Б.Мягмарсүрэн: Ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ

2019 оны 09-р сарын 20 өдөр, 20 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
myagmarsuren

МУСТА, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэн соёл урлагийн өлгий Франц улсын дуурийн дуучин Лирисса Тосканеллитэй хамтран “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо толилуулах гэж байна. УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 30-нд болох тоглолтынх нь талаар түүнтэй ярилцлаа.

-Таны  “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг олон сайхан поп дууг сонсох дуртай. Та олон жил гадаадад амьдарч байна. Эх орондоо ирсэн төдийгүй сонгодог тоглолт үзүүлэх болсон тухай мэдээ сонсоод илүү их сонирхол татлаа ?

-Би 1997 онд СУИС-ийг дуурийн дуулаач мэргэжлээр Д.Дашиймаа багшийн удирдлага дор төгссөн. Түүнээс хойш дуурь дуулж чадаагүй л дээ. Оюутан байхдаа хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Солонго” романсаар нэрлэсэн тоглолт, мөн “Arie Antiche” гээд Монте Вердийн үеийн ари ариеттагаар тоглолт хийж байлаа. Би олон жил гадаадад амьдарч байна. 2012 онд ханийгаа алдаад сэтгэл санаа хүнд байх үедээ Парисын Олон Улсын Хөгжмийн консерваторид орж суралцсан л даа.  “Үүр шөнийн оддоос асуугаарай”, “Баярлалаа”, “Рондо”, “Сайхан чамдаа” зэрэг өөрийнхөө дуунуудыг дуулаад байхад  сэтгэл хөнгөрдөггүй тийм үе байсан л даа. Дуурь гэдэг бол мэргэжлийн том урлаг. Би энэ урлагт Д.Дашиймаа багш болон Хөдөлмөрийн баатар Г.Хайдав багштайгаа хичээллэж байх үеэсээ гүн гүнзгий дурласан. Дуурийн урлагийн баатарлаг, өөдрөг гэгээлэг, аливаа зүйлд бууж өгдөггүй тэр хүчирхэг эмэгтэйчүүдийн дүр, тэдний дуулж байгаа өгүүлэмж нь сэтгэлд их хүч өгдөг. 2014 онд би Парисын хөгжмийн дээд сургуулийн Лирисса Тосканелли багштайгаа учирсан. Багаасаа балетаар хичээллэсэн, төгөлдөр хуурч мэргэжилтэй, дуулах урлагийн хичээлийн шилдэг багш юм. Анх энэ багш дээрээ очихдоо би амьдралын хүнд цохилтоос болоод их өөрчлөгдсөн байсан. Сургуульд сурсан зүйлээ бараг  мартсан байсан л даа. Тэгээд багштайгаа хичээллэж эхэлсэн. Мэдээж эзэмшсэн мэргэжил маань учраас аажмаар сэргэсэн. Сэтгэл зүрх маань ахин шинээр булгилж, энэ урлагт дахин дурласан.

-Франц багштайгаа хамтарч тоглох санаа хэзээ төрөв?

-Их олон сайхан бүтээл дуулж сурлаа. Нэг том бүтээлийн ард гарна гэдэг нэг том даваа давлаа л гэсэн үг шүү дээ.  Дан Аve Maria-гаар тоглолт хийж байлаа. Ингээд нэг өдөр Лириссад хамт тоглох санал тавихад зөвшөөрсөн. Ийм мундаг дуучин зөвшөөрөхөд нь үнэхээр баярласан. Багш маань тоглолтын хөтөлбөр бэлтгээд надад авчирч өгсөн. Үнэхээр сайхан хөтөлбөр байсан л даа. Би маш  их сүрдсэн, бас айсан. Сүүлдээ багшдаа дэмий ч санал тавьж дээ, ийм том аринуудыг би яаж чадах юм бэ гэж бодох үе ч байлаа. Гэтэл хүн сурдаг юм байна. Хүний эзэмшсэн мэргэжил хүнээс хэзээ ч алга болдоггүй юм байна. Манай Монголд залуучууд л тайзан дээр гардаг. Тайз бол ерөөсөө залуусынх гэсэн нэг тийм ойлголт ч байдаг юм шиг санагддаг юм л даа. Харин Европт өөр. Эсрэгээрээ гэж ч болно. Тэнд 40, 50, 60 нас хүрсэн улсуудыг ид дуулах үедээ байна гэж үздэг. Тиймээс европт, тэр дундаа Парист олон жил амьдарсан хүн болоод тэр үү миний сэтгэл зүрх дуулах хүсэл тэмүүллээр амархан хөглөгдсөн. Дотор минь хаа нэгтэй нуугдаж, намайг барьж байсан хүлээснээс гарч, ахин суралцсан. Тэр бүхнээсээ дээжлэн ард түмэндээ үзүүлэхээр боллоо.

– Хөтөлбөрөөсөө сонирхуулж болох уу?

-Франц болон итали хэлээр дуулна. Тоглолт маань Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа юм. Мөн Jacques Offenbach, Georged Bizet, Saint-Saens, Charles Gounod, Hector Berlioz, Guiseppe Verdi, Vincenzo Bellini, Gaetano Donezetti нарын суут хөгжмийн зохиолчдын бүтээлээс дуулна. Монголын сонгодог урлагийн түүхэнд Францаас мэргэжлийн сопран ирж байгаа нь анхных байж магадгүй.  Тэгээд хамгийн сайхан нь эх хэлээр нь сонсох нь байна шүү. Энэ урлагийн хөгжилд оруулж байгаа миний өчүүхэн хувь нэмэр гэж бодож байна. Мэргэжлийн дуучин болох гэж байгаа бүхэнд “Мастер класс“-ын сургалт үнэ төлбөргүй явуулна. Энэ хичээл их үнэтэй байдаг. Би багшаасаа манай оюутнуудад хичээл явуулаач ээ гэж гуйсан юм. СУИС болон Монгол Улсын консерваторийн удирдлагууд их сайхан хүлээж авсан. Энэ их сайхан боломж шүү.

-Та ер нь 10-аад удаа бие даасан тоглолт хийсэн байх. Бүр “Сюрприз барьж ханахгүй юм аа” гэсэн үг ч тэр үед гарч байсан?

-Баярлалаа, тэгж хэлдэг улс байдаг. Поп, блюз дуулж байгаад “Хөөрхөн халиун” гэж дуулаад клип хийсэн чинь “ямар стиль жанр вэ, ёстой гоё байна” гэж байх жишээтэй. Түүний дараа 2009 онд хүүхдэд зориулан “Маамуу нааш ир”, “Бөөн баяр” гэдэг хоёр цомог гаргасан. “Бөөн баяр” цомог манай Түмээгийн /нэрт яруу найрагч, МУСГЗ Загдын Түмэнжаргал/ хүүхдэд зориулсан үе үеийнхний дуулах дуртай шилдэг  дуунуудаас  бүрдсэн. Түүнээс хойш дорвитой тоглолт хийлгүй байж байгаад  “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо хийх гэж байна. Сэтгэл их догдолж байна. Уран бүтээлийн аз жаргалаа эдлэх гээд байна л даа.

-Францад амьдраад нэлээн удлаа. Франц орон, ард түмэн, соёлын харилцаанд нь дассан байх. Ер нь франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад ямар онцлог байдаг вэ?

-Өнгөрсөн жил Түмээгийнхээ 65 насны ойг тохиолдуулан франц хөгжимчидтэй ирсэн л дээ. Тэд цагаа сайн барьдаг, стиль жанраа ягштал барьж, бие биенээ хүндэлдэг, зохион байгуулалт сайтай хамтран ажиллахад сайхан байдаг. Гэхдээ монгол орчинд өсөөгүй, монгол дууг байнга сонсож байгаагүй хүмүүс монгол дууг тоглоход амаргүй ч мэргэжлийн хувьд сайн тоглосон. Франц уран бүтээлчидтэй хамтран ажиллахад урамтай байдаг.

-Монгол дуучны уран бүтээлийг францчууд хэр хүлээн авдаг вэ?

-Сайхан хүлээж авдаг. Тэдний чих бэлтгэгдсэн байдаг. Би захиалагчийн хүсэлтээр поп, ардын дуу дуулахаас гадна хүүхдэд зориулсан тоглолт хийнэ гэхчлэн олон төрөлд хувирдаг. Монгол ардын дуу сонсох хүсэлтэй байвал сайхан үндэсний хувцас, малгайгаа өмсөөд, ээмгээ зүүгээд хадааж өгнө. Монголчуудыг байгалиасаа өгөгдөлтэй гэж ярьдаг. Тэр нь хоёр том хацар, шанаа. Хацрын цаана хөндий байдаг. Тиймээс манай монголчуудын дуулж байгаа нь өргөн, том, чадалтай дуугардаг гэх юм билээ. Европынхон бол арай өөр. Тэд хацартай болох гэж өөх шахуулж, бөндийтөл нь улаанаар будаж байна шүү дээ. Гэтэл бидэнд тийм шаардлага алга. /инээв/

-Хэрхэн амьдарч байгаа тань манай уншигчдад сонин байгаа болов уу?

-Хоёр хүүхдээ өсгөөд бусдын адил амьдарч байна. Тэд маань бие биедээ ханьтай өсөж байна. Хоёр хүүхдээ орхиод ирсэн болохоор сэтгэл маш их зовж байсан боловч одоо ээж минь очоод хамт байгаа болохоор сэтгэл амарч байна даа. Энэ жил аавыгаа алдлаа. Амьдрал шүү дээ Мягмарсүрэн минь хүчтэй байгаарай л гэж өөртөө хэлэх юм. Тэгсэн ч гэсэн ард түмэндээ сайхан тоглолт үзүүлэхээр ирлээ.

-Та мөн Францын сургуулиудад  багшилж, монгол ёс заншил, соёлоо түгээдэг. Энэ талаар тань асуухгүй өнгөрч чадахгүй нь?

-Францад хүүхэд хөгжүүлэх төрөл бүрийн сургалтад хүүхдүүд нь хамрагдаж байна. Тэд хичээлд явах ирэх, тоглох, зурах, унших, зурагт үзэх гэхчлэн бүх юм нь цагийн нарийн хуваарьтай байдаг. Мөн долоо хоногт нэг удаа өдөрт 45 минут эсвэл нэг цаг ямар нэгэн дугуйланд хамрагдах ёстой. Тэр нь Парисын зарим сургуульд миний ордог  монгол амьдрал ахуй, соёл урлагийг таниулдаг хичээл юм. Тэр хичээлээр хүүхдэд Монгол Улсын тухай танилцуулна. Монгол гэдэг ийм ийм уур амьсгалтай, ийм гайхалтай байгальтай, хүүхдүүд нь ингэж өсөж хүмүүждэг, Улаанбаатар гэж ийм нийслэл хоттой, хөдөө холын аймгуудад  хүүхдүүд ингэж хичээлдээ явдаг, монгол хүүхдүүд сурах их дуртай. За, тэд шагайгаар ингэж  тоглодог, аав ээждээ ингэж тусалдаг, ааруул бяслагаа ингэж шахдаг гээд л ярина. Үзүүлэн бэлтгэнэ, танилцуулна. Франц хүүхдүүд ослет гэж шагайг мэддэг юм билээ, дээр үед тоглож байсан гэж ярьдаг. Монгол Улсын газрын зургаар эвлүүлдэг тоглоом тоглуулна, монгол үндэсний хувцастай буддаг номыг хэвлэж будуулна. Мөн аав, ээж, бас өөрсдийнх нь нэрийг худам монгол бичгээр бичиж өгнө. Тэгэхэд тэд маш дуртай  сайн ойлгож сонсдог сурдаг. Өмнө нь  би монгол хэлний яриа техник заадаг байсан бол одоо соёл иргэншлийн хичээл ордог болсон. Франц хүүхдүүд “сайн уу багшаа” гээд мэндэлдэг бас өвөр дээр минь сууж эрхэлнэ, зарим нь хацраар минь тоглоно. Хөөрхөн шүү тэдэнтэй ажиллах, за тэгээд үлдсэн минутад дуу дуулах эсвэл үлгэр уншиж өгдөг. Миний хичээлд 15-20 хүүхэд суудаг, хичээлдээ маш их дуртай.

-“Хайрын тэнгэр чамайг орхидоггүй” гэж сайхан дуу үзэгч, сонсогчдод хүрээд удаагүй байна. Түүнээс хойш ямар шинэ уран бүтээл хийж байна вэ?

-Энэ дууны үгийг манай “Харанга” хамтлагийн дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн бичсэн. Лхагваа маань Түмээ бид хоёрын амьдралыг мэддэг болохоор үнэхээр мэдэрсэн. Г.Онон гээд залуугаар ая зохиолгохдоо бид хоёрын амьдралыг ярьсаар байсан гэсэн. Лхагваадаа их баярлаж байгаа. Намайг очиход Г.Онон бодолд ороод харамсангуй сууж байсан юм. Одоогоор тоглолт гээд шинэ уран бүтээл хийх завгүй л явж байна даа.

-Тоглолтын тасалбар аль хэдийн зарагдаад эхэлсэн үү?

-Тоглолтын тасалбарыг ticket.mn борлуулж байгаа. УДБЭТ цөөхөн суудалтай учраас үзэгч та авч амжаагүй бол эртхэн аваарай. Францын дуучин бид хоёр үнэхээр сайхан тоглолт, дуулалтыг үзүүлнэ. Нэг л удаа, бүх энергиэрээ даацтай тоглолт үзүүлнэ. Мөн тасалбарыг 1900-1800 үнэгүй хүргэж өгнө. Тоглолтын бэлтгэл хийж байхад хүмүүс сонсоод сайхан үг хэлж урам хайрлаж байгаа болохоор бид эрч хүчээр дүүрэн байна.

-Ямар ямар байгууллага дэмжин ажиллаж байгаа вэ?

-Тоглолтыг БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол эх орны маань бахархал болсон “МИАТ” ТӨХК, “Хөвсгөл лэйк зочид буудал”,  мөн Франц улстай хамтран ажилладаг ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зогсолтгүй хөдөлмөрлөдөг “Эмимпэкс концерн”  зэрэг олон байгууллага, мөн мэдээж радио, телевиз, сонин сэтгүүл гээд хэвлэл мэдээллийнхэн маань дэмжиж байгаа. Мэргэжлийн франц дуучин анх удаа ирж байна, бид хамтдаа сайхан тоглолт үзүүлэх гэж өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү. Та нар минь ирж үзээрэй гэж үзэгчиддээ уриалмаар байна.

-Энэ тоглолтоо та хоёр өөр оронд тоглох бодол бий юү?

-Франц улсад хэд хэдэн удаа тоглосон. Дараа нь БНХАУ, БНСУ, ОХУ-д тоглохоор төлөвлөж байгаа.

– Танд амжилт хүсье.

– Баярлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх