Нийслэлийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай хэлэлцэж байна. Журмын төслийг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаа юм.
“Энэ журам хэрэгжсэнээр хувийн хэвшлийн оролцоотойгоор нийслэлийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, нийслэлийн эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах оролцоог нэмэгдүүлж, төрийн үйлчилгээний зардлыг бууруулах, нийслэлийн төсвийг үр ашигтай болгох, Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, хувийн хэвшлийн оролцоотойгоор технологийн дэвшил, олон улсын туршлага, инновацын ололт, менежментийн сайн арга барил, туршлагыг төрийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх, энэ талын санал, санаачилгыг дэмжих бололцоо бүрдэнэ” хэмээн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ (барилга угсралтын гэрээ, түлхүүр гардуулах гэрээ, хувьчлал ба зохицуулалт, тусгай зөвшөөрөл олголт ба зохицуулалт гэх мэт) менежмент буюу удирдах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх, түрээсийн гэрээ, хамтарсан төслийн нэгж (компани) байгуулан хэрэгжүүлэх гэх зэрэг хэлбэрээр зохион байгуулахаар төсөлд тусгагдсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд аж ахуйн нэгжүүдээ оролцуулж харилцан үр ашигтай хамтарч ажиллах ёстой. Энэ журмын хүрээнд төр, хувийн хэвшлээр хамтарсан аж ахуйн нэгж байгуулж томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ. Хот гэдэг тэр чигээрээ аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанаас хамаардаг учраас одоо хамтарч хөгжих ёстой” гэв.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төсөлд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэд, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнээс тухайн төсөлд оруулах тодорхой саналыг цахим хэлбэрээр болон утсаар хүлээн авч, зөв оновчтой санал санаачлагыг журмын төсөлд тусган ажиллах аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс