Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хороо дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран эмзэг бүлгийн 200 өрхөд бэлэн мөнгөний тусламж олголоо.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн Засаг даргын тамгын газраас “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн улаан загалмайн хороотой хамтран нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ой, Монголын улаан загалмай нийгэмлэгийн 80 жилийн ойг тохиолдуулан дүүргийн 1-20 хорооны 200 өрхөд хүндэтгэл үзүүлж, тусламж олгов.
Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр: Бэлэн мөнгөний тусламж олгосон айл, өрхийг хорооны Засаг дарга нартай хамтран судалгаа, мэдээлэлд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өрх толгойлсон эцэг, эх, амьжиргааны түвшин доогуур орлоготой гэсэн шалгуураар сонгосон. Сүхбаатар дүүрэг 20 хороотой. Нэг хорооноос 10 өрх айл буюу нийтдээ 200 айл өрхийг сонгож багахан хэмжээний мөнгөн тусламж үзүүллээ. Энэхүү мөнгө тухайн иргэн, айл өрхийн хэрэгцээ, шаардлагад нэмэр болох болов уу. Бидний сонгосон айл өрхөд эм, тариа байнга хэрэглэдэг хүн ч бий. Хоол хүнс, дулаан хувцасны шаардлага гарсан айл өрх ч олон. Өөрсдийн хэрэгцээтэй зүйлээ худалдан авахад хэрэг болох болов уу гэсэн үүднээс өгч байна” гэв.
Уг үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Шижир, Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Сүхбаатар дүүргийн улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга М.Бямбасүрэн, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нар болон хороодын Засаг дарга нар оролцлоо.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг