдөр”-өөр ийнхүү хуримлаж гэрлэлтийн баталгаагаа гардсандаа сэтгэл дүүрэн баярлаж байлаа.
Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс