Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа Монгол улсад үргэлжилсээр байна. А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний эрдмийн чуулгынхан Д.Сүхбаатарын талбайд тоглолтоо хийсэн. Өнөөдөр Хүй долоо худагт ОХУ-ын “Оросын баатрууд” буюу хүнд сөнөөгч Су-30СМ загварын байлдааны онгоцоор бүрдсэн уран нислэгийн баг Хүй-7 худагт үзүүлбэр үзүүлэх юм.
ОХУ-ын улсын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад есдүгээр сарын 2-нд айлчлахаар төлөвлөжээ. Тэрбээр энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийж, хэвлэлийн хурал хийхээр төлөвлөсөн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Монголд нэг хоноод, есдүгээр сарын 03-нд буцах аж.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад нэг өдөр саатахаар болсон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь ярьж байсан билээ.