Продюсер М. Дорждэрэм: Отгон миссээ сэтгэл зүрхээрээ уухайлан дэмжье

2019 оны 09-р сарын 27 өдөр, 10 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70369355_374528516818912_6691180755038502912_n

 

“Мисс монголиа” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, продюсер М. Дорждэрэм холбооноосоо зохион байгуулдаг тэмцээний талаар ийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мисс гэж хэн бэ…? Мисс хэмээх хүндтэй атлаа амаргүй нэр алдрыг хүртэж, тэргүүндээ титэм залсан үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан , оюун ухаан, хүнлэг энэрэнгүй үйлсээрээ бусдадаа үлгэр дуурайлал болоод зогсохгүй хилийн чинадад эх орныхоо нэрийг өндөрт өргөн эерэгээр сурталчилсаар өнөөдрийг хүрчээ. Тухайлбал  Ч.Содтуяа, Б.Гантогоо , Б.Гэрэлчулуун , Х.Бадамгэрэл нарын миссүүд маань өнөөдөр ч энэ салбартаа ажиллаж, хөдөлмөрлөж, бас хичээж амжилт өөд тэмүүлж явааг би мэднэ. Эдэнтэй олон ч ажлыг хамтарч зохион байгуулж байлаа.  Миний бие 2014 онд Япон улсын нийслэл Токиод болсон “Miss International 2014”-д анх удаа “Мисс Монголиа Холбоо” ТББ-ын баг хамт олонтой ёстой л халуун тогоонд нь орж хамтран ажилласан. Энэ бол харагдаж байгаагаасаа амаргүй зүйл болохыг арын албанд ажилласан тэр өдрүүд нүцгэн үнэнээр нь харуулж билээ.

70835375_382704812676362_7697742169473286144_n

Miss International”-ийн тухайд гэхэд тив дэлхийн 90 гаруй орон оролцдог, 60-аад жилийн түүхтэй, дэлхийн топ гурван тэмцээний нэг юм. Жил бүрийн гоо сайхны энэ олимпод монгол охид бүсгүйчүүд маань эх орныхоо хэл соёл, язгуур урлаг, үндэснийхээ онцлогийг харуулж  бас сурталчлан алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар багагүй хугацааг үджээ. Амжилтын цаана олон бэрхшээл бий. Гэхдээ тэд үүнийгээ ярьж гоншгонодоггүй. Харин арын албанд ажилласны хувьд улс нь, соёлын яам нь, ядаж  нөгөө нутгийн зөвлөл нь эднийг маань нэг дэмжээд өгдөг ч болоосой хэмээн өөрийн эрхгүй бодогдсон. /“Мисс Монголиа” холбоо нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Соёлын яаманд удаа дараа хандаж байсан ч тухай, тухайн үеийн сайд нар нь дэмжих боломжгүй гэж  буцаасаар өнөөдрийг хүрсэн/

Хэрвээ эд барилддаг байсан бол юун наадам, цагаан сар… Олимпийн медальтнууд байхгүй юу!!! …Тэмцээнд оролцох болон замын зардал, тэмцээний үеэр өмсөх гоёлын хэд хэдэн даашинз, үндэсний хувцас, түүнд хослуулах гоёл чимэглэл, монгол бүхий бэлэг дурсгал гээд л базаах зүйл хэтэрхий их. Энд бас хувийн бэлтгэл ч багтана. Багадаа л 10 сая төгрөгт энэ бүхнийг багтааж мэдэх юм. За тэгээд нисэх дээр ачаа хэтэрсэн /дор хаяж хоёр том чемодан/ -ий нэмэлт төлбөрийг ёс мэт өгнө гэх мэт маш олон асуудалтай  нүүр тулна даа. Гэхдээ монгол бүсгүйчүүдийн гүргэр зан энд дийлж, бүхний ард шүд зуугаад гардаг нь гайхалтай. Ямартаа ч оролцсон тэмцээнээсээ Монгол охид бүсгүйчүүд маань ямар ч байсан шагнал “зулгаагаад” л ирдэг хүчтэй өрсөлдөгчид! болохыг харж амжсан юм.

         Тус холбооны хувьд 2004 оноос эхлэн 15-н жилийн туршид тасралтгүй “Miss Mongolia” наадмыг зохион байгуулж, Монгол охид бүсгүйчүүдээ гоо сайхан, оюун ухаан гээд бүхий л талаар нь чадавхижуулж, хөгжүүлж, зөв хүн болгон төлөвшүүлэх тал дээр үнэхээр хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн нь бахархууштай!!! Энэ бол удирдлага, үе үеийн зохион байгуулагч , менежер, багш, баг хамт олных нь хамтын хүч биз ээ! Харин миний хувьд сүүлийн таван жил “Мисс монголиа” ТББ-тай хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд продюсерийн хувьд би юу хийж чадах билээ гэж олонтаа бодсон юм байна. Тэгээд 2019 онд холбооны 15-н жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үйл ажиллагаа, зохион байгуулалтаа өргөжүүлэн “Монгол Үндэстний Гоо Бүсгүй” шалгаруулах олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах саналыг дэвшүүлж ажил болгосон. Ингэснээр холбооны хамт олон салбартаа манлайлагч, түүчээ нь болохоо баталж чадсан юм. Анхны уг наадамд ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ЭСЯ-ны соёлын газар, “Мисс Модель”-ийн албан ёсны томоохон холбоонууд, шилдэг Миссүүдийг хамруулан оролцуулж чадсан билээ. Зөвхөн энэ тэмцээнийг зохион байгуулахын тулд дотоод гадаадын хэд хэдэн айлчлал, олон тооны гэрээ хэлцэл зөвшилцөл, зохион байгуулалтын хувьд олон арван байгууллага хувь хүмүүсийн оролцоо уялдаа холбоо, ивээн тэтгэгч дэмжигчдийн тус дэм, үе үеийн миссүүд , оролцогчид , уран бүтээлчид, арын албаныхан гээд маш олон хүний хөлс хүч, хөдөлмөр чармайлт орлоо. Үүнийгээ олон түмэндээ хүргэж цаашлаад олон улсын үзэгчдэд үзүүлж Монгол Улсаа сурталчилсан томоохон телевизийн цуврал контент болгон дотоод гадаадын нийт 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан одоо ч үргэлжлэн гаргасаар байна.

71493789_2491399794438161_4795349879545135104_n

     Яах вэ, “сайны хажуугаар саар” гэгчээр миссүүдтэй холбоотой зарим таагүй мэдээлэл мэр сэр гардаг ч ард түмэн авах гээхийн ухаанаар тунгааж нэгний алдааг нийтэд нь нялзаахааргүй боловсролтой болсон цаг. Гэхдээ уран бүтээлч найз нөхөд, зарим энгийн иргэд уулзахаараа “Яасан олон миссийн холбоо байгууллагуудтай болсон юм бэ? Лаг лаг нэртэй тэмцээнийг хэн ч хийгээд байгаа юм. Хэдэн хүн өрсөлдөөд хэд нь шалгараад ямар нь Монголын Үндэсний ялагч болоод гурван сая хүнээ төлөөлөх хэмжээний супер од болчихов оо? гэхчилэн асуултаар ээрэхтэй олон таарлаа. Үүнээс үүдэн цаг гарган байж андуурч_ эндүүрэгдээд байгаа тэмцээнүүдийг олж үзлээ…!!! Тэдэнд шүүмжлэлтэй хандахаас илүүтэйгээр цаашдаа  нэгийг тунгааж үзээсэй гэж зөвлөчихмөөр хэдэн зүйл ажигласнаа нуугаад яах вэ.

1-рт Дэлхийн топ тэмцээний франчайз эрх авахад дэмжсэн ивээн тэтгэгчид зоригтой байна, мундаг байна!

2-рт Үндэсний ялагч тодруулахын тулд Монгол орон даяар, ядаж бүсчилсэн шалгаруулалт зарлан явуулж тэндээс илүүрхсэн аав ээжийн охид финалын шатанд шалгаран үлдээд юу чаддагаа ард түмнийхээ нүдэн дээр нээлттэй өрсөлдөж харуулан, хайр хүндэтгэлийг нь хүлээсний дараа жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн Мисс тодрох ёстой байдаг /энэ зарчмаар Монголд зөвхөн Мисс Монголиа холбоо ажиллаж байгаа болно/ Дэлхийн топ гурван тэмцээний хоёр нь болох “Miss World”, “Miss Universe”-ийг Монгол Улсад ямар хүмүүс, ямар хугацаанд, ямар цар хүрээтэй, ямар түвшинд зохион байгуулсныг үзэгчид өөр өөрийн үнэлэмжээр дүгнэсэн биз ээ.

3-рт “60-н чавганц уралдахад нэг нь түрүүлнэ” гэгчээр жинхэнэ миссийн тэр олон шалгууруудыг хэн нь хэзээ хэрхэн даваад, ямар арга замаар яаж яваад Монголын Үндэсний Ялагч болоод монголчууд биднийг төлөөлөх болчихов? Надад падгүй байж болох  ч эцсийн цэгт тухайн хүн биш Монгол гэсэн нэр л дэлхийн тайзнаа “зогсох” болохоор энэ асуудалд хариуцлагатай хандаж байх хэрэгтэй. Олон нийтийн санал шүүмжлэлийг зохион байгуулагчид мэдэрч зөвөөр хүлээж авах ёстой. Яагаад хүмүүс шүүмжлээд бухимдаад эсэргүүцээд байна гээдгийг!!! Хувь хүний бодлоо хуваалцахад! Монгол Улсад Соёлын яам болон холбогдох агентлаг, холбоод хамтраад жилдээ ганц чанартай Миссийн тэмцээнээ хийгээд жинхэнэ утгаараа үндэсний ялагчаа тодруулаад төр засаг нь дэмжсэн шиг дэмжээд дэлхийд Монгол Миссийг бодлогоор гаргаж эх орноо сурталчилж, амжилт үзүүлдэг болгомоор санагддагаа хуваалцах байна.

Эцэст нь Монголчуудаа уриалахад!!! “Мисс Монголиа” холбооны 15-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Miss Mongolia 2019” тэмцээнээс Япон улсад зохион байгуулагдах 59 дэх удаагийн “Miss International 2019” олон улсын тэмцээнд дэлхийн 90 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөх эрхийг албан ёсоор авсан отгон мисс Жаргалсайханы ГҮНЖИДМАА  авсан билээ. Түүнийг сэтгэл зүрхээрээ уухайлан дэмжихийг хүсье! Гоо сайхан ертөнцийг аварна!

Монголын Мисс дэлхийн тайзнаа…

71069378_2393064820949144_7344922949842894848_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх