У.Хүрэлсүх: Ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд Монгол Улсын Консерваторийн оруулах хувь нэмэр, үүрэг чухал

2019 оны 09-р сарын 02 өдөр, 09 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b69bb49ea4d096c33a2b4fc53461d58f

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН  НЭЭЛТЭНД ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН  ХЭЛСЭН ҮГ

Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн, профессор багш нар, хөгжмийн урлагийн үе үеийн зүтгэлтнүүд, оюутан, сурагчид Та бүхэнд болон  Монгол Улсын өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн  нээлт- эрдмийн баяраа тэмдэглэж  байгаа хүүхэд багачууд, оюутан, сурагчид, эцэг, эхчүүд, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид Та бүхэнд баярын мэнд хүргэн мэндчилье.

Манай орны авьяаслаг бяцхан хүүхдүүд, оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярт хүрэлцэн ирсэн Монгол Улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.

Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн үндэс суурь, тулах багана болсон Монгол Улсын Консерватори 82 жилийн түүхэн хугацаанд Бөмбөгөр ногоон театраас Үндэсний урлагийн их театр, Улсын драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр,  Улсын филармони, Морин хуурын чуулга зэрэг төв орон нутгийн театр чуулгуудын үе үеийн алдар цуутнуудыг төрүүлэн гаргаж, мэргэжлийн уран бүтээлчдийн 70-90 хувийг бүрдүүлж, ард түмнээ соёлжуулан гэгээрүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэе.

Өнөөдөр танай сургуулийн 8-р ангийн сурагч Х.Хүслэн, 4-р ангийн сурагч О.Нандин, Б. Энхриймаа, 3-р ангийн сурагч П.Цэцэн нарын олон арван авьяаслаг сурагчид болон оюутан, багш, төгсөгчид олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд манлайлан тэргүүлж, АНУ-ын Жон Кеннедийн төв-Мянганы тайз, Дэлхийн Хөгжмийн төв, Карнеги холл, НҮБ-ын танхим, Австрийн Венийн концертын танхим, Английн Хатан хааны Букингэмын ордон, Францын “De La Ville” театр, ЮНЕСКО-гийн концертын танхим, Италийн La scala, Бээжингийн Сувдан театр, Москвагийн Их театр, Японы Сантори холл, БНСУ-ын Хааны ордон зэрэг дэлхийн алдартай ордон театруудад урилгаар тоглож,  МУГЖ Алтанхуяг дэлхийн шилдэг 8 бүжигчний амжилтыг эзэмшиж, МУГЖ Анужин “Коrean International balle competition-2018” уралдааны тэргүүн байр, Тэмүүжин “Asian Beat 2011 Grand final in Seoul” уралдааны Гранпри-Best Vocalist, “The III Delphic Games-2009 JEJU” Дэлхийн урлагийн олимпоос Алтан медаль, Ч. Бадрал 2017 онд Австрийн “Competezione dell’opera” уралдаанд I байр, 2018 онд Будапештийн “Eva Marton”-ий нэрэмжит уралдаанд I байр, циркийн урлагаар БНХАУ-ын “Ухань-2018” олон улсын циркчдийн уралдаанаас банзнаас үсрэх төрлөөр Алтан медаль хүртсэнээс гадна тус сургуулийн төгсөгчид “дэлхийн 8 рекорд трюк”-ыг эзэмшиж, багш Б.Бат-Эрдэнэ П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг концертмейстерээр шалгарсан онцгой амжилтаар  Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад Засгийн газрын тэргүүний хувьд сэтгэл нэн хангалуун байна.

Урлагийн сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй  жил урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн жинтэй байр суурийг эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Конссерватори болсноор гадаадын улс орнуудад өндөр зардлаар суралцдаг  сонгодог хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, хөгжмийн онол, хөгжмийн зохиолч, удирдаач, сонгодог бүжигчин зэрэг нарийн эх орондоо суралцах өргөн боломж нээгдэж байна.

Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийг хөгжүүлэх, ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх,  соён гэгээрүүлэх зорилт тавин олон улсын жишигт нийцсэн театр чуулга, музей, аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах шийдвэр гарган ажиллаж байна.

Дээрх зорилтын хэрэгжүүлэхэд соёл, урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж буй танай хамт олны үүрэг оролцоо чухал шүү.

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжмийн их сургууль байгуулж, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгон мэргэжлийн хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болно.

Танай хамт олон Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн сургуулиа дэлхийн болон Азийн түвшинд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн их сургуулийн түвшинд амжилттай хүргэж чадна гэдэгт итгэж байна.

Та бүхэн хичээлийн шинэ жилдээ улам их амжилт гаргаж, ард түмнээ соён гэгээрүүлэх, нийгмээ амар тайван, иргэдээ аз жаргал дүүрэн байлгах их үйлс  нь дэлгэрэх  болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх