Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа

2019 оны 09-р сарын 20 өдөр, 20 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suld

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн болно.

Хориг тавих тухай албан бичиг:

Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

Хууль ёсыг чанд баримталж, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд бүрэн харуулсан. Тодруулбал 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг олон нийт дордуулсан    7 өөрчлөлт хэмээн нэрлэж, Үндсэн хуульд орсон цагаас нь хойш өнөөг хүртэл шүүмжилж ирлээ. Энэ удаагийн оролдлого ч мөн дордуулсан 7 өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлж, үл бүтэх байдлаар өрнөлөө.

Монгол Ардын Нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан байдаг бөгөөд уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүйтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй гэж хэлж болно.

Тодотговол Улсын Их Хурал хууль болон тогтоол гаргаж байхаар заасан тухайн үеийн хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр батлаагүйтэй холбогдон үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн байх бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж  болохоор байна.

2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан энэхүү журмын тухай хууль нь зарим маргааныг бүрэн цэглэсэн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон харилцаа, аливаа үйл ажиллагааг нэг бүрчлэн зохицуулсан, чандлан мөрдвөл зохих хууль болсон. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг энэ хуульд бүрэн нийцүүлж, хууль зүйн зөрчил, маргаангүйгээр шийдвэрлэх нь зүй ёсны шаардлага болно.

Харамсалтай нь Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн     73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зохих шаардлагыг хангаагүй, уг хуулийг илэрхий зөрчсөн байдалтай байна. Тухайлбал:

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэж заасан бол тус хуулийн 6 дугаар зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 7 дугаар зүйлийн “Ерөнхийлөгч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 8 дугаар зүйлийн “Улсын Их Хурлын гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 9 дүгээр зүйлийн “Засгийн газар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачлах”, 10 дугаар зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”, 11 дүгээр зүйлийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх” зэрэг зохицуулалтууд нь бүхэлдээ Үндсэн хуульд “зөвхөн хуулиар” нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг бататган, холбогдох харилцааг хоёрдмол утгагүйгээр туйлын тодорхой зохицуулжээ.

Хуулийн ийм тодорхой шаардлага, зохицуулалтуудыг Улсын Их Хурал илэрхий зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр хэлэлцэн шийдвэрлээгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэнд огт нийцэхгүй байгаагаас гадна улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болсон гол хуульд хууль зөрчсөн байдлаар өөрчлөлт оруулж, нийгмийн зөрчил, маргааныг улам дэвэргэх шалтгаан нэмж буй нь туйлаас зохимжгүй үйлдэл мөн гэж дүгнэж байна.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад баримтлах ёстой гол хуулийг илэрхий зөрчсөн Улсын Их Хурлын энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болох тул нийгэмд томоохон эсэргүүцэл, тэмцэл бий болгож, улс орныг бүхэлд нь хямрааж мэдэх эрсдэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ” гэж маш тодорхой заасныг Монгол Ардын Нам, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд онцгойлон үзэж, анхаарвал зохино.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т заасан “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн шаардлагыг зөрчсөн, үүнээсээ улбаалан тухайн хуулийн олон зүйл, заалтыг мөн зөрчөөд байгаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг хуулиас гадуур үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй бөгөөд хууль ёсыг үгүйсгэсэн, Үндсэн хуульт байгуулалд халдсан ийм үйл ажиллагаанд нийт ард түмнээ татан оролцуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

  1. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл өргөн мэдүүлсэн Д.Лүндээжанцан нарын гишүүд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх заалтаас гадна 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг тус тус зөрчсөн бол хууль зүйн шаардлага хангаагүй төслийг хүлээн авч хэлэлцсэнээр Улсын Их Хурал мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйл нь “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”-ыг тогтоосон бол тус зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна”, 10.1.1-д “Үндсэн хуулийн зохих зүйл болон энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчимд бүрэн нийцэж байгааг буюу харшлаагүйг нотолсон тайлбар хавсаргасан байна” гэж заасан байдаг.

Мөн тухайн хуулийн 5 дугаар зүйлд Улсын Их Хурал болон хууль санаачлагч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд 3 үндсэн зарчмыг баримтална, эдгээр 3 зарчмын нэг нь “Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах” зарчим байна гэж заасан бөгөөд энэ зарчмыг “Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулах” зэрэг заавал хэрэгжүүлэхийг шаардсан 4 төрлийн арга замаар хангаж, хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагааны хүрээнд хуулийн дээрх зарчим, шаардлагууд бүрэн зөрчигдөөд байна. Тиймээс төсөл өргөн мэдүүлэх, хүлээн авах болон хэлэлцэн шийдвэрлэхтэй холбогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагааг бүхэлд нь хууль бус буюу хууль бусаар явагдсан гэж дүгнэхээс өөр аргагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.1-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилга, үйл ажиллагаа нь дур зоргын шинжтэй байж болохгүй гэж заажээ.

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно”, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн …Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль санаачилж болно” гэж заасан бол мөн хуулийн 10 дугаар зүйлээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тавих шаардлага”-ыг, 11 дүгээр зүйлээр “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх” журмыг тус тус хуульчлан тогтоожээ.

Хуулийн эдгээр зохицуулалт Үндсэн хуульд зөвхөн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулна гэдгийг маргаангүй илэрхийлсэн бол ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйл улам бататгасан байна.

Тухайлбал тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.8 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгад сонгогчдын нэрийн жагсаалтад хууль ёсоор бичигдсэн нийт иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг “зөвшөөрнө” гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанд тооцно”, 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг албажуулах, нийтлэх, хүчин төгөлдөр болсонд тооцох асуудлыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулна”, 17 дугаар зүйлийн 17.10 дахь хэсэгт “Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуульд Улсын Их Хурал ямар нэгэн засвар, өөрчлөлт оруулах, Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэхийг хориглоно” гэж тус тус заасан.

Эдгээр зохицуулалтууд ард нийтийн санал асуулгаар Улсын Их Хурал хэлэлцсэн хуулийн төслөө оруулж, дэмжигдсэн тохиолдолд тухайн төсөл нь хууль болон батлагдана гэдгийг тодорхой зааж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолоор батлагдсан ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх нь хуулийн энэ тодорхой шаардлагыг огт хангасангүй.

Ард нийтийн санал асуулгыг хууль зүйн ийм илэрхий зөрчилтэйгөөр явуулж, ард түмнээ хууль бус үйл ажиллагаанд татан оролцуулах нь Үндсэн хуулийн дархлааг үгүй хийх, хууль дээдлэх ёсыг устгах, улмаар улс орны аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх муу үр дагавартай тул зөвшөөрөх аргагүй юм.

  1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд бусад шийдвэр нь тогтоолын хэлбэртэй байна” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4-ийн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна” гэсэн заалт зөрчигдсөнөөр хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, түүнчлэн дээр дурдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг тус тус зөрчигдсөн гэж үзэж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төслийг энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хэлэлцээд тухайн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй саналаар тогтвол Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэж заажээ.

Гэтэл Улсын Их Хурал 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 73 дугаар тогтоолыг батлахдаа Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалтыг үндэслэхгүй орхиж, зөвхөн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн, мөн түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг огт үндэслээгүй орхигдуулсан байгаа нь хууль зүйн зөрчилтэй төдийгүй цаашид гаргах сөрөг үр дагавар ихтэй шийдвэр гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

Ард нийтийн санал асуулгыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар бүлгээс гадна Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хүрээнд зохион байгуулж явуулах шаардлагатай гэдгийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн “…Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16 дахь заалт, Жаран наймдугаар зүйлийн       2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол гаргана” гэсэн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг бүрэн тодорхой илэрхийлсэн байна.

Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. bolj l baina doo
     (124.126.1..***)
    2019/09/21 19:32

    Hiik ee bolj baina shuu

    (0) (0)