Монгол Улсын Ерөнхий сайд энэ аравдугаар сарыг экспортын сар болгон зарласан. Экспортыг дэмжих чиглэлээр өрнөж буй аяны хүрээнд ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХСан, Үндэсний хөгжлийн газар, Үндэсний брэндийн зөвлөл, Экспорт Олон улсын худалдааны төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумыг 2019.10.28-29 өдрүүдэд зохион байгуулж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү бизнес форумаар бид дэлхийн зах зээлд олон цонхоор бус нэг цонхоор нэг бодлогоор харах нь зүйтэй гэсэн уриан доор чуулж байна.
“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумд төр болон хувийн хэвшлийнхнийг идэвхтэй оролцуулж, цаашид экспортын баримжаатай бүтээгдэхүүнийг хөхүүлэн дэмжих, үйлдвэрлэгч бодлого боловсруулагч хөрөнгө оруулагчдын холбоог бататгаж өгөх юм. Энэ удаагийн форумд Европийн холбоо, АНУ, Япон, БНТУ, Канад, Энэтхэг Австрали зэрэг улсуудын зочид төлөөлөгчдөөс гадна, Америкийн чембер, Германы олон улсын хамтын ажиллагааны газар GIZ, Азийн бизнесийн холбоо зэрэг олон улсын байгууллага болон төсөл хөтөлбөрүүд мөн ХХААХҮЯ, ГХЯ, ЖДҮХС, Үндэсний Хөгжлийн Газар, МУИС-ын бизнесийн сургууль, МУ-ын Хөгжлийн банк, Үндэсний Брэндийн Зөвлөл, Хөнгөн үйлдвэрийн болон ЖДҮ эрхлэгчид зэрэг төр хувийн хэвшлийнхэн идэвхтэй оролцож байна.
Уг форум нь B2B нүүр тулсан бизнес уулзалтууд, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа, үйлдвэрлэлийн туршлага солилцох аялал зэргээр явагдах юм. Хувийн хэвшлээс 350 гаруй экспортлогч болон экспортод чиглэсэн чиг баримжаатай аж ахуйн нэгж, байгууллагын 1000 гаруй төлөөлөгчид бүхий оролцогчдын хүрээ өргөнтэй болж байна хэмээн форумд оролцогчид хэлж байна.
Форумын хүрээнд “Монгол Брэнд” дэлхийд үзэсгэлэн яармаг зохион байгуулагдсан. Үзэсгэлэн яармагт олон улсад бүтээгдэхүүнээ эскпортолдог дотоодын компаниуд өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа юм. “Монгол Брэнд” дэлхийд үзэсгэлэнгийн хүрээнд экспортын чиг баримжаатай “Шилдэгийн Шилдэг” бүтээгдэхүүнийг тодруулах юм. Тэргүүлсэн бүтээгдэхүүнд цом өргөмжлөл гардуулахаас гадна Япон Улсад болох “Монголд Үйлдвэрлэв” арга хэмжээнд оролцуулан дэлхий дахинд сурталчилан таниулна.
Өнгөрсөн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлтэй холбоотой олон улсын уулзалт, форум ихээхэн болдог байсан бол энэ удаа уул уурхайн бус бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжсэн “Экспорт Монгол-2019” олон улсын бизнес форум болж байна. Монгол Улсын хувьд шавхагдмал нөөцөөс шавхагдашгүй нөөцөөр эдийн засгаа солонгоруулах нь ихээхэн хэрэгцээ шаардлагатай байгааг уг чуулга уулзалт тодотгож өглөө хэмээн оролцогчид хэлж байгаа юм.
Чуулганы нээж ХХААХҮ-ийн сайдын хэлсэн үг,
Эрхэм хүндэт үндэсний үйлдвэрлэгчид, гадаадын зочид төлөөлөгчид, энд хүрэлцэн ирсэн хатагтай, ноёд Та бүхэндээ өгөөж баян намрын энэ сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье.
Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, экспортын төрөлжүүлэлтийг нэмэгдүүлэхэд эрдэм мэдлэг, ур чадвар, хүч хөдөлмөрөө дайчилж буй үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид болон Монгол гэсэн халуун сэтгэлээр хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид та бүхний хамтын ажиллагаанд амжилт хүсье.
Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн гурван тулгуурт хөгжлийн бодлогод хамгийн гол, суурь салбар бол хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар гэж чухалчлан үзэж, Монгол-Экспорт хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэх зорилго тавьж байна. Энэ бүхний үр дүнд уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдэж, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшилж, Монгол Улсын нийт экспортод хөдөө аж ахуйн гаралтай боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нэмэгдэж, тус салбарын экспортын орлого өснө гэж тооцоолж байна.
Эхлээд Та бүхэндээ салбарын экспортын талаар зарим тоо баримт, мэдээлэл хүргэе. Монгол улс 2018 онд нийт 156 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнээс экспорт 7.0 тэрбум, импорт 5.9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын оёмол, нэхмэл бүтээгдэхүүний экспорт өмнөх оныхоос 21.7 хувиар, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, үйлчилгээ 6.8 хувиар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 5.5 хувиар тус тус өссөн нь энэ салбарт нэмүү өртгийг шингээн экспортыг нэмэгдүүлэх боломж буйг харуулж байна.
Энэ удаагийн “ЭКСПОРТ МОНГОЛ-2019” олон улсын анхдугаар бизнес форумын үндсэн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийд гаргахад чиглэж “НЭГ ЗОРИЛГО, НЭГ ГАРЦ, НЭГ ХӨГЖИЛ” уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
2019 онд Монгол Улсын Их Хурал Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг, Монгол Улсын Засгийн газар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр, баримтлах бодлого, тэргүүлэх чиглэлийг, ХХААХҮ-ийн сайд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг тус тус баталсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд экспортыг дэмжих чиглэлээр олон зохицуулалтыг оруулсан бөгөөд жишээ нь, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-т “… үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Сангаас олгож болох” зохицуулалттай болсон.
Цаашдаа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээс гадна санхүүгийн бус арга замаар дэмжих, экспортын чиглэлийн мэргэшлийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох чиглэлд онцгой анхаарах болно. Энэ зорилгоор “ЭКСПОРТ МОНГОЛ-2019” Олон улсын анхдугаар бизнес форумыг ХХААХҮЯ, ЖДҮХС санаачлан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран зохион байгуулж байна.
Та бүхэн энэхүү форумд оролцож Монгол улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөртэй танилцаж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын сүүлийн үеийн мэдээллийг авч, гадаад улс орнуудын зах зээлд нэвтрэх, бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж, экспортын чиг баримжаатай компаниудын арвин туршлагаас хуваалцах, мэдлэг, мэдээлэл солилцох, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр олон олон ололт, амжилтыг авчирсан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.
“ЭКСПОРТ МОНГОЛ-2019” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа, гадаадын зочдын сургалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Гадаад, дотоодын байгууллагуудын хамтын ажиллагаа улам өргөжиж, түншлэлийн харилцаа тэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Эх сурвалж: ХХААХҮЯам