Г.Агааноров: “ABU Робокон” тэмцээнийг Монголд зохион байгуулснаар 16 орны төв телевизээр эх орноо сурталчилна

2019 оны 08-р сарын 20 өдөр, 14 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
98f7ad727818830362a15bd347c5f37a_x3

ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Гэрэлийн Агааноровтой ярилцлаа. Тэрбээр 2004 оноос “ABU Robocon” олон улсын роботын тэмцээнтэй холбогдож, өнөөг хүртэл сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. Түүнтэй Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Ази, Номхон далайнбүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа хамтран зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019 Mongolia” тэмцээний талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Энэ сарын 25-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)ХК дэмжин оролцож байгаа юм.

УЛС, ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙГ ИНЖЕНЕРҮҮД НУРУУНДАА ҮҮРДЭГ

-Та манай уншигчдад “ABU Робокон” олон улсын роботын тэмцээний үүх түүх, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Японы үндэсний аварга шалгаруулах “Робокон” роботын тэмцээн энэ жил 32 дахь удаагаа зохион байгуулагдсан. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн телевиз. Энэ хүрээнд тус холбооноос зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд Монгол Улсын баг 2002 оноос оролцож эхэлсэн. Манай улсын багийн гаргасан хамгийн дээд амжилт нь 2004 онд дэд байр эзэлсэн. Үүнээс гадна Монголын оролцогчид жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байлаа. Би улс, эх орны хөгжлийг инженерүүд нуруундаа үүрдэг гэж боддог. .

Инженерчлэлийн барилга байгууламж, технологийн хөгжлөөрөө Япон улс дэлхийд тэргүүн эгнээнд явж байна. Тэгэхээр энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар Монгол Улсын хөгжилд мэдэгдэхүйц том хувь нэмэр орох болно. МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрч. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Япон, БНСУ зэрэг технологийн хөгжил дэвшлээрээ дээгүүрт орж буй орны компаниуд ажилтан сонгон шалгаруулж авахдаа “Робокон”-ы оролцогчдыг эхэнд эрэмбэлдэг. Учир нь энэ тэмцээн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг. Мөн оюутнуудын хувьд багшийн тусламжийг харж, хүлээлгүй өөрсдөө шийдвэр гаргах, оролдох, зохион бүтээх гэх мэт олон чадвар, чадамжаа өсгөнө.

Мөн “ABU Робокон” тэмцээн Япон, Вьетнамд тус бүр гурав, Тайландад хоёр, БНХАУ, Хонконг, Малайзад нэг удаа болсон. Ирэх 2020 онд Фижи улсад, 2021 онд БНХАУ-ын Бээжин хотод болно. Монгол Улсад анх удаа болж буй “ABU Робокон” тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 баг өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна.

-Зохион байгуулагч орны давуу талуудыг нэрлээч?

-“ABU Робокон” олон улсын роботын тэмцээн зохион байгуулагч орон Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ны гишүүн олон нийтийн телевизүүдээр дамжуулан өөрийн улсаа сурталчилдаг. Тухайлбал, тэмцээнээр дамжуулж, түүх соёл, өв уламжлалаа сурталчлах юм. Тиймээс инженер технологийн “АСЕМ” гэж нэрлэж ч болно. Тэгэхээр энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байгаа нь нэг сая жуулчин хүлээж авах төрийн бодлоготой уялдаж байна. Вьетнам улс “ABU Робокон” тэмцээнийг гурван удаа зохион байгуулсан. Эхний жил Ханой хотод, дараа нь өөр хоёр хотод болсон.

Вьетнам “ABU Робокон”-оор дамжуулж аялал жуулчлалын болон өөр бусад салбарынхаа маркетингийг хийж байгаа нь ажиглагдсан. Тэгэхээр “ABU Робокон” тэмцээнийг эх орондоо зохион байгуулснаар улс орноо сурталчлах, өөрийн орны инженер технологийн хөгжлөө олон улсад таниулах, Ази, номхон далайн бүсийн иргэдэд харуулах зэрэг маш олон давуу талтай.

Сүүлийн жилүүдэд “Робокон” тэмцээнд оролцсон оюутнууд бүгд Японд мэргэжил дээшлүүлж, зарим нь мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Монголоос Япон Улсад мянган инженер сургаж бэлтгэх зорилготой “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна. Япон улс Монголоос инженер бэлдэж байгаа нь тодорхой хэмжээнд “Робокон” тэмцээний үр дүн гэж бид үздэг.

-Монголд зохион байгуулагдаж буй “ABU Робокон” тэмцээн өмнөх жилүүдээс юугаараа онцлог вэ?

-Энэ жилийн тэмцээний онцлог нь монголчууд өөрсдөө дүрмээ зохиосон. “ABU Робокон” тэмцээний 18 жилийн түүхэнд дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар байгаагүй. Дөрвөн хөлт робот бүтээх даалгавар анх удаа өгөхөд оролцогчид нэлээд гайхсан. Үүнээс гадна оролцогч багийн роботууд Монголын газар зүй, цаг уурын бүсчлэлийг харуулсан говь, хангай, тал хээр, уулын бүсэд түүх соёл, ёс заншилтай уялдсан даалгавар биелүүлнэ. Нэг зүйлийг хэлэхэд монголчууд XIII зуунд дэлхийн анхны паспорт гэх хэлж болох гэрэгэг хэрэглэж эхэлсэн. Үүнийг илтгэсэн гэрэгэ дамжуулах мөн Монголын уламжлалт наадгай болох шагай хаях даалгавар бий. Улмаар 50-аас дээш оноо авсан тохиолдолд, хангайн бүсээс уулын бүс рүү нэвтрэн орж, гэрэгэг нэг метрийн өндөрт өргөснөөр өрсөлдөгч багаа цэвэр ялах даалгавар оруулж өгсөн. Зохион байгуулагч орноос шалтгаалж жил бүр тэмцээний дүрэм өөрчлөгддөг ч оногдсон хугацаа буюу гурван минут хэвээрээ байдаг.

ABU РОБОКОН” ТЭМЦЭЭНИЙ ҮР ДҮН РОБОТЫН НАЙДВАРТАЙ АЖИЛЛАГАА, ОРОЛЦОГЧ ОЮУТНУУДЫН ХЭР СЭРГЭЛЭН, ЦОГ ЗОЛБООТОЙ БАЙХААС ШАЛТГААЛДАГ

-Тэмцээн эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Бэлтгэл ажил хэдэн хувь хангагдсан бэ?

-Энэ сарын 21-23-ны хооронд оролцогч багууд буюу нийт 400 орчим тамирчин Монгол Улсад газардана. Мөн тэмцээнд оролцогч бусад 15 орны олон нийтийн телевизийн уран бүтээлч, ажилтнууд ирнэ. Бидэнд бүртгэгдээгүй маш олон тооны хөгжөөн дэмжигч өөрийн сургуулийн болон улсынхаа багийг дэмжихээр ирж байгаа. Бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байна. Үлдсэн хугацаанд тэмцээн болох “Буянт-Ухаа” спортын ордонд тайз засах, гадаах орчинд дэмжигч болон ивээн тэтгэгч байгууллагын асар барих ажил хийгдэнэ.

“ABU Робокон-2019” тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт эхэлнэ. МҮОНРТ-ийн нэгдүгээр суваг, “MNB world” сувгаар эх орон даяар шууд дамжуулан үзүүлэхээс гадна Японы NHK телевизийн сошиал хаягаар олон улсад шууд дамжуулна. Үүнээс гадна 15 орны олон нийтийн телевизүүд цуврал нэвтрүүлэг бэлтгэж өөрийн орны үзэгчиддээ хүргэдэг уламжлалтай.

Тэмцээний үеэр зохион байгуулагч буюу Монгол Улсаас хоёр шүүгч ажиллана. “Робокон” тэмцээнийг санаачлагч Японы их сургуулийн доктор Масаши Шимизү (80 гаруй настай эрдэмтэн), өнгөрсөн жилийн зохион байгуулагч орны болон ирэх жилийн зохион байгуулагч Фижигээс тус бүр нэг шүүгч томилогдсон. Харин талбайд Монголоос ес, санаачлагч болон өмнөх, дараагийн зохион байгуулагч орноос тус бүр нэг гээд нийт 12 шүүгч ажиллах юм.

Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU), Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК, Худалдаа хөгжлийн банк зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonik”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог. Мөн тэмцээн болох өдөр “Буянт ухаа” спортын ордны гадаах талбайд ивээн тэтгэгч байгууллагуудын шинэ технологийн үзэсгэлэн нээгдэнэ. Тэгэхээр үзэгчид тэмцээний хажуугаар дээр нэр дурдсан Монголын болон гадаадын шилдэг компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологитой танилцах боломжтой.

-Зохион байгуулалтын багт нийт хэдэн ажилтан, уран бүтээлч ажиллах вэ?

-“ABU Робокон” тэмцээнийг эх орондоо зохион байгуулах ажил анх Ц.Оюундарь захирлын үед яригдсан. Хоёр жилийн өмнө албан ёсоор зохион байгуулах эрхээ авч, тэмцээний дүрэм, журмаа боловсруулаад өнгөрсөн жилийн наймдугаар сард тэмцээний тугийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй баг хүлээж авсан. Тэгэхээр нийтдээ хоёр жил гаруй хугацаанд бэлтгэл ажлаа хангасан гэсэн үг. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сараас зохион байгуулах ажил эхэлсэн. Ажлын хэсэгт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Үүн дээр 30 орчим инженер, техникийн уран бүтээлчийн баг, 70 гаруй оюутан, залуусын бүрэлдэхүүнтэй сайн дурын баг ажиллаж байгаа. Мөн NHK телевиз болон, ABU-ны 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг оролцуулахаар ажлын хэсэг 250-300 хүний бүрэлдэхүүнтэй.

-“ABU Робокон – 2019” олон улсын төслийн хөтөлбөрт тэмцээнээс гадна ямар арга хэмжээнүүд багтсан бэ?

-“ABU Робокон-2019” тэмцээний үйл ажиллагаа энэ сарын 23-наас эхэлж байгаа. Ирэх баасан гарагт буюу 23-нд “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал болно. Маргааш нь буюу 24-нд оролцогч багууд “Буянт-Ухаа” спортын ордонд роботуудаа угсарч, хуваарийн дагуу ижил тэгш хугацаанд туршина. Мөн техникийн зөвлөгөөний хурал болно.

Ийн “ABU Робокон-2019” тэмцээний нээлт энэ ням гарагт буюу 25-ны 12:00 цагт эхэлнэ. Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид, соёлын тэргүүний ажилтан, дуучин,  Ука (Д.Уламбаяр), “Чоно” хамтлаг, “Aim4R” продакшн тэргүүтэй рок, поп, хип хоп урлагийн одууд нээлт болон тэмцээний дундуур уран бүтээлээ үзэгчдэд хүргэх юм. Тэмцээний төгсгөлд Гран-при шагналын эзэн буюу ялагч багийг болон хоёр дэд байр, шилдэг санаа, инженерчлэл, дизайнтай багийг тодруулахаас гадна жил бүр ивээн тэтгэдэг зургаан компанийн нэрэмжит цом, шагнал гардуулна.

Ирэх даваа гарагт буюу 26-нд “ABU Робокон-2019” тэмцээний дүгнэлтийн хурал, хэлэлцүүлэг болно. Үүний дараа продюсерууд хуралдаж ирэх жил зохион байгуулагдах “ABU Робокон-2020” олон улсын роботын тэмцээний дүрэмтэй танилцахаар төлөвлөсөн. Мөн тэмцээний дараа оролцсон бүх баг болон зочид төлөөлөгчдөд монгол орноо танилцуулах аялал болно.

МОНГОЛЫН БАГУУД ЦЭВЭР ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ХУГАЦААГАА ИЛҮҮ БОГИНОСГОХ ХЭРЭГТЭЙ

-“ABU Робокон” олон улсын маш том, нэр хүндтэй тэмцээн. Зохион байгуулалтын ажилд ямар нэгэн саад, бэрхшээл тулгарсан уу?

-Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-ноос зохион байгуулагч баг хамт олонд тогтмол заавар, зөвлөгөө өгч байсан. Уг зааврын дагуу бэлтгэл ажил хангагдсан учир саад, бэрхшээл байгаагүй гэж хэлэхэд болно. Материаллаг баазын талаасаа ч асуудал гараагүй. Өнгөрсөн хугацаанд ABU болон NHK телевизийн ажлын хэсэг Монголд дөрвөн удаа ирж ажилласан.

-Эх орноо төлөөлж оролцох хоёр багийн бэлтгэл хэр хангагдсан бэ?

-“Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн дөрөвдүгээр сард болж, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн баг эхний хоёр байрт орсон. Энэ жил ШУТИС үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа. Энэ ойн босгон дээр тус сургуулийн хоёр баг эх орноо төлөөлөн олон улсын роботын тэмцээнд өрсөлдөж байгаа нь түүхэн үйл явдал гэж ойлгож байна.

Дээрх хоёр багийн хувьд өнгөрсөн хугацаанд роботоо туршиж, засах, сэлбэх, дахин угсрах зэрэг шаардлагатай бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Өнгөрсөн сарын 25-нд бүх улсын баг роботоо баглаж, лацдаад тэмцээн зохион байгуулагчдад буюу Монгол руу илгээсэн байгаа. Энэ дүрэм Монголын хоёр багт ч мөн адил үйлчилсэн.

Манай хоёр багийн хувьд үндэсний аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн цэвэр ялалтын хугацаагаа илүү богиносгох тал дээр хичээж ажиллана гэдгээ хэлж байсан. Энэ ажил үр дүнд хүрсэн байх гэж бодож байна. Монголын Улсын хоёр баг хоёулаа цэвэр ялалт байгуулж чадаж байгаа. Хамгийн гол нь цэвэр ялалт хийх хугацаагаа илүү богиносгох хэрэгтэй.

-Таны бодлоор аль орны баг хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх вэ?

“ABU Робокон-2019” тэмцээнд Вьетнам зургаа, Япон, Хятадын баг гурван удаа түрүүлсэн. Эн гурван багийн хооронд маш хүчтэй өрсөлдөөн өрнөх байх. Робот бол техник. Тиймдээ ч үндэсний тэмцээн болон туршилтын хугацаанд маш сайн ажиллаж байсан робот тэмцээний үеэр гацах тохиолдол байдаг. Тэмцээний үр дүн роботын найдвартай ажиллагаа, оролцогч оюутнуудын хэр сэргэлэн, цог золбоотой байхаас шалтгаалдаг. Өнгөрсөн жил Вьетнамд зохион байгуулагдсан “ABU Робокон” тэмцээнд Японы үндэсний тэмцээний ялагч болсон супер роботууд ирсэн ч тэмцээний үеэр саатал гарч хоёр минут орчим хугацаанд гацсан. Тухайн үед оролцогчид шуурхай арга хэмжээ авч, роботоо засаад үлдсэн 30 секундийн хугацаанд цэвэр ялалт байгуулсан. Энэ мэт асуудал гардаг. Мөн оюутнууд тэмцээний үеэр сандарснаасаа болж буруу товчлуур дарах, үүнээс үүдэж саатал үүсэх, алдаа гаргах тохиолдол бий. БНХАУ, Вьетнам, Японы багийн роботын хөгжил бусад орны оролцогчдоос түрүүлж яваа. Энэ гурван баг дугуйтай роботын төгс шийдлийг аль хэдийн олчихсон. Тиймээс оролцогчид дугуйтай роботын хөгжлийг хэдийн туйлд нь хүргэчихсэн учир “ABU Робокон-2019” тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс дараагийн шат нь алхдаг робот юм байна гэж үзсэн юм. Тиймдээ ч Монгол орноо таниулах, сурталчлах зорилгоор морийг бэлгэдэж, хоёрдугаарт “ABU Робокон” тэмцээнд технологийн хөгжлийн шинэ хуудсыг нээе гэдэг үүднээс дөрвөн хөлтэй робот бүтээх даалгавар, энэ даалгаварт уялдсан дүрэм боловсруулсан.

-Сүүлийн асуултыг танд үлдээе.

-“ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээн энэ ням гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд 12:00 цагт эхэлнэ. Үзэгч, олон нийт хүн бүрт нээлттэй, ямар нэгэн үнэ төлбөргүй. Хүүхэд тань техник технологид дуртай, сонирхолтой бол эцэг, эхчүүд “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээнийг хүүхдэдээ заавал үзүүлээрэй.

Мөн инженер болох гэж суралцаж буй оюутан залуус, үе үеийн “Робокон” тэмцээний оролцогч, үзэгч, дэмжигчид, робот сонирхдог, бүтээлч сэтгэхүйг дэмждэг хүн бүхнийг ирж, технологийн хөгжилтэй танилцаарай, Монгол Улсын багаа дэмжээрэй гэж урьж байна. Гадны орнуудад зохион байгуулагдсан “ABU Робокон” тэмцээнийг үзэж, сонирхож байхад тухайн орнуудад хөгжөөн дэмжигчдээс гадна эцэг, эхчүүд үр хүүхдүүдээ дагуулан зорьж очиж үздэг юм билээ. Мөн үзэгч, хөгжөөн дэмжигчид техник технологийн аялал хийж, шинэ технологиудтай танилцахын хажуугаар нэг өдрийг гэр бүлээрээ дурсамжтай өнгөрүүлж, амардаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх