“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээ эхэллээ

2019 оны 10-р сарын 21 өдөр, 11 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
74670605_1524491324357782_3631988030996217856_n_20191021110846

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Монгол Улс дахь Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Улаанбаатар хоттой ах, дүү найрамдалт харилцаат зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөгч оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттай ах, дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна. Ах, дүүгийн харилцаа  тогтоосон он дарааллын хуудсыг 1957 онд ОХУ-ын Москва хот эхлүүлдэг бол хамгийн сүүлийн гэрээг 2019 онд Бүгд Найрамдах Казахстаны Нур-Султан хоттой байгуулаад байна. Метрополис хотын хувьд Улаанбаатар хотод бүрэн шийдвэрлэгдээгүй, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тухайлбал, бид агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн асуудал, хог хаягдлын менежмент зэргийг жишээ болгон дурьдаж болно. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ахан дүүсийн харилцаат хотуудаас харилцан туршлага солилцох, иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй ногоон байгууламж, хот байгуулалт, дахин төлөвлөлт, зам тээвэр зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлсээр байна. Нийслэл хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж, түүх соёлын дурсгалт өвийг хамгаалах, сэргээн засварлах, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоодын бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхнийг татан оролцуулах, тэдэнтэй хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэхийг бид зорин ажиллаж байна. Улаанбаатар хотын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид та бүхэнд нийслэлчүүдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье. Бидний цаашдын найрамдалт хамтын ажиллагаа улам өргөжин гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.

Олон улсын өдөрлөгт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрлэлийн сайд Д.Сумьяабазар, НИТХ-ын дарга Р.Дагва болон гадаадын зочид төлөөлөгчид үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.

“Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээнд ОХУ-ын Москва, Новосибирск, Казань, Эрхүү, Улаан-Үд, Элстэй, БНХАУ-ын Чөндү, Жилин, БНСУ-ын Сөүл, Бусан, Инчон, Намянжү, Тайландын Бангкок, Япон Улсын Мияконожо, БНКУ-ын Нур-Султан зэрэг хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хуралдаж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх