Тосонцэнгэлийнхэн бүтээгдэхүүндээ бар код авчээ

2019 оны 09-р сарын 12 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
NERS

Завхан аймгийн Тосонцэнгэл сум байгалийн зэрлэг жимс жимсгэнийн орон юм. Тус сумын жижиг бизнес эрхлэгчид байгалийн жимсээрээ хийсэн бүтээгдэхүүнүүддээ бар код авчээ.

Сумынхаа нэрийн бүтээгдэхүүнд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бар код авснаар супермаркет болон томоохон худалдааны төвүүдээр борлуулах боломжийг бүрдүүлжээ. Өнөөдрийн байдлаар Тосонцэнгэлд нэрс 10 литр нь 80000 төгрөг, аньс 10 литр нь 27000 төгрөг, чонын элэг 10 литр нь 55000 төгрөг, цайруулсан самар 1кг нь 12000 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Тус сумаас бодлогоор баялаг бүтээгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ бүлгээр хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж эдийн засгийн төсөлд хамруулж байна.

“Дэлхийн зөн” ОУБ, Завхан аймгийн ЗДТГ-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засгийн тусгай төсөл”-д сумынхаа 40 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулж байгаа аж. Эдгээр үйлдвэрлэл эрхлэгчдийг төслийн хүрээнд чадавхжуулах, шинээр бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чадамж олгох, төслийн болон үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах чиглэлээр сургалтад хамруулах, зарим нэг үйлдвэрлэгчдийг ажлын байраар хангах ажлыг хийж байгаа аж. Тус сум нь Завханы хамгийн олон хүн амтай бусад сумаас олон талаараа давуу. Тиймээс суманд орон нутгийн үйлдвэрлэл харьцангуй хурдтай хөгжиж байгаа талаар сумын удирдлагууд онцлов.

Тухайлбал нэрс жимс болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эсгий гутал, арьс шир, мод модон бүтээгдэхүүнийг сумынхаа брэнд болгожээ.Тухайлбал Тосонцэнгэлийн эсгийгээр гар аргаар урласан “Хүннү” брэндийн гутал Тосонцэнгэлийн төдийгүй Завхан аймгийн брэнд болоод байгаа. Цаашид сумын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх