Нийслэл өнгөрсөн долоо хоногт

2019 оны 10-р сарын 05 өдөр, 13 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
toim1_20191004051253

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Нийслэлийн анхны шав тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой энэ жил тохиож буй. Нийслэлийн анхны шавыг тавьсан газар буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын гуравдугаар багийн нутаг Их Монгол уулын бэл, Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд жил бүр нийслэлийн үе үеийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу өнгөрсөн амралтын өдөр хотын удирдлагууд нийслэлийн шав тавьсан газарт очиж Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, бусад холбогдох албаныхан болон нутгийн иргэд, зочид төлөөлөгчид оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын спортын наадмыг анх удаа зохион байгуулж байна

Нийслэл хотын үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор Оюутан, залуучуудын дунд волейбол, сагсан бөмбөг, дугуй, шатар, бүх нийтийн гүйлт гэсэн спортын таван төрөлтийн тэмцээнийг есдүгээр сарын 30-ны өдрөөс аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгууллаа.

Оюутан, залуучуудын дунд есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах сагсан бөмбөг, волейболын төрөлтийн тэмцээний нээлт “Буянт-Ухаа” спортын ордонд болсон юм. Сагсан бөмбөгийн нийслэлийн шигшээ тэмцээнд 16 сургуулийн 224 оюутан, волейболын шигшээ тэмцээнд 12 сургуулийн 180 оюутан тус тус оролцов.

Нийслэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжинэ

Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар танилцуулав.

Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны төгсгөлд 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллах захирамжийн талаар нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль хичээлийн шинэ байрандаа орлоо

Нийслэлийн Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байрны нээлт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Баянзүрх дүүрэгт энэ сайхан эрдмийн өргөө үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Энэ жил нийслэлийн хэмжээнд олон сургууль, цэцэрлэг ашиглалтад орж байгааг онцлон хэлье. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар дөрвөн сургууль гурван ээлжээр хичээллэж байгааг аравдугаар сарын 30-ны дотор хоёр ээлж болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. 21 дүгээр сургуулийн багш, ажилчид, сурагчид та бүхэндээ ажил, сурлагын өндөр амжилт хүсээд хичээлийн шинэ байртай болж байгаад баяр хүргэе” хэмээлээ.

Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.

Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцов. Ёслолын арга хэмжээний үеэр есөн дүүргийн төлөөлөл есөн ахмадад нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

С.Амарсайхан: Хотын хөгжил хороо дүүргээс эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд, холбогдох албаныхан болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд ажиллалаа. Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан дүүрэг, хороодын Засаг дарга нарт иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, хүнд суртлыг арилгаж, ажилдаа хариуцлагатай хандахыг үүрэг болгов.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэв. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаа юм.

Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барилаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Мөн Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцын талаарх танилцуулгыг хамт өргөн барьсан юм. “2020 онд Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд  иргэдийн амьдрах орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хувийн хэвшлийг дэмжих, нийслэлийн эрх зүйн байдлыг сайжруулах гэсэн үндсэн гурван чиглэлийг баримталж байна” хэмээн хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр онцлон хэллээ.

Хувийн тээврийн хэрэгслээрээ такси үйлчилгээ эрхлэх сонирхолтой иргэдийн судалгаа хийгдэж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хувийн суудлын автомашинаар зорчигч тээвэрлэх сонирхолтой иргэдийн судалгаа явагдаж байна. Энэхүү судалгаанд өөрийн болон тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээллийг 2019 оны аравдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд www.transport.ub.gov.mnцахим хаягаар, ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд 11-312176 дугаарын утсаар тус тус хүлээн авч байгаа тул судалгаанд идэвхитэй хамрагдана уу.

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн шалгалт эхэллээ

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрийн А/49 тушаалаар баталсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хангуулах ажлын хэсэг” өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл, явцыг эрчимжүүлэх зорилгоор баталсан удирдамж, хуваарийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагад хийх шалгалтыг зохион байгуулж эхлээд байна. 2019 оны аравдугаар сарын 1, 2-ний өдрүүдэд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 300 гаруй тээврийн хэрэгслийн өглөөний эх авалт, техникийн бүрэн бүтэн байдал, жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган үйлчилгээнд гаргаж байгаа эсэхийг шалгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх