Б.Болороо тѳрийн ѳндѳрлѳгүүдэд хандан ил захидал илгээжээ

2019 оны 10-р сарын 28 өдөр, 12 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
66808433_666766723786497_3108162614006382592_n

Иргэн Б.Болороо талийгаач нөхрийнхөө хэргийн үнэн зөвийг олуулахаар төрийн бүх шатны удирдлагуудад хандан захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА,
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ,
УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР,
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ,
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА С.БААТАРЖАВ,
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ,
ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА М.ОЮУНЧИМЭГ ТАНАА

Миний бие Буянжаргал овогтой Болороо нь тархины саажилт гэсэн хөгжлийн бэрхшээлийн хэлбэртэй иргэн бөгөөд 2016 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг олон нийтэд таниулж, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газарт мэргэжилтнээр ажиллаж байна.
Бусдын л адил боловсрол эзэмшин, хөдөлмөр эрхэлж, гэр бүл зохиож, үр хүүхэдтэй болон элэг бүтэн амьдарч байсан ч түшиг тулгуур болсон ханиа маш харамсалтайгаар, бусдын хайнга байдлаас болж алдаад 4 сарын хугацаа өнгөрөөд байна. Тодруулбал миний нөхөр Б.Амгалан нь \4 мөчний хуруунууд бэрхшээлтэй\ “Хишиг Арвин Индустриал” ХХК-нд 2019 оны 01 дүгээр сараас эхлэн “Харуул хамгаалалтын ажилтан”-аар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нэг ч удаа ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч 2019 оны 06 дугаар сарын 19-20-д шилжих шөнө ажлын байрнаасаа гарч явсан, гарч явсныг нь оршин суугчид харсан байна гэсэн мэдээллийг түүнтэй хамт ажилладаг Бадамдорж нь 20-ны өглөө надад мэдэгдсэнээр нөхрийгөө гадуур хайж эхэлсэн. Харамсалтай нь нөхөр маань нас барсан байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 50А орон сууцны лифтний хонгилоос 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олдсон.

Улмаар нөхрийн маань амь эрсдсэн хэрэг СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан бөгөөд миний хувьд хууль хяналтын байгууллагынхны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж, хуулийн дагуу үнэн зөвийг тогтоох байх гэж итгэж найдан өнгөрсөн хугацаанд тэвчиж суусаар өдийг хүрсэн. Харамсалтай нь хууль, хяналтын байгууллага \Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналт\-ын дүгнэлтүүд үнэн зөвөөр гарахгүй, мөрдөн байцаагчийн ажиллаж буй байдал, цуглуулсан мэдээ баримт хэт нэг талыг барьсан байгаа бөгөөд хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдээгүйгээр зогсохгүй миний нөхрийг ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж, хийх ёсгүй ажлаа хийж байгаад өнгөрсөн гэх зэргээр буруутган хэргийг хаах гэж байна. Манай гэр бүлийн зүгээс энэ бүх зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэсэн. Тодруулбал бидний олж цуглуулсан баримт, материалаар дүгнэхэд санал нийлэхгүй, сэжиг бүхий дараахь нөхцөл байдал байна. Үүнд:
1. Нөхрийг маань тэр лифтний хонгилруу унасныг компаний холбогдох хүмүүс мэдэхгүй байх ямар ч үндэсгүй байна. Гэтэл цогцосыг албаар нуун дарагдуулж, ямар ч шинжилгээ хийх аргагүй болгосныхоо дараа 19 хоногийн дараа гараж өгсөн. \баримт, нотолгоо бий\
2. Нөхөр маань хамгаалагч байсан болохоос биш лифтчин байгаагүй гэтэл лифт зас гэж үүрэг даалгавар өгсөн холбогдох хүмүүс байнга хийлгэдэг байсан дүр зураг нас барах үеийн камерын бичлэгээс харагдсан. \баримт, нотолгоо бий\
3. СХД-ийн мөрдөн байцаагч нас барах үеийн камерын бичлэгийг 07 дугаар сарын 17-ны өдөр хурааж аван ямар байдлаар нас барсныг мэдсээр байж 08 дугаар сарын 17-ны өдөр буюу нэг сарын дараа мэдэгдсэн. Энэ нэг сарын хугацаанд эрүүгийн өмгөөлөгчтэйгээ цогцосны байрлалын дагуу олон таамаг гаргаж, шалгуулах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч бидэнд тухайн үед тог тасарсан байж цахилгаан түгээх газарт албан бичиг хүргүүлсэн гэх зэргээр төөрөгдүүлсэн мэдээллийг өгч байсан. \баримт, нотолгоо бий\
4. Шүүх эмнэлгээс нас барсан хугацааг нь ч үнэн зөв тогтоож чадаагүй байж, архины хувь хэмжээг 2.4 промилтэй маш өндөр гаргасан. Энэхүү хариун дээр үндэслэн нөхрийг минь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, хийх ёсгүй ажлаа хийсэн гэх зэргээр буруутгаж байна. Гэвч камерын бичлэг харахад миний нөхөр архи уугаагүй, утсаар залган лифт зас гэж үүрэгдсэний дагуу ажил үүргээ маш хариуцлагатайгаар, олон удаа хийж байсан гэмээр туршлагатай хийж байгаа нь харагдаж байна. түүнчлэн нөхрийн маань хувьд жаахан л согтууруулах ундаа хэрэглэхэд гүйх нь бүү хэл алхахад ч хүндрэлтэй болдог тул камерын бичлэг дээр маш хурдан шаламгай гүйж байсан нь архи уугаагүйг илтгэж байгаа юм. \баримт, нотолгоо бий\
5. СХД-ийн цагдаагийн хэлтсээс Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хавтаст хэргийг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэсэн 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдийн 4 өдрийн Рапортын тэмдэглэлийг л хуулбарлан, камерын бичлэгийг СиДи дээр хуулбарлахгүйгээр зурган тайлбар хэлбэрээр явуулсан нь хэргийг амь хохирогчийн буруутай үйлдэл болгон хаалгах гэсэн нь тодорхой харагдаж байна. \баримт, нотолгоо бий\.
6. Түүнчлэн СХД-ийн мөрдөн байцаагчаас нөхрийг минь архи ууж, өөрийн буруугаас болж амь эрсдсэн гэсэн байдлаар хэргийг хаах гэж ажиллаж байгаа учир, өнөөг хүртэл үүндээ тааруулан ажиллаж ирсэн учир гэрчүүдээс авсан мэдүүлэгт ч эргэлзэж байна. учир нь миний нөхрийг архи усан гэж харагдуулахад гол буруутан болсон Пара хөнгөн атлетикийн тэргүүн Батдорж \тухайн өдөр энэ багшдаа архи авч өгөн өөрөө амссан\-оос мэдүүлэг авахгүй маш удсан бөгөөд МХГ-руу материалаа явуулахаасаа өмнөхөн байцаасан.
Иймд энэ бүгдээс үндэслэн компани \ажил олгогч\-с дээрх үйл ажиллагаануудад хөндлөнгөөс нөлөөлж байна гэж үзэн танаас дараахь зүйлсийг хүсэж байна.
1. Цогцосноос авч үлдсэн дээжүүдийг гадны улс оронд шинжлүүлэх. Боломжгүй бол нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр дахин шинжлүүлэх.
2. МХЕГ-т 06 дугаар сарын 16-наас өмнөх Рапортын дэвтрийн тэмдэглэлийг, нас барах үеийн камерийн бичлэгийг СиДи дээр хуулбарлан дахин ҮО мөн эсэхийг тогтоохоор явуулах.
3. Нөхрийн маань хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтсээс татаж, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн байцаах тасагт шилжүүлэх.

Энэ хэрэгт холбогдож буй компанийн хувьд миний нөхөр хэн ч биш, хоёрхон хуруутай хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан болохоор манай гэр бүлээс өдийг хүртэл албан ёсоор уучлал гуйхгүй явж байна. Гэвч охин бид хоёрт нөхөр маань орчлонг алган дээр минь тавьж өгдөг, хаанаас ч эрээд олохгүй үнэт эрдэнэ минь байсан юм.

Ийм ч учраас би нөхрийнхөө архи ууж байгаад, хийх ёсгүй ажлаа дур мэдэн хийсэн гэсэн нэрийг нь цэвэрлэх гэж, ирээдүйд охин нь аавыгаа буруугаар ойлгохвий гэснээс сэргийлж, үнэн зөвийг олж тогтоохоор явна. Энэ үйл хэрэгт маань тусламжийн гараа сунгаж, гэр бүлийн минь сэтгэлийн шархыг бага ч гэсэн хөнгөлж өгөөчээ гэж Танд хандаж байна.
Миний ээж бид хоёр энэ амьдралдаа маш олон зүйл золиослон байж өдий зэрэгтэй яваа учир энэхүү үнэн зөвийг тогтоох ажлынхаа эцсийг нь хүртэл явах болно. Иймд Таныг Монгол Улсад нэг зүйл дээр ч гэсэн үнэн ялдаг юм, мөнгөтэй эрх мэдэлтэн биш эгэл ард ялж болдог юм гэдгийг харуулахад минь тусалж, намайг дэмжиж байгаа ард түмэнд төрдөө итгэх жаахан ч гэсэн итгэлийг бий болгож өгнө гэж найдаж байна.

Хохирох ёстой хүн байвал би л байя, үр хүүхдэд минь сайхан аавынх нь тухай муу муухай зүйл битгий сонсогдоосой гэж л хүсч байна. Нөхөр бид хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар нийгэмд зөвөөр үлгэрлэл үзүүлнэ гэж, бүхнийг өөрсдөө болгох гэж хичээж амьдарч ирсэн. Тиймдээ ч нөхөр минь ажилдаа сэтгэлээсээ хандаж, хүний хий гэснийг хариуцлагатайгаар хийснийхээ төлөө охин бид хоёрыг үүрд үлдээгээд явлаа.

Хэрвээ асуудлыг минь анхааралдаа авч, хүсэлтийг минь биелүүлэхээс татгалзвал би Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, Олон улсын байгууллагууд руу хандах болно. Нүдэн дээр бүх зүйлс худал хуурмаг болж, баримт нотолгоонууд бүгд байсаар байхад сул дорой царайлж, юу ч хараагүй, мэдээгүй мэтээр байж, тэр компанийханд доромжлуулан ханиа муу нэртэй үлдээвэл би өөрийгөө хэзээ ч уучлахгүй, ханийхаа намайг хайрласан тэр ямар ч худал хуурмаг зүйлгүй хайрынх нь хариуд би энэ бүгдийн эцсийг үзтэл явах болно.

Эцэст нь хэлэхэд нөхрийн минь хэргийн үнэн зөвөөр шийдэхэд туслан цаашид миний Монгол Улсад хүний эрх, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх ирээдүйн их хүсэл, зорилгыг минь бадрааж өгнө гэдэгт гүнээ итгэж байна.

ЭНЭ УЛСАД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД Ч НЭР ТӨРӨӨ ЭРХЭМЛЭН ХАЙРЛАХ ЭРХТЭЙ.

ХҮНДЭТГЭСЭН: Б.БОЛОРОО
2019 оны 10 дугаар сарын 28

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (202.126.88.***)
    2019/10/29 16:59

    Haramsaj baina.

    (0) (0)