Орос дууны “цангааг” алга ташилтаар “тайллаа”

2019 оны 08-р сарын 29 өдөр, 10 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
70064689_2781011121927085_808085400819073024_n_large

 Энэ үдэш монголчууд, ялангуяа ахмад, дунд үеийнхэн маань олон жил сонсож ижил дасал болсон орос дууны цангаагаа танхим дүүрэн нижгэнэсэн алга ташилтаар ёстой л нэг тайлах шиг болов. “Калинка”, “Славян бүсгүй”, “Катюша”… гээд л бидний сайн мэдэх алдарт дуунууд эгшиглэнгүүт сэтгэл хөдөлсөн үзэгчид ам амандаа аяархан дуулж, хөгжмийн хэмнэлээр алга ташин, халуун дотно хүлээн авч байлаа.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний дуу-бүжгийн эрдмийн чуулгын концерт наймдугаар сарын 27-ны орой Соёлын төв өргөөнд болж ахмад дайчид, албаны хүмүүс үзэж сонирхсон юм. Александровын чуулга айлчлан тоглосон орон болгоныхоо дуу хуураар урын сангаа баяжуулдаг ёсоороо энэ удаагийн тоглолтонд Монгол Улсын Төрийн дууллыг ёслол төгөлдөр дуулж үзэгч олондоо хүндэтгэл үзүүлэв. Тус чуулгын гоцлол дуучдын цуцашгүй хоолой, цэрэг-эх орны сэдэвт ая дууны төгс найруулгыг тэр бүхэнтэй зохирон нийцсэн, жинхэнэ орос өнгө төрхтэй арын фон, түүхэн гэрэл зураг болон уран зургууд чимэглэж байв.

Гурван жилийн өмнө тус чуулгын уран бүтээлчид Сирид аялан тоглолтоор явж байгаад онгоцны ослоор амь үрэгдсэн тул чуулга шинэ бүрэлдэхүүнээрээ Монголд тоглолт хийж байгаа билээ. Сирийн аялан тоглолтоос чөлөө авснаар осолд оролгүй үлдсэн, нарийн цээл хоолойгоор “Калинка”-г дуулсаар “Мистер Калинка” хэмээн алдаршсан гоцлол дуучин, ОХУ-ын ардын жүжигчин Вадим Петрович Ананьев энэ тоглолтонд оролцож, монголчуудад зориулан “Калинка”-гаа дуулсан юм.

Ер гаруй жилийн түүхтэй (1928 онд байгуулагдсан) энэ чуулгыг үндэслэн байгуулагч нь ЗХУ-ын Төрийн дууллын аяыг зохиосон хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач, ЗСБНХУ-ын ардын жүжигчин, хошууч генерал Александр Васильевич Александров юм. Тэрбээр 18 жилийн турш чуулгаа удирдсан тул уг чуулгыг түүний нэрэмжит болгожээ. Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийд алдартай тус чуулга өндөр хөгжилтэй орнуудын урилгаар 70 гаруй улсад аялан тоглосон бөгөөд манай оронд анх удаа тоглолт хийж буй нь энэ юм.

Энэ гайхамшигт чуулгын дэлхийн шилдэг найрал дуугаар тэмдэглэгдсэн эрэгтэйчүүдийн найрал дуу, мандолин, балалайка зэрэг ардын уламжлалт утсан хөгжим, баян хуур оролцсон найрал хөгжмийн амьд хөг аялгууг сонсож, жинхэнэ орос ардын хээ хуар солонгорсон цоглог бүжгийг үзэх завшааныг хүмүүс бүү алдаасай. Монголд хоёрхон удаа л тоглох бөгөөд өнөө орой 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох нээлттэй концертыг үзэж, намрын нэг үдэш ч болов сэтгэлийн цэнгэл эдлээсэй.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх