Иргэд шахмал түлшинд угаартаж амь насаа алдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ

2019 оны 10-р сарын 09 өдөр, 16 цаг 27 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suld

Сүүлийн өдрүүдэд иргэд шахмал түлшинд угаартаж хордсон хэрэг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭМГЭНЭЛД:

“Өнгөрсөн өдрүүдэд эмгэнэлт явдал тохиолдож, Улаанбаатар хотын 6 иргэн амь насаа алдаад байна. Нийслэлийн 48 хорооны 61 өрхийн 122 иргэн шахмал түлшинд угаартаж хордсоноос 58 иргэн эмнэлэгт хэвтсэн гэсэн мэдээ авлаа.

Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан, нөхцөлийг бодитойгоор судалж тогтоон цаашид ийм харамсалтай хэрэг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэхэд холбогдох төрийн болон орон нутгийн байгууллага, албан хаагчид онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлага тулгарч байна.

Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг юм. Шахмал түлшинд угаартаж хордсон цар хүрээ нь хэвийн гэж үзэх боломжгүй хэмжээнд байна.

Мэргэжилтнүүдийн гаргасан урьдчилсан дүгнэлтүүдээс харахад сайжруулсан шахмал түлшинд хэрэглэх нүүрсийг Ухаа худгийн уурхайн угаасан нүүрсний хаягдлаар бүрдүүлжээ. Эндээс юу харагдаж байна гэхээр жил бүрийн өвөл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх нэрээр зүсэн зүйлийн арга сэддэг, иргэдийн эрүүл мэндээр ашиг олдог бүлэглэл бодитойгоор байсаар байна. Энэ бүлэглэл агаарын бохирдлыг арилгах дорвитой, бодитой, үр дүнтэй арга сэдэхийн оронд утаагүй зуух, дулаан бүрээс, цахилгаан халаагуур, агаар шүүгч гэх мэт элдэв тоног төхөөрөмж улсад шахаж ашиг олох атгаг санаагаа л олон жилийн турш амжилттайгаар хэрэгжүүлж ирлээ. Утаагүй зуух, шахмал түлшээр агаарын бохирдлыг шийдвэрлэсэн нэг ч улс дэлхий дээр алга. Орон сууц барьснаар шийдэж байсан туршлага байна. Жил бүр шинэ луйвар сэдэж, хэрэгжүүлдэг энэ байдлаасаа эрс шийдвэртэй салаач гэж Засгийн газраас шаардах байна. Иргэдийн зовлонгоос ашиг унагадаг байдлыг таслан зогсоогооч!

Яагаад анх төлөвлөж байснаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болголгүй “Энержи ресурс” ХХК-ийн угаасан нүүрсний хаягдлыг сонгов? Барьцалдуулагч бодисын үнэ, чанарын асуудал анх танилцуулсан байдлаасаа яагаад зөрөв? Шахмал түлш үйлдвэрлэх үйл явцад “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас бүрдүүлсэн Ажлын хэсгийг яагаад сольж, халах болов? Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрсэн дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байгаа юм. Гэтэл яагаад гэнэт илүү их хүхэртэй, хаягдал нүүрсийг ашиглахаар шийдвэрлэв? Энд хэний, ямар ашиг сонирхол нуугдаж байна гээд хууль хяналтын байгууллагын олж тогтоох ёстой олон асуултууд хариултаа хүлээсээр л байна.

Гэмт үйлдэл хийсэн, холбогдсон хэн ч хуулийн хариуцлагаас мултрах ёсгүйг анхааруулж байна. Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл үгүй. Хэн нэгэн албан тушаалтан, хэсэг бүлэг олигархийн ашиг олох хүсэлд жирийн иргэд амь насаараа өртөн хохирч байгааг хэрхэвч зөвтгөж, булзааруулан өнгөрөөж болохгүй. Хариуцлага алдсан, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдвэрлэгчид болон түүхий эд нийлүүлэгчид, төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ.

Хүйтний улирал тулж ирсэн үед ийм хэрэг олноор гарч байгаа тул нийслэлийн болон төрийн байгууллагуудаас яаралтай, оновчтой шийдэл олж, иргэд дулаан, эрсдэлгүйгээр өвөлжих нөхцөлийг хангахад онцгой анхаарах ёстой болж байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэх нь орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэнтэй ч хуваалцахгүй үүрэг, хариуцлага мөн. Тийм учраас эрүүл мэндэд хоргүй, амь насанд эрсдэл үүсгэхгүй түлшээр иргэдийг яаралтай хангахыг нийслэлийн удирдлага, төрийн холбогдох байгууллагуудын дарга нарт үүрэг болгож байна.

Хүхрийн агууламж, үнслэг ихтэй хаягдал нүүрс ашиглахад хүргэсэн, стандарт бус барьцалдуулагч нийлүүлсэн хүмүүсийн гэм бурууг хаацайлахын тулд “жилд 13-19 хүн шахмал түлшинд угаартаж нас бардаг, цочирдохоор зүйл биш” гэх утга агуулгатай мэдээлэл хийж суугаа орон нутгийн удирдлагуудад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхээс өөр арга байхгүй. Албан тушаалтнууд алдаагаа өөрсдөөсөө зайлуулах гэж элдэв тоо баримтаар халхавчлах ёсгүй. Нэг ч хүн ахуйн ослоор амь үрэгдэх нөхцөл гаргуулахгүй байхад илүүтэй анхаарч, хичээж ажиллахын оронд иргэдэд бурууг чихчихээд сууж байж хэрхэвч болохгүй.

Эрдэнэт хүний амь нас сүйдсэнд дахин эмгэнэл илэрхийлье” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх