Нийслэл өнгөрсөн долоо хоногт

2019 оны 08-р сарын 24 өдөр, 11 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
68923435_558470834689754_138559617813708800_n01_20190823041718

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын оролцоо чухал

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Монгол Улсад зохион байгуулж буй форумын анхны арга хэмжээ болох “Улаанбаатарын Бага хурал” Шангри-Ла зочид буудалд боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг форумд оролцогчдод танилцуулав. Тэрбээр илтгэлдээ “Улаанбаатар хотын ойр орчимд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Ингэснээр хувийн аж ахуйн нэгжүүд татваргүй эдийн засгийн бүсэд үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Нийслэл хотын хүрээнд аж ахуйн нэгжүүдтэй хамтран томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар Хөгжлийн корпораци, Улаанбаатар Хөрөнгө оруулалт, менежментийн компаниудыг шинээр үүсгэн байгуулсан. Ингэснээр Улс болон Нийслэлийн төсөв хүндрэлтэй үед төр-хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэл хотод хэрэгтэй төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон” хэмээлээ.

Хүүхдийн автобусны нэгдсэн үзлэг, шалгалт эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газартай хамтарсан нэгдсэн үзлэг, шалгалтыг тус газрын Техникийн хяналтын үзлэгийн төвд эхлүүлээд байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийгдэж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

 

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж үйлчилгээг 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.

Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журмыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сэлгэн ажиллуулах журам” болон “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ыг хэлэлцлээ. Зөвлөлийн гишүүд журмын төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хэлж, уг саналуудыг тусган сайжруулснаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээнд уран сайхны тоглолт, гэрэл зургийн үзэсгэлэн, ном хэвлэл, уран сайхны кино, олон ангит уран сайхны кино солилцоо, Монгол анагаах ухааны үнэ төлбөргүй оношилгоо, аялал жуулчлалын танилцуулга, спортын нөхөрлөлийн тэмцээн зэрэг найман төрлийн 21 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдааг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар нээлттэй ярилцлаа. Нийслэл хотод өрнөж байгаа бүтээн байгуулалтууд болон зарим нэг томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар хотын Захирагч С.Амарсайхан дэлгэрэнгүй мэдээлэхийн сацуу Монголын Барилгын үндэсний Ассоциацитай уялдаа холбоогоо нэгтгэж хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

С.Амарсайхан: Гаргасан шийдвэр, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэхийн тулд бүх талууд хичээж ажиллах шаардлагатай

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудтай уулзан, цаг үеийн хийж хэрэгжүүлж буй ажлууд ямар түвшинд хэрэгжиж байгааг тодруулан, цаашид удааширч буй түргэвчлэх шаардлагатай зарим ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өглөө. Нийслэлийн Газар, зохион байгуулалтын албанд олон нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн судалгааг эцэслэн гаргах, Хот байгуулалт, хөгжлийн газарт зөрчилтэй барилга байшингуудын тоог нэгтгэн гаргах үүрэг өглөө. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг цогц болгох төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангаж ажиллах, замын бүтээн байгуулалтын ажлуудыг хугацаанд нь дуусгахад онцгой анхаарах, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах чиглэлд ямар төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон юм.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжийн дагуу улсын дугаар нь ТЭГШ тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 24, 31-ний бямба гарагт замын хөдөлгөөнд оролцоно. Улсын дугаар нь СОНДГОЙ тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 25, есдүгээр сарын 01-ний ням гарагт замын хөдөлгөөнд оролцоно.

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх