Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 60 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай техникийн бааз сууриа нэмэгдүүллээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр тус уурхай “Вагнер Ази Тоног Төхөөрөмж” ХХК-иас Катерпиллар фирмийн хөрс тээврийн авто самосвал, бульдозер худалдан авч машин механизмаа шинэчлэв.
“Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Н.Лхагвабаатар “Засгийн газрын 132 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, “Багануур” компанид хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу Катерпиллар фирмийн хөрс тээврийн авто самосвал, бульдозерыг “Багануур” компанид хүлээлгэн өгч байна. Техникийн шинэчлэл хийснээр тус уурхай 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг товлосон хугацаанд бүрэн хүчин чадлаар хийх боломжтой боллоо” гэв.
Мөн дээрх тоног төхөөрөмжийн оношилгооны багаж хэрэгсэл болон мэргэжлийн сургалтад хамрагдсан 16 операторт гэрчилгээ гардууллаа.
Эх сурвалж. erdenesmongol.mn