Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөг өнөөдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. Өдөрлөгийн үйл ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүд, хэрэгжүүлж буй ажил, үр дүнгийн талаар товч танилцуулсан бөгөөд энэ онд 48 сургууль, 93 цэцэрлэгийг ашиглалтад оруулна гэдгийг тодотгов. Мөн Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, тус чиглэлийн хурдны авто зам, сайжруулсан түлшний үйлдвэр, Яармагийн авто зам, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, Сонсголон, Баянзүрхийн гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарц, УБ-Дархан, УБ-Налайх чиглэлийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг амжилттай хэрэгжиж буй томоохон төслүүдийг онцолсон юм. “Монгол Улсын Засгийн газар ТЭЗҮ-гүй төслийг санхүүжүүлэхгүй” гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр дуулгаж, цаашид ард иргэддээ нээлттэй, ААН-үүдтэй илүү ойр уялдаатай, шударга хамтын ажиллагаатай байж, иргэнээ сонссон иргэдийнхээ онцлогт нийцсэн, дэлхийн чиг хандлагад дүйцэх бодлого гаргах цаг нь болсон гэж хэллээ.
Өдөрлөгийн үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ онцолсон юм. Үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх хүрээнд нүүрс, зэс, алт, мөнгө зэрэг уул уурхайн үйлдвэрлэлээс гадна эрчим хүч, замын дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарч буйгаа мэдээлсэн. Тухайлбал,
- “Эрдэнэс Метан” компани нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлсэн,
- Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төслийг эхлүүлсэн,
- “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж байгаа зэргийг онцлон дурдлаа. Түүнчлэн Монгол Улсын 3 сая иргэнд “Эрдэнэс Монгол” компанийн 1 ширхэг давуу эрхийн хувьцааг эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Харин 2030 онд Монгол Улсын хүн амын тоо 5 саяд хүрнэ гэж тооцож үзээд 5 сая ширхэг хүртэлх давуу эрхийг хувьцааг гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь борлуулдаггүй, өвлүүлдэггүй, шилжүүлдэггүй хувьцаа байхыг нээлтийн үеэр хэлсэн юм.
Мөн нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлэн, 45 км замыг асфальтаар хучиж, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж дуусган, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч, ирэх 10 дугаар сард ЭМЯ-тай хамтран дахин үзлэг, шинжилгээг хийхээр төлөвлөснөө дуулгав.
Өдөрлөгт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компаниуд /”Гашуун Сухайт Авто Зам” ХХК, “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК/-ийн төслийн танилцуулга, макетыг дэлгэж олон нийтэд мэдээлэл өгч ажиллаж байна. Хуваарийн дагуу ирэх 7 хоногийн лхагва гараг буюу есдүгээрр сарын 25-ны өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой мэдээлэл өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах ажлыг зохион байгуулах юм. Өдөрлөг энэ сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.