“АТАР 60- АГРО ЭКСПО 2019” болж байна

2019 оны 08-р сарын 31 өдөр, 17 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_7850

Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан Засгийн газраас “Атар-60” бүтээлч ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ удаа Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Экспо Монгол ХХК-тай хамтран газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтэрч буй дэвшилтэт техник, технологийг танилцуулах, сурталчлах зорилгоор 2019 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд “Атар-60” газар тариалангийн техник, технологи болон шинэ ургацын бүтээгдэхүүний үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулж байна. “Тус арга хэмжээний нээлт өнөөдөр /2019.08.31/ болж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид, тариаланчид, иргэд оролцож байна.

Энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал  хамгааллын бодисын худалдаа эрхэлдэг, судалгаа шинжилгээ эрхэлдэг 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, техник тоног төхөөрөмжөө танилцуулан оролцож байна. Мөн түүнчлэн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг, сүү, зөгийн балын үйлдвэрлэл эрхэлдэг 40 орчим иргэн, хоршоо, аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд оролцож өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ худалдаж байна.

Үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, БНВУ зэрэг гадаадын компаниуд оролцож байна. Тус үзэсгэлэн нь манай улсын хүн амын олонх нь оршин суудаг нийслэл хотын төв талбайд зохион байгуулагдаж иргэд, хүүхэд, залуучуудад хөдөө аж ахуйн салбарт нэвтэрч буй дэвшилтэт техник технологи, шинэ ургацын шилдэг бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлж өгч байна.

Үзэсгэлэнгийн үеэр мэргэжлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож судалгаа шинжилгээний үр дүн, хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийг танилцуулж байгаагаас гадна жимс, хүнсний ногооны зохистой хэрэглээ, агро технологийн талаар үзэсгэлэнд оролцогчдод зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулан ажиллаж байна.

Атрын анхдугаар аян. 

Монгол улсад атар газар эзэмших замаар тариалангийн гол нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн хэрэгцээгээ хангадаг болох асуудлыг дэвшүүлж улмаар 1959 оны 3 дугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны III бүгд хурлаас Атрын анхдугаар аяныг зарлаж хэрэгжилтийг зохион байгуулсан байна. Атрын анхдугаар аяныг 1959-1960 онд хэрэгжүүлж нийтдээ 300 мянган га  атар газар эзэмшиж  гурилынхаа хэрэгцээг өөрийн үйлдвэрлэлээр бүрэн хангах шийдвэр гаргав. Ийнхүү монгол оронд атар газар эзэмшиж газар тариалангийн үйлдвэрлэлийг хөдөө аж ахуйн  хоёр дахь бие даасан салбар болгож  хүн амаа гурил, төмс, хүнсний ногоогоор бүрэн хангах, мал аж ахуйг таримал тэжээлийн тогтвортой баазтай болгож зудын хохирлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх ”Атрын анхдугаар аян”   орон даяар эхэлсэн байна.

Атар газар эзэмшсэн эхний 3 жилд  ЗХУ-аас 2500 трактор, үр тариа хураах 550 комбайн, 200 дизель цахилгаан станци, 3000 автомашиныг хөнгөлттэй зээлээр нийлүүлсэн байна.

1959-1961 онд Дархан, Зэлтэр, Баянцогт, Угтаал, Эг-үүр, Хэрлэн, Түмэнцогтын сангийн аж ахуйнууд байгуулагдав. Мөн энэ хугацаанд хуучин байсан Цагаантолгой,Ерөө, Зүүнбүрэн, Жаргалант, Тариалан, Ингэттолгой, Зүүнхараагийн сангийн аж ахуйнуудын талбайг ихээхэн нэмэгдүүлсэн байна.

Атар газар эзэмших үйл ажиллагаа орон даяар асар эрчимтэй өрнөж зөвхөн эхний жил 1959 оны эцэс гэхэд 108 мянган га атар газрыг эзэмшсэн бөгөөд 1961 он гэхэд нийтдээ 260 гаруй  мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулж, 382.7 мянган га-д тариалалт хийж 125.7 мянган тонн үр тариа, 16.4 мянган тонн төмс, 8.7 мянган тонн хүнсний ногоо,  хурааж   Төв хорооны 1959 оны 3 дугаар бүгд хурлын зорилтыг давуулан биелүүлсэн байна.

Монгол улсад атар газар эзэмшсэний нийгэм эдийн засгийн ач холбогдлыг тухайн үед доорх байдлаар тодорхойлсон байна.

1. Урьд манай орон  бараг бүх хэрэгцээт гурил, будаагаа гадаадаас авдаг байсан бол  одоо гурилын хэрэгцээгээ  өөрөө хангах болж их хэмжээний валютийг хэмнэж байна.

2. Тариаланг хөгжүүлсэн нь малын тэжээлийн баазыг бэхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэв. Одоо бүх тэжээлийн 1\3-ийг таримал тэжээл эзэлж байна.

3. Газар тариалан хөгжихийг хамт гурилын үйлдвэр хөгжив. Жилд 80-100 мянган тонн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай  8 үйлдвэр ажиллаж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 10 гаруй хувийг үйлдвэрлэх болж  Дархан, Баруунхараагийн элеватор болон  жилд 100 мянган тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн 25 үйлдвэр цех, ажиллаж байна.

4. Газар тариаланг хөгжүүлсэн нь  хөдөө аж ахуйд орчин үеийн  техник нэвтрүүлэхэд онцгой ач холбогдолтой боллоо.  Энэ хугацаанд тракторын тоо  10 дахин, комбайны тоо 6 дахин нэмэгдлээ. Хөрс боловсруулах үр тариа тарих хураах ажил 100 хувь механикжлаа.

5. Тариалангийн шинжлэх ухаан, түүнтэй холбогдсон техникийг эзэмших боловсон  хүчийг бэлтгэлээ.  1959 онд манай улсад 25 агрономч, 125 агротехникч, 4 инженер, 86 механикч  ажиллаж байсан бол энэ хугацаанд 554 агрономч, 696 агротехникч,  228 инженер, 620 механикч, 5000 гаруй тракторч, комбайнч  бэлтгэлээ.

6. Атар газрыг эзэмшин тариаланг хөгжүүлснээр хөдөөд орчин үеийн суурин газрууд бий болж  манай хөдөө аж ахуйн нүүр царай өөрчлөгдлөө гэж дүгнэсэн байна.

Атрын хоёрдугаар аян. 

1975 он гэхэд манай улс 437.1 мянган га-д үр тариа,үүнээс 315 мянган га-д буудай, 4.3 мянган га-д төмс, 1.9 мянган га-д хүнсний ногоо, 66.6  мянган га-д тэжээлийн ургамал тариалж,   536 мянган тонн үр тариа, үүнээс 412.9 мянган тонн буудай, 42.3 мянган тонн төмс, 19.1 мянган тонн хүнсний ногоо хураадаг болов. 1976 оны 1 дүгээр ард МАХН-ын 11 дүгээр бүгд хурлаар “Атар газар эзэмшиж тариалангийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх тухай”  асуудлыг хэлэлцэж Атрын анхдугаар аяны үр дүнг нэгтгэн дүгнээд улмаар  Улс ардын аж ахуй, соёлыг 1976-1980 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэж  230.0 мянган га атар газрыг шинээр эзэмшихээр тооцсон бөгөөд мөн онд хуралдсан МАХН-ын 17 дугаар их хурлаас уг төлөвлөгөөг эцэслэн баталсан байна. Энэ  зорилтыг хэрэгжүүлэхийн тулд улс орон даяар “Атрын 2 дахь аян”-ыг  өрнүүлж 1981 он гэхэд 288 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж 14 сангийн аж ахуйг шинээр байгуулж хуучин аж ахуйнуудын тариалангийн талбайг боломжтой хэмжээнд нь хүртэл нэмэгдүүлсэн юм. Энэ ажилд ЗХУ-аас 4100 трактор, 1200 комбайн болон тэдгээр шаардагдах хөдөө аж ахуйг чиргүүл, дүүжин машин,үтрэм, агуулахын тоног төхөөрөмж, багсармал тэжээлийн 20 цехийн төхөөрөмж,  2000 гаруй автомашин  хөнгөлттэй зээлээр нийлүүлсэн байна. 1980 оны эцэс  гэхэд эдгээр ажлын дүнд 59 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 208 нэгдэлд газар тариаланг ямар нэгэн хэмжээгээр эрхэлж 700 гаруй мянган га-д тариалалт хийдэг болсон байв. 1980 оны дүнгээр 557.5 мянган га-д үр тариа, 7.5 мянган га-д төмс, 2.4 мянган га-д хүнсний ногоо 136.7 мянган га-д тэжээлийн ургамал тариалж байв. Хөрсийг хавж элдэншүүлэх технологи нэвтрүүлж байгаа ч хөрсний элэгдэл эрчимжиж байгааг харуулсан зураг оруулж болно.

Атрын гуравдугаар аян.

1990 оноос Улс орон зах зээлийн нийгэмд шилжсэнээр өмч хувьчлал явагдаж тариалангийн  ахуйнууд хувьчлагдаж эхэлснээр төрийн дэмжлэг татаас орхигдож тариалангийн үйлдвэрлэл уналтад орж улмаар 2005 он гэхэд  153,9 мянган га-д улаанбуудай тариалж 73,4 мянган тонн ургац, 9,8 мянган га-д төмс тариалж 82,8 мянган тонныг, 5.9 мянган га-д хүнсний ногоо тариалж 64,2 мянган тонныг хураан авч байсан байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Үр хөтөлбөр, Уринш төслийг хэрэгжүүлж байсан. Буудай сан /Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн анхны нэр/ байгуулж тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний буудайн стратегийн нөөц бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. 2007 оноос дэлхийн зах зээлд хүнсний буудайн үнэ 350-430 ам. доллар, шатахууны үнэ 100 ам. доллар хүрч нэмэгдсэн нь  буудайн гурилаар өөрийн хэрэгцээгээ хангаж чадахаа больсон, хүн амын хоногийн хүнсний хэрэглээний 40-50 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлдэг, шатах, тослох материалаа зөвхөн импортоор хангадаг  монгол орны хувьд  нэн хүндрэл буй болж иргэдийн бухимдлыг төрүүлэх, ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байв.  Үүнээс гадна дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом өсч  улсын төсөвт нэмэлт эх үүсвэрийн хуримтлал бий болж газар тариалангийн салбарт томоохон дэмжлэг үзүүлэх боломж  бүрдсэн байв.  Тиймээс 2008 онд Засгийн газраас монголын тариалангийн үйлдвэрлэл  нь төрийн томоохон дэмжлэггүйгээр  сэргэн хөгжиж дотоодын хэрэгцээт гурилаа хангах чадваргүй болсон гэж үзээд атаржиж  өнжсөн тариалангийн талбайг эргэлтэд оруулах зорилгоор Засгийн газрын 2008 оны 70 дугаар тогтоолоор “Атрын 3 дахь аян” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийн хүрээнд тариаланчдад  үрийн болон уринш боловсруулах зардал, тариалалт,  ургац хураалтад шаардагдах шатахуун, бордоо, ургамал хамгааллын бодисыг зээлээр олгож  намрын ургацаас нөхөн төлөх  бүрдүүлэх нөхцлөөр  ”Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаар дамжуулан дэмжлэг үзүүлж эхэлсний зэрэгцээ төрөл бүрийн  хүчин чадлын трактор, үр тарианы комбайн болон бусад чиргүүл дүүжин машинуудыг тариаланчдын захиалгын  дагуу импортлон 5 хүртэл  жилийн хугацаатайгаар зээлээр олгож эхэлсэн үр дүнгээ өгч тариалангийн салбарыг богино хугацаанд сэргээн хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн  юм. Төсөл хэрэгжиж эхэлсэн жилээс эхлэн  тариалангийн үйлдвэрлэл эрчимтэй сэргэж 2018 оныбайдлаар  444.7  мянган тонн үр тариа, үүнээс 428.6 мянган тонн улаанбуудай, 167.9  мянган тонн төмс,  99.2  мянган тонн хүнсний ногоо, 23.4 мянган тонн тосны ургамал, 134.3 мянган тонн тэжээлийн ургамал тус тус  хураан авч буудай, төмснийхээ хэрэгцээг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлэв “Атрын 3 дахь аян” хэрэгжсэн 2008 оноос хойш үр тариа, ялангуяа буудайн нэгж талбайгаас хураасан ургац жилээс жилд өсөн нэмэгдэж  олон жилийн дунджаар 14.5-16.6  ц/га хүрээд байна,

Эх сурвалж: ХХААХҮЯам

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх