Нөхөр

2019 оны 10-р сарын 25 өдөр, 12 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73528663_144557380274095_7385789288786427904_n

Шүүх танхимд шуухитнан зогсох эрээс өөр хүн үгүй мэт нам гүм байлаа. Шүүгч өмнөө байх хэдэн хуудас цаасыг эргүүлэхэд сэрчигнэх чимээ хөндий танхимаар гаслантайгаар цуурайтав. Эргээд анир чимээгүй өрөөг эзлэхэд нүдээ хагас аниад толгой гудайн зогсох сайхь эрд цаг хугацаа энэ чигээр мөнхөд гацчихсан юм шиг л санагджээ. Шүүгч харц өргөн:
-Чи яагаад заавал салах гээд байгаа юм бэ? гэж аниргүйг эвдэж үзгээрээ ширээ тогшин нухацтай асуулаа. Залуугийн алга хөлөрч, харц нь тогтохгүй үсчсэнээ санаа алдаад газар шагайчихав. Тэгээд тонгойсон чигтээ:
-Би өөр бүсгүйд хайртай хэмээн гонгинон өгүүлэв.
-Тэр хайр гэр бүлээс чинь илүү үнэ цэнтэй байж чадах юм уу? Чи энэ тухай бодож тунгаасан уу? гэж шүүгч ширүүлэхэд залуу тэвдэж буй нь илт хүрэмнийхээ хормойг базалж:
-Бодсон. Би шийдсэн гэлээ.
-Чи эхнэртээ хайртай байгаагүй юм уу? Яах гэж гэр бүл болсон юм бэ? хэмээн шүүгч үргэлжлүүлэн асуулаа.
Залуу үг дуугаралгүй дахиад л хүрмээрээ оролдон зогсов. Хөндлөнгөөс харж буй хүнд энэ нь үнэхээр тээртэй санагдах ажээ. Гэнэт залуу тэргүүнээ өргөхөд нүд нь аймшигтайгаар гялалзаж байв.
-Би салмаар байна. Амьдарч чадахгүй хэмээн тэрээр хоолой шахан солиорсон мэт хашгичив.
-Та шүүх танхимд байгаа шүү. Дуугаа аядаарай гэж шүүгч зориуд чангаар хэлж сануулаад:
-Гэр бүл тоглоом биш. Та охиноо өнчрүүлж байна гэдгээ ойлгож байна уу? гэж уурсангуй дуугарав.
Залуу шүүгчийн хилэнтэй харцнаас дальдчин дуугүй толгой дохив.
-Хүүхэд бол хариуцлага. Тиймээс та хоёр дахиад ярилцвал яасан юм бэ? хэмээн шүүгч зөөлөн хэрнээ тулгангуй өгүүлэхэд залуу:
-Ярилцах шаардлагагүй ээ. Би түүнд хайргүй. Хэчнээн бие минь гэрт байвч сэтгэл маань өөр газар байх болно. Халамж, сэтгэл үгүй хоосон, хөндий газар би амьдармааргүй байна гэлээ.
Түүнээс хэдэн алхамын зайтай зэрэгцэн зогсох бүсгүйн харцанд жигшил тодорч тэсэлгүй:
-Чи ч хүний адаг юм даа гэж зүхэв.
Бүсгүй гомдож, шаралхсандаа мэлмэрээд ирсэн нулимсаа долоовор хуруугаараа арчаад:
-Бүтэн 10 жил амьдрахдаа би чиний сэтгэлийг таньсангүй. Чи ч хумсаа нуусан өөдгүй, хүний оронцог байжээ. Чамаас салж байгаадаа би маш их баяртай байна гэж хоолой зангируулав. Тэгснээ бүсгүй хормын зуур биеэ эзэмдэн нуруугаа цэхэлж, царай нь догширч ирснээ эмэгтэй хүний төрөлх бардам зангаар залуу руу дорд үзсэн, сэхүүн харцаар нэвт шөвөгдөж байгаад:
-Шүүгч ээ, би гэр бүлээ нэн яаралтай цуцлуулмаар байна хэмээн хахир өнгөөр зэвүүрхэн хэлэв.
Шүүх танхимаас гараад залуу охиныхоо өмнө өвдөглөн сууж түүний нүүрний өмнүүр унжих үсийг хойш илбэснээ хацрыг нь зөөлөн чимхэв.
-Би чиний энд үргэлж байх болно гэж залуу охины зүрхэн тушаа хуруугаараа заагаад:
-Намайг ямагт санаж яваарай гээд үнсэхэд охины уруул өмөлзөж дуугүй л толгой дохижээ.
-Алив явъя гэж эх нь ширүүлээд охины гараас татахдаа залуугийн дэргэд элгээ тэврэн зогсох гэр бүлийг нь бусниулсан эмэгтэй рүү тун муухайгаар хялалзав. Бүсгүй охиноо хөтлөн хонгилоор алхахад охин дуртай дургүй даган явснаа залуу руу эргэж харан инээмсэглээд гар далласаар булан тойрон далд оров.
Охин эцгээ сүүлчийн удаа харсан энэ мөчийг эхэндээ байнга зүүдэлдэг байлаа. Он цаг өнгөрөх тусам хонгилд суугаад хоцорсон тэр эрийн царай бүдгэрсээр сүүмгэр дүрс хаа нэг зүүдэнд нь үзэгддэг болжээ. Түүний хүүхэд насны дурсамжаас залуу бага багаар арчигдсаар охин 18 нас хүрэхэд эцгээ ор тас мартжээ. Эх нь ч үүнийг хүсч энэ ертөнцөд тийм хүн огт байгаагүй мэт түүнтэй холбоотой дурсамж сэдрээх бүхнийг үгүй хийж, устгаж орхисон билээ. Шүүх хурал болсноос арав гаруй хоногийн дараа бүсгүй байр, машинаа зараад хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө хаман шинэ амьдрал эхлүүлэхээр охиноо дагуулан европ тивийг зорьжээ. Охиныг нас биед хүрсэн хойно сая нэг бүсгүй эх нутагтаа түр ирж олон жил уулзаагүй аав, ээжийнхээ барааг харж сэтгэлээ дэвтээлээ.
Нэг өглөө бүсгүй дэлгүүр орох гэж яваад гудамжинд нэгэн эмэгтэйтэй харц тулав. Нөгөөх эмэгтэйн царайд мишээл тодорсноо эгшний зуур харц нь гунигт автаж гэмшингүй өмнөөс нь алхахад бүсгүй сая түүнийг таньжээ. Тэр нөхрийг нь булааж, амьдралыг нь сүйрүүлсэн эмэгтэй мөн байлаа.
-Сайн байна уу? Ашгүй ингэж тааралдах гэж хэмээн эмэгтэй догдолсон хэрнээ тун болгоомжлонгуй дуугарав. Бүсгүй түүн өөд зэвүүцэн харж дурамжхан толгой дохиод:
-Яах гэсан юм? хэмээн хөндий дуугарснаа зөрөн явах гэлээ.
-Намайг зүхэж, уурлаж байгааг чинь би мэдэж байна. Гэхдээ чиний бодсон шиг явдал болоогүй. Би нөхрийн чинь хүслийг биелүүлсэн юм гэж эмэгтэй сандран хэлээд түүний өмнүүр хөндөлсөв.
-Та хоёрын явдал надад хамаагүй. Би мартсан. Намайг тайван орхиж үз гэж бүсгүй бухимдав.
-Талийгаачид чи гомдох хэрэггүй гэж эмэгтэйг намуухан хэлэхэд бүсгүй түүн рүү зог туслаа.
-Шүүх хурал болсноос сарын дараа тэр нас барсан гэж эмэгтэй яриагаа үргэлжлүүлэхэд бүсгүй бүр балмагдаж орхив.
-Чи юу яриад байна аа? хэмээн арай гэж үг унагалаа.
-Талийгаач тархины хорт хавдартай байсан юм. Чамайг өөрт нь хэчнээн их хайртайг мэддэг байсан. Нэгэнт эдгэхээс өнгөрсөн өвчнийг эмчлэх гэж орон гэр, байдаг хөрөнгөө зарахаас ч буцахгүй гэдгийг чинь бас мэдэж байсан. Чиний бууж өгөх дургүй, зөрүүд зангаас чинь тэр айж охиноо, чамайг юу ч үгүй битгий хоосон хоцроосой гэж хүссэн. Нас барсныхаа дараа та нарыг битгий зовж зүдрээсэй, хүний гар битгий хараасай гэж хүссэндээ чамаас өвчнөө нууж намайг ятган тэр нэг өөдгүй бүсгүйн дүрд тоглуулсан юм.
Бүсгүй түүний саях үгэнд итгэж ядан нулимс унаган зогслоо.
-Чиний нөхөр үхлийг инээмсэглэн угтаж, сэтгэл амгалан нойрссон. Тэр үхлийг ялсан юм шүү гэснээ эмэгтэй цүнхээ ухаж:
-Би хэзээ нэгэн цагт чамтай тааралдахаар үүнийг өгнө гээд биеэсээ салгалгүй хадгалж явсан юм хэмээн олон жилийн аясанд үнгэгдсэн дөрөв нугалсан цаас, алтан бөгж гаргаж ирэв.
-Энэ захидлыг чамд өгөөрэй гэж талийгаач хүссэн. Энэ түүний бөгж гээд эмэгтэй тэдгээр зүйлсийг бүсгүйн гарт атгуулаад талийгаачийн захиасыг биелүүлсэндээ сэтгэл амарч сая нэг уртаар амьсгал авав.
Бүсгүй гэр өөдөө зөнгөөрөө дэн дун алхсаар орцны өмнө ирэн сандал дээр лагхийн суулаа. Тэр захидлыг уншиж төвдсөнгүй, энгэртээ наалаа. Бүсгүй амандаа гагц “Чи минь ямар тэнэг юм бэ?” гэж үглэсээр байв. Тэрээр зоргоор урсах нулимсаа арчаад олон жилийн гомдлоо гүдхийн залгилж сэтгэлээ тайвшруулах гэхдээ дээш харвал бүртийх ч үүлгүй хөх тэнгэрийн гүнээс нөхрийнх нь инээмсэглэх дөлгөөн царай тодрон үзэгдэх шиг болжээ. Дахиад л хямарчихав. Бүсгүй нөхрийнхөө захидлыг энгэртээ чанга тэвэрсээр гуйвж дайвлан орц руу орон шатаар алхсаар гэрийнхээ үүдэнд тулж ирэв. Сэтгэл нь бага ч гэсэн тайвширчээ. Хаалгаа онгойлгон дотогш ороод охинтойгоо халз тулчихав.
-Та яагаа вэ? Нүд чинь бүр бүлцийгээд хавдчихаж хэмээн охин нь санаа зовнисноо:
-Ээж ээ, та уйлаа юу гээд тэврэн авлаа. Хормын дараа бүсгүй:
-Энэ аавын чинь бөгж. Одоо чинийх гээд охиндоо өгөхөд олон жилийн тэртээ өмнө нь өвдөглөн сууж байгаад зүрх өөд нь зааж:
-Би чиний энд үргэлж байх болно. Намайг ямагт санаж яваарай гэж хэлсэн эрийн дүрийг охин нэхэн санав.
Ж.Бямбасайхан
2019.08.20

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх