Илгээлт: Үйлдвэр-технологийн парк байгуулах, татварын бодлогоор дэмжих аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжинэ

2019 оны 10-р сарын 21 өдөр, 11 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_9156

Монгол Улсад хөнгөн аж үйлдвэрийн салбар үүсэж хөгжсөний 85 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Төрийн ордны их танхимд “Хөнгөн аж үйлдвэрийн улсын зөвлөгөөн” болж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан “Зөвлөгөөнөөс гарах санал зөвлөмжийг салбарын бодлого, зорилт, эрх зүйн орчныг сайжруулахад тусгана” хэмээн зөвлөгөөнийг нээж үг хэллээ.

Шууд дамжуулалт:

Зөвлөгөөнд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа уншиж танилцуулав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: 

“Хөнгөн аж үйлдвэрийн салбарын үе үеийн ажилчид аа,

Хүндэт үйлдвэрлэгчид, зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд Монгол Улсад Хөнгөн аж үйлдвэр үүсэж хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

Хөнгөн үйлдвэр бол бодитоор хамгийн их ажлын байр бий болгодог салбар билээ. Мөнгөн ашгийн хэмжээ бага байж болох ч үүнээс чухал нь нийгмийн болон эдийн засгийн тогтвортой байдал мөн. Уул уурхай ажиллах хүч дорвитой нэмэгдүүлэхгүй ч мөнгөн ашиг өндөртэй байж болно. Гэтэл тогтвортой байдал байхгүй, байнгын үнийн савлагаанд оршдог нь нийгмийн ач холбогдлыг бууруулж байдаг.

Эртнээс эдүгээ хүртэл Монгол Улсын хөнгөн аж үйлдвэрийн тулгын галыг асаалцаж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж ирсэн үе үеийн үйлдвэрлэгчид маань уламжлал, шинэчлэлийг хослуулан байж, цөөн тооны ч гэсэн Монголын гэх тодотголтой бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр байгаа нь бидэнд дэлхийн дайдад гарч өрсөлдөх боломж байгааг бэлхнээ харуулдаг. Гэхдээ маш их боломжийг ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай. Гагцхүү үүнд төрийн бодлого, дэмжлэг, залгамж чанар, хүний нөөц, чадавх, хариуцлага, зохион байгуулалт юу юунаас чухал гэдгийг өнгөрсөн түүх бидэнд харуулсан.

Өнөөдөр манай улсын хувьд 85 жилийн хугацаанд аж үйлдвэр хөгжсөн гэж хэлэхэд чамлалттай санагдаж байна. Бидэнд босгосон, бүтээсэн зүйлс нэжгээд байсан, хүрсэн түвшин маань ч дориун байсан үе бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие тус салбарт ажиллаж байсан, зовлонг нь мэдэх хүний хувьд Хөнгөн үйлдвэрлэлийн салбар бүрээр үйлдвэр-технологийн парк байгуулах, татварын бодлогоор дэмжих аливаа санал санаачилгыг бүх талаар дэмжихийг хичээн ажиллаж байна.

Арьс ширний технологийн парк байгуулж, түүхий эдийн үнэгүйдлийг арилгах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлээ хамгаалах, үндэсний үйлдвэрлэл, кластер үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн ажил Дархан-Уул аймагт эхэлж, жишиг үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй явагдаж байгааг энэ ташрамд дуулгая.

Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүйгээр экспортлох санал тус улсын Конгресст “Гуравдагч хөршийн худалдааны хууль” нэрээр хэлэлцэгдэж байгаа. Үүнээс гадна Европын холбоо, Япон гээд томоохон зах зээлүүд рүү хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх эрх зүйн үндэс бүрдсэн. Гэвч бодит ажил болгоход Засгийн газар, төрийн агентлагуудын хүчин чармайлт чухлаар шаардагдаж байгааг сануулах байна. Бий болчихсон боломжийг бодит ажил болгох нь сэтгэл зүрх шаардахаас бус эрх ямба, нөхцөл боломж шаардлагагүй юм.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж нээгдсэн. Гэтэл ажил хариуцсан төрийн түшмэд санаачилгагүй, биеэ нөөсөн байдлаар ажиллаж байгаагаас худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус хориг саадыг бууруулах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах Чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхгүй хоёр жил боллоо.

Засгийн газраас, хөнгөн үйлдвэр хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ашиг, экспорт нэмэгдсэн, борлуулалт өссөн гэдэг үр дүнг л шаардах ёстойг энэхүү илгээлтээр уламжлан сануулж байна. Үйлдвэрлэгчид, ажилчид зүтгээд хөдөлмөрлөөд байх атал төрийн албан тушаалтнууд тэдний зүтгэлийг үр дүн болгох ажлыг огт хийхгүй байгаа нь улсынхаа хөгжлийн эсрэг, хүн ардынхаа сайн сайхны эсрэг хийж байгаа гэмт үйлдэл мөн. Хэрвээ хөнгөн үйлдвэрлэлийн экспорт өсөөгүй, борлуулалт нь нэмэгдээгүй, ахиухан хөрөнгө оруулалт хийгдээгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа шилжүүлэх механизмыг бий болгох хэрэгтэйг онцолъё.

Та бүхэн бодитой шийдэл, гаргалгааг салбарынхаа удирдлагуудад өгч, шаардан ажиллах болно гэдэгт итгэж байна.

Улсын зөвлөгөөний ажилд амжилт хүсье” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд гардуулж өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх