Нүүрсний салбарын өнгийг тодорхойлох “Coal Mongolia-2019” чуулга уулзалт эхэллээ

2019 оны 09-р сарын 05 өдөр, 17 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenes4

Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах “Coal Mongolia-2019” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн Улаанбаатар хотноо эхэллээ.

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад Засгийн газрын гишүүд, яам агентлагийн төлөөлөл, нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн болон худалдаа, тээвэр ложистикийн компаниуд, оператор компаниуд, хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид зэрэг 30 гаруй орны 500 орчим төлөөлөгч оролцож байна.

Чуулга уулзалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлсэн юм. Тэрбээр “Уул уурхайн салбар нь улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг, аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүний 72 хувийг, экспортын бүтээгдэхүүний 87 хувийг, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг тус тус бүрдүүлж манай улсын тэргүүлэх салбар болон хөгжиж байна. Уул уурхайн үйлдвэрлэлтэй уялдаж, зам, тээвэр, харилцаа холбоо, эрчим хүч, банк санхүүгийн систем, барилга, хот байгуулалт зэрэг салбарт шууд бус, дам нөлөө үзүүлж улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэлээ.

“Өрсөлдөөнд манлайлъя” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилготой чуулга уулзалтын эхний өдөр Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар хэлэлцэж байна.

Чуулга уулзалтын хоёр дахь өдөр буюу маргааш “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Мөн охин компани болох “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун Багануурын уурхайн хэтийн төлөв, хөгжлийн талаар илтгэл тавих бол “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар Метан хийн төслөө гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулна.

Дашрамд дурдахад, Монгол Улс энэ онд нийт 42 сая тонн нүүрс өмнөд хөршийн зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн. Оны эхний долоон сарын байдлаар 20 орчим сая тонн нүүрс буюу төлөвлөгөө 50 хувийн биелэлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспорт 0.42 хувиар өсжээ.

Боловсруулсан   Б.Даваатогтох

Эх сурвалж. erdenesmongol.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх