Нийслэл өнгөрсөн долоо хоногт

2019 оны 09-р сарын 15 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70312589_2946616952021419_6014927605843623936_n_20190913032417

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны есдүгээр сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн Лаг усгүйжүүлэх байгууламжийн нээлтийн ёслол боллоо. БХБЯ-ны захиалгаар анх удаагаа Лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, Улаанбаатар хотын захиргаа, УСУГ-т хүлээлгэн өгч байгаа юм. Лаг усгүйжүүлэх байгууламж нь хоногт 2500 м3 лаг хүлээн авч усгүйжүүлэх хүчин чадалтай. Лаг усгүйжүүлэгч центрфугийн ажиллах зарчим нь төвөөс зугатах хүчний үйлчлэлийг ашиглан лагийг усгүйжүүлдэг. Нэг минутад 1000-4000 удаа эргэлдэж ус лагийг тус тусад ялган гаргах зарчмаар ажилладаг. Лагийг хооронд барьцалдуулах зорилгоор ПАМ (полиакриламид), лагийг уснаас сайн ялгахын тулд ПАК  (полиалюминумхлорид) төрлийн химийн бодис ашиглаж байна. Байгууламжид ирэх илүүдэл лагийн чийглэгийн хэмжээ 99 хувь, түүхий лагийн чийглэгийн хэмжээ 94-96 хувь бөгөөд дээрх хоёр төрлийн лагийг усгүйжүүлсний дараа 70 хувь хүртэл чийглэгтэй болох юм. Түүнчлэн илүүдэл лагийн хэмжээ 50 дахин, түүхий лагийн хэмжээг 5-8 дахин, үнэрийг мөн төдий хэмжээгээр бууруулах нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын иргэдийн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүллээ.

Гурван аж ахуйн нэгжээс болж замын бэлтгэл ажил саатжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Наадамчдын гудамжнаас шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам руу холбогдох 13 км зургаан эгнээ, хоёр урсгалтай зам барих ажлын бэлтгэлийг хангах үүднээс тухайн газар дээр нь ажиллаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө, Яармаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тухайн замын траст гурван аж ахуйн нэгж газар авч, хашаалсан байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр, гуравхан газраас болоод бүхэл бүтэн хотын зам талбайн ажил явдаггүй, дэд бүтцийн асуудал нь шийдэгддэггүй байж болохгүй. Маргаашнаас эхлээд энэ хашаануудын эздэд хугацаатай мэдэгдэл өг. Мэдэгдэл өгсөн хугацаанд хашаагаа татаж замын трас чөлөөлөхгүй бол шууд буулга” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Хот байгуулалт хөгжлийн газар, нийслэлийн Газрын албаны удирдлагуудад хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Сайжруулсан түлш түгээлтэнд  дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралдаанд нийслэлийн харъяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нар болон 152  хорооны Засаг дарга нар оролцов.Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээллээ.Мөн түүнчлэн сайжруулсан шахмал түлшний өнөөгийн мэдээлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл хийлээ. өвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийг чирэгдүүлж, төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргах явдлыг төрийн байгууллагын бүх шатанд таслан зогсоох, ажил эрхэлж байсан албан тушаалтнуудаас  нийслэлийн өмчөөс зохион байгууллттай хулгайлсан, өмч хөрөнгө шамшигдуулсан асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж шийдвэрлүүлэх, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцох болон  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “ Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд болон цаг үеийн бусад асуудлаар үүрэг даалгавар өглөө.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, авто замын ажил 80 хувьтай хийгдэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажилласан.Энэ үеэр барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэ саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “БИДНИЙ ХОТ” сэдэвт телевиз, радиогийн нэвтрүүлэг, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл, цахим контентын уралдааныг нийт хэвлэл мэдээллийн байгууллага, чөлөөт уран бүтээлчдийн дунд зарлаж байна. Уралдаанд ирүүлэх бүтээл нь нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж буй сайн сайхан үлгэр дуурайлыг түгээн дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх, олон нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ажлуудыг сурталчлах, нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэхүйц бүтээлүүд байх аж. Шалгаруулагчдын зүгээс нийтлэл, нэвтрүүлэг, контентын хүртээмжтэй байдлыг харгалзан үзэх бөгөөд дохионы хэл ашиглах, олон нийтийн сүлжээг ашиглан давхар нийтэлж, нэвтрүүлсэн байдал, давтамж зэргийг давуу тал гэж үзэх юм.Уг уралдаанд нийт хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторууд болон чөлөөт уран бүтээлчид, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, эерэг хандлага түгээдэг иргэд оролцох боломжтой.Бүтээлийг наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 25-ны 15.00 цаг хүртэл нийслэлийн төр захиргааны байр, Хангарди ордоны 1 давхар, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэст хүлээн авна. Уралдааны нийт шагналын сан 33 сая төгрөг аж.

“Цэвэр агаартай автомашингүй өдөр” болно

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулна.Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Цолмон, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт, инженерчилэлийн газрын мэргэжилтэн Г.Саруул, Туул голын сав газрын захиргааны олон нийт, сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн И.Наранчимэг, JCI Монгол байгууллагын маркетинг хариуцсан захирал Ц.Түвшинжаргал нар мэдээлэл хийв.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, байгууллагын хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, засварлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэх ажлыг хийнэ. Нийслэлийн харьяа газар, агентлагууд хуваарийн дагуу Туул, Дунд голын дагуу цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээнээс үүссэн болон ТҮК-уудын ачиж тээвэрлэж хүрэлцэхгүй байгаа үүсмэл болон хур хог хаягдлыг УБЗАА-аас нэмэлт машин гаргаж, цэвэрлэж ачуулах арга хэмжээ авна. Дүүргүүдийн ЗДТГ-аас нутаг дэвсгэрт байрлах хөшөө баримлыг угааж цэвэрлэнэ. Мөн Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос төвийн зургаан дүүргийн 30 байршилд ангилсан хог хаягдлыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас худалдан авах ажиллагаа зохион байгуулна” хэмээлээ.

Дулааны шугамыг шинэчлэх засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуух 200м замыг өнөөдөр 23:00 цагаас маргааш 06:00 цаг хүртэл түр хаана

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/926, 2017 оны А/300 дугаар захирамжаар автозам, тохижилт, ногоон байгууламж ашиглах хамгаалах журмыг хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн Хан-Уул дүүргийн 10-р хороонд байрлах Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын орон сууцны барилга, МИАТ ТӨХК-ийн дундын ус дулааан дамжуулах гадна шугамыг шинэчлэн, засварлах ажлыг автозамын зорчих хэсэг сүвлэн гүйцэтгэх зөвшөөрөл олгосон боловч хучилтын хавтан эвдэрсэн, сувагт шороо орсны улмаас засварын ажил хийгдээгүй. 2019 оны 09 дүгээр сарын 10-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 23:00 цагаас 2019 оны 09 дүгээр сарын 12-ны 07:00 цагийн хооронд хийж гүйцэтгэн нөхөн сэргээлтийг эргэн танилцуулах нөхцөлтэйгөөр зөвшөөрөл олгож байна.

Smartcar системд шинэ үйлчилгээ нэмэгдлээ

Aвтотээврийн үндэсний төв, Нийслэлийн мэдээлэл, технологийн газар хамтран Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээ Smartcar системээр дамжуулан “Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах” үйлчилгээг авах боломжтой боллоо. Монгол улсын хэмжээнд 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 990,856 автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл байгаагаас хөдөлгөөнд оролцдоггүй 95,006 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд албан татварын нэхэмжлэл үүсдэг тул ашиглагддагүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах шаардлагатай байна.Автотээврийн хэрэгсэл эзэмшигч нь Автотээврийн үндэсний төвд бичгээр хүсэлт гаргаж, шаардлагатай холбогдох материалыг бүрдүүлэн өгдөг байсан бол одоо тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smartcar системээр хандан хүсэлт гаргах боломжтой болжээ

2020 оны есдүгээр сар хүртэл хуш модны самар бэлтгэхийг хориглов

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/463 дугаар тушаалаар 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл хуш модны самар түүж бэлтгэх, худалдан борлуулах, экспортлохыг хориглолоо. Нийслэлийн ногоон бүсийн ойн сан нь “Ойн тухай хууль”-д заасны дагуу экологи-эдийн засгийн ач холбогдлоороо хамгаалалтын бүсийн ойд хамаардаг. Ногоон бүсийн ой нь байгалийн аясаар ургасан ой бөгөөд шинэс, хуш, нарс, хус зонхилж улиангар, гацуур, улиас, бургас харьцангуй бага талбайд тархсан байдаг. Ойн сангийн талбай 116.257 га, үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай 95.234 га, ойгоор бүрхэгдээгүй талбай 17.534 га, ойн бус талбай 3.480 га байна. Үүнээс 16.520 га талбай буюу 17,3 хувийг хушин ой эзэлдэг. Жил бүрийн намар иргэд олноороо хотын ногоон бүсийн ойд зорчиж, ойн дагалт баялаг болох хушны самар түүдэг тул 2020 оны есдүгээр сарын 01-нийг хүртэл дээрх зорилгоор зорчихгүй байхыг анхааруулж байна.

“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт есдүгээр сарын 16-нд болно

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж”  жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор есдүгээр сарын 16-ны өдөр 11:00 цагаас “Би хариуцлагатай аав ээж” аяны  нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулна. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул “Уг аяныг хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн аян нь 2019 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны долоодугаар сарын 01-ний өдөр хүртэл бүтэн жил үргэлжилж, Нийслэлийн төр захиргааны 87 байгууллагын эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, 152 хорооны хамтарсан багийн гишүүдийн төлөөлөл, Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөлийн гишүүд, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, их, дээд сургуулийн оюутнууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлогтой болох юм” хэмээлээ.Уг жилийн аяныг өрнүүлснээр нийгэмд эцэг, эх үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийн хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх дадал, хэвшлийг бий болгох ажилд бодитоор нөлөөлөх үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлж, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх