Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын олимпиадад оролцогчдыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ

2019 оны 10-р сарын 17 өдөр, 16 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
72489829_524334291724903_5073521425109745664_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр математик, физик, хими, биологи, газар зүй, мэдээлэл зүйн чиглэлээр бүсийн болон олон улсын олимпиадад тогтмол оролцож, амжилт гаргасан багш болон сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд монгол сурагчид олон улсын шинж чанартай олимпиадад оролцох нь нэмэгдэж, амжилтаа байнга ахиулж байгаад баяр хүргээд, цаашид өөрийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Тухайлбал, олон улсын олимпиадын бэлтгэл, үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтийг нь хүлээн авч, 2021 оны Азийн физикийн 22 дугаар олимпиадыг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Багш, сурагчдын хувьд олимпиадад оролцох зардал жил бүр хүндрэл учруулж ирсэн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 200 сая төгрөгийг олон улсын олимпиадад оролцох зардалд зориулан төсөвлөдөг байна. Энэ нь багш, сурагчдын зөвхөн замын зардалд зарцуулагдаж байгаагаас гадна тивийн шинж чанартай олимпиадад хувийн зардлаараа эх орноо төлөөлөн оролцдог талаараа багш, сурагчид хэлсэн юм.

Мөн дэлхийн шилдэг сургуульд тэнцвэл сургалтын зардлыг төр хариуцдаг байсныг сэргээх, олимпиадын үр дүнд дэлхийн шилдэг сургуульд суралцах урилга авсан бол дэмжлэг үзүүлэх зэрэг төрийн бодлого хэрэгтэй хэмээн багш нар хүсэлтээ уламжиллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх