Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас дүүрэгт ажиллаж, амьдарч буй ахмад настнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, ИТХ-ын дэд дарга Ц.Батхүү, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин, Ахмадын хорооны дарга Ж.Гажсүрэн болон дүүргийн иргэдийн Хурлын Төлөөлөгчид албаны бусад хүмүүс оролцсон юм.
ИТХ-ын дарга Ш.Ганчимэг хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад гар бие оролцож, эрхэлсэн ажилдаа амжилт гарган өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэгтээ ажиллаж амьдарч байгаа ахмадууд та бүхэндээ Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе. Та бүхэн бол бидний ажлын тулах цэг, түших багана нь билээ. Бид бүхэн ахмад настнуудынхаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоогоороо ажиллаж байгаа бөгөөд бидний ажлыг ямагт дэмжин урамшуулж, үнэтэй сургамж, зөвлөгөөгөө харамгүй хайрладаг та бүхэндээ баярлалаа’’ гэсэн юм.
Дашрамд Баянзүрх дүүргийн хүн амын 8,1 хувийг ахмад настнууд эзэлдэг. Энэхүү арга хэмжээнд дүүргийн 28 хорооны төлөөлөл болох 2500 гаруй ахмадууд оролцлоо. Энэ үеэр дүүргийн удирдлагууд ахмадуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Хаан вальс” тэмцээний шилдгүүдийн шагналыг гардуулсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.