Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ

2019 оны 10-р сарын 18 өдөр, 09 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15713618505da9143a0ad0c

Налайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.

-Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ?

-Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна.  2019 оны дөрөвдүгээр сард эхэлсэн  ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна.

Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.

Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.

Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно.

Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.

Arslan.mn

-Энэ төслийг гүйцэтгэх хэрэгжүүлэх шаардлага байгаагүй гэх хандлага бас байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Налайхын замд Улаанбаатар – Чойр, Замын-Үүд, Тэрэлжийн чиглэл рүү өдөртөө тогтмол 15-18 мянган авто машин, нийтийн тээвэр зорчдог. Үүгээр хүнд даацын болон том оврын авто машин ихээр зорчино, хоёрхон эгнээтэй, 60 жилийн насжилттай, эвдрэл гэмтэл их үүссэн учраас түгжрэл ихээр үүсч, зам тээврийн осол их гардаг байсныг та бид мэднэ. Тодруулбал, Сүүлийн 5-10 жилийн статистик тоон үзүүлэлтээс харахад  Налайхын замд жилдээ 15-18 хүн зам тээврийн ослоор нас барж, 100 гаруй хүн хүнд болон хөнгөн бэртдэг гэсэн баримт бий. Тиймээс БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр яаралтай шинээр барих бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх зайлшгүй шаардлага үүссэн учраас энэ төсөл эхлээд явж байна.

-Иргэдийн дунд хамгийн их санаа зовж буй зүйл бол замын чанар. Нэг жилийн настай зам тавигдах вий гэсэн хардлага, шүүмжлэл иргэдийн дунд байна?

-Засгийн газар, Нийслэлийн түвшинд энэ бүтээн байгуулалтанд маш их анхаарч ажиллаж байгаа.  MNS стандарт, шаардлага, технологийн хяналтыг бүх түвшинд хийж байна. Тухайлбал Засгийн газар, Нийслэлийн түвшинд горим мөрдүүлэх инженерийн баг, гүйцэтгэлийн түвшинд Монгол болон БНХАУ-ын зөвлөх инженерүүд хамтран энэ төсөл дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил, Монгол, БНХАУ-ын инженерүүд энэ төсөл дээр ажиллаж байгаа учраас иргэдийн санаа зовоод байгаа шиг гүйцэтгэгч компани нь чанаргүй зам тавина гэх боломжгүй юм.

Сүүлийн үед  цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан хүндрэлтэй асуудлууд гарч байна. Тухайлбал  шөнөдөө замынхаа хучлага хийх ёстой боловч хүйтэрсэн учраас орой зургаан цагаас хойш бүх ажлыг зогсоож, өдөртөө нэмэх градустай болсоны дараа технологийн горим алдахгүйгээр хийгээд явж байгаа. Замын зузааны хувьд 15 см-аар цементээр бэхжүүлсэн суурь, нэмж 15 см-аар буталсан чулуун суурь зэрэг  яг горимын дагуу хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 см суурин дээрээ 6 см асфальт дэвсээд байна. Нэмээд 4 см өнгөт асфальт тавигдана. Иргэдийн ойлголтоор замын чанарыг зузаанаар ярих юм бол нийт 40 см –н зузаантай болно гэсэн үг. Тиймээс Налайх-Чойрын зам насжилт өндөртэй байх болно.

Arslan.mn

-Далангийн ажил нь хэр явагдаж байна вэ?

-Далангийн ажил замын чанар стандартад их нөлөөлдөг. Далангийн ажлын нягтруулалт, чийгшил хэдэн хувьтай байгаа зэрэг технологийн горим дээр тогтмол хяналтаа тавьж байгаа. Далангийн нягтруулалтын хувьд 97, 98 хувиас доош нь байх юм бол хүлээж авдаггүй.

-Замын эхний ээлжийн хөдөлгөөнөө хэзээ нээх вэ?

-Эхний ээлжийн замын хөдөлгөөнөө энэ сарын 29 гэхэд нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ямартай ч удахгүй иргэд маань нийтийн тээврээрээ чанартай зам дээр шороо тоосгүй зорчих болно.

Arslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх