Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна.
Дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Энэ ширээний ард ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Спорт гэдэг хүнд их том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй” хэмээгээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө.
Дашрамд дурдахад Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй тамирчдын амжилтын гараа алтан медалиар эхэллээ.
Тодруулбал олс таталтын төрөлд ЭРДМИЙН ОРГИЛ цогцолбор сургуулийн баг тамирчид алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчиддаа амжилт хүсье гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.