Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Азийн худалдааг дэмжих байгууллага буюу ATPF (Asian Trade Promotion Forum)-ийн гишүүн байгууллагын хувьд 9 дүгээр сарын 12-нд Улаанбаатар хотноо тус байгууллагын Удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулга уулзалтыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн чуулга уулзалт нь “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд өрнөнө.
Чуулганд 17 улсын 50 орчим зочид төлөөлөгч оролцож Монгол улсыг төлөөлөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин “ЖДҮ жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр, Гадаад Харилцааны Яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В. Энхболд “Ази дахь худалдаа хөнгөвчлөл болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.
Түүнчлэн уулзалтад оролцох гадны төлөөлөгчид Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатартай дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд үдээс хойш Мишээл ЭКСПО-д нээгдэх “Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн худалдаагаар зочлох юм.
МҮХАҮТ нь Азийн Худалдааг Дэмжих байгууллагын уулзалтыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Тус байгууллагын уулзалт нь 1995 болон 2014 онуудад Монгол Улсад тус тус зохион байгуулагдаж байсан байна.