Э.Эрдэнэжамъян: Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг МАХН бүртгэнэ

2019 оны 09-р сарын 29 өдөр, 16 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9-27-12

МАХН  /2019.09.27/ IV Бага чуулганаа хуралдуулсан. Намын удирдлагууд болон орон нутаг дахь МАХН-ын дарга нар Бага чуулганы шийдвэр болон цаг үеийн  асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “МАХН-ын Мөрийн хөтөлбөрт туссан нэг асуудал бол бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөр. МАХН ойрын 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууцыг барьж, бүх өрхийг хамруулахыг зорьж байна.  Мөрийн хөтөлбөрөө илүү тодорхой болгож, тооцоо судалгааг нь хийсний үндсэн дээр гарц шийдлүүдийг олсон. Монголын ард түмнийг орон сууцаар хангах ажлыг төр хийх ёстой гэдгийг тунхаглаж бүртгэлээ хийнэ. Иргэд урьдчилгаа 30 хувь төлөөд жилийн найман хувийн нэртэй боловч хэд дахин илүү хүүтэй мөлжлөг явагдаж байна. МАХН урьдчилгаагүй, хүүгүй орон сууцанд оруулах боломжийг олж харсан. Зарим орнууд бол иргэддээ хасах хүүтэй ипотекийн зээлийг санал болгож байна. Тиймээс Монголын төр иргэддээ зээл өгөхдөө мөнгө хүүлэх байдлаар хандах ёсгүй.

Хүүгүй, урьдчилгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэд МАХН-ын Мянгатын дарга нарт бүртгүүлж болно. Мөн Түрээсийн орон сууцны үнийг 30 хувь хямдруулах боломжийг эдийн засагчидтай нийлж хийсэн. Иргэд түрээсийн орон сууцанд хугацаагүй амьдарч болно. Тэгээд өвлүүлж болно. Иргэнд түрээслүүлсэн байшингаа төр буцааж авах ёсгүй, баталгаагаар хангах жишиг олон оронд бий. Одоогийнхоос 2-3 дахин бага үнээр Түрээсийн орон сууцанд орох, хүүгүй, урьдчилгаагүй байр авах хүсэлтэй хүмүүсийг МАХН бүртгэж авч тооцоо судалгаа хийгээд Мөрийн хөтөлбөртөө тусгаж Үндэсний аудитын газарт өгнө.  Бүртгүүлсэн  хүмүүстэйгээ  санамж  бичиг гэрээ байгуулж баталгаажуулна. Аравдугаар сарын 5-нд намынхаа байрны гадна гэрээ байгуулж хамтарч ажиллана. Энэ бол зөвхөн МАХН-ын ярьж буй асуудал биш дэлхий даяар хэрэгжүүлээд үр дүнг нь үзчихсэн жишээ юм” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын дарга З. Баянсэлэнгэ “МАХН 2016 оны мөрийн хөтөлбөрт тэг  хувийн хүүтэй түрээсийн орон сууц төлбөрийг хэрэгжүүлнэ гэж байсан. Ард түмнээ ая тухтай сайхан амьдруулах төр засгийн бодлого бол орон сууц юм. Үе үеийн Засгийн газар, эрх баригчид төрийн бодлогоо утаа гэж үзэж байсан. 2011 оноос хойш утаанд 239.2 тэрбум төгрөг зарцуулсан. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар сайжруулсан түлш хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Жилдээ 120 тэрбум төгрөг зарцуулна гэсэн тооцоотой байгаа. Үүнийгээ зургаан жил хэрэгжүүлнэ гэсэн. Тэгэхээр 900 тэрбум төгрөг зарцуулна гэсэн үг.  Мөн энэхүү сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс үнэтэй учир үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгч байна. Харин 50 м квттай орон сууц авахад 3800 гаран орон сууц худалдаж авах юм. Ийм хэмжээний мөнгийг салхинд хийсгэх гэж байна. Төрийн бодлого бол утаа биш. Ард иргэдээ ая тухтай амьдруулах, ажлын байрыг бий болгох юм. Төр ашгийн төлөө байгууллага биш. Гэхдээ төр ашгийн төлөө байгууллага болж хувирсан учраас тэнд хүмүүс орохын төлөө болчихсон. Аравдугаар  сарын 5-нд орон сууцанд бүртгэх үйл ажиллагаа явагдана. Заавал амь насаа алдаж байж ар гэрт нь орон сууц өгдөг байж болохгүй. Дөрвөдөөс дээш хүүхэдтэй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төр 50 хувийн хөнгөлөлттэй орон сууцанд хамруулах ёстой. Бидний хийж буй орон сууцжуулах хөтөлбөр бол түрээслээд өмчлөх хэлбэрээр явагдана. Түрээслэхдээ зорилтот бүлэг болон түрээсийн орон сууцанд хамрагдах сонирхолтой иргэдийг орон сууцжуулна. Эцэст нь нэмээд хэлэхэд банкуудыг оролцуулахгүйгээр үндэсний үйлдвэрлэгч бизнес эрхлэгчээ хамруулсан ийм хөтөлбөр гаргаж байгаа юм. Та бүгд бидний ажлыг дэмжиж тооцоо судалгаанд хамрагдаарай” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (122.201.24.***)
    2019/11/01 21:11

    Та бугдыг дэмжиж байна олууллаа болоод хийгээрэй амжилт хусье

    (0) (0)