Ховор хүн

2019 оны 10-р сарын 24 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
73274605_2747549518665397_675029014796042240_n

Яагаад ч юм харах төдийд л дулаахан, тайван мэдрэмж төрүүлдэг хүмүүс байдаг даа. Жаахан ч гэсэн тэр яг л тийм төрлийн хүн. Насандаа баймгүй буурьтай, талимаарсан гүн бор нүдтэй. Даруухан, дуу цөөтэй гэмээр жаахаан бор хүү. Нүд нь яагаад тийм таахын аргагүй харагддаг,  яагаад хүүхэд гэмээргүй тийм буурьтай, тогтуун байдаг нь хичээллэдэг спорттой нь холбоотой болов уу гэмээр. Золжаргалын Тэмүүжин гэдэг 13 настай энэ хүү 11-хэн настайдаа Монгол Улсын нэрийг дэлхийд мандуулж чадсан ховор хүн. Тэрбээр оюуны спортоор хичээллэж эхлээд гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд дэлхийн рекордыг эзэмшиж, эх орныхоо нэрийг дэлхийн дэвжээнд цуурайтуулж чаджээ. Монгол хүний оюуны чадамжийг дэлхийд гайхуулж, нотолж яваа бяцхан баатар. З.Тэмүүжин 2016 онд буюу 10 настайгаасаа оюун ухааны спортоор хичээллэж, Х.Хатанбаатар тэргүүтэй оюуны их мастеруудын шавь болжээ. Энэ спортоор хичээллэж эхэлснээс хойш гуравхан сарын дараа улсын аваргын тэмцээнээс анхны медалиа хүртсэн нь жаахан хүүгийн амжилтын эхлэл байж. Богино хугацаанд амжилт гаргасандаа урамшсан тэрбээр хилийн дээс алхаж, эх орноо төлөөлөн дэлхийн шигшмэл тамирчидтай оюунаа уралдуулж, эдүгээ нийт 16 медалийн эзэн, Азийн мастер цолыг хүртээд байгаа юм. Оюуны спортод хөл тавьсан гурван жилийн хугацаанд жаал хүү “Хурдны хөзөр” төрөлд дэлхийн рекордыг эвдэж, өнөөг хүртэл түүний амжилтыг давж чадсан тамирчин гараагүй байгаа аж.

Бахархмаар биш гэж үү. 13-хан настай хүү эх орныхоо нэрийг хилийн чанадад дуурсгаж, дэлхийд монгол хүүгийн оюуны чадамжийг гүйцэх хүүхэд байхгүй байна гэж бодохоор. Тэрбээр 24 секунтэд 52 ширхэг хөзөр цээжилж, түүнийгээ нэг цагийн дараа цээжилсэн дарааллаараа хэлж дэлхийн рекордыг эвджээ. Ерөөс оюуны спорт гэдэг нэг төрлөөр дагнана гэсэн ойлголт байдаггүй. Энэ спортын 10 төрлөөр бүгдээр нь хичээллэх шаардлагатай. Бүх төрөлд оролцож, тэдгээрийн нийлбэр дүнгээр байр эзэлдэг хатуу шалгууртай спорт аж. 10 төрлийн нэгэнд л тааруухан үзүүлэлт гаргавал бусад төрлүүдэд гаргасан амжилт нь ухарна гэсэн үг. Тэгэхээр жинхэнэ уйгагүй, хөдөлмөрч хүний л хичээллэх спорт гэдэг нь илт. Хамгийн бахархмаар нь тэвчээр, нөр их хөдөлмөр, оюуны чадамж шаардсан энэ спортоор монголчууд дэлхийд гайхуулдаг. Энэ спортоор хичээллэдэг ихэр охид Геннисийн номд бичигдэж байсан нь саяхан. Түүний араас З.Тэмүүжин хүү түүчээлж, дэлхийн рекордыг эзэмшээд буй. “Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол Монгол хүүхдүүд. Бид олон улсын тэмцээнд бусад орны тамирчидтай өрсөлдөнө гэхээс илүү хоорондоо өрсөлдөхөөр явдаг. Монгол өрсөлдөгчдөөрөө баримжаалж бэлтгэлээ хийдэг. Олон улсын тэмцээнд гол өрсөлдөөн монгол хүүхдүүдийн дунд л явдаг” гэх түүний яриа бахархал төрүүлэх. Монгол хүүхдүүд оюуны чадамжаараа дэлхийд гайхагдаж байна.

З.Тэмүүжин хүү саяхан Индонез улсын Бали аралд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Азийн мастер цол хүртсэн юм. Гэвч тэр үүндээ ханаагүй. Энэ цолоос дээш дахиад гурван цол байдаг гэнэ. Түүний хамгийн ойрын зорилго энэ гурван цолыг авах. Тийм ч учраас үеийн хүүхдүүд нь тоглоомын талбайд тоглож байхад, гэртээ эс бөгөөс академдаа бэлтгэл сургуулилтаа хийж байдаг аж. Анх энэ спортоор хичээллэх болсон шалтгаан тун энгийн мэт санагдавч хэн хүнд байдаггүй уйгагүй хөдөлмөрч занг нь илтгэнэ. Жаал хүү эхэндээ гадаад хэлний шинэ үг, математикийн томъёо зэргийг цээжлэх нь түүртэй санагддаг байжээ. Ингээд яавал энэ бүхнийг хялбархан цээжилдэг болох талаар эрэл хайгуул хийсээр эцэстээ энэ бодлоо орхихын даваан дээр ээж нь Х.Хатанбаатар багшийн тухай эчнээ сонсож, хүүгээ түүнд шавь оруулахаар шийджээ. Ингэж л таахын аргагүй гүн бор нүдтэй, томоотой бор хүү Монгол Улсын нэрийг дэлхийн дэмжээнд гаргах эхлэл тавигдсан аж. Н.Золжаргалынх гэх залуухан гэр бүл дөрвөн хүүхэдтэй. Тэдний хамгийн том нь З.Тэмүүжин. Тэд хүүхдүүдээ чадаж байгаа, сонирхож буй бүхнээр нь хөгжүүлэхийг гол зорилгоо болгодог аж. Тийм ч учраас дөрвөн хүүхдээ спорт, урлагийн чиглэлээр сургалтуудад хамруулдаг байна. Оюуны спортын залуухан мастер З.Тэмүүжин л гэхэд тамирчнаас гадна хөгжимчин. Төгөлдөр хуураар хичээллэдэг бөгөөд энгийн сурагчдын 14 хоногт сурдаг тоглолтыг хоёрхон өдрийн дотор эзэмшдэг гайхалтай хөгжимчин гэнэ лээ. Тэр бас бэйсболлын тамирчин. Монголын бэйсболлын холбооны “Алтан бээлий” клубын тамирчин ажээ. Хийсэн бүтээснээрээ аархаад байдаггүй,  чимээгүйхэн хөдөлмөрлөж, бүтээж явдаг ховор хүмүүсийн нэг бол З.Тэмжүүжин яах аргагүй мөн аж. Амжилтаас давж амжилтад хүрэхийг мөрөөдсөн даруухан хүүгийн мөрөөдөл биеллээ олсоор. Тэр тэмүүлсээр, хичээсээр, хөдөлмөрлөсөөр.

Эх сурвалж: http://dardas.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. монгол ээж
     (119.40.103.***)
    2019/10/24 12:32

    мундаг хүүд баяр хүргье

    (0) (0)