Нийслэлийн удирдлагууд азай буурлууддаа хүндэтгэл үзүүллээ

2019 оны 10-р сарын 01 өдөр, 19 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
71335424_798482973920310_4388981140812201984_n_20191001034051

НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан байдаг. Монгол Улс 1992 оноос хойш өдгөө Ахмадын баярын өдрийг 27 дахь жилдээ тэмдэглэж байна.

Нийслэлийн Ахмадын хорооноос есөн дүүргийн ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, Нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням нар оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “Нийслэл хотод маань 130 гаруй мянган ахмад настнууд амьдарч байна. Тэдний дундаас 8500-гаад ахмадууд бусдадаа үлгэр дуурайлал болж, бидэнтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж мэдлэг, туршлагаа хуваалцан, нийгэмдээ өөрийн хувь нэмрийг оруулж байгааг харахад баяртай байдаг. Ахмад настнуудынхаа эрх ашгийг хамгаалах, амьдралын чадавхийг дээшлүүлэх, идэвхтэй, эрүүл урт наслах боломжийг бүрдүүлэхэд төр, засгаас анхаарч, чамгүй олон хууль, тогтоомж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгааг онцлон хэлэхэд таатай байна. Нийслэл, дүүргийн Төр, захиргааны байгууллагууд ахмадууддаа чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээний цар хүрээг чанартай, хүртээмжтэй байлгахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Та нартаа Олон Улсын Ахмадын өдөр, Монголын Ахмадын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, энх тунх, эрүүл саруул байж, энгүй сайхан жаргаж явахын ерөөл дэвшүүлье” хэмээлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр есөн дүүргийн төлөөлөл есөн ахмадад нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх